1 гол сэдэв
Юу болов?
OpenAI компани компьютер дээрх нарийн төвөгтэй даалгаврыг алхам бүрд заавар авахгүйгээр гүйцэтгэх зориулалттай “GPT-6 Astra” шинэ моделио танилцууллаа. Уг модель программ, цахим хуудсуудыг удирдах, мэдээлэл хайх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баримт бичиг болон танилцуулга бэлтгэх, хүснэгт үүсгэх, код бичиж шалгах чадвартай. Танилцуулгын үеэр Astra “Blender” программд 3D байшин бүтээж, улмаар “Unreal Engine 5” руу шилжүүлэн дотор нь чөлөөтэй зорчих виртуал орчин болгосон нь анхаарал татав.
Хэр юм бэ?
Astra танил бус асуудалд дасан зохицох чадварыг хэмждэг “ARC-AGI-3” сорилд 99.9%, кибер аюулгүй байдлын чадамжийг үнэлдэг “ExploitBench” сорилд 100%-ийн үзүүлэлттэй ажилласан байна. Одоогоор уг загварыг цөөн тооны байгууллагад ашиглуулах бөгөөд цаашид ChatGPT Plus, Pro, Business, Enterprise хэрэглэгчид болон OpenAI API, Microsoft Azure, Amazon Web Services-ээр дамжуулан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Гэхдээ?
Гэвч энэ өндөр чадамж кибер аюулгүй байдлын томоохон эрсдэл дагуулж байна. OpenAI Astra-г “Critical” буюу нэн өндөр түвшний кибер чадамжид хүрсэн анхны загвар гэж ангилжээ. Энэ нь хангалттай хандалт, хэрэгсэлтэй нөхцөлд өмнө нь илрээгүй эмзэг байдлыг олж, хамгаалалттай системд тасралтгүй хүний зааваргүйгээр халдах арга боловсруулах боломжтой гэсэн үг билээ.
2 чухал тоо
54: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос 2026 оны есдүгээр сарын нэгний байдлаар Монгол Улсад нийт 737,338 жуулчин ирснийг мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.1%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин 2023 онтой харьцуулахад яг хоёр дахин нэмэгдсэн тоо ажээ. Үүнд өнгөрсөн сард манай оронд явагдсан COP17 арга хэмжээ хамгийн том нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Уг арга хэмжээтэй холбоотойгоор зөвхөн Африк тивээс гэхэд 4000 гаруй иргэн Улаанбаатарт хүрэлцэн ирснийг эх сурвалжууд мэдээлсэн. Нийтдээ арга хэмжээнд оролцохоор гадаадын 12 мянга гаруй иргэн бүртгүүлсэн гэнэ.
10.000.000.000: “BepiColombo” нэртэй сансрын аппарат бараг найман жилийн хугацаанд 10 тэрбум гаруй км зам туулсны эцэст Буд гарагт хүрэх эхний чухал үе шатаа эхлүүллээ. Европын Сансрын Агентлаг, Японы Сансар Судлалын Агентлагийн хамтарсан уг ажиллагааг 2018 оны аравдугаар сард хөөргөсөн бөгөөд хоёр тойрог замын аппаратаар Нартай хамгийн ойр гарагийн гадарга, бүтэц, соронзон орон болон орчныг судална. Эрдэмтэд Буд гараг Нартай ийм ойр орчинд хэрхэн үүсэж, оршин тогтносныг тайлбарласнаар чулуурхаг гарагуудын хувьслын талаар шинэ ойлголт авна гэж найдаж буй. Сонирхуулахад, уг ажиллагааг Буд гарагийн өвөрмөц эргэлтийг судалж, 1970-аад оны NASA-гийн “Mariner 10” ажиллагаанд ашигласан нислэгийн замыг боловсруулахад хувь нэмэр оруулсан Италийн математикч, инженер Жузеппе “Бепи” Коломбогийн нэрээр нэрлэсэн байна.
3 онцлох өгүүлбэр
I. Путин Трампын төлөөлөгчидтэй уулзлаа
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нартай Москва хотноо гурван цаг гаруй хэлэлцээ хийлээ. Энэ бол хэсэг хугацаанд гацаанд орсон мэт байсан Орос-Украйны дайныг зогсоох энхийн хэлэлцээрийг сэргээх чухал оролдлого болж байна.
- Кремлийн зүгээс уулзалтыг “өндөр ач холбогдолтой”, “хоёр орны эдийн засгийн харилцааг сэргээх хэд хэдэн асуудал ярилцсан” гэж тодорхойлсон ч тодорхой тохиролцоонд хүрээгүй бололтой. Энэ үеэр В.Путин Д.Трампын энхийг сахиулах хүчин чармайлтыг сайшааж, АНУ-ын төлөөлөгчдийг Киевт ажиллах хугацаанд Украины нийслэлд цохилт өгөхөө түр зогсоохоо мэдэгджээ.
- Уиткофф, Кушнер нар Москвагийн уулзалтын дараа Киевийг шууд зорьж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах хуваарьтай. Гэвч эзлэгдсэн газар нутгийн статус болон Украины НАТО-д элсэх асуудлаарх Москва, Киевийн байр суурь эрс зөрүүтэй хэвээр байсаар байна.
II. Тим Күүк Apple-ийг орхилоо
- С.Жобсын үлдээсэн их орон зайг өвлөж, Apple-ийн үнэлгээ 4.7 их наяд болгон 10 дахин нэмэгдүүлж чадсан Т.Күүк гүйцэтгэх захирлын албаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрээр ТУЗ-ын даргаар үлдэж, компанид зөвлөхийн статустай үргэлжлүүлэн ажиллах юм. Түүний карьерыг салбарын экспертүүд “домогт” хэмээн тодорхойлж буй нь хэтрүүлсэн зүйл биш.
- Одоо Apple-ийн үйцэтгэх захирлын үүрэг 51 настай Ж.Тернуст шилжиж байна. Техник хангамжийн мэргэжилтэн тэрбээр 2001 онд Apple-д ажилд орж, хамгийн сүүлд iPhone, Mac, iPad, AirPods болон Apple Watch зэрэг бүтээгдэхүүнийг хариуцсан инженерийн багуудыг удирдаж байв.
- Түүний олон нийтийн өмнөх анхны томоохон сорилт нь нугардаг iPhone, шинэ Apple Watch танилцуулах төлөвтэй есдүгээр сарын 9-ний арга хэмжээ байх юм. Санах ой болон бусад эд ангийн үнэ өсөж байгаа нь Apple-ийг дахин үнээ нэмэхэд хүргэж болзошгүй. Мөн AI-ийн өрсөлдөөний эрин үед тус компанийг ямар стратегитай ажиллаж, экосистемээ хамгаалж үлдэх нь анхаарал татсан асуудал хэвээр байна.
III. Дэлхийн нүүдэлчдийн наадам явагдлаа
- Киргиз улсад Дэлхийн нүүдэлчдийн VI наадам сүр жавхлан дүүрэн явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд 100 гаруй орны 3,000 гаруй тамирчин уламжлалт бөхийн 16 төрлөөс эхлээд морин сур харваа, көк-бөрү зэрэг нийт 43 спортын төрөлд өрсөлдлөө. Анх 2014 онд Киргиз улсад 19 орны оролцоотой зохион байгуулсан Дэлхийн нүүдэлчдийн наадам өдгөө уламжлалт спорт, нүүдэлчдийн соёлыг олон улсад сурталчлах хамгийн том арга хэмжээний нэг болж өргөжиж чаджээ.
- Медалийн хүснэгтийг Казахстаны баг тэргүүлэв. Тэд нийт 27 алтан медаль, 59 медальтай буцаж байна. Харин талбайн эзэд Киргизийн баг тамирчид хамгийн их буюу 63 медаль хүртсэн ч медалийн чанараар 2-р байрт бичигдэв. Монголын багийн хувьд энэ удаагийн наадмаас 3 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 4-р байрт бичигдлээ. Монголын багийн ахлагч, Улсын заан Д.Анар үндэсний бөхийн төрөлд түрүүлж, уг тэмцээнээс 5 дахь алтан медалиа өөрийн болгожээ.
- Шинээр баригдсан 51 мянган хүний суудалтай Бишкек Аренад болсон нээлтийн ёслол цар хүрээ, үзүүлбэрээрээ олон улсын анхаарлыг татсаныг онцлох хэрэгтэй. Үндэсний багуудын парадыг нүүдэлчдийн өв соёлыг харуулсан хөгжим, урлагийн тоглолттой хослуулсан нь үнэнхүү тансаг дүрслэлийг бий болгож чадлаа. Тус хотод явагдаж байсан ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаантай зэрэгцсэн нь олон орны төрийн тэргүүд нээлтэд оролцох нөхцөл болов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, шигшээ багаа цэнгэлдэхэд угтан авчээ.
САНАЛ БОЛГОХ: ТИМ КҮҮКИЙН ӨВ ЮУ БАЙВ?
Unread
4 мэдүүштэй зүйл
Шинэ зураг: НҮБ-ын Ерөнхий Ассамблей улс орон, тивүүдийн харьцангуй хэмжээг бодит байдалд ойр дүрслэх санаачилгыг дэмжлээ. Африкийн Холбоог төлөөлөн Того улсын санаачилсан, заавал биелүүлэх үүрэггүй #CorrectTheMap буюу “Газрын зургийг засъя” нэртэй тогтоолыг 164 улс дэмжиж, АНУ ганцаараа эсрэг санал өгсөн бол зургаан улс түдгэлзжээ. Өдгөө хүн төрөлхтний дунд хамгийн өргөн хэрэглэгддэг, XVI зуунд бүтээсэн Меркаторын газрын зурагт экватороос холдох тусам газар нутгийг бодит хэмжээнээс нь томруулан харуулдаг. Тухайлбал, Африк тив Гренландтай бараг ижил хэмжээтэй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ ойролцоогоор 14 дахин том. Үүний зэрэгцээ Латин Америк болон Өмнөд Азийн газар нутгийг харьцангуй жижиг дүрсэлдэг аж.
Татгалзсан санал: Исландын сонгогчид Европын Холбоонд элсэх хэлэлцээг сэргээх Засгийн газрын саналыг дэмжсэнгүй. Санал хураалтад оролцогчдын 52.8 хувь нь эсэргүүцэж, 47.2 хувь нь дэмжсэн бөгөөд ирц 82.5 хувьд хүрчээ. Ингэснээр санал асуулгын өмнөх судалгаагаар ялимгүй тэргүүлж байсан дэмжигч тал ялагдав. Исланд 2008 оны санхүүгийн хямралын дараа Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасан ч 2013 онд тус холбоог эсэргүүцэгч Засгийн газар байгуулагдсанаар хэлэлцээг зогсоож байв.
Их цомхотгол: 90 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen 2030 он гэхэд нийт 100 мянган ажилтнаа цомхотгоно гэдгээ зарлалаа. Тэд энэ оны эхээр бүтцийн шинэчлэл хийх төслөө танилцуулж, 50 мянган ажлын байрыг цомхотголд оруулна гэдгээ зарлаж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд Volkswagen-ийн борлуулалт эрс буурч, компани зардал хэмнэх боломжтой бүх алхамуудыг хэрэгжүүлж байна. Үүнд Хятадын зах зээлд BYD зэрэг дотоодын брэндүүд хүчтэй орж ирж байгаагаас гадна АНУ-ын худалдааны тодорхойгүй байр суурь шууд нөлөөлж байгаа юм. Тиймдээ ч тэд Германд дөрвөн ч үйлдвэрээ ойрын хугацаанд хаахаар төлөвлөж байгаа гэнэ.
Аврах ажиллагаа: Балбад болсон гамшигт үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүний тоо 1300-г давж, бараг 5 мянган хүн сураггүй хэвээр байна. Аврах ажиллагаанд 9,300 гаруй цэргийн алба хаагч оролцож, хэд хэдэн улсын мэргэжлийн багууд дэмжлэг үзүүлж байна. Эрлийн багууд олон зуун ажилтан гацсан байж болзошгүй усан цахилгаан станцуудад төвлөрөн ажиллаж байна. Үерээс арав хоногийн дараа “Upper Trishuli-1” төслийн 225 метр урт хонгилоос Хятадын нэг ажилтныг амьд аварчээ. Үүнээс нэг өдрийн өмнө өөр нэг хонгилоос Балбын хоёр ажилтныг гаргасан бол шаварт дарагдсан гэрээс нэг эмэгтэйг амьд олсон байна. Эдгээр аврах ажиллагаа бусад хэсгүүдэд ч хүн амьд үлдсэн байж магадгүй гэсэн найдварыг сэргээв.
5 сонин хачин
1. Tesla жолооны хүрд, дөрөөгүй, тусгайлан бүтээсэн Cybercab автомашинаараа Техас мужийн Остин хотын хязгаарлагдмал бүсэд олон нийтэд үйлчилж эхэллээ. Алтан шар өнгө, дээш сөхөгддөг хаалгатай хоёр суудлын цахилгаан автомашин нь Tesla-гийн төлөвлөж буй роботакси сүлжээний гол загвар. Зорчигчдоос хэзээнээс төлбөр авч эхлэхээ компани зарлаагүй ч эрэлтээс хамаарч өөрчлөгдөх үнэ тогтоож, “энгийн ангиллын үнээр нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээ” үзүүлэхээ И.Маск амлажээ. Тэрээр жолоочгүй таксины санаагаа бараг арван жилийн өмнө танилцуулж, хоёр жилийн өмнө Cybercab нэртэй үйлчилгээгээ дэлгэрэнгүй дэлгэж байсан билээ.
2. 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам эхэллээ. Лхагва гарагт болсон нээлтийн ёслолын үеэр Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Жорж Клунид кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэлийн “Алтан арслан” гардуулжээ. Наадмын хамгийн их хүлээлт үүсгээд буй бүтээлүүдийн тоонд Дэнни Бойлын нээлтийн кино “Ink”, Мартин Макдонагийн “Wild Horse Nine”, Флориан Зеллерийн “Bunker”, И Чан Доны “Possible Love” зэрэг бүтээлүүд багтаж байна. “Алтан арслан”-гийн эзэн болон шилдэг жүжигчин, найруулагчдын нэрс ирэх бямба гарагт тодорхой болно. Канн, Берлинийн наадамтай эн зэрэгцэх дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван кино наадмын нэг болох Венецийн наадам нь шагналын улирлыг албан ёсоор эхлүүлдэг уламжлалтай.
3. Mitsubishi Монголчуудын дунд хамгийн алдартай брэнд гэж хэлж болох Pajero-ийн шинэ загварыг 2027 оны гуравдугаар сараас эхлэн худалдаанд гаргах болжээ. Шинэ загвар хамгийн эхэнд Тайланд, Япон, Австралид зарагдаж эхлэнэ гэв. Пажерогийн хамгийн сүүлийн загвар 2019 онд л танилцуулагдаж байсан юм. 1982 оноос эхтэй тус брэнд нийт дөрвөн үеийн Пажерог дэлхий даяар 4 сая ширхэгийг зарж байжээ. Илүү загварлаг, орчин үеийн тоноглолтой болж эрс хүчирхэгжсэн гэх шинэ Пажерогийн эхлэх үнэ 50 мянган доллар байх гэнэ.
4. Гэрийн ухаалаг төхөөрөмжүүдээрээ алдартай Dyson хиймэл оюунд суурилсан шүдний сойз танилцуулжээ. 499 долларын үнэтэй уг сойз нь хэд хэдэн мэдрэгч, камераар тоноглогдсон гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч шүдээ угаах үедээ гар утасны апп-аар дамжуулан шүдээ шууд харж, хоолны элдэв үлдэгдлээ хянаж, бүрэн угаах боломжтой болжээ. Мөн шүдээ сайн угаах зөвлөгөөг бодит датан дээр тулгуурлан өгөх аж. Тэд мөн 10 долларын үнэтэй тусгайлан бэлтгэсэн шүдний оог дагалдуулан танилцуулжээ.
5. NASA “Nancy Grace Roman” нэртэй сансрын дурангаа дэлхийгээс 1.6 сая км зайд орших ажиглалтын цэг рүү хөөргөлөө. NASA-гийн анхны ерөнхий одон орончийн нэрээр нэрлэсэн уг дуран орчлон ертөнцийн 95 орчим хувийг бүрдүүлдэг ч мөн чанар нь өнөөг хүртэл бүрэн тайлагдаагүй харанхуй матери, харанхуй энергийг судална. Өргөн өнцгийн хэт улаан туяаны төхөөрөмж нь одоогийн хамгийн хүчирхэг дуранд тооцогдох “Hubble”-тай ойролцоо нягтрал хадгалах атлаа тэнгэрийн 100 дахин том талбайг ажиглаж, олон тэрбум галактикийн мэдээллийг хэдэн зуу дахин хурдан цуглуулах чадамжтай.
Сэтгэгдэл бичих

