1 гол сэдэв

Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Эммигийн шагнал гардуулах ёслол цахим хэлбэрээр явагдлаа. Бид энэ наадмын ялагч, ялагдагчдыг онцолж байна.

Ялагчид

1. "Schitt's Creek" - Хэний ч үл мэдэх ситком сүүлийн буюу 6-р бүлгээрээ түүх бүтээв. Тэд нийт 15 төрөлд нэр дэвшиж, 9 шагнал, түүний дотор чиглэлийнхээ гол 7 шагналыг бүгдийг нь хүртсэн анхны инээдмийн кино боллоо. Өмнө нь ийм амжилтыг 2003 онд "Angels in America" мини цувралын төрөлд үзүүлж байжээ. Тус киноны эхний 4 бүлэг Эммид нэг ч удаа нэр дэвшиж байгаагүй бөгөөд бүтээгч Д.Лэви нь "шилдэг цуврал", "шилдэг найруулга", "шилдэг туслах дүр", "шилдэг зохиол"-ын шагналын эзэн болжээ.

2. HBO - Эммид үргэлж ноёлдог HBO-г энэ жил хаан суудлаа алдах нь хэмээн таамаглаж байв. Гэсэн ч Watchmen, Succession-ий амжилтын ачаар тэд нийт 41 шагнал хүртэж, Netflix болон бусдыг хол хаяв. Эдгээр бүтээл тус бүр 4 шагнал, түүн дотор "шилдэг драма", "шилдэг богино цуврал" шагналуудыг хүртсэнийг онцолъё.

3. Шинэ стримингүүд - Бараг дампуурах гэж буй ч Quibi анхны нэр дэвшиж, #FreeRayShawn цувралаараа хоёр шагнал хүртсэн нь онцлохуйц байв. Харин Disney+-ийн хувьд "The Mandalorian" нь бүтээлч чиглэлийн шагналуудаас нийт 7 цомтой буцсан нь топ амжилт байлаа.

Ялагдагчид

1. Netflix - Тэд хамгийн олон буюу 160 нэр дэвшилтийг авч, түүхэн амжилт үзүүлэн HBO-ийн ноёрхлыг цохисон ч телевизийн шууд дамжуулалтын үеэр ердөө 2 шагнал л хүртэв. Ялангуяа нийт 18 төрөлд өрсөлдсөн Ozark нь ганцхан шагнал туслах дүрээрээ хүртсэн нь урам хугармаар байлаа.

2. ТВ рэйтинг - Тахлын улмаас виртуал хэлбэрээр явагдсан уг наадмыг 5,1 сая үзэгч шууд үзсэн нь түүхэнд хамгийн багад тооцогдох үзүүлэлт байв. NBA, NFL-ийн тоглолтуудтай "үзэгч булаацалдсан" уг эвентийн үзэлт өмнөх жилээс 14 хувиар буурчээ.

3. "Schitt's Creek"-тэй өрсөлдөгчид - Мэдээж, энэ жилийн гол дүртэй өрсөлдсөн бүгд л "ялагдагчид" гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ жил сүүлийн бүлгээ цацсан "The Good Place", Amazon Prime-ийн гол найдвар "The Marvelous Mrs.Maisel" зэрэг хүчтэй нэр дэвшигчид хоосон хоцров.

2 чухал тоо

1 - 66 настай Жон Шаншан 58.2 тэрбум долларын хөрөнгийн үнэлгээгээр Хятадын хамгийн баян эрхэм боллоо. Энэ нь тэр "Tencent"-ийн Пони Ма, "Alibaba"-ийн Жэк Маг гүйцсэн гэсэн үг. Тэрээр саяхан нээлттэй компани болсон цэвэр ус үйлдвэрлэгч "Nongfun"-ий 84 хувийг эзэмшдэг юм.

7.500.000.000 - "Microsoft" видео тоглоомын зах зээлийн гол тоглогчдын нэг "ZeniMax Media"-г 7.5 тэрбум доллараар худалдан авах тохиролцоонд хүрчээ. Тэдний бүтээсэн Quake, Fallout, Doom зэрэг хит цувралууд нь Xbox Game Pass-д тавигдах болсон нь мөн гол мэдээ. Ингэснээр "Microsoft" нийт 23 видео тоглоом бүтээгч студи эзэмших болж байгаа юм.

3 онцлох зүйл

Time 100: "Time" сэтгүүл 1999 оноос нэрлэж буй дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эрхмийн жагсаалтаа танилцууллаа. Тэд уламжлал ёсоор тоглоомын дүрмийг өөрчилж буй "Анхдагчид", салбараа тэргүүлж бусдыг дагуулж буй "Манлайлагчид", дуу хоолой, бүтээл туурвилараа нийгмийг сэхээрүүлж буй "Уран бүтээлчид", амжилтаараа дэлхийг доргиож, хөдөлгөж буй "Титанууд", үлгэр дууриал, амжилтын түүхийн эзэд болсон "Шүтээнүүд" гэсэн таван ангилалд хуваасан юм. Энэ жилийн онцлох дүр нь тахлын голомт дээр ажиллаж буй сувилагчид, "Black Lives Matter" хөдөлгөөнийг санаачлагчид, теннисчин Н.Осака, доктор А.Фаучи, артист The Weeknd нар байв.

НҮБ 75: Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулган цахим хэлбэрээр эхэллээ. Дэлхийн хамгийн том виртуал хурал хэмээх тодотголтой уг арга хэмжээ цар тахлын үеэр явагдаж байгаагаараа, мөн НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Дэлхийн улс орнуудын удирдагчид бүгд цахим хэлбэрээр байр сууриа илэрхийлж, гол асуудлуудаа тодорхойлж байгаа нь мөн давуу тал. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес сүүлийн 30 жилд анх удаа дэлхий даяар ядуурал нэмэгдсэнийг дуулгаж, нэгдүгээр сард нэрлэж байсан хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том 4 сорил дээр цах тахал нэмэгдсэнийг тодотгожээ. Тэрээр геостратегийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, цахим технологийн сөрөг тал зэргийг өмнө нь онцолж байсан юм.

IMO 61: Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 29-р байрт орсон бахдам амжилтыг үзүүллээ. Манай багаас өмнө нь 2 удаа хүрэл медаль хүртэж байсан О.Мишээл боломжит 42 онооноос 36 оноо авч, абсолют дүнгээр 4-р байрт жагссан байна. Өнгөрсөн жил алтан медаль хүртэж, 1997 оноос хойших анхны алтыг эх орондоо авчирч байсан М.Өнөболд мөнгөн медаль хүртэж, бүх медалийн цуглуулгатай боллоо. Харин өнгөрсөн долоо хоногт Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас алтан медаль хүртсэн анхны монгол хүн болсон А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн нь онцлох амжилт байв. Хүрэл медалийг Б.Хантүшиг авчирчээ. Манай улсын багийг Б.Батбаясгалан, У.Батзориг нар удирджээ. Сонирхуулахад, энэ жил багийн дүнгээр БНХАУ, ОХУ, АНУ-ын баг тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн жил манай баг 26-р байрт жагсаж байжээ.

4 мэдүүштэй баримт

Батарейн өдөр: "Tesla" жил бүрийн намар явуулдаг "Battery Day" эвентээрээ шинэ технологиудаа зарлалаа. Э.Маскийн гол танилцуулга нь туулах зайг 16 хувиар нэмэх зургаан дахин хүчирхэг шинэ батарейн технологи байв. Тэд үүнээс гадна өөрсдийн гэсэн катодын үйлдвэрийг Хойд Америкт байгуулснаар зардал бууруулна хэмээн тооцож буй. Ингэж чадвал тэрээр ирэх гурван жилд багтаан 25 мянган долларын үнэтэй цахилгаан машин гаргах боломжтойг онцолжээ.

Алсын гараг: Харвардын одон орончид өөр галактикаас гараг илрүүлсэн тухайгаа зарлалаа. Тэд 23 сая гэрлийн жилд орших "Whirlpool" галактикт байрлах Санчир гарагтай хэмжээний хувьд төстэй биетийг илрүүлсэн нь энэ ажээ.

Эко онгоц: "Airbus" 2035 оноос агаарын тээвэрт ашиглагдах устөрөгчийн түлш бүхий онгоцын гурван шинэ загвар танилцууллаа. Эдгээрээс далавч нь их биетэйгээ залгаа "Blended" хувилбар нь их онцгой. Тэд 200 хүртэлх зорчигчийг 3200 км зайд илүү бага зардлаар, байгаль орчинд ээлтэй нөхцөлд тээвэрлэх зорилго өвөртөлжээ.

Мөхлийн цаг: Нью-Йоркийн төвд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тулаанд ялалт байгуулахад хүн төрөлхтөнд хэдий их цаг үлдээд буйг харуулж, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Climate Clock" байршжээ. 2030 он гэхэд дэлхийн температурын дундаж өсөлтийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барьж, буцааж боломжгүй үр дагавраас сэргийлэх зорилго хүртэл тоолох уг цаг одоогоор 7 жил 3 сарын хугацаа үлдсэн хэмээн зааж байна.

5 сонин хачин

1. Amazon намрын эвентээрээ хэд хэдэн шинэ төхөөрөмж танилцуулав. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь 250 долларын үнэтэй гэрийн дрон камер байв. Ring-ийн бусад мэдрэгч, камертай хослон ажиллах уг дрон том орон сууц, объектыг хамгаалах зорилготой. Үүнээс гадна ухаалаг туслах Echo-ийн дизайн шинэчлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй болж, видео стриминг төхөөрөмж Fire TV, wi-fi төхөөрөмж Eero-ийн шинэ хувилбарууд зарлагдав. Мөн Amazon Microsoft, Google-ийн видео тоглоомын стриминг үйлчилгээтэй өрсөлдөх "Luna" платформыг танилцуулжээ. AWS дээр суурилан бүх утас, компьютер дээр ажиллах уг үйлчилгээний үндсэн үнэ 50 доллараас эхлэх бололтой.

2. Wikipedia 2021 оны эцсээр тохиох 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлгэцийн өнгө төрх, дизайнаа шинэчилж байгаагаа зарлалаа. Тэд интернэт хэрэглээний чиг хандлагад тохируулан өөрчлөлт хийхээр хэд хэдэн туршилт эхлүүлжээ. 300 хэл дээр 53 сая нийтлэл бүхий тус сан сүүлийн 10 жилд дизайндаа томоохон өөрчлөлт хийгээгүй гэнэ.

3. Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан Америкийн хамгийн том авто уралдааны лиг NASCAR-ийн баг эзэмших боллоо. Тэрээр Daytona 500-ийн гурван удаагийн аварга, алдарт уралдаанч Д.Хамлинтай хамтран Germain Racing-ийг 6 сая орчим доллараар өөрийн болгожээ. Түүхэн дэх хоёр дахь өнгөт арьст эзэн болсон Жордан одоогоорх цорын ганц өнгөт арьст тамирчин Б.Уолсийг багтаа элсүүлсэн байна.

4. Samsung сүүлийн хоёр сард гурав дахь удаагаа зохион байгуулсан Unpacked эвентээрээ Samsung Galaxy S20 FE шинэ загвараа танилцууллаа. "Fan Edition буюу фэнүүддээ зориулсан" гэх тодотголтой уг утас нь илүү хямд буюу 700 долларын үнэтэй гэдгээрээ онцлог. Уг утас 6.5 инчийн дэлгэцтэй, гурвалсан камертай, 4500 mAh-ийн батарейтэй байх гэнэ. FE нь Galaxy-ийн хувьд энгийн, Plus болон Ultra-ийн дараах дөрөв дэх төрлийн загвар нь болж байгаа юм.

5. Рубикийн шоо анх борлуулагдаж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан Японд 2 грамм жинтэй, 0,99 мм-ийн хэмжээтэй дэлхийн хамгийн жижиг шоог танилцуулсан байна. 1880 доллараар борлуулагдах уг шоог Токио хотноо нээгдсэн үзэсгэлэнд зориулан анх бүтээжээ. Сонирхуулахад, уг шоог бүтээгч MegaHouse 1980 оноос хойш зөвхөн Японд л гэхэд 14 сая ширхэг рубикийн шоо худалдаалсан гэнэ.

10 унших мэдээ

Анзаарах: Яагаад К.Уэст хөгжмийн ертөнцийг шүүмжлэв? /Billboard/

Ойлгох: ТикТок донтолтыг сэтгэлзүйн үүднээс тайлбарлав /G.D/

Сонсох: Трамп 2020 онд хэрхэн ялах вэ? /NYTimes/

Хүлээх: Disney "Black Widow"-ийг хойшлуулав /Variety/

Сонирхох: Spotify подкастуудаа ТВ шоу болгоно /The Verge/

Гайхах: Quibi зарагдана /WSJ/

Найдах: Токио 2020 вакцингүй ч явагдана /The Japan Times/

Тэмдэглэх: Nikola-д юу тохиолдов? /The Motley Fool/

Унших: Unread-ийн 5 жилийн ойн дугаар /Unread/

Мэдэх: Шинэ дээд шүүхийн шүүгч хэн бэ? /Vox/