1 гол сэдэв

Юу болов?

Rio Tinto Glencore-той нэгдэх хэлэлцээр хийж байна. Хэрвээ энэхүү хэлцэл амжилттай болбол 260 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани үүснэ гэсэн үг. Rio Tinto-ийн хувьд Монголд Оюутолгой төслийг хэрэгжүүлдэг учраас бидний хувьд ч анхааралтай ажиглах сэдэв мөн.

Юу болж байна вэ?

Талууд 2024 онд анх нэгдэх талаар хэлэлцэж эхэлсэн. Гэсэн ч Glencore-ийн гол бизнест тооцогдох нүүрсний зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлэлцээр зогссон гэдэг. Швейцарьт төвтэй тус компанийн зөвхөн нүүрсний бизнесийн жилийн орлого 3.2 тэрбум доллар болдог. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрсний хэрэглээг хязгаарлах чиг хандлага талуудын санааг зовоосон гол асуудал хэвээр байх нь гарцаагүй. Гэхдээ тэдний ашиг сонирхол зэс дээр нэгдэж буйг мартаж болохгүй. Шинэ нэгдэл үүсвэл дэлхий даяар “бүүм” болж буй цахилгаан машин, дата төвийн бүтээн байгуулалтын гол түүхий эд болсон зэсийн олборлолтын 8%-ийг бүрдүүлэх том хүч болох учиртай. Glencore-ийн хувьд Конгод Катанга, Мутанда гэсэн том ордуудыг эзэмшдэг бол Rio Tinto-д Оюутолгойгоос гадна Ютагийн Кеннекотт орд бий. Шинжээчдийн тооцооллоор шинэ нэгдэл зөвхөн зэсээс гадна төмөр, хөнгөн цагааны зах зээлийн топ тоглогч болно гэнэ.

Одоо яах вэ?

Уг мэдээ гарснаар Glencore-ийн хувьцааны ханш 4.1%-аар, Rio Tinto-ийн ханш 2.8%-аар өсчээ. Одоогоор Rio Tinto-ийн зах зээлийн үнэлгээ 114 тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь Glencore-оос бараг хоёр дахин өндөр дүн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP-ийн үнэлгээ 158 тэрбум доллараар хэмжигдэж буй. Тэд 2008, 2020 онуудад Rio Tinto-г худалдаж авах оролдлого нь бүтэлгүйтэж байсан удаатай.

Тэгээд?

Ташрамд дурдахад, хоёр компани нийлээд дэлхий даяар 190 мянган ажилтантай. Шинэ нэгдэл үүсэхтэй холбоотойгоор ӨАБНУ, Австралийн үйлдвэрчний эвлэлээс ажлын байрны цомхотголтой холбоотой асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Шинэ нэгдэл ажлын байрыг илүү үр ашигтайгаар хуваарилах, технологио нэгтгэх, сүлжээгээ хуваалцах зэргээр үлэмж зардал хэмнэнэ хэмээн тооцож байгаа нь нууц биш. Rio Tinto-ийн хувьд 2-р сарын 5-аас өмнө албан ёсны саналаа илгээх товтой.

2 чухал тоо

8.000.000.000: Б.Гэйтс 8 тэрбумын хандив өргөжээ. Тэрээр өөрийн экс эхнэр Мелинда Френч Гэйтсийн шинээр байгуулсан “Pivotal Philantropies” нэртэй байгууллагад санхүүжилт олгосон нь энэ юм. 2021 онд хосууд гэрлэлтээ цуцлуулах үеийн тохиролцооны дагуу уг хандив олгогджээ. Энэ нь түүхэн дэх хамгийн том хандивын нэгт тооцогдож байна. М.Гэйтсийн хувьд өөрийн хамтран үүсгэн байгуулсан “Bill and Melinda Gates Foundation”-ийг орхиж, эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлэх шинэ сандаа төвлөрөх ажээ.

2026: Америкийн хамгийн том технологийн үзэсгэлэн CES 2026 явагдлаа. Өнгөрсөн долоо хоногийн турш дэлхийн хамгийн том технологийн компаниуд шинэ технологи, ирээдүйн концепцоо танилцуулав.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: CES 2026-ЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛСОН ТӨХӨӨРӨМЖҮҮД

Unread

3 онцлох сэдэв

I. Венесуэлийн эргэн тойронд

- Венесуэлийн дэд ерөнхийлөгч Д.Родригез ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөжээ. Тэрээр АНУ-ын талтай энхийн хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэв. АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга М.Рубио шилжилтийн үйл явцыг удирдах гол үүргийг хүлээжээ. Тэрээр газрын тосны салбарт ихээхэн анхаарал хандуулж, ардчилсан сонгууль явуулах үйл явцыг зохион байгуулна гэв. Харин vөрөг хүчний удирдагч М.Мачадогийн хувь заяа тодорхойгүй хэвээр байна. АНУ-ын талаас түүний олон нийт болон гол бүлгүүдэд нөлөөлөх чадварт эргэлзэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

- Даваа гарагт Венесуэлийн ерөнхийлөгч асан Н.Мадуро Нью Йоркийн шүүхий хуралдаанд оролцжээ. Энэ үеэр тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлж, одоо ч тусгаар улсын ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Шинжээчид түүнийг шүүх хурал 2027 оноос нааш эхлэхгүй хэмээн үзэж байна.

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн эдийн засгийг сэргээх үүднээс эхний ээлжинд 30-50 сая торх газрын тосыг хүлээн авч, зах зээлийн үнээр зарж борлуулна гэдгээ мэдэгдэв. Энэ нь одоогийн зах зээлийн ханшаар 3 тэрбум орчим доллартай тэнцэж байгаа юм. OPEC+-ийн удирдагчид зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Америкийн газрын тосны компаниуд Венесуэлд 100 хүртэлх тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


II. АНУ олон улсын 66 байгууллагаас гарна

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зарилгаар тус улс нийт 66 олон улсын байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж, албан ёсоор гарах болжээ. Эдгээрийн 31 нь НҮБ-ын бүтцэд багтдаг байгууллага гэдгийг тодотгов.

- АНУ-ын хувьд эдгээр байгууллагууд нь “тус улсын бүрэн эрхэт байдал, эрх ашигт харшлах эрс туйлширсан бодлого хэрэгжүүлдэг” тул санхүүжилт олгох, үйл ажиллагаанд оролцох нь тохиромжгүй хэмээн дүгнэжээ.

- Тус улс үүнээс өмнө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гараад байсан. Мөн энэ оны сүүлээр UNESCO-г орхино гэдгээ мэдэгдээд байлаа.


III. Ираны жагсаалд 62 хүн амиа алджээ

- Иранд он дамнан үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал ахин идэвхжлээ. Эрх баригчид интернет сүлжээг хязгаарлаж, цэргийн хүчээр жагсаалыг дарах гэж оролдож буй ч Тегеран зэрэг томоохон хотуудад мянга мянган иргэд гудамжинд гарчээ.

- Өнөөдрийн байдлаар жагсаалын үеэр л гэхэд 500 гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн баривчлагдсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Мөн 50 гаруй байшин шатаж, 30 сүмийг эвдэж сүйтгэжээ.

- Ираны дээд удирдагч Али Хаменеи уг үйл ажиллагааг барууны нөлөөтэй өдөөн турхиралт хэмээн эрс буруушаасаар байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Гэнэтийн шийдвэр: NASA Олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй нисгэгчдээ хугацаанаас нь өмнө эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Лхагва гарагт задгай сансарт ажиллаж, 6 цагийн төлөвлөгөөт засварын ажил гүйцэтгэх байсан ажиллагаа цуцлагдсан. Энэ нь сансрын нисгэгчдээс бие нь өвдөж, эмнэлгийн тусламж авах болсонтой холбоотой байжээ. Одоогоор NASA-аас хэн, хэрхэн өвдсөнийг ил болгоогүй байна.

Нэгдсэн хамгаалагч: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс Гренландыг Даниас худалдаж авах, шаардлагатай бол цэргийн хүч ашиглахад бэлэн байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа. Хамгийн сүүлд тэд тус улсын оршин суугч бүрд 100 мянган долларын буцалтгүй дэмжлэгийг нэг удаа үзүүлэхээр бэлтгэж байна гэх мэдээ гарсан билээ. Тэгвэл Европын холбооны удирдагчид тус бүс нутгийн ирээдүйг зөвхөн Гренланд болон Данийн иргэд өөрсдөө шийднэ гэдгийг онцолж, шаардлагатай бол НАТО-ын зүгээс хамгаалах үүрэгтэй гэдгийг тодотгосон албан мэдэгдлийг гаргажээ. 57 мянган оршин суугчтай Гренланд нь газрын ховор элементийн хамгийн гол нөөцийн нэгт тооцогдож байгаа билээ.

Шинэ боломж: Саудын Араб зах зээлээ нээлээ. Энэ долоо хоногоос эхлэн тус улсын хөрөнгийн бирж дээр гадаадын хөрөнгө оруулагчдид чөлөөтэй арилжаа хийх боломжтой болжээ. Өмнө нь маш төвөгтэй нөхцлүүдийг биелүүлэхийг биржээс шаарддаг байсан гэнэ. Саудын Арабын засгийн газраас эдийн засгаа солонгоруулж, газрын тосноос хамааралгүй болгох үүднээс технологи, дэд бүтцийн компаниудад ихээхэн хөрөнгө оруулж буй. Одоогоор 262 компани бүртгэлтэй дотоодын биржээ идэвхжүүлж, шинэ компани, шинэ хөрөнгө оруулагчдаар “цус сэлбэх” амбицтай байгаа нь энэ юм.

Цэргийн хүч: ОХУ, Украйны дайныг дуусгах энхийн хэлэлцээрийн нэг чухал заалт нь Европын холбооноос аюулгүй байдлын баталгаа болгож, Украйн даяар цэргийн төв байршуулах болоод байгаа. Энэ хүрээнд Их Британи, Франц улсууд нийт 15 мянган цэргийг Украйнд илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн Герман улс Украйны хилийн ойролцоо тодорхой цэргийн хүчийг байршуулахад бэлэн байгаа гэнэ. Украйны зүгээс нийт 64 мянган цэргийн дэмжлэг авахыг хүсэлтэй байгаа ч Европын холбооны батлан хамгаалахын сайд нарын уулзалтын дараагаар хамгийн ихдээ 25 мянган цэргийг гаргах боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа юм.

5 сонин хачин

1. 1997 онд анх гарсан “Anaconda”-ийн шинэ хувилбар шинэ жилийн өдөр нээлтээ хийсэн. П.Рудд, Ж.Блэк нарын оддын гол дүрийг нь бүтээсэн уг бүтээл “Anaconda” могойн ертөнцөд хийгдэж буй 6 дахь бүтээл болж байгаа юм. Улмаар хоёр долоо хоногийн дотор орлого нь 100 саяыг давжээ. Сонирхуулахад, “Avatar 3” дөрөв дэх долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж, тасалбарын орлого нь 1.1 тэрбум доллар болжээ. “Grenland 2”, “The Housemaid”, “Marty Supreme” зэрэг өндөр хүлээлттэй кинонууд тэднийг топ байрнаас буулгаж чадахгүй байгаа ч Ж.Камероны хувьд энэ нь чамлалттай үзүүлэлт хэвээр л байна.

2. Google-ийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд болжээ. Ингэснээр тэд 2019 оноос хойш анх удаа Apple-ийг гүйцэв. Google-ийн AI модель Gemini бүх үзүүлэлтээрээ толгой цохиж, хөрөнгө оруулагчдын итгэл тэр хэрээр сэргэсэн нь уг өсөлтийн гол үндэс болов. Зөвхөн 2025 онд л гэхэд тус компанийн үнэлгээ 65%-аар нэмэгджээ. Харин Apple-ийн хувьд AI-ийн өрсөлдөөнд одоог хүртэл ахиц үзүүлж чадахгүй хэвээр л байгаа юм.

3. Antrophic-ийн үнэлгээ 350 тэрбум боллоо. ChatGPT-ийн хамгийн гол өрсөлдөгчдийн нэг Claude-ийг хөгжүүлэгчид шинээр 10 тэрбум долларын санхүүжилт татжээ. 2021 онд OpenAI-ийн экс инженерүүдийн үүсгэн байгуулсан тус компанид Amazon, Microsoft, Nvidia зэрэг томчууд хөрөнгө оруулаад байгаа. Тус компанийн инженерүүдэд зориулсан Claude Code үйлчилгээний эрэлт сүүлийн үед эрс нэмэгдэх болсон юм.

4. Сүүлийн үед X-ийн хэрэглэгчид Grok-ийг ашиглан зураг засварлах, тэр дундаа эмэгтэйчүүдийг зөвшөөрөлгүйгээр нүцгэлэх зэрэг зохисгүй үйлдэл гаргах нь олширсон. И.Маск X-ийн бүх хэрэглэгчдэд Grok-ийн зураг засах үйлчилгээг нээлттэй, үнэгүй ашиглуулна хэмээн зарласан нь хэрэглээ замбараагүй болох нэг шалтгаан болсон юм. Тэгвэл Европын холбоо болон хэд хэдэн улсын зохицуулах байгууллагын шаардлагын дагуу Grok-ийг хөгжүүлэгч xAI зарим нэг шинэ журмыг хэрэгжүүлэх болжээ. Одоо X дээрх зураг засах гол функцүүд зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчдэд нээлттэй болсон байна. Мөн И.Маскийн хувьд хууль бус үйлдэл хийж буй хэрэглэгчдийг хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг сануулжээ.

5. Дэлхийн эмийн салбарын хамгийн том компаниудын нэг Merck энэ оны хамгийн эхний том наймааг хийхээр зэхэж байна. Тэд Калифорнид төвтэй Revolution Medicines хэмээх компанийг 32 тэрбум доллараар авах саналыг тавьжээ. Revolution-ийн хувьд түрүү булчирхайн хавдрын эсрэг эмийг хөгжүүлж байгаа нь салбарын анхаарлын төвд байгаа. Түгээмэл тохиолддог ч эмчилгээ цөөхөнтэй уг хавдрын эсийг удаашруулах эмчилгээ нь клиникийн туршилтаар маш үр дүнтэй байгаа нь батлагджээ.