1 гол сэдэв

Юу болов?

Сансрын технологи хөгжүүлэгч SpaceX түүхэн дэх хамгийн том IPO-г хийж, 75 тэрбум долларыг татан төвлөрүүллээ. Тус компанийн хувьцаа гарсан даруйдаа 19%-аар өсөж, үнэлгээ нь 2 их наядыг давжээ. Ингэснээр тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан анхны 1 их наядын хөрөнгөтэй эрхэм боллоо. Тэрээр 2002 онд анх эхлүүлж байсан бизнесийнхээ 46%-ийг эзэмшдэг юм. Үүнээс гадна цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт түүчээлэгч Tesla-г эхлүүлж, гол хувьцааг нь эзэмшдэг түүний нийт хөрөнгө 1,05 их наяд болжээ.

Хэрхэн их наядтан болов?

Тэрээр 2012 онд анх тэрбумтны эгнээнд нэгдэж байжээ. Улмаар 2020 онд Tesla-ийн хувьцаагаа хуваах шийдвэр гарахтай зэрэгцэн 100 тэрбумын хөрөнгөтэй болж байсан удаатай. Тухайн үед тэрээр ийм амжилтад хүрсэн тав дахь эрхэм болж байв. Ердөө 6 жилийн дотор түүний хөрөнгө 10 дахин үржсэн нь энэ. Энэ бол юутай ч харьцуулж болшгүй аварга өсөлт гэдэг нь бусад баячуудын хөрөнгөтэй харьцуулахад л амархан ойлгогдоно. Дэлхийн хамгийн баян эрхэмүүдийг нэрлэдэг Forbes-ийн жагсаалтад түүний ард бичигдэж буй Google-ийн үүсгэн байгуулагч Л.Пэйжийн хөрөнгө 295 тэрбум доллар юм. Microsoft-ийг үүсгэн байгуулагч Б.Гэйтс дийлэнх хөрөнгөө сайн үйлсэд хандивлаагүй бол 464 тэрбум доллартай тэнцэх байсан гэнэ. Дэлхийн хамгийн баян гэр бүлд тооцогддог Walmart-ийн сүлжээг эзэмшигч Валтоны гэр бүлийн нийт хөрөнгө 513 тэрбум болдог аж.

Гэхдээ?

Гэхдээ И.Маскийн хувьд энэ амжилт тийм ч хялбар ирээгүй. Интернетийн эхэн үед финтек салбарын анхдагчдын нэг Paypal-ийг эхлүүлж байсан тэрээр SpaceX-ийн амжилтад хүрэх магадлалыг 10%-тай л гэж үнэлж байсан гэнэ. “Ядаж хэн нэгэн оролдохгүй бол бид эх дэлхийдээ л шигдэж үлдэх нь байна шүү дээ” хэмээн ярих түүний мөрөөдөл хүн төрөлхтний сансрыг эзэмших их үйлсийг эхлүүлж, Ангараг гарагийг эзлэх гэдгийг тэр хэзээ ч нуугаагүй. Тухайн үед хувийн компани сансрын салбарт амжилт гаргана гэдэг олон хүний хувьд боломжгүй мөрөөдөл мэт санагдаж байв.

SpaceX-ийн хувьд?

Гэсэн ч SpaceX өнөөдрийг хүртэл 40 гаруй тэрбум долларын алдагдал хүлээсэн ч сансрын салбарын дүрмийг үндсээр нь өөрчилж чадлаа. Зөвхөн улс орнууд өрсөлддөг байсан зах зээлд дахин ашиглагддаг пуужинг нэвтрүүлж, сансарт хүрэх өртгийг эрс бууруулсан нь тэдний хамгийн том амжилт болсон юм. Одоогийн байдлаар SpaceX-ийн хамгийн ашигтай бизнес нь Starlink. Нам орбитын хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан дэлхийн хаанаас ч интернет ашиглах боломж бүрдүүлэх зорилготой уг үйлчилгээ хэдийнэ Монголд ч нэвтэрсэн. Үүнээс гадна Маск сүүлийн жилүүдэд өөрийн X платформ болон xAI компанийн үйл ажиллагааг SpaceX-ийн экосистемтэй улам нягт холбож эхэлсэн нь компанийн үнэлгээг огцом өсгөхөд нөлөөлжээ.

2 чухал тоо

104: 4 жилд нэг удаа явагддаг хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад, Мексикт сүр дуулиантай эхэллээ. Уг тэмцээн бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд 7-р сарын 19-нд аваргын нэр тодроно. Тэмцээний нээлтийн тоглолт домогт Ацтека цэнгэлдэхэд явагдаж, Мексикийн баг ӨАБНУ-ын багийг 2:0-ээр буулган авчээ. Энэ жилийн ДАШТ хэд хэдэн зүйлээрээ түүхэнд үлдэхээр байна. Юуны өмнө анх удаа 48 баг оролцож, нийт 104 тоглолт явагдана. Ингэснээр уг тэмцээн өмнөх бүх дэлхийн аваргуудаас хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон оролцогчтой болж байгаа юм. Мөн зохион байгуулалтын зардал нь 3.8 тэрбум долларт хүрч, нийт орлого нь 8.7 тэрбум доллар давах төлөвтэй байгаа нь түүхэн дэх рекорд үзүүлэлт юм. Үүнээс гадна FIFA анх удаа нээлт, хаалтын томоохон шоу болон завсарлагааны энтертайнмент хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлж байгаа нь тэмцээнийг зөвхөн спортын бус, дэлхийн хэмжээний соёл, энтертайнментийн үйл явдал болгохыг зорьж буйг харуулж байна.

2026: Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулан жил бүр зохиодог WWDC явагдлаа. Энэ арга хэмжээ Apple-ийн CEO Т.Күүкийн үүрэгт ажлаа өгөхөөс өмнөх сүүлийнх гэдгээрээ онцлогтой байв. Олны таамаглаж байсанчлан энэ арга хэмжээний од нь Siri байж, үзүүлэлт нь эрс сайжирчээ.

САНАЛ БОЛГОХ: БИДНИЙГ УНТАЖ БАЙХАД APPLE-ИЙН ТАНИЛЦУУЛСАН БҮХ ЗҮЙЛС

Unread

3 онцлох өгүүлбэр

I. MrBeast хагас тэрбум дагагчтай болжээ

- Тэрээр Youtube-ийн түүхэн дэх анхны 500 сая дагагчтай контент бүтээгч болж байгаа нь энэ юм. Ердөө 14 насандаа буюу 2012 онд анхны контентоо хийж байсан MrBeast-ийн нийт хөрөнгө 2.5 тэрбум доллараар үнэлэгддэг.

- MrBeast-ийн хувьд олныг хамарсан, өндөр өртөгтэй контентуудаараа олны анхаарлыг татдаг. Тэрээр 2024 онд Amazon Prime-тай 100 сая долларын аварга гэрээ хийж, телевизийн түүхэн дэх хамгийн том буюу 5 сая долларын шагналын сантай “Beast Games” цувралыг хийсэн удаатай.

- Тэрээр Beast Industries нэртэй компаниараа дамжуулан бусад салбарт мөн хөрөнгө оруулдаг. Түүний гаргасан “Feastables” нэртэй шоколад, “Lunchly” нэртэй хөнгөн зуушны брэнд нь хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүний жагсаалтад багтах болсон билээ.


II. Тайландын гүнж таалал төгслөө

- Тайландын хааны гэр бүлийн хамгийн алдартай гишүүдийн нэг Бажракитияаба 47 настай байв. Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард дасгал хийж байх үедээ гэнэт унаж, тэр цагаас хойш эмнэлэгт ухаангүй эмчлүүлсээр байсан юм. Эмч нарын дүгнэснээр түүний өвчний шалтгааныг микоплазмын халдварын улмаас зүрхний хэм алдагдсан хэмээн тайлбарладаг. Тайланд улс 15 хоногийн хугацаанд үндэсний гашуудал зарлажээ.

- Тайландын хаан Важиралонкорны хамгийн том охин тэрээр Корнеллийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, мастерын зэрэг хамгаалжээ. НҮБ, Австри дахь элчин сайдын яаманд ажиллаж байсан тэрээр хаан эцгийнхээ хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг байв. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хар тамхины эсрэг байр сууриараа тэр олон нийтэд алдаршиж, энэрэнгүй зөөлөн зан аашаараа ард түмнийхээ хайрыг татдаг байжээ. Тиймдээ ч түүнийг дараагийн хаан ширээ залгамжлах хамгийн магадлалтай эрхэмд тооцдог байлаа.

- Өдгөө 73 настай эзэн хаан долоон хүүхэдтэй. Гэхдээ өдийг хүртэл залгамжлагчаа нэрлээгүй хэвээр л байгаа юм. Түүний хоёр дахь эхнэрийнх нь 4 хүү ээжтэйгээ Америкт амьдрах болсон тул хаан ширээ залгамжлах эрхгүй болсон юм.


III. Antrophic-ийн шинэ моделийг засгийн газраас хоригложээ

- Antrophic маш олон үзүүлэлтээр салбартаа толгой цохих Fable 5 болон Mythos 5 загваруудаа олон нийтэд танилцуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Гэвч баасан гарагт Засгийн газраас “үндэсний аюулгүй байдалтай холбоотой” шалтгаанаар уг моделийн нээлттэй хэрэглээг хязгаарлаж, ялангуяа гадаадын иргэдэд хаахыг үүрэг болгожээ.

- Antrophic-ийн зүгээс уг шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээн авч байгаагаа мэдэгдэж, хэрэглэгчдээсээ уучлал хүсчээ. Тэд хариуцлагатай хэрэглээ, аюулгүй-нээлттэй байдлыг хангах үүднээс шинэ загваруудаа зах зээлээс татаж байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн саруудад хаалттай түвшинд туршигдаж байсан Mythos 5 моделийн кибер аюулгүй байдлын чадавх нь одоогийн банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг түйвээх эрсдэлтэй байж болзошгүй хэмээн мэдээлэгдэж байсан юм.

- Яг юуны улмаас уг моделийг хязгаарлах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар засгийн газраас Antrophic-т ажиллаж буй гадаад иргэдэд нэвтрэх эрхийг хязгаарлах шаардлага тавьсан гэнэ.

4 мэдүүштэй зүйл

Онцгой томилгоо: БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён өдгөө 59 настай Хан Сон Сукийг тус улсын 50 дахь ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Хан Сон Сукийн хувьд 2025 оноос эхлэн Жижиг дунд болон гарааны бизнес эрхэлсэн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр 2006-2007 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Хан Мён Сукийн дараа уг албан тушаалыг хаших хоёр дахь эмэгтэй болж байгаа нь энэ юм. Сонирхуулахад, Хан Сон Сук бол Солонгосын хамгийн том технологийн компаниудын нэг Naver-ийг дөрвөн жилийн турш удирдаж байсан нэгэн. Тиймдээ ч хиймэл оюун, дижитал шилжилтийн эрин үед хамгийн тохиромжтой лидер хэмээн ерөнхийлөгч үзжээ.

Шинэ гишүүд: Европын холбоо Украйн, Молдавын гишүүнчлэлийг хэлэлцэж эхэллээ. Уг үйл явц эхлэхийн тулд Европын Холбооны гишүүн бүх улс орны зөвшөөрөл шаардлагатай байдаг. Зөвшөөрлөө өгөлгүй тунаж үлдсэн хамгийн сүүлийн улс Унгар өнгөрсөн долоо хоногт хоригоо цуцалжээ. Хэлэлцээр нийт 6 гол асуудлын хүрээнд хийгдэх бөгөөд жил дамнан үргэлжилдэг үйл явцыг түргэвчилсэн хэлбэрээр явуулахыг эрмэлзэнэ гэдгээ албаны хүмүүс мэдэгджээ.

Зохицуулагчийн шийдвэр: Америкийн зохицуулах байгууллагаас 111 тэрбумаар үнэлэгдсэн Paramount-WBD-ийн аварга нэгдлийг албан ёсоор зөвшөөрлөө. Paramount-ийг өнгөрсөн жил худалдан авсан тэрбумтан Дэвид Эллисон ингэснээр Холливүүдийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг болж байна. Тэрээр Warner Bros-ийн Netflix-тэй хийсэн тохиролцоог өндөр үнэ, медиа кампанит ажлаараа бут цохиж, улмаар CNN, TNT зэрэг телевизийн сувгуудыг нь оролцуулан нэгтгэх тохиролцоог хийж чадсан юм. Гэхдээ энэ бол бүх зүйл ингээд дуусчихлаа гэсэн үг бас биш. Зарим муж уг наймааг хориглох бүрэн эрхтэй. Ялангуяа Холливүүдтэй холбоотой асуудал учир Калифорни мужийн засаг захиргаа уг наймааг “өрсөлдөөн боомилсон”, “шударга бус” зэрэг үндэслэлээр хориглох эрсдэл байсаар байгаа юм.

Шинэ тоглогч: Mercedes-Benz дроны систем үйлдвэрлэнэ гэв. Тэд энэ шийдвэрээ Берлинд явагдсан дэлхийн агаарын болон сансрын технологийн хамгийн том шоуны нэг ILA-ийн үеэр зарлажээ. Тус компани Мюнхенд төвтэй Tytan Technologies хэмээх стартаптай хамтран дрон эсэргүүцэгчтэй тээврийн хэрэгсэл бүтээх гэрээг байгуулжээ. Тэднээс өмнө Францын Renault мөн ижил шийдвэрээ танилцуулж байв. Автомашин үйлдвэрлэгчид технологи, үйлдвэрлэлийн дэд бүтцийн давуу байдлаа батлан хамгаалахын салбарт ашиглах эрмэлзэл их болж байгаагийн илрэл энэ болж байн.

5 сонин хачин

1. Нью Йорк Никс 53 жилийн дараа NBA-ийн аварга боллоо. Тэд финалд Өмнөд бүсийн аварга Сан Антонио Спөрсийг 4:1-ээр илүүрхэн 1973 оноос хойшхи анхны аваргын цомоо хүртлээ. Финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 5 дахь тоглолтод 45 оноо авч багаа тэргүүлсэн Жален Брансон тодорчээ. Никс финалын цувралд өрсөлдөгчийнхөө талбайд гурван ялалт байгуулсан нь онцгой амжилт байв. Тэд 4 дэх тоглолтод 29 оноогоор хожигдож байгаад ялалт байгуулсан нь түүхэнд бичигдэх эргэн ирэлт болов. Нью Йорк энэ плэй-оффт онцгой байж, ердөө гуравхан ялагдал хүлээв. Энэ бол 2017 оны домогт Голден Стэйтийн амжилтаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт билээ.

2. Домогт найруулагч Стивен Спилбергийн ээлжит бүтээл “Disclosure Day” зөвхөн дотоодын зах зээлээс л гэхэд 44 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүлжээ. Уг бүтээлд Universal 115 сая долларыг зарцуулаад байгаа юм. Харийнхантай холбоо тогтоосон тухай өгүүлэх уг киноны гол дүрд Э.Блант тогложээ. 26 настай контент бүтээгч К.Баркерын 1 сая доллараар бүтээсэн аймшгийн кино “Obsession” тав дахь долоо хоногтоо бокс оффисоос буусангүй. Уг кино энэ долоо хоногт 2-р байрт бичигдсэн бөгөөд нийт орлого нь 250 сая долларыг давжээ. Тиймдээ ч хэвлэлийнхэн уг бүтээлийг сүүлийн жилүүдэд харагдаагүй өндөр ашигтай бүтээл боллоо хэмээн онцлох болов.

3. Дэлхий даяар 3.5 тэрбум хэрэглэгчтэй Meta-ийн сошиал платформууд техникийн саатлын улмаас доголджээ. Баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 9:30-д хамгийн анхны саатал бүртгэгдсэн бөгөөд 4 цаг орчим үргэлжилсэн гэв. Энэ хугацаанд Facebook, Instagram, Messenger-ийн ихэнх функцүүд ажиллагаагүй болж, хэрэглэгчдийн хандалт хязгаарлагджээ. Meta-ийн зүгээс одоогоор саатлын шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна.

4. ChatGPT түүхэнд хамгийн хурдан хугацаанд 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ. 2022 оны 11-р сард гарсан уг апп-д ердөө 3.5 жил л шаардлагатай байв. Sensor Tower-ийн тайланд тус апп анх удаа сард дор хаяж нэг удаа ашигладаг 1 тэрбум хэрэглэгчтэй болж бүртгэгдсэн нь энэ юм. Гэхдээ тэдний өсөлт бусад өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад бага байгааг анхаарах хэрэгтэй. Жилийн өмнөхтэй харьцуулахад Claude-иийн хэрэглээ 640%-аар, Meta AI-ийнх 973%-аар тус тус нэмэгджээ. Харин ChatGPT-ийнх 67% байв.

5. Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосийн эхлүүлсэн “Prometheus” нэртэй шинэ стартап 41 тэрбум долларын үнэлгээтэй болж, 12 тэрбум доллар босгожээ. Тэрээр уг компани Google-ийн амьдралын шинжлэх ухааны чиглэлийн стартап Verily-г эхлүүлж байсан В.Бажажтай хамтран байгуулсан билээ. Сан Франциско, Цюрих, Лондонд оффисоо нээсэн тус компани хэдийнээ 150 ажилтантай болсон гэнэ. Тэд робот, автоматжуулалтын төхөөрөмжүүдийг бүтээх AI инженер бүтээх зорилготой байгаа юм.