Олон нийтийн сүлжээнд баталгаажсан тэмдэгтэй хүн харвал хүндлэх, атаархах, сонирхох, сүрдэх мэдрэмжүүд хослон төрдөг. Ер нь ийм тэмдэгтэй л бол “чухал хүн” гэх дүрслэл толгойд буудаг билээ. Угаас энэхүү тэмдгийн анхны зорилго нь тухайн хаягийн ард үнэхээр л чухал хүн бий шүү гэдгийг таниулж, батлах байсан. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн Твиттерт мөнгө төлөөд тэмдэг авч, “чухал хүн” болох боломжтой болсон нь олон сонирхолтой асуудлыг дагуулав. Цэнхэр тэмдгийн цаашид хэрхэх, ирээдүйд бид интернэт орчинд хэрхэн өөрсдийгөө батлах талаар уншигч та өөрийн дүгнэлтээ хийж, таамгаа дэвшүүлээрэй. 

ҮЛГЭР ЭХЛЭВ

Үүсгэн байгуулагдаад гурван жилийн нүүрийг үзэж байсан Твиттерийн нөлөө бүхий хэрэглэгчид өөрсдийнх нь нэрийг барьсан, хуурамч хаягуудаас болж Твиттерийг ширүүхэн шүүмжилж эхлэв. Тэдний зарим нь шүүхэд хүртэл өгч байлаа. Энэ үед Твиттер нэгэн мэргэн арга бодож олсон нь өнөөдрийн бидний ярих сэдэв болох цэнхэр тэмдэг юм. Ийнхүү тэд 2009 оны 6-р сард Verified Accounts Beta буюу хаягуудыг баталгаажуулж, цэнхэр тэмдэг олгох ажлаа туршиж эхэлсэн түүхтэй.

ОД БОЛОХ ХҮСЛЭН

Твиттер хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам, энэхүү цэнхэр тэмдэг одон, медаль мэт шүтэгдэж, тухайн хэрэглэгчийн зэрэг зиндаа, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэмж болов. Цэнхэр тэмдэгтийг олгож эхлэх үед 15 сая гаруй хэрэглэгчтэй байсан уг олон нийтийн сүлжээ 2016 он гэхэд 300 сая орчим хүний хэрэглээ болсон байлаа. Энэ хугацаанд цэнхэр тэмдгийг хэрэглэгчдэд Твиттерээс сонгож өгдөг байсан бөгөөд 2016 оны сүүлээр нээлттэй хүсэлт авч эхэлсэн ч хэт өндөр ачааллаас болж хэдхэн сарын дараа хаасан юм.

ёндоо

Түүнээс дөрвөн жилийн дараа буюу 2021 онд баталгаажсан цэнхэр тэмдгийн журмаа илүү боловсруулж , хүссэн хэрэглэгч “азаа үзэх” боломжтой болов. Ийнхүү улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, энтертайнмент, спорт, нийгэм гэсэн ерөнхий зургаан салбарын нөлөө бүхий хувь хүн болон албан байгууллагууд тодорхой шалгууруудыг ханган цэнхэр тэмдэгтэй болж эхэллээ.

ШИНЭ ЭЗЭН 

Твиттер гэлтгүй интернэтийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж, 2022 оны 10-р сард Элон Маск Твиттерийг тэр чигт нь худалдаж авав. Уг арилжааны нийт үнийн дүн болох 44 тэрбум ам.долларын гуравны нэгийг нь банкнаас зээлсэн гэх албан бус мэдээлэл бий. Түүнээс гадна Твиттер өнгөрсөн арван жилийн ердөө хоёрхон жил нь ашигтай ажилласан учир шинэхэн эзний гол үүрэг нь богино хугацаанд хангалттай их мөнгө олох байх нь гарцаагүй. Уг таамаг биеллээ олж Элон Маск эхний өдрөөсөө л ажилчдаа цомхотгож эхэлснийг бид бүхэн сайн мэднэ. Зөвхөн зардлаа хэмнэх нь хангалтгүй гэж үзэн, эцсийн хэрэглэгчдээс орлого олох нэг арга олсон нь 10 гаруй жилийн түүхт, зэрэг зиндааны илэрхийлэл болсон цэнхэр тэмдгийг зарах байв.

МӨНГӨ, МӨНГӨ БАС ДАХИН МӨНГӨ

Ийнхүү 2022 оны сүүлээр хэвлэл мэдээллээр цэнхэр тэмдэг сарын 20 ам.долларын үнэтэй байна гэсэн мэдээлэл гарах үед нэг талд өргөдлөө хэдэн зуун удаан илгээсэн ч амжилт үл олсон хэрэглэгчид баярлаж, нөгөө талд гуйж биш гуядаж авсан алдартнууд эсэргүүцсэн юм. Тэдний дунд алдарт зохиолч Стивен Кинг байлаа. Тэрээр “20 ам.доллар бол байж боломжгүй өндөр дүн. Надаас мөнгө авах биш тэд надад мөнгө төлөх ёстой” гэсэн утга бүхий жиргээ нийтэлсэн нь олон хүний дэмжлэгийг авсан. Харин түүний хариуд Элон Маск “Бид төлбөрөө төлөх хэрэгтэй байна шүү дээ. Зар сурталчилгааны орлогодоо үргэлж найдах боломжгүй. Сарын 8 ам.доллар байвал яаж байна?” хэмээн жиргэв.

хүн бүрд тэмдэг

Тун удалгүй Элон Маскийн жиргээ биеллээ олж, түүний хэлснээр “Цэнхэр тэмдэгтэй эсэхээсээ хамаарч Твиттерт хаан эсвэл харц болдог систем” үгүй болсон юм. Тодруулбал, хүссэн хэрэглэгч Тwitter Blue нэрийн дор сарын 7.99 ам.доллар төлснөөр илүү олон тэмдэгт текст бичих, оруулсан текстээ засах, илүү урт бөгөөд чанартай дүрс бичлэг оруулах хамгийн гол нь алдарт цэнхэр тэмдгийг авах боломжтой болов.

ХОЁР ИРТЭЙ ХУТГА

Ийнхүү хэрэглэгчид олон жил мөрөөдсөн цэнхэр тэмдгээ сарын хураамж төлөөд авах боломж бүрдлээ. Гэхдээ нарийн шалгуурын дагуу өгдөг, жинхэнэ хаягийг хуурамч хаягаас ялгах үүрэгтэй байсан цэнхэр тэмдгийг хүссэн хүн нь авч эхлэх үед томоохон асуудлууд урган гарав. Жишээлбэл, Америкийн тэргүүлэх эмийн компани болох Eli Lilly-ийн хаягийг хэн нэгэн хуурамчаар нээж, сарын 8 ам.доллар төлөн цэнхэр тэмдэгтэй болгоод “Инсулин үнэгүй боллоо” гэж жиргэсэн нь тус компанийн үнэлгээг шөнийн дотор 10 тэрбум ам.доллароор унагасан юм. Уг үйл явдал зөвхөн тус компанийн үнэлгээнээс гадна бизнесийн байгууллагуудын Твиттерт итгэх итгэлийг алдуулж, улмаар зар сурталчилгааны орлогод ч сөргөөр нөлөөлөх аюул дагуулав.

бүр их мөнгө

Үүний эсрэг Твиттерийн бодож олсон мэргэн санаа бол төлбөр төлөөд авч болох цэнхэр тэмдгээс гадна байгууллагын хаягуудад зориулсан алтлаг, засгийн газрын хаягуудад зориулсан саарал тэмдэг байв. Одоогоор саарал тэмдэг үнэгүй, цэнхэр тэмдэг сарын 8 ам.доллар бол алтлаг тэмдэг сарын 1000 ам.долларын үнэтэй байна. Цэнхэр тэмдэгт мөнгө төлөхөд нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь дургүйцэж байсан шиг бизнесийн байгууллагууд ч сарын 1000 ам.доллар төлөх эсэх дээр хоёр хуваагдаад байгаа юм.

эзний тушаал

Гэхдээ Твиттерийн зүгээс платформ дээр нь хамгийн өндөр дүнтэй зар сурталчилгаа явуулсан шилдэг 500 болон хамгийн олон дагагчтай 10,000 хаягаас төлбөр авахгүй байх өндөр магадлалтай байгаа гэнэ. Элон Маск хэдхэн хоногийн өмнө уг жагсаалтад багтаагүйн дээр төлбөр төлөх хүсэлгүй байгаа The New York Times-ийн 55 сая дагагчтай хаягийн цэнхэр тэмдгийг хэдхэн минутын дотор устгаж сүр хүчийг үзүүлсэн билээ.

УСТГАЛ АЙСУЙ

Баталгаажсан тэмдэг бүрийг үнэтэй болгох төлөвлөгөөний хүрээнд 2022 оноос өмнө цэнхэр тэмдэг авсан хаягуудын тэмдгийг 4/20-ны (Элон аргагүй л марзан нөхөр шүү) өдөр хураах бөгөөд түүнээс өмнө нэг бол сарын 8 ам.доллар төлж цэнхэр, үгүй бол 1000 ам.доллар төлж алтлаг тэмдэг авснаар Твиттер дээр “хаан” хэвээр үлдэх боломжтой. Баталгаажсан тэмдэгтэй хаягууд зөвхөн гоё харагдаад зогсохгүй Твиттерийн алгоритмд дээгүүр байр эзлэхээс эхлээд олон давуу талтай байх юм.

Уншигч танд Твиттерт мөнгө төлж, цэнхэр тэмдэгтэй болно гэдэг ямар сонсогдож байна вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.