Кино урлагийн хамгийн том баяр, 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Холливүүдийн Долби театрт болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам Пол Томас Андерсоны "One Battle After Another" болон Райан Куглерын "Sinners" бүтээлүүдийн хүчтэй өрсөлдөөн дунд өрнөж, түүхэн ялалт, сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн байв.
Оскарын тайз бол уран бүтээлчдийн нийгэмд хүргэх дуу хоолой, тэдний туулсан амьдралын үнэ цэн, ирээдүй хойчдоо үлдээх чин сэтгэлийн захиасыг хүргэх индэр билээ. Майкл Б. Жорданы анхны ялалт, Пол Томас Андерсоны олон жилийн хүлээлт, Жэсси Баклигийн эх хүний нандин үгс энэ үдшийг улам гэрэлтүүлэв. Ингээд энэ удаагийн наадмын уур амьсгалыг тодорхойлж, урам зориг өгсөн 10 мөчийг хүргэж байна.
Холбоотой нийтлэл:
2026 ОНЫ ОСКАРЫН НААДМЫН ТУХАЙ ТОВЧХОН

98 дахь удаагийн Оскарын наадам зохион байгуулалтын хувьд нэлээд өвөрмөц, өмнөх жилүүдээс илүү анхаарал татсан үйл явдлуудаар дүүрэн боллоо. Тодруулбал, энэ жилийн наадмыг алдарт комедиан Конан О'Брайен хоёр дахь жилдээ хөтөлсөн юм. Тэрээр нээлтийн үеэр хиймэл оюуны талаар хошигнож, "Би бол Оскарын наадмын хамгийн сүүлчийн “хүн” хөтлөгч байх. Ирэх жилээс зангиа зүүсэн Waymo-гийн өөрөө явагч машин энэ тайзыг эзэгнэх биз" хэмээн хэлсэн нь үзэгчдийг ихэд баясгав.
Мөн наадмын зохион байгуулагчид энэ жил аюулгүй байдлын асуудалд урьд хожид байгаагүй өндөр ач холбогдол өгч, онцгой анхаарал хандуулсан юм. Олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал болон болзошгүй халдлагын талаарх тагнуулын мэдээллүүдэд үндэслэн Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Лос-Анжелесын цагдаагийн газар (LAPD) хүчээ нэгтгэн, маш нарийн төлөвлөгөөний дагуу нягт хамтран ажиллажээ.
ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР – ЭМИ МАДИГАН

Түүний хувьд "Weapons" киногоороо ялалт байгуулсан юм. Мадиган хамгийн сүүлд 40 жилийн өмнө буюу 1986 онд "Twice in a Lifetime" бүтээлээрээ энэ төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд ийнхүү дөрвөн арваны дараа анхны ялалтаа байгуулсан нь Оскарын түүхэн дэх хамгийн урт хугацааны дараах ялалт болж тэмдэглэгдсэнийг онцлууштай.
Мадиган шагнал гардан авахдаа, “Үнэхээр гайхалтай байна. Хэвлэл мэдээллийнхэн болон хүн бүр л надаас “За, 40 жил өнгөрчээ, энэ удаа юугаараа өөр байна вэ?” гэж асуугаад байгаа юм. Юу нь өөр байна гэж үү? Би энэ жижигхэн залууг гартаа барьчихсан байна шүү дээ!” хэмээн хэлсэн юм. Мөн “Хамгийн гол нь би үзэсгэлэнт охин Лили, түүний нөхөр Шон нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж бүх нохдодоо ч бас. Харин хамгийн чухал хүн бол миний хайрт Эд. Чи минь надтай үүрд хамт байлаа. Энэ бол маш урт хугацаа (long-ass time). Хэрэв чи миний хажууд байгаагүй бол энэ бүхэн ямар ч утгагүй байх байсан. Маш их баярлалаа.” гэх чин сэтгэлийн үгээ хуваалцсан билээ.
Сонирхуулахад, найруулагч Зак Креггерийн "Weapons" хэмээх нууцлаг аймшгийн кинонд тэрээр хорон санаат авга эгч Глэдисийн дүрийг бүтээсэн юм. Түүний дүрийн хүнд нүүр будалт, том нүдний шилтэй төрх нь интернэт ертөнцөд алдартай мийм болоод амжсан төдийгүй хөтлөгч Конан О'Брайен нээлтийн үзүүлбэр дээрээ ч түүнийг дуурайсан билээ.
ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БАРИМТАТ КИНО – ALL THE EMPTY ROOMS
Ювалде хотын сургуулийн буудалцааны үеэр хүүхдээ алдсан Глория Казарес 98 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг богино хэмжээний баримтат кино" төрлийн шагналыг гардан авсан юм. Найруулагч Жошуа Сефтелийн бүтээсэн "All the Empty Rooms" хэмээх баримтат кинонд сэтгүүлч Стив Хартман, гэрэл зурагчин Лоу Бопп нар өнгөрсөн долоон жилийн хугацаанд сургуулийн буудалцааны улмаас амь насаа алдсан хүүхдүүдээс үлдэж хоцорсон хоосон өрөөнүүдийг баримтжуулан харуулжээ.
Глория Казарес охиныхоо талаар дурсахдаа “Жеки бол зүгээр нэг мэдээний гарчиг биш. Тэр бол бидний амьдрал, бидний гэрэл гэгээ байсан юм. Галт зэвсгийн хүчирхийлэл хүүхэд, өсвөр үеийнхний нас баралтын номер нэг шалтгаан болоод байна. Хэрэв дэлхий ертөнц тэдний хоосон орхисон өрөөнүүдийг олж харж чадвал бид арай өөр Америкт амьдрах байсан гэж бид итгэж байна” хэмээх харуусал, найдвар тээсэн үгсээр өндөрлүүллээ.
Мөн тэрээр энэхүү киног үзсэн хүмүүс буудалцааны дараа эзгүйрэн хоцорсон хүүхдийн өрөөнүүдийг хараад, нийгэмд бодит өөрчлөлт гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

ШИЛДЭГ ДҮРИЙН СОНГОЛТ – КАССАНДРА КУЛУКУНДИС
Кассандра Кулукундис Оскарын наадмын тайзнаа Best Casting буюу Шилдэг дүрийн сонголт хэмээх шинэ төрөлд анхны ялагчаар тодорч, түүхэн амжилт байгууллаа. Тэрээр олон жилийн хамтрагч, найруулагч Пол Томас Андерсоны "One Battle After Another" бүтээлээр ийнхүү шагнал хүртсэн юм.
Наадмын зохион байгуулагчид энэхүү шинэ төрлийг онцгойлон хүндэтгэж, нэр дэвшигчдийг төлөөлөн тэдний киноны гол дүрийн жүжигчдийг тайзнаа урьсан юм. Пол Мескал, Гвинет Пэлтроу, Чейс Инфинити, Вагнер Моура, Делрой Линдо нар хамтдаа шагналыг гардуулсан бөгөөд жүжигчин тус бүр киноныхоо дүр сонголтын найруулагчаа магтсан нь гарцаагүй сэтгэл хөдөлгөм байлаа.
“Энэ төрлийг шинээр нэмсэн Академийнханд болон энэ өдрийг үзэхийн төлөө цуцалтгүй тэмцсэн бүх дүр сонголтын найруулагчдадаа баярлалаа. Би энэ шагналыг хэзээ ч нэр дэвших боломж олдоогүй, тэр ч байтугай киноныхоо төгсгөлийн кредит хэсэгт ч нэрээ бичүүлж чадаагүй үлдсэн бүх найруулагчид зориулж байна. Пол, бид хамтдаа 10 кино хийжээ. Үнэхээр галзуу юм. Би чамаас түрүүлээд Оскар авчихлаа, гэхдээ чамайг ч бас өнөөдөр авна гэж найдаж байна” хэмээн хошигносон билээ.”
Мэдээж Пол Томас Андерсон ч мөн адил "One Battle After Another" киногоороо “Шилдэг сэдэвчилсэн зохиол”, "Шилдэг найруулагч", "Шилдэг кино" төрөлд анхны Оскараа хүртэж, танхимаас нижигнэсэн алга ташилт авсан юм. Мөн тус бүтээлийн гол дүрийн жүжигчин Чейс Инфинити “Би өнөөдөр Кассандра Кулукундисын ачаар энд зогсож байна. Тэр надаас миний ч олж хараагүй зүйлийг харсан. Түүний мэдрэмж, зөн совингийн ачаар би анхны кинондоо тоглосон нь өнөөдөр 13 төрөлд нэр дэвшээд байна” хэмээн онцолжээ.
Сонирхуулахад, дүр сонголтын найруулагчийн шагнал нь 2002 онд "Шилдэг хүүхэлдэйн кино" төрлийг нэмснээс хойших Академийн нэвтрүүлсэн анхны шинэ номинаци юм.

ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ – GOLDEN
Энэ бол гарцаагүй дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээхүйц явдал болсон юм. Учир нь "Golden" уг шагналыг хүртсэн Оскарын түүхэн дэх анхны К-поп дуу болсон төдийгүй дөрвөөс дээш буюу нийт 7 зохиолчтой зохиолчтой ялалт байгуулсан анхны дуу болж буй.
Дууны гол зохиогч болон дуучин EJAE “Бидний дууг хүн бүр солонгос хэлээр даган дуулж байгаад би маш их бахархаж байна. Энэ шагнал бол зөвхөн амжилтын тухай биш, харин уян хатан, тууштай байдлын үнэ цэн юм” хэмээн онцолжээ.
"KPop Demon Hunters" кино нь зөвхөн шилдэг дуу төдийгүй "Шилдэг хүүхэлдэйн кино" төрөлд ялалт байгуулж, энэ үдшийг амжилт дүүрэн үдлээ. "Golden" дуу үүнээс өмнө Грэмми, Алтан бөмбөрцөг болон "Critics Choice Awards"-аас шагнал хүртээд байсан билээ. Тэрчлэн энэхүү бүтээл нь 2002 оны Эминемийн "Lose Yourself" дуунаас хойш Биллбоурдын "Hot 100" жагсаалтыг тэргүүлж байхдаа Оскар хүртсэн анхны дуу болж байгаа юм.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР – МАЙКЛ Б. ЖОРДАН
Эл үдэш Майкл Б. Жордан зорилгодоо хүрлээ. Учир нь энэ жилийн Оскарын наадмын хамгийн их хүлээлт үүсгэсэн төрлүүдийн нэг болох "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулсан юм. Тэрээр найруулагч Райан Куглерийн "Sinners" бүтээлд Смок болон Стак хэмээх ихэр ах дүүсийн дүрийг гайхалтай бүтээсэн. Шагналын тавцан руу алхахдаа түүний хувьд "Бурхан бол агуу" хэмээн дахин дахин хэлж байсныг ч онцлууштай.
Наадам болох хүртэл энэ төрөлд хэн ялах нь туйлын тааварлашгүй байсан юм. Өрсөлдөөний эхэнд "Marty Supreme" киноны од Тимоти Шаламе "Алтан бөмбөрцөг" болон "Critics Choice"-оос шагнал хүртэж, гол найдвар гэгдэж байв.
Майкл “Хөөх, би өөрөөсөө өмнөх үеийн агуу эрхмүүд болох Сидни Пуатье, Дензел Вашингтон, Холли Берри, Жэйми Фокс, Форест Уитакер, Уилл Смит нарын ачаар энд зогсож байна. Энэ л аваргууд, өвөг дээдэс, эрхэм хүмүүсийнхээ дунд зогсох нь нэр төрийн хэрэг юм. Карьерын минь турш намайг дэмжсэн энэ танхимд байгаа болон цэнхэр дэлгэцийн цаана суугаа хүн бүрд баярлалаа. Надад итгэж, надад бооцоо тавьсаар байгаад тань баярлалаа. Би үргэлжлүүлэн өсөж дэвжих болно. Өөрийнхөө байж болох хамгийн шилдэг хувилбар байхын төлөө хичээх болно. Мөн "Sinners" киног нэг, хоёр, гурав, бүр таван удаа үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн л энэ киног ийм амжилтад хүргэсэн. Хайртай шүү!” хэмээн сэтгэл хөдөлгөм мөчөө хуваалцсан юм.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР – ЖЭССИ БАКЛИ
Жэсси Бакли Оскарын түүхэнд "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн титмийг зүүсэн анхны Ирланд эмэгтэй болж, түүхэн амжилт гаргахдаа талархлын үгээ Ирланд гаэл хэлээр өндөрлүүлсэн юм. "Hamnet" киноны хүртсэн цорын ганц Оскарын шагналыг авахдаа тэрээр нөхөр болон найман сартай охиндоо талархал илэрхийлээд, энэхүү ялалтыг "Эх хүний зүрх сэтгэлийн агуу хүч ба эмх замбараагүй байдалд" (chaos of a mother’s heart) зориулсан гэдгийг онцолж байв. Тодруулбал, Ирландын Керри мужаас гаралтай жүжигчин бүсгүй тайзнаас буухынхаа өмнө "Go raibh maith agaibh, slán" буюу "Та бүхэнд маш их баярлалаа, баяртай" хэмээн эх хэлээрээ хэлсэн нь Ирландчуудын бахархлыг гарцаагүй төрүүлсэн билээ.
Мөн тайзны ардах ярилцлагадаа дэлгэрүүлэн “Ирландын анхны Оскарын шагналт эмэгтэй болох, тэр дундаа Ээжүүдийн баяраар энэ шагналыг гардах нь ямар нэгэн ид шидийн хувь тавилан шиг санагдаж байна. Миний охин энэ долоо хоногт анхны шүдээ ургахыг үзэж, өнөөдөр өглөө би түүнийгээ цээжин дээрээ наан сэрлээ. Энэ гайхалтай эх хүний дүрээр дамжуулан ээж байхын мөн чанарыг судалж, өөрөө ч ээж болж, улмаар энэ өдөр дэлхий дахинд эх хүн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрүүлсэн ийм нэр хүндтэй шагнал авсан минь хэзээ ч мартагдашгүй мөч юм.” хэмээн хуваалцсан юм.
Жэсси Бакли энэ төрөлд ялах нь бараг тодорхой байсан юм. Учир нь тэрээр Оскарын өмнөх "Алтан бөмбөрцөг", "Actor Awards" зэрэг гол наадмуудад бүгдэд нь түрүүлээд байсан. "Hamnet" кинонд тэрээр Уильям Шекспирийн эхнэрийн дүрийг бүтээж, хүүгээ алдсан эцэг эхийн уй гашуу, сэтгэлийн зөрчилдөөнийг гайхалтай харуулсан билээ.

ШИЛДЭГ ХУВЦАС ЗАГВАР – КЕЙТ ХОУЛИ
Шинэ Зеландчууд дэлхийн тайзнаа дахин нэгэн амжилтын эзэн боллоо. Тодруулбал, Жакоб Элорди, Миа Гот нарын тоглосон "Frankenstein" киноны хувцас загвар дээр ажилласан Кейт Хоули "Шилдэг хувцас загвар" төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний бие болон надтай хамт ажилласан гайхалтай баг хамт олон, уран дархчууд, алхимичид, мөрөөдөл урлагчдынхаа нэрийн өмнөөс бидний ур чадварыг үнэлсэн Академийнханд талархаж байна” хэмээн хэлсэн. Мөн тэрээр Шинэ Зеландчуудад байдаг өвөрмөц хошин мэдрэмжээрээ “Миний энэ бүх "этгээд" зүйлсийг тэвчиж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа” хэмээж, үзэгчдийг баясгаад амжсан юм.
Веллингтон хотод төрсөн Кейт Хоули бол "Crimson Peak", "Pacific Rim", "Suicide Squad" зэрэг блокбастер кинон дээр ажилласан арвин туршлагатай дизайнер. Түүний хувьд Веллингтоны Политехник болон Motley театрын дизайны сургуульд суралцаж, карьераа театр, операгаас эхлүүлж байжээ.
Сонирхуулахад, "Frankenstein" кино Оскарын наадамд "Шилдэг кино" зэрэг нийт есөн төрөлд нэр дэвшсэнээс гадна "Шилдэг нүүр будалт, үс засалт" төрөлд ялалт байгуулсан юм.
ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ – РАЙАН КУГЛЕР
Өдгөө 39 настай найруулагч, зохиолч Куглер 1930-аад оны цус сорогчдын тухай өгүүлэх "Sinners" бүтээлийн продюсероор ажилласан эхнэр Зинзигийн хамт ёслолд хүрэлцэн ирсэн юм.
Куглер тайзнаа гарч ирээд “Сев Оганян, Зинзи Куглер та хоёр бол дэлхийн хамгийн шилдэг продюсерууд. Харин Зинзи, чи минь дэлхийн хамгийн гайхалтай эхнэр, хамгийн шилдэг ээж шүү” хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр үргэлжлүүлэн эхнэртээ зориулж “Чамтай хамт өнгөрүүлж буй өдөр бүр өмнөхөөсөө илүү сайхан байдаг. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд аав нь үргэлж хол байдагт уучлаарай, би та нартаа маш их хайртай. Дурсамж бол бидэнд үлдэх цорын ганц зүйл. Хожим аав нь та нарын хувьд зөвхөн дурсамж болон үлдэх тэр цагт нэг л зүйлийг санаж яваарай. Би та нартаа юунаас ч илүү хайртай шүү” хэмээсэн нь наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ – ПОЛ ТОМАС АНДЕРСОН
Өдгөө 55 настай Андерсон энэ төрөлд Райан Куглер (Sinners), Хлое Жао (Hamnet), Жош Сафди (Marty Supreme) болон Иоахим Триер (Sentimental Value) гэсэн хүчтэй өрсөлдөгчдийг ардаа орхисон юм. Томас Пинчоны 1990 оны "Vineland" зохиолоос сэдэвлэсэн "One Battle After Another" кинонд жүжигчин Леонардо ДиКаприо хувьсгалч асан эрийн дүрийг бүтээж, түүний охины дүрд залуу жүжигчин Чейс Инфинити тоглосон билээ.
Андерсон шагналаа гардахдаа “Энэ шагналыг хүртэх эрхтэй эсэхдээ үргэлж эргэлздэг ч, үүнийг өөрийн болгож буйдаа туйлын баяртай байна. Хүмүүс надад итгэж, цаг заваа зориулсны ачаар би энд зогсож байна. Кино багийн нэг хэсэг байхын хамгийн сайхан нь хүмүүстэй хамт байх юм. Бид бие биедээ хэрэгтэй. Энэ бол гайхалтай бэлэг адил бөгөөд кино урлагийг “гэр минь” хэмээн дуудахдаа туйлын баяртай байна. Үнэхээр догдлом мөч байна. Чин сэтгэлээсээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

ШИЛДЭГ КИНО – ONE BATTLE AFTER ANOTHER
"Ямар гайхалтай үдэш вэ!" хэмээн Пол Томас Андерсон "One Battle After Another" киногоороо "Шилдэг кино" төрөлд ялалт байгуулахдаа ийн дуу алдсан юм. 11 удаа нэр дэвшсэн ч нэг ч Оскар авч чадаагүй байсан Андерсон ийнхүү энэ үдэш нэг дор гурван алтан баримал гартаа атгаж, “За залуус аа, бүгдээрээ мартини ууцгаая. Энэ үнэхээр гайхалтай байна. Төлөө! Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн хэлсэн нь түүний олон жилийн "цангааг" тайлсан мөч байсан гэлтэй. Үүний өмнө тус бүтээл “Шилдэг сэдэвчилсэн зохиол”, “Шилдэг найруулагч” төрөлд ялалт байгуулсан билээ.
Тэрээр хаалтын үг хэлэхдээ тайзнаа Леонардо ДиКаприо, Бенисио дель Торо, Режина Холл, Теяна Тейлор болон Чейс Инфинити зэрэг хамтран ажилласан жүжигчдээрээ хүрээлүүлсэн байлаа. Шилдэг найруулагчийн шагнал авахдаа тэдэнд талархахаа мартсанд хүлцэл өчиж “Лео, Бенисио, Теяна, Шон, Режина нартаа баярлалаа. Ялангуяа миний “Америк охин” Чейс, чи бол энэ киноны зүрх сэтгэл байсан шүү” хэмээн онцлов.

Ирэх жилийн онцлох мөчүүдээр эргэн уулзъя!

Сэтгэгдэл бичих (1)


C Chalamet 103.229.123.243
Timothee л бэст актор авах байсымдаа. ий ий ий. Арай арай. Michael B сайн байсан л даа гэхдээ л гомдолтой байна. Яахуу