1 гол мэдээ
Юу болов?
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадам болох Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Наадмын хамгийн нэр хүндтэй буюу “Шилдэг кино”-оор “One Battle After Another” тодорлоо. Нэрт найруулагч П.Андерсон 11 дэх оролдлогоороо Оскарын эзэн болж байгаа нь энэ юм. Уг бүтээл энэ үдэш хамгийн олон буюу 6 цомыг цуглуулав.
Өөр юуг онцлох вэ?
Харин нийт 16 төрөлд нэр дэвшиж, түүхэн дээд амжилт тогтоосон “Sinners” нийт 4 шагналтай хоцорлоо. Тус киноны гол дүр М.Жордан “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр нэрлэгджээ. Энэ үдшийн бас нэгэн од нь Netflix-ийн “Kpop Demon Hunters” байв. Урьдчилан таамаглаж байсанчлан шилдэг дууны шагналыг хүртсэн тэд “Шилдэг анимэйшн”-ээр тодорсон нь гэнэтийн үйл явдал байв. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн зуны гол хитүүдийн нэг “Zootopia 2”-ийг ялсан гэсэн үг. Netflix-ийн өөр нэг хит бүтээл “Frankenstein” шилдэг нүүр будалт, хувцаслалт зэрэг гурван төрөлд ялсан нь стриминг платформын хувьд том мэдээ байлаа.
Тэгээд?
Шилдэг гадаад киногоор экспертүүдийн дундаас хамгийн өндөр үнэлгээг авч байсан Норвегийн “Sentimental Value” тодорчээ. Тус киноны од С.Скарсгард гадаад хэл дээр бүтээсэн дүрээрээ “шилдэг туслах дүрийн жүжигчин”-ийн шагнал хүртсэн анхны эрхэм болжээ. 98 дахь удаагийн наадмын үзэлт дахин буурсан нь мөн онцлох үзүүлэлт байв. Уг наадмыг 19 сая хүн шууд хүлээн авч үзжээ. Оскарын наадам 2029 оноос эхлэн Youtube-ээр шууд цацагдах гэрээг байгуулаад байгаа билээ.
Дэлгэрэнгүйг: 98 дэх удаагийн Оскарын наадмаас онцлох мөчүүд
Unread
2 чухал тоо
75: V-Dem Institute-ийн 2026 оны Ардчиллын индексээр Монгол Улс а 75 дугаар байранд жагсан, өмнөх жилүүдтэй харьцуулахад зургаан байраар урагшилжээ. 2024–2025 онд манай улс 81 дүгээр байрт бичигдэж байсан юм.
15.000: Монгол Улсын иргэд АНУ-д зорчихдоо визийн бонд төлбөр төлөх болжээ. Өөрөөр хэлбэл, одооноос аяллын виз мэдүүлэгсэд 15 мянган доллар хүртэлх төлбөр барьцаанд тавьж байж 3 сар хүртэлх хугацаатай виз авах болсон байна. АНУ-ын хувьд "Визийн бонд" хөтөлбөрөө өргөжүүлж, 14 орныг нэмсэн дотор манай улс багтжээ.
3 онцлох сэдэв
I. Финлянд хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдлээ
- Оксфордын их сургуулиас гаргадаг “Дэлхийн аз жаргалын тайлан”-г тус улс 9 дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа нь энэ юм. Тэдний араас мөн л Скандинавын хойгийн улсууд болох Исланд, Дани, Швед, Норвеги улсууд бичигдсэн байна. Зөвхөн Коста Рика улс л тэдний дундуур бичигдэж, 4-р байрт оржээ.
- Энэ жилийн тайланд сошиал медиагийн хэрэглээ амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Уг судалгаанд сэтгэл хөдлөл, эрх чөлөө, өгөөмөр байдал зэрэг үзүүлэлтийг хамруулдаг бөгөөд үүнд сошиал орчны уур амьсгал, хэрэглээний түвшин хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.
- Монгол Улсын хувьд 75-р байрт бичигдсэн байна. Манай улсын хувьд “Нийгмийн дэмжлэг” буюу ямар нэгэн асуудал гарахад хамаатан садан, найз нөхдөөс ирэх дэмжлэгийн үзүүлэлтээр 5-р байрт оржээ. Мөн өгөөмөр байдлын үзүүлэлтээр 30-р байрт орсон нь онцлохуйц байв. Харин авилгал болон эрх чөлөөний үзүүлэлтээр 100-аас хойш бичигджээ.
II. Сенегалын цомыг хүчингүй болгожээ
- Африкийн хөлбөмбөгийн холбооноос маш хачирхалтай шийдвэр гаргаж, Африкын цомын тэмцээнд түрүүлсэн Сенегалын багийн ялалтыг хүчингүй болгожээ. Улмаар тэд тэмцээнийг зохион байгуулагч Мороккогийн багийг албан ёсны ялагчаар нэрлэжээ.
- 1-р сарын 18-нд болсон тоглолтод Сенегалын баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 1:0-ээр хожсон. Гэвч тоглолтын үндсэн цаг дуусахын өмнө шүүгч Мороккогийн багт торгуулийн цохилт цохих эрх олгосон нь ихэд маргаан дагуулсан юм. Улмаар Сенегалын багийн сэлгээний тамирчид, зарим тоглогчид эсэргүүцэл илэрхийлэн талбайг орхиж, тоглолт 20 гаруй минут завсарласан билээ.
- Тэмцээний шилдгээр нэрлэгдсэн С.Манегийн уриалгаар Сенегалчууд талбайд гарч ирсэн. Гэвч энэ шийдвэрийг дүрмийн 84-р заалтыг зөрчсөн хэмээн тус холбооны давж заалдах шатны хороо үзжээ. Мороккогийн багийн лидер Б.Диаз торгуулийн цохилтоо алдаж, нэмэлт цагт Сенегалчууд гоол оруулсан үйл явдлыг бүхэлд нь хүчингүй болгож, тэд талбайн эздэд техникийн ялалт буюу 3:0 гэсэн оноог оноож байгаа нь энэ юм. Уг шийдвэрийг дэлхийн хөлбөмбөгийн комьюнити эрс эсэргүүцэж, ихэд шүүмжлэлтэй хүлээн авч байна.
III. Disney-ийн шинэ захирал ажилдаа орлоо
- Дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг The Walt Disney Company-ийн шинэ CEO үүрэгт ажилдаа орлоо. Өмнө нь паркын бизнесийг хариуцаж байсан Жош Д’Амаро тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Түүний удирдлаган дор тэд Шанхай, Парис, Орландогийн бизнесээ өргөжүүлж, цар тахлын хүнд үеийг амжилттай давсан хэмээн үнэлэгддэг билээ.
- Гэхдээ түүний хувьд өмнөх захирал Боб Айгерын үлдээсэн аварга өвийг давах хүнд сорилт тулгарч буй. 20 гаруй жил тус компанийг удирдахдаа Pixar, Marvel, Lucasfilm-ийг худалдаж авч, компанийг сэргээж чадсан Б.Айгер 2022 онд хоёр дахь удаагаа компанидаа эргэн ирсэн билээ.
- Үүнээс гадна гадаад зах зээлийн нөхцөл байдал тийм ч амаргүй байна. Тэдний гол өрсөлдөгч Warner Bros.Discovery шинэ эзэнтэй болж, Paramount-тай нэгдсэн нь тийм ч сайн мэдээ биш. Netflix ч тасралтгүй өсөж, зах зээлд эзлэх байр сууриа хадгалсаар байна. Disney-ийн үнэлгээ зөвхөн 2026 он гарснаас хойш 10%-аар буурчээ.
4 мэдүүштэй зүйл
Түгээлтийн хямрал: АНУ, Израйлын цэргийн ажиллагаатай холбоотойгоор Ираны тал Ормузын хоолойг хаасан гэж мэдэгдэж буй ч бодит байдал дээр тээвэр бүрэн зогсоогүй байна. Гуравдугаар сараас хойш тус хоолойгоор 100 орчим хөлөг онгоц дамжин өнгөрсөн нь тодорхой хэмжээнд хөдөлгөөн үргэлжилж байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч дайнаас хойш өдөр тутмын тээврийн урсгал ойролцоогоор 95 хувиар буурсан нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд ноцтой эрсдэл үүсгээд буй. Дайнаас өмнө Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 200 гаруй хөлөг онгоц нэвтэрдэг байжээ. Үүнтэй холбоотой газрын тосны үнэ 1 баррель нь 110 долларыг даваад байна.
Цахилгаан тасралт: Кубад цахилгаан 29 цаг тасарчээ. Тус улсын 10 сая гаруй иргэд бүтэн өдөр тоггүй байсан нь айсуй өөрчлөлтийн дохио байлаа хэмээн олон улсын экспертүүд онцолж байна. АНУ-ын зүгээс тус улсын шатахууны нийлүүлэлтэд шахалт үзүүлж, засгийн газарт хяналтаа тогтоох амбицаа өдөр тутам шахуу илэрхийлж байгаа үед энэ мэт үйл явдлууд нийгмийн уур амьсгалыг улам тавгүйтүүлэх нь тодорхой. Хэдий цахилгааныг үе шаттайгаар сэргээж, чухал салбаруудад байдал хэвийн болсон ч эрчим хүчний үйлдвэрлэл хангалттай хэмжээнд биш байгааг орон нутгийн удирдлагууд мэдээлсээр байна. Одоогоор тасалдлын шалтгаан тодорхойгүй байгаа ч шатахууны нийлүүлэлттэй холбоотой байх магадлал өндөр байгаа юм.
Бэлгэдлийн сонгууль: БНАСАУ-ын парламентын сонгууль явагдлаа. 5 жил тутамд явагддаг уг сонгуулийн ирц 99.99% байсныг төрийн хэвлэлээс онцолжээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр саналаа өгч байгаа бичлэг цацагджээ. Парламентын 687 гишүүнийг сонгодог уг сонгууль нь “бэлгэдлийн” шинж чанартай хэдий ч ард иргэдээ тоолох, үнэнч байдлыг шалгах гол үзүүлэлт болдог гэнэ. Өөрөөр хэлбэл 17 нас хүрсэн намын гишүүд аль болох эрт санал хураах байранд ирэх нь намдаа хэр үнэнч байгаагийн илрэл болдог гэнэ. Ийм сонгууль өмнө нь 15 удаа зохиогдож байжээ.
Хууль шинэчлэл: Казахстан улс Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын удирдлага дор үндсэн хуулиа шинэчиллээ. Тэрбээр бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг баталсан нь улсын түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг болсон гэж мэдэгдсэн байна. Шинэчлэлийн хүрээнд иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх зорилт дэвшүүлжээ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, дижитал хөгжил, байгаль орчны аюулгүй байдал зэрэг салбарт шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгч Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээ зарлав. Үүнээс Казах хэлийг албан ёсны хэл болгон зарласан нь тус улсын Оросын нөлөөнөөс гарах амбицын илэрхийлэл боллоо хэмээн олон нийт эергээр хүлээн авч байна.
5 сонин хачин
1. “Project Hail Mary” бокс оффисыг тэргүүллээ Райн Рэйнолдсын гол дүрийг нь бүтээсэн уг кино нээлтийн долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 77 сая доллар цуглуулжээ. Энэ бол Amazon MGM-ийн хувьд хамгийн өндөр амжилт. Тэднээс өмнө “Creed III” 58 сая долларыг цуглуулж рекорд тогтоож байжээ. Уг кино нь 2021 онд Э.Вэйрийн бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн кино. Холливүүдэд “ховрын бараа” болоод буй оригинал зохиол ийм амжилт үзүүлсэн нь ойрд үзэгдээгүй өндөр амжилт билээ.
2. Google Figma-ийн өрсөлдөгчийг бүтээжээ. Stitch нэртэй уг платформ нь дизайн, графикийн ажлыг AI-ын тусламжтайгаар хялбарчлах зорилготой юм. Саяхан нээлттэй компани болсон Figma-тай шууд өрсөлдөх болсон уг хэрэгсэл үзэгдэх байдал, хэрэглээгээрээ шууд л сошиалд шуугиан тарьж чадлаа. Энэ мэдээний дараагаар Figma-ийн хувьцааны ханш 12%-аар буурчээ.

3. Хятадын технологийн тэргүүлэх компаниудын нэг Alibaba нийт ажиллах хүчний 34%-ийг цомхотгожээ. Энэ бол өнгөрсөн оны төгсгөлд 194 мянган ажилтантай байсан тэд одоо 120 мянган ажилтантай болсон гэсэн үг. Үүний гол шалтгаан нь AI байсан хэмээн шинжээчид үзэж байна. Үүнээс гадна тэд биет худалдааны Sun Art, Intime зэрэг брэндүүдээ зарсан нь нөлөөлжээ. Өнгөрсөн долоо хоногт тэд Wukong нэртэй шинэ AI агентийн бизнесээ зарлаж, жижиг дунд бизнесүүдэд ойртохыг оролдож байгаа ч өрсөлдөөн ихтэй байна. 2025 онд тус компанийн цэвэр ашиг 67%-аар буурсан нь ч хиймэл оюунд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаатай шууд холбоотой юм.
4. Такси дуудлагын зах зээлийн лидер Uber Rivian-д $1.25 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, 2031 он хүртэл 50,000 хүртэл роботакси зам дээр гаргахаар боллоо. Эхний шатанд Uber ойролцоогоор $300 саяын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Энэхүү хамтын ажиллагаа нь сүүлийн үед дахин эрчимжиж буй жолоочгүй автомашины зах зээлийн өрсөлдөөнд онцгой нөлөө үзүүлэх учиртай. Компаниуд роботакси зах зээлийг ирээдүйд олон их наяд долларын үнэлгээтэй салбар болно гэж үзэж, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр байгаа юм. Сонирхуулахад, Rivian-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Amazon байдаг юм.
5. Чак Норрис таалал төгсчээ. Интернетийн хамгийн алдартай оддын нэг тэрээр 86 настай байлаа. Залуудаа каратегийн спортоор хичээллэж, цэргийн алба хаасан тэрээр 1962 оноос кино карьераа эхлүүлсэн нэгэн. Өргөн дэлгэцээр тулааны спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн тэрээр “шударга ёсны төлөө тэмцэгч манай талын залуу”-ын дүрээр үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд тод үлджээ. 2006 онд нэгэн оюутан залуугийн хошигнол болгон үүсгэсэн “Chuck Norris Facts” нэртэй хуудас нь өдийг хүртэл интернетийн хамгийн эерэг, хөгжилтэй хуудсын нэгт тооцогддог билээ.

Сэтгэгдэл бичих

