Стартап компанийн 90 гаруй хувь нь 18 сар бололгүй дампуурч, алга болдог гэдэг. Тэгвэл ердөө 1.2 сая төгрөг болоод үүсгэн байгуулагчдынхаа хүсэл тэмүүллээр гараанаас хөдөлсөн Unread маань энэ босгыг ажралгүй давж, нэг л мэдэхэд 5 жилийнхээ ойн дээр ирсэн байнам. Медиа гэх хараат бусаар оршин тогтноход амаргүй салбарт бид тоог бус чанарыг, үнэ мөнгийг бус үнэт зүйлсийг, давталтыг бус ялгарлыг эрэлхийлж ирсний хүчинд тогтмол өсөлт үзүүлж чадав. Шинэ бизнес/бүтээгдэхүүн/төслийг таниулах гүүр болж, залуу мэргэжилтнүүдэд өсөн дэвжих арга зам, гарц боломжуудыг танилцуулж ирэв. Контентоор нөлөөлөх, эвентээр сэдэлжүүлэх бүх л ажилдаа үргэлж шинэлэг, бүтээлч байх гэж хичээн эрмэлзэв. Таван жил гэдэг тийм ч ахар хугацаа биш болохоор бид туулсан замаа эргэн харж, өөрсдөдөө талархаж, урам өгье гэсэн билээ. Тэмдэглэлт ойн хүрээнд Unread-ийн залуучууд хэрхэн ажилладгийг танилцуулахад таатай байна.

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

А.Ундрал

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Бид бол оригинал контент бүтээгчид. Энэ бол манай редакц тухайн контентийн бүх агуулга, текст, гэрэл зураг, видеог өөрсдөө авч гүйцэтгэдэг гэсэн үг. Бид контентийн агуулга, формат, харагдах байдал, бүтцийг хамгийн бүтээлчээр шийдэж, уншигчдын цагийг хэмнэж, мэдлэгийг тэлэх зорилготой ажилладаг. “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлага маань бүтээлч, бүтээгч хүмүүсийг таниулах талбар болж, “Онцлох” булан маань шинээр хүч түрэн гарч ирж буй стартапуудын хэрэглэгчдэдээ хүрэх эхлэл цэг нь болсоор ирсэнд бид талархдаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэглэгчдэд үнэ цэнтэй, чанартай агуулгыг хүргэх энэ сэдэл маань дотоодын болон олон улсын томоохон байгууллагуудтай урт хугацааны түншлэл үүсгэх гол сэжим болсон нь гарцаагүй.

Бид мөн коммюнити хөгжүүлэгчид. Unread-ийн баг 2016 онд хамгийн анхны эвентээ зохион байгуулснаас хойш өдгөө 150 гаруй арга хэмжээг гардан зохион байгуулжээ. Зөвхөн дижитал орчинд үйл ажиллагаагаа явуулж, эергээр нөлөөлөхөөс гадна бодит орчинд гэрэл гэгээ түгээж, оролцогч талуудыг холбогч гүүр нь болохыг эрмэлзэж ирсэн билээ. Салбар салбарын залуу мэргэжилтнүүд рүү чиглэсэн хувь хүний хөгжил, бизнес, технологийн хамгийн том цугларалтууд болох Unplug, DevSummit, PechaKucha зэрэг оригинал болон лицензтэй эвентүүдийг манайх гардан зохион байгуулдаг.

Анх үүсгэн байгуулагдах үедээ “Эерэг, оригинал, хараат бус” тодорхойлсон үнэт зүйлсээсээ хазайж холдолгүй, бидэнд итгэдэг үнэнч уншигчдынхаа эрх ашгийг хамгийн тэргүүнд тавин ажиллаж ирсэн нь бидний бас нэгэн бахархал.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ш.Цогзолмаа

Контент менежер

Бид бусдад урам зориг, бүтээлч сэдэл өгөхийг эрмэлздэг учраас өдрийн турш шинэ санаа уралдуулах, дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, хянан тохиолдуулах зэрэг контент бүтээх бүх үйл явц өрнөдөг.

Тухайлбал, өглөө бүр 10 цагт цуглаж, Scrum моделийн дагуу тойрч зогсоод 10-15 минутын босоо уулзалт хийнэ. Мөн лхагва гарагт заавал оффист цуглахгүйгээр хаанаас ч ажлаа хийх боломжтой. Харин пүрэв гараг бол “Focus day” буюу 14 цагаас хойш ямар ч уулзалт товлохгүйгээр хүн бүр хийж буй ажилдаа бүрэн төвлөрч, гараасаа юм гаргах учиртай. Ингээд баасан гарагийн орой бүр багийн уур амьсгалыг сайжруулах зорилготой Retrospective гэх чөлөөт уулзалтыг хийдэг. Энэ үеэр тухайн долоо хоногт ажил, амьдралтай холбоотой шинээр сурсан зүйлс, сургамжтай үйл явдал болон өөрт тохиолдсон гэгээлэг сайхан зүйлсийг бусадтайгаа хуваалцдаг. Эцэст нь, төлөвлөсөн ажлуудаа амжуулсан бол амралтын өдрийг ажлаасаа бүрэн холдож өөртөө, гэр бүлдээ зориулахыг зөвлөдөг. Энэ үед утсаа унтраасан ч болно. Мөн нэг онцлууштай зүйл бол бид оффисоо өөрсдөө цэвэрлэдэг. Долоо хоног бүр 2 жижүүр гарч оффисоо цэвэр, таатай байлгах үүрэг хүлээдэг нь бүх л зүйлд өөриймсөг хандаж, ямар ч ажлыг сайн хийх дадлыг суулгадаг болов уу.

Хамгийн гол нь хийж буй ажлаа чадахаараа давуулан биелүүлж, сайжруулах зүйлсийг анзаарч, санаачилгатай, бүтээлч байхыг эрмэлздэг учраас ажлын найман цаг, оффисын дөрвөлжин орон зайд баригдахгүйг хичээдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

С.Намуунаа

Арт директор

Хувь хүн талаасаа нөү-хау гээд байх юм байхгүй дээ (инээв). Цагийг нь тулгаж байж л гараас юм гардаг муухай зуршилтай. Хэзээ ч 5 дахь өдөр хичээлээ тараад даалгавраа хийж дуусгаад хагас, бүтэн сайнд санаа амар амарч байгаагүй гэхээр засрахгүй ч юм шиг байна лээ. Харин ажлынхаа гүйцэтгэл рүү орох хүртлээ толгойдоо удаан бодож, санаа авах янз бүрийн юм үзэж харж цагаа үрдэг. Гар дүртлээ, цагийг нь тулган шаналж явах дуртай гэж хэлж болно. Тэгж байгаад нэг мэдэхэд ард нь гарчихсан байдаг даа.

Unread-ийн хувьд ажиллаж буй контент, эвентээ аль болох том зургаар нь харж төлөвлөн, гүйцэтгэл дээрээ нарийн деталь бүрд ач холбогдол өгч ажиллахыг хичээдгээрээ ялгардаг байх. Уншигчдынхаа бидэнд зориулан гаргаж буй цаг хугацааны үнэ цэнийг сайтар ухамсарлаж, богино хугацаанд чанартай зүйлийг санал болгох нь бидний үүрэг. Нөгөө талаас, харилцагч байгууллагуудтайгаа тулж ажиллан, тэдний өгөх мессеж, хүргэх санааг өөрсдийн онцлог, давуу талуудтай уян ажиллана. Контент бүтэх явцын ард олон удаагийн уулзалт, санаа солилцсон имэйл, судалгаа хийсэн хугацаа, эцсийн бүтээл болгож туурвисан мөчүүд байдаг даа.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

О.Бүтэд

Арт директор (Junior)

Unread-ийн хувьд Slack, Trello, Google Calendar-ийг хослуулан ашигладаг. Аливаа байгууллагад мэдээлэл солилцож хамтран ажиллана гэдэг маш чухал. Бид байгууллагын харилцаандаа ч ихээхэн ач холбогдол өгч, дээрх хэрэгслүүдийн тусламжтайгаар маш үр ашигтай (efficient) ажиллах боломжтой болдог.

Миний хувьд мэдээж классик дизайны програмууд болох Adobe Illustrator, Photoshop, Indesign зэргийг байнга ашиглана. Голдуу Illustrator дээр постеруудаа бэлдээд, гэрэл зурагтай холбоотой зүйлсээ Photoshop дээр хийгээд явдаг.

Харин вэб хөтөч дээрээ WhatFont (фонт таних), Color EyeDropper (өнгөний код авах), OneTab (олон табаа хураан хадгалж авах), Pocket (вэб хуудас хадгалах), Rescuetime (бүтээмжтэй цагаа хянах) нэмэлтүүдийг ашигладаг. Өнгөний зохицол хайхдаа coolors.co, уусгалт хайхдаа colorhexa.com гэсэн сайтуудаар ихэвчлэн зочилно. Дизайны шинэ санаа хайх үед behance, dribbble зэрэг сайтаар эрэл хайгуул хийгээд бэлэн болсных нь дараа голдуу Wetransfer болон түүний Collect апп-аар дамжуулан илгээдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Л.Болорцэцэг

Санхүүгийн менежер

Миний хувьд ажлын цаг эхлэхээс өмнө эсвэл аливаа зүйлийг хийж эхлэхээс өмнө хамгийн түрүүнд хийх ажлуудаа чухлаас нь эхлүүлэн жагсаан төлөвлөж Google Cаlendar болон тэмдэглэлийн дэвтэр дээрээ буулгадаг. Энэ нь хийх ажлыг тодорхой болгохоос гадна нэг ажлаас нөгөө рүү ороход илүү хялбар байж, өөр зүйлсэд сатаарах цагийг эрс багасгадаг. Заримдаа өөрийн мэдэлгүй сатаарчихсан явж байдаг нь хийх зүйлсээ нарийн төлөвлөж чадаагүйгээс болдог болов уу.

Харин манай хамт олны хувьд цаг хугацаа хэмнэх зорилгоор байгууллагын хэд хэдэн соёлыг бий болгосон. Тухайлбал, тодорхой үйл ажиллагаа, чиглэл бүрд зориулсан Slack-ийн групп чатыг ашиглан хэрэгтэй мэдээллийг түргэн шуурхай солилцдог. Мөн төвлөрч ажиллах нь өнөө цагт тун чухал болсон тул бид ажлын нэг өдрийг оффис дээр заавал ирэлгүй онлайнаар ажиллах боломжийг олгодог. Энэ нь бүрэн төвлөрч ажиллахаас гадна замын түгжрэл ихтэй хотод цаг хэмнэх давуу талтай. Мөн хүн орчноо солихоор шинэ санаа төрөх нь их байдаг шүү дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Д.Ганзориг

Ерөнхий редактор

Би байнга жижиг халаасны дэвтэр авч явдаг юм. Нэг хуудсан дээр нь тухайн долоо хоногт хийхээр төлөвлөж буй зүйлсээ Unread, Хувийн гэх мэтээр хоёр гурав ангилан бичдэг. Харин өдөр тутмын жагсаалтаа наадаг шар дээр бичиж дэвтрийнхээ дотор наана. Нэлээд олон арга хэрэглэсний эцэст ийм байдлаар төлөвлөх нь надад хамгийн тохиромжтойг олж мэдсэн. Тухайн жил хийх зүйлсээ харин Evernote дээр гаргадаг. Энэ жил хийх зүйлсээ улирал улирлаар нь гаргаж бас үзсэн. Хэдий яг хуваасан, төлөвлөснийхөө дагуу хийх амаргүй ч 3 сар тутам тавьсан зорилтуудаа эргэн харахад тустай юм билээ. Өнгөрсөн шинэ жилээр анх удаа Жэймс Клийрийн жишгээр Annual Review буюу тухайн жилийн дүгнэлт маягийн зүйл бичсэн. Юуг сайн хийсэн, юун дээр алдсан, юу сурав гэсэн гурав асуултын дагуу бичдэг энэ формат таалагдсан тул жил бүр алдалгүй хийнэ дээ гэсэн бодолтой. Ер нь л их төлөвлөдөг юм байна. Гэхдээ хийх дээрээ гацах нь зөндөө (инээв).

Unread-ийн хувьд сарын эхэнд тухайн сарын контентийн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар Google Sheet дээр гаргадаг. Тэгээд даваа гарагийн өглөөний хурал дээр тухайн долоо хоногийн контент төлөвлөгөөгөө нягталж, нэмэх зүйлсийг оруулдаг. Мөн Трелло дээр Sprint 2020 гэх board дээр долоо хоногийн жагсаалт үүсгэн контент болон бусад хийх ажлуудыг оруулаад явдаг. Энэ нь зарим ажил хэдэн долоо хоног дамнаж буйг харахад, бас хийсэн ажлын архив үүсгэх талаасаа тустай. Тус тусын уулзалтын товоо харин Unread-ийн календарьд оруулж, бүгд хэн хаана юу хийж буйг харах бололцоог олгодог.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

А.Ундрал

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Ажлын шаардлагаас үүдэн бид байнга л бүтээлч, шинэлэг байх хэрэгтэй байдаг. Тийм ч учраас үргэлж эрч хүчээ сэлбэж, урам зоригоор хөглөгддөг байх нь чухал. Ганзо заримдаа цайны цагаар ширээний теннисийн клуб рүүгээ харайчихна. Бүтэд маань видео тоглоом тоглон сэргэдэг байхад Цогзоо маань иогоор хичээллэдэг байх жишээтэй.

Мэдээж оффис дээрээ бүтээмж нэмэгдүүлэх, уур амьсгал сайжруулах олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Жилд 2 удаа салхинд гарангаа ажлаа төлөвлөдөг retreat цугларалтыг хийдэг. Заримдаа “Wii”-ээ залгаж, теннисээр аваргаа тодруулан, тодорхой шагналын төлөө өрсөлддөг уламжлалтай болсон байна. Мөн бүгд сэтгэлээ шингээн гараа гаргаж хийсэн хоолоо авчирч, нэг нэгнээ дайлдаг “потлак”-ийг манайхан их хүлээдэг болсон байна лээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Х.Хантүшиг

Фото/Видео продюсер

Би нисэхийн инженер мэргэжилтэй ч хоббигоо хөгжүүлэн гэрэл зураг авдаг болсон юм. Гэхдээ нисэх, авиацдаа хайртай хэвээрээ, ирээдүйд энэ чиглэлээрээ ажиллах хүсэлтэй. Техникийн хүн болохоор бас автомашин их сонирхоно. Ийм олон сонирхол, хоббитой ч алийг нь ч орхигдуулахгүй хүсдэггүй юм. Эдгээрийгээ яаж холбож уяж болох вэ гэж байнга боддог. Жишээ нь байгалийн зураг авахдаа тэнгэрт нисэж буй онгоцыг багтаахыг эрмэлзэнэ. Онгоцны зургийг цаг агаарын, байгалийн янз бүрийн нөхцөлд авах жишээний. Сүүлийн үед бас найзуудыгаа уруу татан машинтай аялал зохион байгуулдаг хоббитой болоод байгаа. Аялал төлөвлөх нь тун сонирхолтой санагддаг. Замдаа мэдээж гэрэл зураг авна. Хамгийн сүүлд Тэрхийн цагаан нуур луу аялсан шүү.

Мөн онгоцны гэрэл зураг авдаг, нисэхэд сонирхолтой хүүхэд залууст мэдлэг, урам зориг өгөх зорилготой Aviation Spotters Mongolia ТББ-ын гишүүн.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Д.Мөнхбаясгалан

Ерөнхий менежер

Медиа байгууллагад, тэр дундаа цаг үргэлж шинэлэг, эерэг, бүтээлч контент бүтээхийг эрмэлздэг онцгой газар ажиллаж байгаа нь сорилт ихтэй, сонирхолтой байдаг. Контент гэдэгт бид өгүүлэмж (storytelling), арга хэмжээ (events), коммюнити (community)-г багтааж, контентоо хөгжүүлэхдээ ямагт бусдаас илүүг судалж мэдэх, өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай тулгардаг. Нөгөө талаас хүмүүсийн сэтгэлгээ, харах өнцөгт нөлөөлөх зүйл хийж байгаа учраас маш хариуцлагатай хандаж, хараат бус, үнэн зөв агуулгыг уншигчдадаа хүргэх нь чухал.

Бид бизнесийн байгууллага учраас мэдээж олон хамтрагч байгууллагын хүчинд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Захиалагчдынхаа манай уншигчдад хүргэх гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь өнгөцхөн рекламдахаас илүүтэй том зургаар нь харж, тухайн сурталчилж буй зүйлийнх нь гол үнэ цэнийг гүнд нь хүртэл судалж, уншигчдадаа мэдлэг болж үлдэхүйц агуулга гаргаж ирэхийг зорьдог. Үүнийхээ ачаар бид салбар салбарын, янз бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй болсон байдаг нь олзуурхууштай.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Б.Батзаяа

Гүйцэтгэх захирал

Бид 2019 оны 2-р улирлаас эхлэн компанийн бүтцийн өөрчлөлт, контентийн шинэчлэл, шинэ брэндинг, бүтээгдэхүүнүүд дээр түлхүү ажилласан. Энэхүү өөрчлөлт маань дуусах шатандаа орж, хэрэглэгчдэд хүрээд явж байгаа бөгөөд одоо үлдсэн гол гол хэдэн зорилт дээр анхаарч байна. Шинэ мобайл аппаа 10-р сард багтаан гаргахаар ажиллаж, өнгөрсөн 4-р сард нээгдсэн Posted by Unread бүтээгдэхүүн дээрээ уншигч, харилцагчдыг татах, контентуудыг нь хөгжүүлэх, мөн 2021 онд гарах нэгэн шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр түлхүү ажиллаж байна. Баг бүрдүүлэх, байгууллагын соёлын шинэчлэлийн сацуу нэгэнт Covid-19-тэй холбоотой хөл хорионы асуудал цэгцэрч буй учраас 11 сарын 28-нд товлогдсон Unplug 2020 арга хэмжээний зохион байгуулалт руу бас орж байна.

Дүгнээд хэлэхэд таван жил гэдэг ямар ч хувь хүний карьер, гарааны бизнесийн замналын хувьд эргэлтийн цэг гэхэд нэг их буруудахгүй. Unread-ийн хувьд яг л энэ цэг, салаа уулзвар дээр дараагийн туулах замналаа сонгон зогсож байна. Өнгөрсөн хугацаанд багагүй зүйлийг бүтээж, цөөнгүй сорилт бэрхшээлийг туулан гарчээ. Харин одоо хэт удаан амсхийж, тааламжтай бүсдээ гацаж үлдэхээс зайлсхийн, үсрэнгүй хөгжил, эерэг өөрчлөлтийг эрэлхийлэх цаг. Гарааны бизнесээс алс холын замыг ажрахгүй туулах хүчирхэг компани болон өргөжих чин хүслээр жигүүрлэн ганзага нийлж, дөрөө харшуулах хамтрагчид, M&A, хөрөнгө оруулагчдыг бүрдүүлэхээр ажиллаж, уулзалтууд хийж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Х.Хантүшиг

Фото/Видео продюсер

Би мэдэхгүй юмаа хялбархан, хурдан хугацаанд ойлгохын тулд видео үзчихдэг. Харин гүнзгий судлах шаардлагатай зүйл байвал нийтлэл, ном гэх мэт текст үзэж таарна. Ер нь илүү практик байдлаар буюу хийж байж сурдаг төрлийн хүн юм билээ. Бодитоор туршаад хийж хэрэгжүүлж чадсан бол сурлаа гэж тооцдог. Бас сурсан зүйлсээ бусдад зааж өгөх дуртай. Сүүлийн үед найзууддаа хэрхэн гэрэл зураг авахыг заадаг болоод байгаа. Ингэхээр өөрөө улам хөгжиж, мэдлэгээ батжуулдаг давуу талтай. Мөн мундаг хүмүүсийн намтар унших дуртай. Стив Жобс, Элон Маскийн намтруудыг дурдаж болно. Монголоос гэвэл шарк Г.Амартүвшингийн ном их таалагдсан шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

П.Номинбилэг

Редактор

Ойрд зав муутайхан байгаа учраас амархан “шингээх”, сэтгэлд минь хамгийн хөнгөн наалддаг дуунуудыг сонсож байна. Тэр нь голцуу 1970-1980-аад оны софт рок дуунууд. “Fleetwood Mac”-ийг ч Стиви Никсийн соло бүтээлүүдийг ч, “Heart”-ийн дуунуудыг гээд л. Харин багийн маань гишүүн бүрийн дуртай дуунуудаа нэмсэн Unread-ийн оффисын плэйлистэд төрөл бүрийн жанрын сонирхолтой дуунууд багтдаг.

Номын тухайд, хамгийн хайртай номоо байн байн нээж “мөлжиж” байгаа, түүнийгээ ч санал болгомоор байна. Альбер Камюгийн “Тахал” хүний өөрийн хийгээд нийгэм хэмээх хүмүүсийн нэгдмэл оршихуйн мөн чанарыг хөндсөн, ер нь хүн ганц удаа ч болтугай заавал уншууштай бүтээл. Үйл явдлын гол нь тахал учраас өдийд уншихад хүмүүст илүү ойр тусах болов уу. Уг чанартаа эл бүтээл нацизмын тухай гэдэг. Түүхийн уртад тахалд үрэгдсэн зуун сая хүн гэдэг юу юм бэ, ерөөс “оюун санааг хоромхон сүүдэрлээд замхрах утаа төдий” юм биш үү? Камюгийн абсурд ертөнцөд тухлаад нэг үзээрэй гэж хэлэх байна.

Unread долоо хоног бүр шинээр хэвлэгдэж буй болон залуу мэргэжилтнүүдийн уншвал зохилтой номыг сонгон тоймлодог. Тиймээс редакцын залуус маань үргэлж шинэ ном уншиж, түүнийхээ талаар ярилцаж, сэтгэгдлээ бичиж байдаг гэж хэлж болно.

Ташрамд дурдахад, Нобигийн маань орчуулсан "Монтэнийн намтар: Хэрхэн амьдрах вэ?" ном тун саяхан хэвлэгдсэн юм.

Unread

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Г.Оюунлхам

Сэтгүүлч

Бага багаар амьдралын хэв маяг, ажиллах арга барилаа олж аван, өөрөө өөртэйгөө танилцсаар л явна даа. Одоог хүртэл бусдын л адил маш олон афоризм, хэрэгтэй зөвлөгөөг сонсож, “тийм шүү” хэмээн уулга алдаж явсан ч яг ингээд бичих болоход бодит үлгэр дуурайл шиг хамгийн үр дүнтэй зөвлөгөө байгаагүй юм байна. Ер нь гоё мундаг үг хэлж, бусдад зөвлөгөө өгөх амархан бололтой. Харин хэлж байгаа үгэндээ эзэн болж, зөвлөгөө өгөхийг хүссэн хүндээ бодитоор үлгэрлэх нь хамгийн хэцүү хэсэг юм шиг ээ.

Миний хувьд Unread-ийн нэг хэсэг болсноор эерэг байх, аливааг олон талаас харах, асуудалд тэнцвэртэй хандах, хувь хүний орон зай, онцлогийг хүндлэхэд сайн суралцаж, өдөр тутам багийнхнаасаа үлгэр дуурайл авдаг. Хүнд зөвлөгөө өгөхийг хүсвэл олон таван зүйл хэлэлгүйгээр өөрөө л тийм хүн байхад хангалттай юм билээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Б.Батзаяа

Гүйцэтгэх захирал

Хувь хүн, залуу мэргэжилтнүүдийн хувьд төдийгүй гарааны бизнес, тогтвортой өсөж яваа компани гэдэг өнцгөөс харсан ч тэр бусдаас ямх ялгарч, төө илүү байхад ердөө гурван хүчин зүйл л нөлөөлдөг юм шиг санагддаг. Нэгдүгээрт, ямар ч тохиолдолд амласандаа хүрдэг, хэлсэндээ харайж чаддаг байх. Чадахгүй бол үнэн, учраа хэлээд хариуцлагаа хүлээх чадвартай нийгмийн харилцааны ухамсарт оролцогч болох. Хоёрдугаарт, юмсыг буюу хүмүүсийг аргалах, өөртөө тааруулах гэж оролддоггүй, хуурамч хуудуугүй, үнэн шударгаар аливаад хандаж чаддаг ёс суртахуун суулгах. Гуравдугаарт, дуусгах гэж биш, сайн хийчих юм сан гэсэн эрмэлзлээр юу ч байсан байгаагаас нь жаахан давуулж хийхэд суралцах.

Хэчнээн чадварлаг, бүтээлч, ажилсаг байгаад дээр дурдсан үндсэн гурван тулгуур багана үгүй цагт тухайн зэрвэсхэн мөчлөгт болоод байгаа мэт авч хувь хүн, компанийн урт хугацааны тоглолт удааширч, алсын хараа, ирээдүй, өсөлт хөгжил зогсонги болдог мэт санагдсан. Харин дээрх баганууд оршин буй бол хандах зүг өөрөө тогтож, бусдын чамд итгэх итгэл ч бат байх буюу. Бодит амьдралын туршлагаас үүдсэн энэхүү хариултанд авах гээхийн ухаанаар хандана буй за.