1 гол мэдээ
Юу болов?
2026 оны Азийн наадам Японы Айчи-Нагояад нээлтээ хийлээ. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчин оролцож байна. Тэд спортын 43 төрөлд 2 долоо хоногийн турш 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ бол цар хүрээний хувьд Олимпын наадмаас бараг хоёр дахин том гэсэн үг.
Нээлт хэр болов?
Азийн наадмын нээлтэд Японы цог жавхлант эзэн хаан Нарухито өөрийн биеэр оролцлоо. Япон улс өмнө нь 1958 онд Токиод, 1994 онд Хирошимад Азийн наадмыг зохион байгуулж байсан удаатай. Мөн энэ удаагийн наадам анхны Азийн наадам Шинэ Делид явагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Баттулга нар төлөөлөв.
Монголчууд хэр байна?
Энэ удаагийн наадамд Монголын баг 303 тамирчныг илгээсэн. 3 жилийн өмнөх Ханжоугийн наадамд манай улс 408 тамирчинтай оролцож, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 22-р байрт бичигдэж байв. Харин Жакарта 2018, Инчён 2014 наадмаас манай баг тус бүр 5 алт авч, багийн дүнгээр 16-р байрт жагсаж байсан удаатай. Тэмцээний эхний өдөр манай дугуйчин Т.Жамбалжамц цуваа төрлөөс хүрэл медаль хүртэж, манай багийн медалийн салхийг хагалав. Тэрээр Ханжоугийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.
2 чухал тоо
0.25: АНУ бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ бол АНУ-ын Холбооны нөөцийн сан сүүлийн гурван жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдол боллоо. Тус санг шинээр удирдах болсон К.Уорш энэ удаад бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж, энэ онд дахин нэг удаа өсгөх төсөөлөл гаргасан байна.
78: Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Эмми 2026" явагдлаа. 78 дахь удаагийн наадмын гол од нь Apple TV-ийн "Widow's Bay" байв. Уг бүтээл шилдэг инээдмийн кино зэрэг нийт 6 төрөлд ялалт байгуулжээ.
Дэлгэрэнгүйг: Эмми 2026: Онцлох 10 мөч
Unread
3 онцлох өгүүлбэр
I. “Хиймэл оюуны зэвсэгт хүчин” байгуулна
- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хиймэл оюуны технологийн болзошгүй эрсдлийг бууруулах, хяналтдаа авах үүднээс “AI Force” буюу “Хиймэл оюуны зэвсэгт хүчин” байгуулах болсноо зарлалаа. Тэрээр энэ хүрээнд хиймэл оюуны асуудал эрхэлсэн шинэ зөвлөхийг томилно гэнэ. Гэхдээ уг санаачилгаа хэрхэн хэрэгжүүлж, ямар чиг үүргийг хамаатуулахаа тодорхой мэдэгдсэнгүй.
- Өнгөрсөн сараас эхлэн AI-ийн хөгжил эрс хурдсаж, хүний тархинаас давсан ур чадвартай супер хиймэл оюун бүтээхэд ойртсон тухай мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Зарим экспертүүд AI-ийн хэт хурдтай хөгжил нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх эрсдэлтэйг ч сануулсаар байгаа юм. Уг салбарт тэргүүлэгч Antrophic, OpenAI, xAI зэрэг компаниуд AI-ийн зохицуулалтыг тодорхой болгож, хөгжлийн хурдыг санаатайгаар удаашруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.
- Д.Трампын хувьд AI-ийн өрсөлдөөнд Америк заавал ялах ёстой гэсэн байр суурьтай нэгэн. Тэрээр сөрөг үр дагавар, хор хохирлыг хянахад анхаарахаас бус өсөж дэвжихийг нь боомилох учиргүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.
II. LVMH Hyrox-ийг эзэмшиж эхэллээ
- Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй фитнесийн төрлийн спорт болох Hyrox шинэ эзэдтэй боллоо. LVMH-ийн харьяа хөрөнгө оруулалтын пүүс L Catterton тус компанийг 700 сая доллараар үнэлэн, хамгийн том хувьцаа эзэмшигч нь болжээ.
- 2017 онд байгуулагдсан Hyrox өдгөө дэлхий даяар 1.4 сая тамирчинтай, жилд 100 гаруй албан ёсны тэмцээнтэй аварга экосистемийг бүрдүүлээд байгаа юм. Уг төрлийг зүлэгний хоккейн төрлөөр олимпын аварга болж байсан Германы тамирчин-энтрепренер М.Фуэрсте үүсгэн байгуулж байв. Улмаар 2019 онд Европын хамгийн том спорт медиагийн компани Infront хөрөнгө оруулж байжээ.
- Шинжээчид уг спортыг олимпын төрөл болох боломжтой хэмээн үзэж буй. Тэд 2032 эсвэл 2036 оны олимпын наадмыг онилж, спортынхоо нэр хүндийг нэмэгдүүлэх кампанит ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
III. К.Мбаппе Nike-ийг орхилоо
- Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон Францын тамирчин Килиан Мбаппе 9 настайгаасаа хойш хамтран ажилласан Nike-ийг орхиж байгаагаа зарлалаа. Тэрээр Швейцарийн ON брэндтэй 10 жилийн гэрээ байгуулсан байна.
- Өдгөө 27 настай К.Мбаппе өнгөрсөн зун болсон ДАШТ-ий үеэр 10 гоол оруулж, тэмцээний мэргэн бууч болсноос гадна бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэх болсон билээ. Тэрээр ON брэндтэй хамтран хөлбөмбөгийн шинэ үеийн пүүз бүтээхээс гадна компанийн хувьцаа эзэмшигч болох тохиролцоо хийсэн гэнэ. ON-ийн хувьд анх эхлэхдээ домогт теннисчин Рожер Федерертэй мөн ижил гэрээ хийж, зах зээлд эзлэх байр сууриа баталгаажуулж байсан удаатай.
- Nike-ийн хохирол үүгээр зогссонгүй. Испанийн вундеркид Ламине Яамал саяхан Nike-ийг орхиж, Adidas-тай гэрээ байгуулж байгаагаа зарласан. Nike-ийн хувьцаа зөвхөн 2026 он гарснаас хойш 44%-аар унаад байна.

4 мэдүүштэй зүйл
Шинэ түншлэл: БНСУ-ын Сөүл хотноо Төв Азийн таван орны удирдагчид болон БНСУ-ын ерөнхийлөгчийн оролцсон дээд хэмжээний уулзалт явагдлаа. Уг уулзалтын хүрээнд талууд “Сөүлийн тунхаглал” хэмээх баримт бичиг гаргаж, ирэх 30 жилд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, технологийн чиглэлээр нягт хамтран ажиллаж, шинэ торгоны зам үүсгэх алсын хараагаа зарлан тунхаглажээ. Тэд хамгийн эхэнд дэвшилтэт технологи хуваалцах замаар газрын тос, нефть-химийн үйлдвэрлэл, эрчим хүчний дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Талууд энэ үеэр 19 тэрбум долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Задрах дохио: Уэльс, Шотланд, Умард Ирландын эрх баригч намын удирдлагууд түүхэндээ анх удаа хамтарсан мэдэгдэл гаргаж, өөрсдийг ирээдүйг Европын холбоотой холбон харж байгаагаа тунхаглажээ. Энэ бол Их Британийг задралд хүргэж болзошгүй гэрээ гэдгийг шинжээчид анхааруулж байна. Тэд санамж бичигтээ Уэстминстерийн төгсгөл ирж байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ. Гэвч Их Британийн шинэхэн ерөнхий сайд Э.Бюрнхэм улс орон нь хуваагдаж задрахаас илүү бус үнэт зүйлийнхээ төлөө нэгдэн нягтрахад төвлөрч байгааг онцолж, уг баримт бичгийг бэлгэдлийн чанартай, улс төржсөн зүйл хэмээн нэрлэв.
Эгзэгтэй бүс: АНУ болон Дани улсууд удтал маргалдаж, санал зөрөлдсөний эцэст Гринланд арлын аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрчээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр АНУ тус арлын аюулгүй байдлыг хангаж, хөгжил цэцэглэлтийн төлөөх бүтээн байгуулалтыг удирдаж, байнгын хяналтдаа авах болсон бөгөөд АНУ-ын зөвшөөрөлгүйгээр аливаа улс орон цэргийн бааз байгуулах, стратегийн салбарт хөрөнгө оруулахыг хязгаарласан байна. Мөн уг хэлэлцээр нь “цаг хугацаагүй” үргэлжилнэ гэдгийг тодотгожээ. Америкийн хувьд тус арлыг үндэсний аюулгүй байдлын үүднээс өөртөө нэгтгэх талаар хүртэл яриа гаргаж байсан удаатай. Тэд тус арлын газрын ховор элемент болон цэвэр усны нөөцийг хяналтдаа авах, худалдааны таатай гарцыг удирдахыг санаархаж байсан нь энэ юм.
Гэнэтийн дайралт: Йемений хэт даврагч бүлэглэл Хуситууд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот руу пуужин болон дроноор довтолжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд дэлхийн хамгийн том газрын тосны компани “Aramco”-ийн хэд хэдэн байгууламж руу халдсан байна. Ираны холбоотон Хуситууд сүүлийн үед ихэд идэвхжих болсон. Тэд өнгөрсөн долоо хоногт Улаан тэнгисийн гол гарцын нэг болсон Баб эль-Мандебын хоолойг хяналтдаа авсан билээ.
5 сонин хачин
1. Дэлхийн хамгийн алдартай зомбитой видео тоглоомоос сэдэвлэсэн “Resident Evil”-ийн шинэ кино нээлтийн долоо хоногтоо 55 сая долларын орлого олжээ. Энэ бол тус франчайзын түүхэнд хамгийн өндөр амжилт юм. Өмнөх дээд амжилтыг 2010 оны “Afterlife” нэртэй анги нь 30 сая долларын орлогоор эзэмшиж байжээ.
2. Google-ийн хөгжүүлж буй хиймэл оюуны модель Gemini тестийн орчинд хяналтаас гарч, гурван компанийн систем рүү зөвшөөрөлгүйгээр халджээ. Үүнээс өмнө OpenAI, Antrophic, Meta-ийн AI моделиуд мөн хяналтаас гарч, бусад компанийн мэдээлэл рүү нэвтрэх оролдлого хийж байсан билээ. Уг үйл явдал өнгөрсөн тавдугаар сард гарсан бөгөөд Irregular хэмээх Израйлийн кибер аюулгүй байдлын компани илрүүлжээ. Google ийм явдал болсныг хүлээн зөвшөөрч, тэр даруйд нь зохицуулалт хийсэн гэдгээ мэдэгдэв.
3. Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Варрен Баффет 96 насандаа албан ёсоор “тэтгэвэртээ гарч” байгаагаа зарлалаа. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр өөрийн 61 жилийн өмнө нэгтгэн байгуулсан Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгсөн юм. Харин одоо тэрээр ТУЗ-ын даргын үүргээ өөрийн хүү Ховардад шилжүүлж байгаа нь энэ. В.Баффетын үүсгэн байгуулсан Berkshire Hathaway-ийн зах зээлийн үнэлгээ өдгөө 1 их наядыг даваад буй.
4. 161 жилийн түүхт хүүхдийн брэнд Carter’s лого, брэндээ бүрэн шинэчилжээ. Тэд зорилтот бүлэгтээ илүү ойртож, цаг үеийн нөхцөл байдалтай дасан зохицох зорилгоо бичиглэлээ өөрчилсөн нь энэ юм. Сүүлийн гурван жилд тус компанийн хувьцааны үнэлгээ бараг 50%-аар унаж, дөнгөж 1 тэрбум доллар болоод байгаа юм.
5. Энэ зуны гол хит бүтээл болсон “Spider-Man” Хойд Америкийн зах зээлээс олсон орлогоороо бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоолоо. Тус кино нээлтээ хийснээсээ хойш 47 хоногийн дотор 936 сая долларыг цуглуулсан байна. Энэ бол 2015 оны “Star Wars: The Force Awakens”-ийн өмнөх амжилтыг давсан үзүүлэлт байлаа. Харин дэлхийн үзүүлэлтээр тэд “Avatar”, “Avengers: Endgame”-ийн ард гуравдугаарт нийт 2.45 тэрбум долларын орлогоор бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл бичих

