1 гол сэдэв
Юу болов?
Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг пуужин Starship анх удаа амжилттай хөөрлөө. SpaceX-ийн бүтээсэн энэхүү пуужин 90 минутын туршилтын нислэг үйлдэх хуваарьтай байсан ч 3 минут орчмын дараа дэлбэрсэн юм.
Гэхдээ...
Энэ бол маш том амжилт гэдгийг салбарын мэргэжилтнүүд тодотгосоор байна. 120 метрийн урттай уг пуужин 2025 онд Artemis хөтөлбөрийн хүрээнд сар луу нисгэгчид тээвэрлэж, цаашлаад Ангараг гараг луу хөөрөх төлөвлөгөөтэй байгаа. SpaceX-ийн үүсгэн байгуулагч И.Маск техникийн үзүүлэлтүүдийг дахин нягталж, дараагийн туршилтаа ойрын саруудад гүйцэтгэнэ гэдгийг мэдэгджээ.
Яагаад чухал гэж?
Нэг удаагийн нислэгээр 100 хүртэлх хүн, 100 тонн карго ачааг тээвэрлэх боломжтой уг хөлгийн хөөргөлтийн зардал ердөө 50 сая доллар. 2011 онд NASA-ийн хамгийн сүүлд ашигласан Space Shuttler-ийн нэг нислэгийн зардал 1.5 тэрбум доллар байсан гэгддэг. Энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ нэг кг сансрын ачааны өртгийг 50 долларт барих боломжтой гэсэн үг. И.Маск хэд хэдэн Starship-ийг бүтээж, жилд 1 сая тонн ачааг сансар луу тээвэрлэх, улмаар сар болон Ангараг гараг дээр байнгын станц байгуулах амбицтай байгаа билээ.

2 чухал тоо
787.500.000 - Дэлхийн хамгийн хүчирхэг медиа компаниудын нэг Fox News худал мэдээлэл түгээж, компанийн нэр хүндийг унагасныхаа төлөө 787.5 сая долларын нөхөн төлбөр төлөх боллоо. Тэд 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Dominion компанийн бүтээсэн санал авах төхөөрөмжийг Д.Трампын эсрэг ажиллаж, санал луйвардсан хэмээн мэдээлсэн юм. Энэ нь медиагийн түүхэн дэх хамгийн том нөхөн төлбөрт тооцогдохуйц үр дүн болжээ.
350.000 - Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн шинэ бүтээл "The City and Its Uncertain Walls” худалдаанд гарсан эхний гурван хоногтоо 350 мянган хувь зарагдсан байна. Цар тахлын гурван жил бичсэн энэ зохиол түүний хувьд 2017 оноос хойш гаргаж буй анхны бүтээл нь болж байгаа юм.

3 онцлох өгүүлбэр
I. Snap TikTok-ийн орон зайг эзлэхийг хүсэж байна.
- Snap жил бүрийн уламжлалт арга хэмжээ Partners Summit-аа зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол дүр нь ChatGPT дээр суурилсан My AI нэртэй чатбот нь байв. Тэд 750 сая хэрэглэгчдэдээ уг чатботыг үнэгүй ашиглах боломжийг нээж байгаа нь анхаарал татав. Энэ нь одоогийн байдлаар ChatGPT-г ашиглах хамгийн том платформ болж байна гэсэн үг.
- Уг чатбот нь хэрэглэгчдэд AR филтер санал болгож, сонирхолтой контент үзүүлэхээс гадна хувийн туслахын үүрэг гүйцэтгэх чадвартай. Цаашид Snapchat-ийн сошиал хэсгийн хамгийн гол хэсэг нь хиймэл оюун байх болно хэмээн үүсгэн байгуулагч Э.Шпигел мэдэгджээ.
- Үүнээс гадна тэд контент бүтээгчдэд орлогын шинэ эх үүсвэр нээж, урамшуулах системээ шинэчилж байгаагаа зарлав. Тэдний TikTok-той төстэй богино хэмжээний видеоны Spotlight функцийг одоогоор 350 сая хэрэглэгч ашиглаж байгаа гэнэ.
II. Apple Энэтхэгт анхны дэлгүүрээ нээлээ.
- Apple дэлхийн хамгийн том зах зээлийн нэг Энэтхэгт анхны дэлгүүрээ нээлээ. Энэ жил хүн амын тоогоороо Хятадыг гүйцэх төлөвтэй байгаа Энэтхэгийн Мумбай болон Шинэ Делид Apple Store нээгдэж байгаа нь энэ. Сонирхуулахад, хамгийн сүүлийн iPhone Энэтхэгт үйлдвэрлэгдсэн билээ.
- Apple мөн энэ долоо хоногт Goldman Sachs-тай хамтран шинэ хадгаламжийн үйлчилгээг танилцуулсан. Тэд Apple Card-тай хэрэглэгчдэд хамгийн ихдээ 250 мянган долларыг зах зээлийн ханшаас илүү буюу жилийн 4.15%-ийн хүүтэй хадгалахыг санал болгож байгаа гэнэ.
- Үүнээс гадна тэд дараагийн iOS-ийн шинэчлэлийн үеэр тэмдэглэл хөтлөх шинэ апп гаргахаар зэхэж байгааг WSJ мэдээлэв. "Jurassic" хэмээх код нэртэй хөгжүүлэгдэж буй уг апп нь хэрэглэгчдэд сэтгэл санааны байдлаа хянаж, хийх ажлын жагсаалтаа бүртгэх шинэ боломжийг олгох зорилготой юм.
III. Humane-ийн AI-д суурилсан төхөөрөмжийн демо ил боллоо.
- Apple-ийн 30 гаруй экс инженерүүдийн үүсгэн байгуулсан Humane нэртэй стартап анхны төхөөрөмжийнхөө демог танилцууллаа. TEDx-ийн тайзнаа тэд өндөр хүлээлт дор хөгжүүлж буй хиймэл оюунд суурилсан хувийн туслахын үүрэг гүйцэтгэх зүүдэг төхөөрөмжөө ил болгосон юм.
- Уг төхөөрөмж нь өдрийн туршид таны хувийн туслахын үүргийг гүйцэтгэж, шаардлагатай мэдээллүүдээр хангаж, уулзалт, имэйл, мессежийг нэгтгэн дүгнэх чадвартай. Хамгийн сонирхолтой нь уг төхөөрөмж нь ил харагдах ямар ч товчлуургүйгээр бүтээгджээ. Харин эсрэгээрээ дуу хоолой болон гарын хөдөлгөөнөөр удирдагдах аж.
- Үүнээс гадна өөрт суурилсан камер болон мэдрэгчийн туслагчтай уг төхөөрөмж нь хамгийн ойр байх дурын гадаргуу дээр дүрс үзүүлэх чадалтай байх аж. Мөн урд байгаа биетийг таньж, хэрэглэгчдээ түүнтэй холбоотой мэдээллийг илгээх чадалтай байх гэнэ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ өрсөлдөөн: АНУ-ын засаг захиргаа 6G технологийг хөгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, стратегийн төлөвлөгөө гаргаж эхэлж байгаагаа зарлалаа. Тэд 4G, 5G технологийн өрсөлдөөнд БНХАУ-д дийлдэж, тэргүүлэгчийн статусаа алдсан тул их хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтцийн дэмжлэгийг энэ чиглэлд зарцуулахад бэлэн байгаа гэнэ.
Мөс судлаач: Европын Сансрын Агентлаг Бархасбадь гарагийн хамгийн том дагуул саруудыг судлах JUICE сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө. Уг судалгааны хөлөг нь Европа, Каллисто, Ганимеде гэсэн мөсөөр бүрхэгдсэн гурван сарыг судалж, уур амьсгал орчны нарийвчилсан судалгааг хийж, амьдралын эх үүсвэрийг эрэх зорилготой юм. Гэхдээ уг хөлөг 2031 онд тус гарагийн системд нэвтэрнэ.
AI чип: Microsoft өөрсдийн гэсэн AI чипийг бүтээж, NVidia-аас хараат байдлаа багасгах амбицтай байгаа гэнэ. 2019 оноос нууц байдлаар эхэлсэн уг төслийн хүрээнд тэд өндөр өртөгтэй, AI төслүүдийг сургах хүчин чадалтай чип бүтээж байгаа юм. Тэд Open AI-тай хамтран гаргасан ChatGPT-г сургах зорилгоор нэг бүр нь 40 мянган долларын үнэтэй 30 мянга гаруй чип ашигласан гэсэн тооцоо гарсан билээ.
Үнэнийг эрэлхийлэгч: OpenAI-ийн анхны үүсгэн байгуулагчдын нэг И.Маск ChatGPT-ийн өрсөлдөгчийг бүтээнэ гэдгээ зарлалаа. TruthGPT нэртэй уг хиймэл оюун нь хүн төрөлхтнийг сүйрэл рүү хөтлөх бус харин ертөнцийн утга учрыг ойлгож, үнэнийг эрж олоход туслах эрхэм зорилготой байх гэнэ.
5 сонин хачин
1. 1981 онд хамгийн анх гарч байсан "Evil Dead" аймшгийн франчайзын тав дахь бүтээл "Evil Dead Rise" энэ долоо хоногт нээлтээ хийлээ. 10 жилийн дараа гарсан шинэ анги таамагласнаас өндөр амжилт үзүүлж, дотоодын зах зээлээс 20 сая долларын орлого олон 2-р байрт бичигдсэн байна. Нэгдүгээр байрыг "Super Mario Bros" гурав дахь долоо хоногтоо дараалан эзлэв. Тэд одоогоор 850 сая долларын орлогыг дэлхий даяар цуглуулаад байгаа юм.
2. Instagram хэрэглэгчид өөрийн профайл хэсэгтээ 5 хүртэлх линкийг хуваалцах боломжтой боллоо. Meta-ийн CEO М.Цукерберг энэ тухай зарлахдаа "хэрэглэгчдийн хамгийн их хүсэмжилдэг функцийг нэмлээ" хэмээн тодотгожээ.

3. Google хиймэл оюуны судалгааны багуудаа нэгтгэж байгаагаа зарлалаа. Тэд 2014 онд худалдан авсан Deepmind компанийг Google Brain-тэй нэгтгэж, AI-д суурилсан технологи хөгжүүлэлтээ эрчимжүүлэх зорилго тавьсан байна. Тэд хайлтын системээ бүрэн шинэчилж, Bard нэртэй хиймэл оюунтайгаа уялдуулан хөгжүүлнэ гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ.

4. HP-ийн шинээр танилцуулсан Envy x360 загвар анхны "IMAX-аар баталгаажсан" лаптоп болжээ. Энэ нь уг лаптоп IMAX-ийн стандартаар бичигдсэн өндөр чанартай видео болон аудиог тоглуулах чадвартай гэсэн үг. 15.6 инчийн дэлгэцтэй шинэ лаптопын үнэ 949 доллараас эхлэх ажээ.
5. Volkswagen нэг цэнэглэлтээр 500 км зайг туулах чадвартай ID.7 загварын цахилгаан машинаа танилцууллаа. Ирэх жил Америкийн зах зээлд нэвтрэх уг машин нь салбарын лидер Tesla-тай шууд өрсөлдөх зорилготой. VW-ийн хувьд 2030 он хүртэл 200 тэрбум долларыг цахилгаан хөдөлгүүрт зориулах болсноо зарлаад байгаа юм.
10 унших мэдээ
Ойлгох: Суданд юу болж байна вэ? /Al Jazeera/
Тоглох: Шатрын дэлхийн аваргын скандал үргэлжилсээр /Reuters/
Мэдэх: Meta-ийн цомхотгол цаашид ч үргэлжилнэ /WSJ/
Гуниглах: Buzzfeed News-ийн төгсгөл /Semafor/
Гайхах: Хөлсний алуурчин хэрэгтэй юу? /Washington Post/
Сонсох: Blackpink Coachella-ийн түүхийг бүтээсэн нь /Guardian/
Анхаарах: AI Drake-ийн шуугиан /Morning Brew/
Тэмдэглэх: Эх дэлхийн өдрийн амжилтууд /Vox/
Бахдах: Wrexham-ийн сэтгэл хөдөлгөм амжилтын түүх /The Athletic/

Сэтгэгдэл бичих

