Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол биологийн олон янз байдлын тухай юм.
Биологийн олон янз байдал гэдэг нь товчоор дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдлын тухай юм. Тухайлбал, хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан маш нийлмэл ойлголт тул энгийнээр, цэгцтэй тайлбарлах шаардлагатай.
Мөн манай медиа багаас Кени улсын Найроби хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцийн талуудын бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаанд оролцож буй тул хурлын талаарх цаг үеийн мэдээллийг онцолж байна.
яагаад энэ сэдэв чухал вэ?
Энэ талаарх сэдвийг зөвхөн амьтан, ургамлын төрөл зүйлийн олон янз байдал гэж ойлгох ойлгож болохгүй. Биологийн олон янз байдлын тухай конвенцид дэлхийн 190 гаруй орон нэгдэн орсон нь байгаль орчны сэдвээр урьд өмнө нь хэрэгжиж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээс агуулга, хамрах хүрээний хувьд хамгийн том гэрээ юм.
Монгол орон нь Сибирийн тайгаас Төв Азийн хуурай хээр, цөлийн бүст шилжих шилжилтийн заагт оршдог учраас биологийн олон янз байдлын хувьд баялаг гэж хэлж болно. Гэвч XX зуунаас Монгол Улсын нутаг дээр зэрлэг амьтдын идээшил нутгийн хумигдал, тасархайтал, амьдрах орчны доройтол гэх мэт аюул, дарамтууд шинээр эрч хүчээ авч байна.
Энэ чиглэлд гарч буй санхүүжилтийн 50 хувийг улсын болон орон нутгийн төсвөөс, харин 49.9 хувийг Олон улсын байгууллагуудын санхүүжилт эзэлж байгаа нь донороос ихээхэн хараат байгааг харуулж байна.
This story was produced as part of Internews' Earth Journalism Network's 2022 UNCBD COP 15 Reporting Fellowship.
Энэхүү контентыг Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдааны хүрээнд "Earth Journalism Network" байгууллагын дэмжлэгтэйгээр бүтээв.Unread
Тооны хэлээр
156: Кени улсын Найроби хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаанд дэлхийн 156 орны 1300 гаруй төлөөлөгч ирж, 4500 гаруй хүн онлайнаар оролцож байна.
1993: Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын олон улсын конвенцид нэгдэн орсон анхны 30 орны нэг болсон.
110: Монгол Улсын "Улаан ном"-д 110 зүйл амьтан, 192 зүйл ургамал устах аюулд өртсөнийг бүртгэсэн.
18: Манай дэлхий цельсийн хоёр хэмээр дулаарахад л сээр нуруутай амьтдын найман хувь, ургамлын 16 хувь, шавьжийн 18 хувь нь амьдрах аргагүй болж устах аюултай.
700-900: Биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглахад дэлхий даяар жил бүр 700-900 тэрбум ам.долларын санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай.
Сая долларын эргэлзээ
Бидний хувьд анхаарах учиртай асуудал юу байна вэ?
Монгол Улс 1992 онд Рио де Жанейро хотод болсон НҮБ-ын хурал дээр Биологийн олон янз байдлын олон улсын конвенцийг батлах үед газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авахаа амласан.
Одоогоор нийт газар нутгийн 20.1 хувь буюу Польш улсын нийт нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Монгол Улсын биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн биелэлтийн үнэлгээг харвал:
- Хөрс, усыг химийн болон шим бодисын бохирдлоос хамгаалах,
- Монгол орны бэлчээрийн доройтлыг 70 хүртэл хувиар бууруулах,
- Тариалангийн үйлдвэрлэлийн техник технологи, үйл ажиллагаа нь биологийн төрөл, зүйлүүдийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад нийцүүлэн шинэчлэх гэсэн зорилгуудын хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн тул цаашид нухацтай анхаарч ажиллах хэрэгтэй гэжээ.
шийдэл, бас дахин шийдэл
Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаан Кени улсын Найроби хотод байрлах НҮБ-ын кампуст 21-26-ны хооронд үргэлжилж байна. Дэлхийн 156 орны 1300 хүн биетээр, 4500 хүн онлайнаар оролцож буй юм. Ковидоос болоод энэ хурал сүүлийн 2 жилд 4 удаа хойшилсон. Тиймээс ч ахин хойшлуулж болохгүй гэж үзсэн тул нийт оролцогчдын хагас нь онлайнаар, хагас нь кампус дээр хуралдаж байгаа билээ.
Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож буй тул дэлхийн бүх улс орон энэ чиглэлд шинэ арга зам, чиг хандлагыг эрэлхийлэн, өргөн цар хүрээтэй, томоохон үйл ажиллагааг нэгэн зорилго, цаг хугацаанд төлөвлөн зохион байгуулдаг болсон. Уг хуралд улс орнууд шийдэл гаргалгаагаа тодорхойлж, дэмжлэг, туслалцааг эрэлхийлсээр байна. Үүнд хамгийн чухал асуудал нь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулахад чиглэж байгаа юм.
Манай улсын хувьд юун түрүүнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгийн хэмжээг жилд дунджаар 15–16 тэрбум төгрөгт хүргэх боломжтой гэж тооцоолжээ.