Америкийн телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулдаг томоохон шагнал болох 78 дах удаагийн Эмми-2026 шагнал гардуулах ёслол энэ сарын 14-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдлаа.
Энэ жилийн хувьд “The Pitt”, “Hacks”, “Widow’s Bay” бүтээлүүд бусдыгаа илт манлайлж, нэлээдгүй олон шагналын эзэн болсон бол зарим нь анхны Эммигээ хүртэв. Мөн олон жилийн дараа дахин шагнал хүртсэн нэгнээс гадна рекорд тогтоож, түүх бүтээсэн нэгэн ч байв.
Ингээд тус наадмын анхаарал татам 10 үйл явдлыг сорчлон хүргэж байна.
Холбоотой нийтлэл: Emmy 2025: Онцлох 10 мөч
Холбоотой нийтлэл: Emmy 2024: Онцлох 10 мөч
1. ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ШИЛДГЭЭР ТОДРОВ

“The Pitt” цуврал энэ жилийн Эммид хамгийн олон буюу 25 номинацид нэр дэвшиж, нийт зургаан шагналтай буцаж байна. Энэ удаад тус цуврал нь Эммигийн хамгийн онцлох шагналуудын нэг болох “Шилдэг драмын цуврал” төрөлд ялалт байгуулсан бөгөөд өмнөх жил ч мөн адил уг шагналыг хүртэж байв. Мөн гол дүрийн жүжигчин Ноа Вайл хоёр дах удаагаа “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин”-ий төрөлд ялалт байгуулж, шилдэг жүжигчин гэдгээ дахин батлан харууллаа.
Энэхүү цуврал нь HBO-ийн бүтээл бөгөөд Питтсбург хотын яаралтай тусламжийн тасгийнхны өдөр тутмын ажлыг 15 цагийн үйл явдлаар 15 ангид хуваан харуулдаг бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа үзэгч, шүүмжлэгчдээс сайшаал хүртээд байсан билээ.
2. НЭГ ДҮРЭЭР ТАВАН УДАА ЭММИ ХҮРТЭВ

Энэ жилийн Эммигийн хамгийн онцлох мөчүүдийн нэг нь яах аргагүй Жен Смарт байлаа. Тэрээр HBO Max-ийн “Hacks” цувралд Дебора Вэнс гэх шударга, өөртөө итгэлтэй эмэгтэйн дүрийг бүтээдэг бөгөөд энэхүү дүрээрээ тав дах удаагаа “Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулаад байгаа юм.
Залуу зохиолч болон ахмад комедиан нарын зөрчилдөөн, үе хоорондын маргаан, амьдралын ээдрээт талуудыг өгүүлэх тус бүтээлийн эхний анги нь 2021 онд нээлтээ хийж байв. Түүнээс хойш өдийг хүртэл нийт таван ангийг үзэгчдийн хүртээл болгоод буй. Цувралын шинэ анги нээлтээ хийх бүрд Жен Смарт тухайн оныхоо шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин болж Эмми хүртэж байсан нь түүнийг хэр нь чадварлаг уран бүтээлч болохыг бэлхнээ илтгэх биз ээ. Телевизийн түүхэнд өмнө нь түүн шиг нэг дүрээрээ таван удаа Эмми хүрсэн эмэгтэй жүжигчин байгаагүй юм.
Ингэснээр Жен Смарт карьерынхаа туршид нийт найман удаа буюу хамгийн олон Эмми хүртсэн уран бүтээлчдийн нэг болж байна.
3. 78 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА

Жүжигчин Мэттью Рис энэ онд “Widow’s Bay” болон “The Beast in Me” цувралын гол дүрд тоглож, хоёр өөр бүтээлээрээ Эммигийн тайзнаа өрсөлдсөн юм. Тэрээр “Widow’s Bay” цувралын дүрээрээ “Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин”, “The Beast in Me” цувралын дүрээрээ “Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд тус тус нэр дэвшсэн бөгөөд хоёуланд нь ялалт байгуулж, шинэ түүх бүтээв. Эммигийн 78 жилийн түүхэнд нэг жүжигчин хоёр гол дүрээр шагнал авч байсан удаа байхгүй ажээ.
Түүний тоглосон “Widow’s Bay” цуврал ч чамгүй амжилттай өндөрлөв. Тус цуврал нь нийт 24 номинацид нэр дэвшсэн бөгөөд үүнээс 14-т нь ялалт байгуулж, бусдыгаа илт манлайлжээ. Тухайлбал, телевизийн салбарын хамгийн хүндтэй шагналуудын нэг болох “Шилдэг инээдмийн цуврал”-аар тодорсноос гадна шилдэг найруулагч, зохиолч, зураглаач болон бусад бүтээлч, техникийн олон чухал номинациудад тэргүүлж, амжилт, ялалтаар дүүрэн үдшийг үдлээ.
4. 30 ЖИЛИЙН ДАРААХ АНХНЫ ЭММИ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийж, үзэгч, шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ аваад байсан “Pluribus” цувралын гол дүрийн жүжигчин Риа Сихорн энэ жил анхны Эммигээ гардан авлаа. Тэрээр 1997 оноос эхлэн урлагийн замналаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд “Better Call Saul”, “Cooper’s Bar” гэх цувралуудаараа гурван удаа Эммид нэр дэвшиж байсан ч ялалт байгуулж байгаагүй юм. Тэгвэл энэ жил 30 орчим жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг гаргаж, Эммигийн “Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулаад байна.
Түүний ялалт байгуулсан энэхүү төрөлд “Euphoria” цувралын Зендая, “The Diplomat” цувралын Кери Рассел болон “The Gilded Age” цувралын Кэрри Кун нар нэр дэвшсэн билээ.
5. ТҮҮНИЙГ ЭРГЭН ДУРСАХУЙ

Эмми, Оскар зэрэг шагнал гардуулах ёслолуудад тухайн жилдээ бурхан болсон алдартнуудыг хүндэтгэн дурсах “In Memoriam” хэсэг заавал байдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Эмми наадмийн уг хэсгээр Кэтрин О'Хара, Роб Рейнер, Долли Партон, Тим Карри, Жеймс Ван Дер Бик, Хайден Панеттьери нар болон бусад талийгаач уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.
Энэ үеэр Кэтрин О’Харагийн дурсгалд зориулж, кино дэлгэцнээ түүний хүүгийн дүрийг бүтээж байсан жүжигчин Маколей Калкин болон “Schitt’s Creek” цувралын хамтрагчид болох Энни Мёрфи, Дэн Леви нар тайзнаа гарч хүндэтгэл үзүүлэв.
Кэтринийг дүрсэлж болох олон үг бий. Тэр үргэлж бусдад урам өгч, халуун дулаан сэтгэлтэй, хөгжилтэй хүн байсан. Гэхдээ түүнийг бодох бүрд хамгийн түрүүнд санаанд ордог нэг үг бий. Тэр бол ээж
Маколей Калкин
Кэтрин О’Хараг бид “Гэртээ ганцаараа” цувралын ээжийн дүрээр нь сайн мэдэх билээ. Тэрээр 1975 оноос эхлэн телевиз, кино урлагийн салбарт хөл тавьж байсан бөгөөд өдийг хүртэл 100 орчим бүтээлд тоглон, дүрээ мөнхлөн үлджээ.
6. 28 ЖҮЖИГЧИН АНХ УДАА НЭР ДЭВШИВ

Энэ жилийн “Эмми”-гийн шагналд 28 жүжигчин анх удаа нэр дэвшжээ. Шинээр танигдан эхэлж буй залуу уран бүтээлчдээс гадна олон жилийн туршлагатай, салбартаа хэдийн танигдсан жүжигчид, тэр дундаа “Оскар”-ын шагналт жүжигчин ч багтсан нь бас нэгэн онцлох үйл явдал байв.
Тухайлбал, “The Pitt” цувралаас нийт 10 жүжигчин анх удаа нэр дэвшжээ. Мөн шинжлэх ухааны уран зөгнөлт “Pluribus” цувралаас Каролина Видра, Карлос-Мануэль Весга, Мириам Шор нар харин “Widow’s Bay” цувралын Дэйл Дики, Кейт О’Флинн, Хэмиш Линклейтер нар нэр дэвшсэн байна.
Түүнчлэн “Minari” киногоороо 2020 онд “Оскар”-ын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн Юн Ю Жон энэ жил “Beef” цувралын дүрээрээ анх удаа Эммид нэр дэвшсэн ч хараахан ялагч болж чадсангүй.
7. 48 ЖИЛИЙН ДАРАА ЭММИ ХҮРТЭВ, ГЭХДЭЭ…

Жүжигчин, найруулагч Роб Рейнер FX сувгийн “The Bear” цувралд бүтээсэн дүрээрээ “Инээдмийн цувралын шилдэг туслах эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарч, Эмми хүртэв. Харамсалтай нь, тэрээр өнгөрсөн оны 12-р сарын 14-нд эхнэрийн хамт таалал төгссөн юм. Түүний хувьд 1974 онд “All in the Family” цувралын Майкл Стивикийн дүрээр “Инээдмийн цувралын шилдэг туслах эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарч анхны Эммигээ хүртсэн ба 1978 онд мөн тус дүрээрээ дахин Эмми хүртэж байв.
Харин энэ жил “The Bear” цувралын дүрээр шагнал хүртсэнээр 48 жилийн дараах авч буй түүний гурав дахь Эмми нь болж буй.
8. РЕАЛИТИ ШОУГ ТЭРГҮҮЛЭГЧ “THE TRAITORS”

“The Traitors” цуврал нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирал “Шилдэг реалити шоу” төрөлд шалгарчээ. Ингэснээр тус цуврал энэ жил нийт долоон Эммитэй болж байна. Үүнээс зургааг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys”-ийн үеэр авсан бөгөөд хөтлөгч Алан Камминг болоод найруулга, зураг авалт, хувцас дизайн, эвлүүлэг, тайз засал зэрэг төрлүүдэд ялалт байгуулсан юм. Харин есдүгээр сарын 14-нд болсон үндсэн ёслолоор долоо дахь шагналаа хүртлээ.
Энэхүү шоу нь жүжигчин, дуучин, тамирчин, санхүүч, бизнесмен зэрэг салбар салбарын төлөөлөл болсон нийт 20 гаруй оролцогч оролцоно. Тэд 250 мянган ам.долларын шагнал авахын төлөө өгөгдсөн даалгавруудыг хийж гүйцэтгэх замаар хоорондоо өрсөлдөх юм.
9. ОЛНООС ОНЦГОЙ МЕГАН СТАЛТЕР

Шагнал гардуулах ёслолоос гадна үзэгч, олны хамгийн их анхаарал татдаг зүйл нь уран бүтээлч, жүжигчдийн хувцаслалт байдаг билээ. Энэ жилийн хувьд хамгийн онцлох хувцаслалт нь Меган Сталтерынх байв.
Тэрээр ямар нэгэн ёслол, арга хэмжээнд очихдоо энгийн классик гэхээсээ илүүтэй этгээд, содон дүр төрхийг бүрдүүлэхийг чухалчилдаг нэгэн. Тиймдээ ч энэ удаа Эммигийн цом мэт харагдахаар хувцаслаж, өөрийгөө бүхэлд нь алтлаг өнгийн эдлэлээр чимжээ.
Түүний хувьд энэ жилийн Эммид “Hacks” цувралын дүрээрээ анх удаа нэр дэвшээд буй. Тиймээс карьерынхаа анхны Эммигийн үдшийг илүү онцгой, дурсамжтай болгохын тулд ийм өвөрмөц хувцаслалтыг сонгосон байж болох юм. Ямартай ч түүний сонголт олны анхаарлыг татаж чадсан ч энэ удаад хараахан Эммигийн эзэн болж чадсангүй.
10. ЗЕНДАЯГИЙН ШИНЭ ДҮР ТӨРХ

“Spider-Man: Brand New Day”, “The Drama”, “Euphoria” гээд Зендаягийн тоглосон бүтээлүүд энэ жил ар араасаа нээлтээ хийлээ. Үүгээр ч зогсохгүй тун удахгүй түүний тоглосон “Dune: Part Three” жилийн төгсгөлд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй. Нэг ёсондоо 2026 он Зендаягийн жил байв уу гэлтэй уран бүтээлээр дүүрэн байна.
Энэ удаагийн Эммигийн ёслолд тэрээр “Euphoria” цувралын Ру Беннеттийн дүрээр “Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн ч хараахан ялагчаар тодроогүй юм.
Гэвч үүнээс илүүтэй анхаарал татсан нэг зүйл нь түүний гадаад төрх байв. Тэрээр энэ удаад үсээ богино халимаг болгон өөрчилжээ. Энэ нь түүний дараагийн уран бүтээлдээ зориулсан шинэ өөрчлөлт үү? Эсвэл зүгээр л өөрийн стиль, хэв маягийг шинэчилсэн хэрэг үү? Ямартай ч тун удахгүй тодорхой болох биз ээ.
2026 оны Эмми наадмын бүх ялагчдын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж хараарай. Ирэх жилийн Emmy наадмаар эргэн уулзацгаая!
Сэтгэгдэл бичих

