1 гол сэдэв

Юу болов?

Apple сүнсний баярын өмнө "Scary Fast" нэртэй шинэ төхөөрөмж зарлах эвентээ зохион байгууллаа. Энэ удаад тэд цоо шинэ чип, түүгээр тоноглогдсон Mac-ийн шинэ загваруудаа зарласан юм.

Ямар байв?

Нэрнээсээ л уг эвентийн гол дүр нь цоо шинэ, илүү хурдтай М3 чип байх нь тодорхой байлаа. Apple-ийн хувьд энэ удаад M3, M3 Pro, M3 Max гэсэн гурван төрлийн чип танилцуулсан. 92 тэрбум дамжуулагч, 3 нанометрийн Max-ийн хувьд "анхны хувийн компьютерийн чип" гэсэн тодотголтойгоор гарчээ.

Төхөөрөмжийн хувьд?

M3-аар тоноглогдсон хамгийн эхний бүтээгдэхүүн нь 24 инчийн iMac байв. Өмнөх M1-тэй хувилбараасаа 2 дахин хурдтай, 1 тэрбум өнгө ялгах 4.5к Ретина дэлгэцтэй уг компьютер 1299 доллараар зарагдана гэнэ. Мөн 14, 16 инчийн Macbook Pro шинэ чиптэйгээр хэрэглэгчдийн гарт ирж байна. Шинэ загварын хувьд өнгөрсөн жилийнхээс 60%-аар хурдтай, мөн Touch Bar-ийг хассан дизайнтай гарснаараа онцлог байв.

2 чухал тоо

12.99 - Facebook, Instagram Европын хэрэглэгчдэд зориулан төлбөртэй үйлчилгээгээ зарлалаа. Хэрэглэгч сард 12.99 еврог төлснөөр огт зар сурталчилгаагүйгээр платформоо ашиглах боломжтой болж байгаа юм. Энэ нь Европын холбооны хэрэглэгчийн хувийн дата, мэдээлэлтэй холбоотой журмын хүрээнд хийгдэж байгаа ажил билээ.

28 - The Beatles AI ашиглан хамгийн сүүлчийн дуугаа цацлаа. Now and Then нэртэй уг дуу нь алдарт Жон Ленноны 1977 онд бичиж үлдээсэн демон дээрээс тулгуурлан бүтсэн. AI-ийн тусламжтайгаар хоолойг салгаж, улмаар хамтлагийн бүх гишүүдийн оролцоотойгоор бүтэн дуу болгон гаргасан нь энэ юм.

Дэлгэрэнгүйг: Сүүлчийн дуу - Хиймэл оюун ухаан The Beatles-ийг дахин нэгтгэсэн нь

Unread

3 онцлох өгүүлбэр

I. Linkedin 1 тэрбум хэрэглэгчтэй боллоо.

- Ажил мэргэжлийн хамгий том сүлжээ Linkedin 1 тэрбум хэрэглэгчтэй болсноо зарлалаа. 2003 онд байгуулагдсан тус платформыг Microsoft 26.2 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэж байсан билээ.

- Үүнтэй зэрэгцэн тэд ажил хайгчид зориулсан шинэ AI-ийг нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Уг чатбот нь хэрэглэгчдэд CV-ээ сайжруулах, захидал бичих, зөв ажлын байранд материалаа явуулах зэрэгт нь зөвлөж, дасгалжуулах үүрэгтэй байх гэнэ.

- Linkedin үүнээс өмнө албан байгууллагуудад сайн талент олоход нь туслах AI хэрэгслүүдийг нэвтрүүлээд байсан билээ.

II. Саудын Араб 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна.

- ФИФА 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Араб улс зохион байгуулах болсныг баталлаа. Австрали нэр дэвших хүсэлтээ татсанаар тэд ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогдсон нь энэ.

- 2018 онд Саудын Арабын хунтайж Мохаммад Бин Салман ойрх Дорнодыг шинэ Европ болно хэмээн зарлан тунхаглаж байсан. Хөрөнгө оруулалтын гол бүс болох амбицынх нь гол зэвсэг нь спорт болж, Формула 1, цахим спорт, хөлбөмбөгийг ашиглан нийтийн дунд нэр хүндээ өсгөхийг оролдож байгаа юм.

- Сонирхуулахад, ФИФА 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Морокко, Португал, Испани улсад зохиох эрхийг олгож, 100 жилийн тусгай тоглолтыг Уругвай, Парагвай, Аргентинд явуулах шийдвэр гаргаад удаагүй байгаа. Харин 2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Их Британид зохиогдох болсон билээ.


III. С.Банкман-Фридийг гэм буруутай гэж үзлээ.

- Крипто ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг Сэм Банкман-Фридийг шүүхээс гэм буруутай хэмээн үзлээ. Сар хагас үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн эцэст түүнийг нийт 7 хэрэгт буруутгаж байгаа юм.

- Үүнд мөнгө угаах, хөрөнгө оруулагчдыг худал мэдээллээр хангах, хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан зэрэг заалтууд багтаж буй. Тэрээр хамгийн ихдээ 115 жилийн ял авах боломжтой гэнэ.

- 2019 онд FTX нэртэй крипто бирж байгуулсан тэрээр Alameda нэртэй судалгааны байгууллагаараа дамжуулан нийт 8 тэрбум долларыг залилсан хэмээн үзэж буй. Хэрэглэгчдийн хөрөнгийг тэрээр эрсдэлтэй хөрөнгө оруулах, улс төрийн лоббид ашиглах, үнэтэй үл хөдлөх авах зэрэгт зарцуулсан гэдэг нь баримтаар батлагдаад байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ өрсөлдөгч: И.Маск өөрийн байгуулсан AI компани xAI-ийн шинэ чатботыг танилцууллаа. Grok нэртэй тус чатбот нь 2 сарын турш хөгжүүлэгдсэн бөгөөд одоогоор зөвхөн сонгогдсон хэрэглэгчдэд туршигдаж байгаа гэнэ. Төлбөртэй үйлчилгээ нь 16 доллар байх бөгөөд X-тэй нийцэж ажиллана гэдгээрээ давуу байхыг И.Маск тодотгожээ.

AI хурал: Их Британи хиймэл оюуны асуудлаарх дэлхийн хамгийн том цугларалт "AI Safety Summit"-ийг зохион байгууллаа. Энэ үеэр АНУ, Европын Холбоо зэрэг тэргүүлэх улсууд AI-ийн ёс зүйг сахиж, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах, тус тусын журмыг хөгжүүлэх тал дээр санал нэгдсэн байна.

Далайн станц: Данийн зохион бүтээгчид 10 метрийн гүнд UHAB нэртэй далайн судалгааны станц байгуулах төлсөө зарлалаа. Өөрөө бие даан эрчим хүч, хоол хүнс, хүчил төрөгчөө хангах чадалтай уг станц нь зөвхөн судалгаанаас гадна Ангараг зэрэг өөр гараг дээр ажиллах нөөцийг сурган бэлтгэх талбар болох потенциалтай хэмээжээ.

Супер компьютер: Их Британийн ерөнхий сайд Р.Сунак дээрх хурлын үеэр AI хөгжүүлэх зориулалтын шинэ супер компьютер бүтээх төслөө зарлалаа. Бристолын их сургуулийн эрдэмтэд "Isambard-AI" нэртэй уг төсөлд 225 сая фунтийн хөрөнгө оруулах болжээ.

5 сонин хачин

1. "Five Nights at Freddy's"-ийн борлуулалт 2 дахь долоо хоногтоо 76%-ийн бууралттай байсан ч бокс оффисыг дахин тэргүүлж чадлаа. Peacock стримингээр мөн цацагдаж байгаа нь үүний гол шалтгаан хэмээн шинжээчид үзэж байна. Уг кино 113 сая долларыг цуглуулсан амжилтаараа 2023 оны хамгийн амжилттай аймшгийн жанрын бүтээл болжээ. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн М.Райны "What Happens Later", Д.Ридлигийн "The Marsh King's Daughter" бүтэлгүйтэж, эхний тавд ч бичигдэж чадсангүй.

2. Collins Dictionary энэ оны онцлох үгээр "AI"-ийг тодрууллаа. Хиймэл оюунтай холбоотой технологийн дэвшил, нийгмийн чиг хандлага энэ үгийг улам эрэлттэй болгож, хайлтыг өсгөснийг зохион байгуулагчид онцолжээ. Үүнээс гадна "de-influencing", "nepo baby", "canon event" зэрэг үгсийг эцсийн шатанд үлдээсэн байна.

3. Disney 48 сая хэрэглэгчтэй Hulu-ийн 33%-ийг 8.61 тэрбум доллараар худалдаж авах болсноо зарлалаа. 2007 онд байгуулагдсан Hulu-г Comcast-тай хамтран эзэмшиж байсан тэд ингэснээр тус стриминг платформыг 100% эзэмших болж байна. Энэ санхүүжилтээ Disney Энэтхэгийн бизнесээ зарж, босгох зорилготой байгаа бололтой.

4. Instagram "AI найз"-ын функцийг хөгжүүлж байгаа гэнэ. Энэ нь хэрэглэгчдэд зөвхөн өөртөө зориулан өөрийн сонирхол, онцлогт тохируулан чатбот найзтай болох боломжийг олгоно. Мөн тухайн найздаа зан характер, гарал угсаанаас нь эхлээд нэр, аватарыг нь сонгох сонголт ч олгогдох бололтой.

5. Шинжлэх ухааны зөгнөлт зохиолын чиглэлээрх хамгийн шилдэг бүтээлд олгодог "Hugo Awards"-ийн эзэд тодорлоо. 2023 оны шилдгээр Т.Кингфишерийн "Nettle & Bone" тодорсон байна. Ялагчдыг Чендуд явагдсан 81 дэх удаагийн WorldCon-ийн үеэр зарлажээ.

10 унших мэдээ

Мэдэх: Украйн бууж өгөх болоогүй /CNN/

Холбох: Хамгийн том алмааз хамгийн хурдан чиптэй ямар холбоотой вэ? /WSJ/

Анзаарах: Трамп Байденаас илүү рэйтингтэй байна /NYTimes/

Тайлбарлах: Ж.Роганы том шийдвэр ба подкастын ирээдүй /The Verge/

Ойлгох: RAM-ийг хамгаалах нь /404/

Сонгох: Дуртай нэрээ худалдаад авах уу? /Forbes/

Анхаарах: Гал зогсоох уриалгууд эрчимжив /Vox/

Тоглох: Football Manager-ийн гайхам амжилт /BBC/

Сонирхох: Сингапурын дараагийн лидер /Al Jazeera/

Сонсох: Т.Свифтийн шинэ цомог рекорд эвдлээ /Reuters/