1 гол сэдэв

Юу болов?

SpaceX түүхэн дэх хамгийн том IPO-г хийнэ. Цуут энтрепренер Илон Маскийн удирдаж буй тус компани 1.2 их наядын үнэлгээтэйгээр 75 тэрбум долларыг босгохоор зэхэж байна. Тус компани 2025 онд 18.9 тэрбум долларын борлуулалт хийсэн ч 4.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Алдагдлын шалтгаан нь пуужингийн технологи хөгжүүлэлт байв.

Юу юу багтаж байна?

SpaceX-ийн хувьд NASA-ийн хамгийн том технологи нийлүүлэгч, түншээс гадна хиймэл дагуулаас интернетийн үйлчилгээ үзүүлэгч Starlink-ийг эзэмшдэг. Мөн саяхан И.Маскийн хувьд Grok нэртэй AI-ийг хөгжүүлэгч xAI болон 2022 оноос эзэмших болсон хуучин Твиттер буюу X-ийг SpaceX-тэй нэгтгээд байгаа билээ.

Хэн хожих вэ?

Хэрвээ IPO амжилттай болбол И.Маск дэлхийн хамгийн анхны их наядын хөрөнгөтэй хүн болно. Тэрээр SpaceX-ийн 42%-ийг эзэмшдэг. Мөн гүйцэтгэх захирал, технологи хариуцсан захирал, ТУЗ-ийн даргын хувьд нийт саналын эрхийн 79%-ийг хянадаг гэнэ. Forbes-ийн тооцооллоор түүний хөрөнгө 803 тэрбум долларт хэдийнээ хүрээд байгаа аж.

2 чухал тоо

274: 5-р сарын 20-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверэстэд нийт 274 хүн гарсан нь түүхэн үзүүлэлт болжээ. Цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг байсан нь уулчдын хувьд алдаж болохгүй боломж байсныг мэргэжилтнүүд онцолж байна. Ташрамд дурдахад, энэ сараар уулын улирал дуусаж байгаа юм.

55.000.000: Поп од Шакирагийн холбогдсон татвараас зайлсхийх хэргийг Испанийн шүүхээс цагаатгаж шийджээ. Ингэснээр түүнээс хураасан 55 сая еврог эргүүлэн өгөх шийдвэр гарсан байна. Татварын албанаас Шакираг 2011 онд татвараас зугтаасан хэмээн зарга үүсгээд байсан юм. Хуулийн дагуу тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар амьдарсан хүнийг татвар төлөгчөөр бүртгэдэг. Гэвч дээд шүүхээс тухайн үед Барселонагийн хөлбөмбөгчин Ж.Пикетэй хамтран амьдарч байсан Шакираг 163 хоногийг тус улсад өнгөрүүлсэн хэмээн тогтоожээ. Мөн татварын албаныхан Шакирагийн бизнесийн гол цөм нь Испани байсан гэдгийг нотолж чадаагүй байна.

ТОЙМ ОНЦОЛЖ БАЙНА: GOOGLE I/O 2026 ДЭЭР ТАНИЛЦУУЛСАН БҮХ ЗҮЙЛС

Unread

3 онцлох өгүүлбэр

I. В.Путин Хятадад айлчлав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын айлчлалын дуулиан тасраагүй байхад Бээжин дахин нэг топ лидерийг хүлээн авлаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал Украйны дайн, Ираны хямралтай зэрэгцсэнээрээ ач холбогдолтой байв.

- Талууд иж бүрэн түншлэлээ улам өргөжүүлж, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх тухай мэдэгдэл гаргасан. Мөн нийтдээ эдийн засаг, нийгмийн чиглэлийн 42 гэрээ хэлэлцээрийг байгуулжээ. Үүнд, хил дамнасан төмөр замын сүлжээг шинээр байгуулах, хиймэл оюун хөгжүүлэлтийг хамтран хийх, харилцан визгүй зорчих журмыг сунгах зэрэг багтжээ.

- Харин Монголчуудын дунд хүлээлт өндөртэй байсан “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийн талаар дорвитой тохиролцоонд хүрч чадсангүй.


II. AI 80 настай математикийн бодлогыг боджээ

- OpenAI-ийн учир шалтгаан дүгнэх чадвартай хиймэл оюуны систем 20-р зууны хамгийн нөлөө бүхий математикчдын нэг Пол Эрдёшийн дэвшүүлж байсан “Unit Distance Problem” буюу “Нэгж зайны бодлого”-ыг бодож чаджээ. Энэ бодлогыг 80 жилийн туршид хэн ч бодож чадаагүй байсан юм.

- Хавтгай дээр байрлуулсан n ширхэг цэгүүдийн хооронд яг нэг нэгжийн зайтай хамгийн олон хос хэд байж болох вэ гэдэг асуултад үе үеийн математикчид хариулт эрсээр ирсэн. OpenAI-ийн хиймэл оюун уламжлалт комбинаторик, геометрийн бус алгебрийн тооны онолын маш гүн ойлголтуудыг ашигласан нь маш шинэлэг, өвөрмөц арга зам байв.

- 2023 онд л гэхэд олон хиймэл оюуны системүүд энгийн математик дээр алдаа гаргаж, тооцооллын түвшинд хүртэл бүдэрч байлаа. Харин ердөө өнгөрсөн жил хиймэл оюуны системүүд Олон улсын математикийн олимпиадын алтан медалийн түвшний чадвар үзүүлж эхэлсэн. Гэтэл ганцхан жилийн дараа хүн төрөлхтний хамгийн төвөгтэй онолын сорилтуудыг шийдэж чаддаг болов.


III. И.Маск шүүхийн заргадаа ялж чадсангүй

- Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийн OpenAI-ийн эсрэг гаргасан заргыг АНУ-ын тангарагтны шүүх хэрэгсэхгүй болгож шийджээ. Тэрээр 2015 онд хамтран үүсгэн байгуулсан компаниа “хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллах анхны зорилгоосоо няцсан” хэмээн буруутгаад байсан юм.

- И.Маскийн хувьд уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдэв. Тэрээр одоогийн удирдлагууд болох С.Алтман, Г.Брокман нарыг хувийн эрх ашгаа нэгт тавьсан хэмээн буруутгасаар байгаа юм. Харин шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн хэмээн ерөнхийлөн дүгнэсэн байна.

- OpenAI-ийн хувьд 1 их наядын үнэлгээтэйгээр нээлттэй компани болохоор зэхэж буй. Уг шийдвэр тус компанийн IPO хийх явцыг хурдасгасан явдал боллоо хэмээн шинжээчид дүгнэж байна.

4 мэдүүштэй зүйл

Гэнэтийн баривчилгаа: Дэлхийн хамгийн алдартай хувцас загварын брэндүүдийн нэг Mango-г үүсгэн байгуулагч, тэрбумтан Айсак Андич 2024 оны 12-р сард гэнэтийн ослоор нас барсан юм. Тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ аялж байхдаа хадан цохионоос унасан нь осол байсан гэж мэдээлж байсан. Тэгвэл Каталонийн цагдаагийн газраас уг хэргийг хүн амины хэрэг байж болзошгүй хэмээн төрсөн хүү Жонатан Андичийг шалгаж эхэлжээ. Жонатан өдгөө Mango-ийн ТУЗ-ийн дэд даргаар ажиллаж байгаа юм.

Уурхайн дэлбэрэлт: Хятадад уурхай дэлбэрч, 82 хүн амиа алдав. Тус улсын нүүрс олборлолтын төв гэгдэх Шанси мужийн Люшеню уурхайд дэлбэрэлт болох үед 247 хүн дотор ажиллаж байсан гэнэ. Аврах ажиллагаанд 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд одоог хүртэл зарим хүмүүсийг гаргаж авч чадаагүй байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч уурхайн яндангийн хорт хийн хэмжээ хязгаараас хэтэрсэн бололтой.

Шувууны ханиад: Норвегийн судлаачид хойд туйл орчмоос үхсэн байдалтай олдсон цагаан баавгайнаас H5N5 хувилбарын шувууны ханиадны вирусыг илрүүлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий даяар 140 сая орчим амьтан шувууны ханиадны улмаас амиа алдсан гэнэ. Ялангуяа хөхтөн амьтдад энэ өвчин тархах болсон нь хүнд халдварлах эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.

Буут халдлага: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ойролцоо сарын дотор хоёр дахь удаагаа буудалцаан боллоо. 21 настай Н.Бест хэмээх эр Цагаан ордны аюулгүйн шалганы ойролцоо хэд хэдэн удаа гал нээжээ. Тусгай албаныхан түүнийг буудаж хөнөөсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайн үед Д.Трампын хувьд өөрийн хүү Трампын хуримд оролцох төлөвлөгөөгөө огцом өөрчилж, Цагаан ордонд ажиллаж байсан юм. Тэрээр Ираны талтай энхийн хэлэлцээрт бараг хүрсэн гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ хүрээнд тэрээр Арабын орны лидерүүдтэй утсаар ярьж, Израйлын талтай эцсийн нөхцлүүдийг зөвшилцөж байгаа гэв.

5 сонин хачин

1. Каннын кино фестивалийн шилдэг бүтээлд олгодог "Дал модны алтан навч" шагналыг "Fjord" хүртлээ. Энэ бол Румынийн найруулагч Кристиан Мунгиугийн хувьд Каннаас хүртэж буй хоёр дахь шагнал нь юм. Тэрээр өмнө нь 2007 онд "4 months, 3 weeks, 2 days" киногоороо шилдгээр нэрлэгдэж байжээ.

2. Астон Вилла Европа лигт түрүүллээ. Тэд Истанбулд болсон финалд Германы Фрайбург клубыг 3:0-ээр буулган авчээ. Энэ бол Астон Виллагийн хувьд 1982 оноос хойш Европын тэмцээнээс хүртэж буй анхны түрүү юм. Сонирхуулахад, дасгалжуулагч Унай Эмери уг тэмцээнд 5 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ ажээ.

3. Meta онлайн форумын бие даасан апп "Forum" нэртэйгээр гаргажээ. Reddit-тэй шууд өрсөлдөх платформ болох боломжтой уг апп нь 2017 онд анх гарсан Facebook Group-ийг бие даасан апп болгож байгаа хэрэг гэж зарим экспертүүд үзэж буй. Энэ мэдээний дараагаар Reddit-ийн хувьцааны ханш 6%-аар унажээ.

4. Хүлээлт өндөртэй зарлагдсан “Enhanced Games 2026” Лас Вегас хотноо эхэллээ. Уг тэмцээн нь тамирчдад допинг хэрэглэхийг зөвшөөрч байгаагаараа онцлогтой. Уг тэмцээнд нийт 42 тамирчин усанд сэлэлт, хүндийг өргөлт, гүйлтийн төрөлд өрсөлдөх юм. Зохион байгуулагчид хүн төрөлхтний хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг хувилбарыг энэ тэмцээнд харуулна хэмээн сурталчилж байгаа ч спортын комьюнитигийн зүгээс шударга бус өрсөлдөөнийг өдөөж байна хэмээн шүүмжилсээр байгаа билээ. Сонирхуулахад, уг компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүүгийн байгуулсан “1789 Capital” юм.

5. Ухаалаг бөгж үйлдвэрлэгч Oura нээлттэй компани болох хүсэлт гаргажээ. 2015 онд байгуулагдсан тус компани одоог хүртэл 1.5 тэрбум долларыг хөрөнгө оруулагчдаас босгосон бөгөөд хамгийн сүүлд 11 тэрбумаар үнэлэгдэж байв. Oura-ийн хамгийн алдартай төхөөрөмж болох ухаалаг бөгжийг 5.5 сая хэрэглэгч ашигладаг. Борлуулалт нь сүүлийн 2 жилд 4 дахин нэмэгдэж, технологийн салбарт цоо шинэ категорийг үүсгэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа билээ.