Арваннэгдүгээр сарын 2. 23:00. The Beatles-ийн сүүлчийн дуу. Now and Then.
Бараг хэзээ ч боломжгүй гэмээр аз тохиолоор домогт The Beatles эргэн ирж, цоо шинэ уран бүтээлээ дэлхий даяар цацав. Стриминг платформуудын хандалт эрс нэмэгдэж, сошиал ертөнц тэр чигээрээ шуугив. Чихэнд хоногшиж, сэтгэл дотно аялгуу хөг эгшиглэж, яг л хуучны танил шиг минь танил хоолой зүрхэнд минь таатай хэдэн үгсээ шивнэх шиг болов.
Тийм ээ, The Beatles үнэхээр эргэн иржээ. Жон Леннон. Пол Маккартни. Жорж Харрисон. Ринго Старр.
Тэд анхны цомгоороо Будант Албионыг байлдан дагуулснаас хойш хэдийнээ 60 жил өнгөрчээ. Америкийн аялан тоглолтоороо "Есүсээс ч алдартай" болжээ хэмээн зарлан тунхагласан нь тэртээ хагас зууны өмнө. "Үүнээс цааш газар үгүй" болтлоо алдар хүндийн оргилд хүрч, сая сая фенүүдийнхээ сэтгэлийг зүсэн тарж байгаагаа зарласан нь 1970 он.
Үнэнч шүтэн бишрэгчид нь тэднийг тус тусын замаа хөөсөн ч хэзээ нэгэн цагт эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээрээ бэлэг барина гэдэгт үргэлж итгэлтэй байсан. Тэд өөрсдөө ч түүнийгээ мэдэж байсан мэт санагддаг.
Гэвч 1980 онд энэ бүхэн оргүй хоосон найдвар болон хувирсан. Жон Леннон Нью Йоркийн гудамжнаа буудуулж, амиа алдав. Сонсогчид, дэмжигчид, хайрлагсад нь өнчирч хоцрох нь тэр.
ТҮҮХИЙН ЭХЛЭЛ: ААВЫН ЗАВСАРЛАГА
Үүнээс 15 жилийн дараа Пол Маккартнид үнэлж баршгүй үнэ цэнтэй нэгэн илгээмж иржээ. Энэ бол Жон Ленноны урьд өмнө хэн ч сонсож байгаагүй шинэ дууны демо бүхий кассет байв. Ж.Ленноны насан туршийн хайр Иоко Оно энэ материалууд The Beatles-ийг дахин нэгдэх шалтгаан болно гэдгийг мэдэж байв.
1975 онд Ж.Леннон уран бүтээлээсээ завсарлага авч, дөнгөж төрсөн хүүдээ хамаг цагаа зарцуулахаар шийдсэн юм Өмнө нь гурван удаа эндсэн Иоко Оно дахин бие давхар болсноо мэдэхдээ ганцхан нөхцөл тавьжээ. Тэр нь Ж.Ленноныг гэртээ сууж, хүүхдээ харах. Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу артист энэ "галзуу гэмээр" саналыг шуудхан л хүлээн зөвшөөрсөн гэдэг. Ухамсарт амьдралынхаа туршид олны нүдэнд амьдарч, дэлхий тойрон аялан тоглосон түүнд ийм завсарлага үнэхээр хэрэгтэй болсон ч байж мэднэ.
Тэр хүүдээ Шон хэмээх нарыг хайрлаж, өглөө 6 цагт сэрэхээс нь эхлээд орой унтах хүртэл нь үргэлж хамт байх болов. Хүүгээ хөлд орохыг гэрчилсэн нь түүнд цоо шинэ мэдрэмж өгсөн гэдэг. Үлгэр унших, талх барих нь хамгийн дуртай ажил нь болж хувирав. Анхны хүү Жулиандаа хангалттай цаг гаргаж чадалгүй, ихэд хөндий харилцаатай байсандаа тэр үргэлж гэмшсээр байсандаа ч тэр үү, аавын үүргээ тултал нь биелүүлэхийг ихэд хичээсэн нь гарцаагүй. Энэ хоорондоо тэр хэд хэдэн цуврал зураг зурж, хожмоо гарах намтар номондоо зориулан чамгүй хуудсыг бичсэн гэдэг.
Мэдээж, тэр дуу хөгжмөө орхиогүй. Нью Йоркийн 72-р гудамжинд орших Дакота нэртэй классик загварын байрандаа тэр өөрийн хамгийн хайртай төгөлдөр хуураа авчрахаа мартаагүй. Тэнд тэр багахан зав гарахдаа шинэ материал дээр ажиллаж, төрөл бүрийн дуугаралтуудыг туршсаар байж. Түүнийгээ тэр үед ид хэрэглэгдэж байсан хуурцаг тоглуулагчид шууд бичиж, цэгцтэй гэгч нь дугаарлан хадгалсаар байжээ.
Энэ байдлаар тэр 5 жил амьдарсан юм. Улмаар Багамын аралд хийсэн гурван долоо хоногийн дарвуулт завьтай аяллынхаа дараа тэрээр дахин хөгжмөө хийхээр нэгэнт шийдсэн байлаа. 1980 оны 10-р сард түүний "Double Fantasy" цомог нь гарав. Энд тэр Дакотад бичсэн ихэнх дуунуудаа оруулав. Олон жил хүлээж ядсан фенүүдийн хувьд энэ үнэхээр том мэдээ байлаа.
Гэвч тэр арванхоёрдугаар сарын 8-нд амиа алдсан юм. Түүнд бичиж дуусгаагүй хөгжим, дуусгаж амжаагүй цомог, амжиж хэвлүүлээгүй үгс даанч их байлаа.
БҮТЭЛГҮЙ ӨРНӨЛ: ГЭНЭТИЙН ИЛГЭЭМЖ
Гайхамшигтай илгээмж хүлээн авсан Пол Маккартни тэр дороо л Жорж, Ринго хоёр луу утас цохив. Тэд олны хөлөөс хол, хөдөө газар орших эдлэнд цугларч, Жоны демонууд дээр ажиллахаар тохиров.
Өмнө хэн ч сонсоогүй, гэхдээ сая сая үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэхүйц бүтээлүүд тэнд байв. Тэд бүтэн долоо хоногийн турш өдөр шөнөгүй сууж, Жон Ленноны гүйцээж амжилгүй үлдээсэн бүтээлүүдийг сонсож судлав. Жон амьд байсан бол яаж үргэлжлүүлэх байсан бол гэх яриа тэдний дунд шөнө дунд болтол өрнөнө. Яаж жинхэнэ Битлзийн дуу болгож хөгжүүлэх вэ гэдэг дээр бүгд санаагаа уралдуулна.
Энэ бүхний эцэст тэд "Free As A Bird", "Real Love" гэсэн хоёр дууг гаргасан билээ. 25 жилийн дараа The Beatles эргэн нэгдэж, цоо шинэ уран бүтээлээ цацах нь тэр. Дэлхий нийт үнэхээр The Beatles-ээр цангасан байлаа. Тэр дороо чартын топ жагсаалтад багтаж, үнэнч фенүүдийн хамгийн нандигнадаг бүтээлүүдийн нэг болж хувирлаа.
Гэхдээ тэд ажил дуусаагүй гэдгийг мэдэж байв. "Now and Then" нэртэй нэгэн хуурцган дээрх демог тэд хэчнээн олон сонссон ч, дахин дахин оролдсон ч гүйцээж чадсангүй. Ленноны төгөлдөр хуурын дуугаралт гүйцэд сонсогдохгүй байснаас гадна хоолой нь ч тод-бүтэн бичигдээгүй байж. Жорж Харрисон соло дээр нь хэсэг ажилласан ч дуусгалгүй орхижээ. Рингод санаа төрсөн ч гаргасангүй. Пол хэчнээн оролдоод нэг л болсонгүй. Дараа нь оролдъё доо гээд эртний найзууд салжээ.
Гэхдээ тэдний хэн нь ч дахиад гурвуулаа цуглаад шинэ дуун дээр ажиллаж чадахгүй гэдгээ мэдээгүй юм.
2001 онд Жорж Харрисон таалал төгсчээ.
ХОЁР ДАХЬ БОЛОМЖ: ТӨГС ТӨГӨЛДРИЙН ЭРЭЛД
Цаг хугацаа урссаар, дахиад бараг 20 жил өнгөрчээ. 2017 онд Пол Маккартнид ахин нэг "гайхамшигтай" дуудлага ирэх нь тэр. Харилцуурын нөгөө талд домогт найруулагч Питер Жэксон ярьж байв.
"Бөгжний эзэн", "Хоббит" цувралуудаараа алдартай, Оскарын шагналт найруулагч П.Жэксон бид бүгдийн л адил The Beatles-ийн фен байв. Нэгэн удаа түүнд Лондоноор дайрах үедээ Apple Corps-оор зочлох боломж гарчээ.
Apple бол The Beatles-ийн гишүүдийн тэртээ 1968 онд байгуулж, өдий болтол бүх каталог, бүтээлч төслүүдийг нь удирддаг компани юм. The Beatles-ийн архивыг тэр чигт нь эзэмшдэг тус компани зөвхөн цомог эмхэтгэж, рояалти цуглуулахаас хавь илүү амбицтай газар. Жилийн 20 сая фунтийн орлоготой ажиллада тэд технологи суурьтай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, The Beatles-ийг тавин жилийн дараа ч мартуулалгүй, улам үнэ цэнийг нь нэмсээр ирснээрээ Fast Company-ийн дэлхийн хамгийн инновацлаг компанийн жагсаалтад багтдаг аж.
Питер энэ үеэрээ тэдэнд 1970 онд гарсан "Let It Be" баримтат киноны хар дүрсүүд байгаа эсэхийг асуужээ. Тэр хэзээ нэгэн цагт The Beatles-ийн талаар ямар нэгэн контент хийхийг мөрөөддөг байсан ч яагаад ч юм эмээсээр ирсэн байснаа хожим хуваалцсан байдаг.
Гэтэл хариулт нь түүнийг үнэхээр алмайруулж орхижээ. Хамтлагийн сүүлчийн цомог бичигдэх үед цуглуулсан 60 цагийн бичлэг, мөн дээрээс нь өмнө хэний ч үзээгүй 150 гаруй цагийн хар дүрс түүний өмнө ирэв. П.Жэксон бүгдийг нь нэг бүрчлэн үзээд нэг л зүйлийг ойлгожээ.
"Энэ түүхийг бид дэлгэх учиртай юм байна."
Ингэж 2021 онд анх гарсан "Get Back" баримтат цуврал мэндэлсэн билээ. Питер Жэксон дөрвөн жилийг энэ төсөлдөө зориулжээ. Тэр Битлзийн тарах үетэй давхцсан хамгийн эмзэг, гэхдээ магадгүй хамгийн бүтээлч үеийн түүхийг дахин хүүрнэхийг зорив. Тэр зорилгодоо хүрэхийн төлөө юу ч хийхэд бэлэн байсан нь хуучин дүрсээс дууг чанартай салгах бие даасан програм хөгжүүлж ашигласнаас нь харагдана.
Төгс төгөлдрийн төлөөх ирмүүн их тэмцлийн үр дүн гайхамшигт бүтээлүүдээр илэрдэг нь энэ мэт. Жорж Лукас "Оддын дайн"-аараа камерын технологийг нэг шат ахиулж, Стивен Спилберг "Юрийн Галавын Хүрээлэн"-ээрээ 3D анимэйшнийг шинэ шатанд хүргэсэн гэдэг шиг л.
Үр дүн нь "мэдээж" гайхалтай байв. The Beatles-ийн дөрвөлийг дахин нэг дор үзэх боломж тийм их олдохгүй. Disney+-аар цацагдсан эхний дөрвөн өдөрт л гэхэд нийт 500 сая цагийн үзэлт бүртгэгдэв. Америкийн телевизийн хамгийн нэр хүндтэй шагнал Эммигээс нийт 4 шагнал хүртлээ.
Гэхдээ Полын сэтгэл ханаагүй байв.
СҮҮЛЧИЙН ДУУ: ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГ
"Get Back"-ийн ажил дуусуут тэр өнөөх хуурцгыг П.Жэксон руу илгээжээ. Бараг тавин настай, тоглуулж болох төхөөрөмж ховордсон, хальс нь элэгдэж барагдсан хуурцгыг дахин сэргээхийг тэр хүсэж байв.
Питер Жэксоны баг ч шинэ даалгавартаа сэтгэл дүүрэн оржээ. Чухам энд домогт Жон Ленноны хамгийн сүүлчийн бүтээл нуугдаж байгаа шүү дээ. Түүнийг салгах шиг аз жаргалтай ажил байна гэж үү?
Хуурцгыг дижиталд хөрвүүлэх нь эхний даалгавар байв. Харин дараа нь түүнийгээ зам замаар нь салгах хэрэгтэй боллоо. Гэтэл бохир бичигдсэн чанар муутай хуучны аудиогоос яаж хоолойг нь ялгаж, хөгжмийг нь бүтэн болгох билээ?
Хариулт нь AI байв. Тэд зөвхөн энэ төсөлдөө зориулан The Beatles-ийн мянга мянган цагийн бичлэг, дуу, демог машин сургахад ашиглажээ. Ингэж тэд Жон Ленноны стилийг дахин амьдруулж, түүхийн хуудаснаа гээгдэж орхигдсон хөг аялгууг ахин сэргээх боломжтой болов.
Өмнөх баримтат кинонд зориулан хөгжүүлсэн дэвшилтэт технологийн тусламжтайгаар Жон Ленноны хоолойг бараг төгс гэмээр салгаж орхив. Пол, Ринго хоёрт яг л хуучин анд нь дэргэд нь дуулж байгаа мэт сэтгэгдэл төрсөн хэмээсэн нь санамсаргүй хэрэг биш.
Жорж Харрисоны дутуу тоглоод орхисон солог ч тэд ашиглахаа мартсангүй. Түүнгүй Битлз хэрхэн бүтэн болох билээ? Яг л Жоржийн гитар уйлагнах шиг дотортой аялгууг тэд гаргаж авлаа.
Ринго Старр бараг 30 жилийн өмнө цохиж ч амжаагүй бөмбөрийн хослолоо бичүүлэв. Пол Маккартнид ч 1995 оноос хойш бодсон бассын дуугаралт бэлэн байсан нь тодорхой. Тэгээд зогсолгүй, бас "Here, There and Everywhere", "Because", "Eleanor Rugby" гэсэн хит дуунуудад ашигласан "өө өө", "аа аа" хоолойг нэгтгэж сүлсэн гэнэ.
Хамгийн сүүлд нь тэд The Beatles-ийн домогт продюсер Жорж Мартины хүү Жайлстай хамтран эцсийн цэгийг хатгав. Шинэ уран бүтээлийг бүтэн болгож, классик Битлз дуугаралтыг эцэслэхэд тэдэнд хийл хэрэгтэй байж. Пол Маккартнигийн шинэ дуун дээр ажиллаж байгаа гэж бодсон хийлчид жинхэнэ учраа ч ойлголгүй чамин гэгч нь зохиомж бүтээжээ.
Ингээд л боллоо. Гайхамшигт түүхийн гайхалтай төгсгөл.
The Beatles-ийн сүүлчийн дуу "Now and Then"-ийг хамтдаа сонсоцгооё. Цаг хугацаагаар эргэн аялж, тэдний ертөнцөөр дахин зочилцгооё.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД: Одоо бас тэгээд...
Орчин цагийн хөгжмийн ертөнцөд The Beatles-ийн дөрвөл шиг нөлөө үзүүлсэн уран бүтээлч цөөхөн. Ерөөс тэдэн шиг үе үеийнхний уйтгар гунигийг хуваалцаж, сэтгэлийн утсыг хөндөж, аз жаргалаар тэтгэсэн нь бүр ч бага.
Энэ нийтлэлийг дуустал нь уншсан тантай адил би ч Битлзийн дуунуудыг сонсож өссөн, дуугаар нь хүмүүжиж, сэтгэлийн олон өнгөтэй танилцсан нэгэн. Тиймдээ ч сүүлчийн дуу нь гарах гэж байгааг дуулаад, тэрэнд нь бүр AI технологи ашигласныг сонсоод ихэд догдлон хүлээсэн хэрэг.
Үр дүн нь үгээр илэрхийлж барамгүй байв. Хөөрч баярлах шиг, шалтгаангүй хоосон ч оргих шиг. Зүгээр л баярлалаа гэж өөрөө өөртөө шивнээд, ийм нандин бүтээлийг дахин дахин сонсоод л баймаар.
Жон энэ дууг зохиохдоо Иоког бодсон уу, эсвэл Полд зориулсан уу, бид хэзээ ч мэдэхгүй байх. Үдэлтийн дуу маань, сүүлчийн дуу минь чухам энэ байна даа гэж алсыг зөгнөөд ч биччихсэн юм шиг.
Яаж ийм энгийн атлаа хүчтэй үгсийг урлаж, хэзээ ч билээ сонсож байсан, сонсож донтоод гүн шумбаж байсан сэтгэгдэл төрүүлэм аясыг бичдэг юм бол? The Beatles-ийн ид шид чухам үүндээ л оршдог биз.
Энэ дууны сайн мууг нь шүүх эрх бидэнд үгүй. Зүгээр л өдийг хүртэл тэсээд бүр хиймэл оюун хүртэл оролцуулаад бидэнд хүрээд ирсэн нь л хангалттай мэт. Урлагийн гайхалтай бүтээлийн үнэ цэн он цаг урсах тусам улам нэмэгддэггүй биш гэж үү?
Одоо бас тэгээд... Сүүлчийн юм бүхэн үргэлж л гунигтай байдаг. The Beatles-ийн дөрвүүлээ оролцсон сүүлийн бүтээл байна гэхээр бүр ч гунигтай юм шиг. Одоо бас тэгээд яах билээ, бид чинь...
Эргээд дахин уулзатлаа, амьдралын урт бас харгуй замд дахиад таарах хүртлээ түр баяртай.