1 гол сэдэв

Time сэтгүүл уламжлал ёсоор 2020 оны онцлох дүр, үйл явдал, хүмүүсийг нэрлэлээ.

Хэн болов?

2020 оны онцлох хүнээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад буй Ж.Байден болон түүний хамтрагч К.Харрис нар тодорлоо. 1927 оноос хойш тодруулж буй оны онцлох хүнээр сонгуульд ялсан эрхэм тодорч буй 9 дэх тохиолдол нь энэ болжээ.

Хэн хэн өрсөлдөв?

Мэдээж түүнтэй сонгуульд өрсөлдсөн, одоогийн ерөнхийлөгч Д.Трамп гол өрсөлдөөнийг үзүүлсэн нь тодорхой. Мөн коронавирусын эсрэг тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарны ажилчид, тэгш байдлын төлөө тэмцсэн жагсагчид нарыг эцсийн шатанд тунаж үлдсэнийг Time онцолжээ.

Өөр юу болов?

Үүнээс гадна Time хэд хэдэн шагналыг олгож байгаагаа зарласан. Солонгосын BTS хамтлаг 2020 оны энтертэйнмент салбарын онцлох дүр болсон нь тэмдэглүүштэй байв. Тэднийг хариуцдаг энтертэйнмент компани нь 7.5 тэрбум долларын үнэлгээтэй IPO хийж, шинэ цомог, шинэ сингль нь рекорд амжилтуудыг ээлж дараалан эвдснийг тэд ийн үнэлжээ. Харин NBA-ийн супер од Леброн Жэймс спортын салбарын онцлохоор тодорсон байна. Тэрээр Лос Анжелесийн хамт лигт түрүүлж, гурав дахь багтайгаа аварга авсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.

Онцлох: "Huawei AppGallery" Монгол апп-ууд нэмэгдлээ

Юу болов?

Дэлхийд гуравдугаарт тооцогдох аппликэйшний платформ болох "Huawei AppGallery"-д монгол аппликэйшнүүд нэмэгджээ. AppGallery дэлхий даяар 170 гаруй улсад 470 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй билээ.

Хэрхэн нэгддэг вэ?

Шинэ аппликэйшнүүдийг үндсэн хоёр шатлал, хамгаалалтын дөрвөн механизмаар шалгасны эцэст "App Gallery" санд хүлээн авдаг. Дөрвөн шатлалт хяналтын механизм нь тухайн апп вирус болон гаднын аюултай биетээс хамгаалалттай эсэхийг шалгаж, хэрэглээний аюулгүй байдлыг тодорхойлж, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хамгаалж чадах эсэхийг тодруулж, гарын авлага нь бүрэн эсэхийг шалгасны эцэст нэвтрүүлдэг иж бүрэн тогтолцоо юм.

Ямар апп-ууд нэмэгдэв?

Төлбөр тооцоо, харилцаа холбоо, энтертэйнмент хэрэглээний хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн дэвшилтэт аппликэйшнүүд AppGallery-д нэгдэн оржээ. Та доорх зургаас эсвэл үүгээр дамжин дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2 чухал тоо

8848.86: Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн оргилын өндрийг Непал болон Хятадын судлаачдын хамтарсан баг ахин хэмжиж, 8848.86 метр хэмээн эцэслэн баталлаа. Энэ нь өмнөх албан ёсны тоооцооллоос метр хүрэхгүй өндөр үзүүлэлт юм. 2005 онд Хятадын судлаачид Эверестийн өндрийг 8844 метр гэж зарласан нь 2 улсын хооронд өдийг хүртэл үргэлжилсэн маргааныг үүсгээд байсан билээ.

300.000.000: Universal Music Group алдарт дуучин Боб Диланы 600 гаруй дууг багтаасан каталогийг 300 сая доллараар худалдан авлаа. Энэ нь хөгжмийн ертөнцөд нэг артистын уран бүтээл хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болов. Өдгөө 79 настай Дилан 2017 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар тодорч байсан билээ.

3 онцлох өгүүлбэр

I. 2020 оны хамгийн өндөр хүлээлттэй стартапууд IPO хийлээ.

- Цахиурын хөндийн хамгийн "хайртай" стартапууд болох Doordash, Airbnb нээлттэй компани боллоо. Үүнийг цар тахалтай холбоотой хөрөнгө оруулагчдын идэвх суларч байсан үед итгэл найдвар өгөхүйц үйл явдал болж байна хэмээн экспертүүд онцолж байгаа юм.

- Хоол хүргэлтийн стартап DoorDash-ийн нэгж хувьцааны үнэлгээ эхний өдрөө 86%-аас өсөж, нийт 3.4 тэрбумыг босголоо. Тэдний зах зээлийн үнэлгээ нь 72 тэрбум доллар болсон нь Domino's, Chipotile-ийг нийлүүлснээс ч их гэсэн үг юм.

- Өрөө түрээсийн стартап Airbnb-ийн хувьцааны үнэ ч 113% нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумд хүрлээ. Энэ нь Expedia, Marriot-ийг нийлүүлснээс ч их гэсэн үг. Тэдний IPO аялал жуулчлалын салбар бараг тэг зогсолт хийж байгаа үетэй давцхаж байгаа гэдгээрээ онцлог.


II. Disney ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулж, шинэ кино, цувралуудаа зарлалаа.

- Хөрөнгө оруулагчдад зориулсан илтгэлийнхээ үеэр Disney 100 шинэ бүтээлийг зарласан нь ирэх жилүүдэд контентын зах зээлийг манлайлах амбицаа бүрэн илтгэв. Энэ үеэрээ тэд өнгөрсөн долоо хоногт WarnerMedia-ийн гаргасан шиг стриминг, кино театрын цацалтыг зэрэг болгох төлөвлөгөөгүй байгаагаа баталжээ.

- Тэд аль хэдийн 86 сая хэрэглэгчтэй болсон "Disney+"-д зориулан Marvel, Pixar, Star Wars-ийн үндсэн түүхээс улбаалсан оригинал контент хийх болсон нь анхаарал татав. "Marvel"-аас "Loki", "Wandavision", "The Falcon and Winter Soldier"-ийг, Star Wars-аас "Andor", "Ahsoka", "New Republic-ийг онцолъё.

- 2024 он гэхэд ашигтай ажиллах зорилготой тэд тэр хүртэл зөвхөн оригинал контентод 9 тэрбум доллар зарцуулна гэнэ. Энэ жилээс эхлэн Европ, Азийн зарим бүс нутагт нээлтээ хийх Disney+ зарим оронд Star нэрийн дор байрших ажээ.

- Контентын асар их сантай Disney өмнөх хитүүдээ "мөлжиж" контент хийх болсон нь санамсаргүй хэрэг биш. Зөвхөн анимэйшн дээр л гэхэд "Big Hero 6"-ээс "Baymax", "Toy Story"-оос "Buzzlighter", "Zootopia"-аас "Zootopia Plus", "Moana"-ийн мюзикал зэрэг шинэ контентүүд гарах болжээ.


III. Америкийн прокурорууд Facebook-ийг "салгах" асуудлаар зарга үүсгэлээ.

- АНУ-ын 48 мужийн прокурор нийлэн Facebook-ийг шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн хэмээн зарга үүсгэж байгаагаа зарлалаа. Энэ нь сүүлийн жилүүдэд технологийн компаниуд руу чиглэсэн хуулийн маргаанаас цар хүрээ, ач холбогдлоороо хамгийн томд тооцогдохуйц болж байна.

- Тэд Facebook-ийг зах зээл дэх монопол шинж чанараа ашиглан, жижиг стартап компаниудыг худалдан авах, шахан гаргах үйлдлийг гаргасаар ирсэн хэмээн гомдоллож буй. Instagram, Whatsapp-ийг худалдаж авсан нь үүний гол жишээ хэмээн үзэж байгаа гэнэ.

- Хууль сахиулагчдын гол санал нь Facebook-ийг албан шахалтаар хувааж, Instagram, Whatsapp-ийг тусад нь салгах. Чухам ийм хэрэг Microsoft-д үүсэж, веб хөтөчтэй холбоотой асуудлаар "зууны" гэх тодотголтой шүүх ажиллагаа явуулж байсан билээ.

4 мэдүүштэй зүйл

Усан гараг: Бархасбадь болон Ангараг гарагийн дунд орших "Серес" нэртэй одой гарагт ус агуулагдаж байгааг NASA-ийн эрдэмтэд тогтоожээ. Техас мужтэй дүйцэхүйц хэмжээтэй тус гарагийг 20 орчим сая жилийн өмнө солир мөргөж, улмаар өнөөгийн орчин үүсэх нөхцөл бүрэлдсэн байж болзошгүй хэмээн тэд үзэж байгаа гэнэ. NASA тус одой гараг руу 1 тэрбум долларын өртөгтэй судалгааны хөлөг илгээх бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ.

Баяртай, Uber: Uber энэ долоо хоногт агаарын такси болон автомат удирдлагатай машины бизнесээс гарч байгаагаа мэдэгдлээ. Тэд нислэгийн технологио Joby Aviation-д, жолоочгүй машины нэгжээ Aurora-д тус тус зарснаас гадна өөрсдөө нэмж хөрөнгө оруулан, урт хугацааны түншлэл үүсгэх болжээ.

Шинэ нэгдэл: Google, Dell, Intel тэргүүтэй IT-ийн салбарын гигантууд үүлэн технологийн стандарт, аюулгүй ажиллагааг хангах чиглэлд ажиллах "The Modern Computing Alliance" нэртэй нэгдлийг үүсгэлээ. Уг нэгдэл нь үйл ажиллагаа, аюулгүй байдал, бүтээмж, эрүүл мэнд гэсэн дөрвөн үндсэн асуудал руу төвлөрөх ажээ.

Гурван дугуйт: Aptera Motors нарны эрчим хүчээр ажиллах, "цэнэглэх шаардлагагүй" шинэ загварын машинаа танилцууллаа. 2005 онд байгуулагдаж, гурван дугуйт өвөрмөц загвараараа шуугиулж байсан тус стартап 2011 онд дампуурч байсан түүхтэй. Гэхдээ тэд энэ удаад 180 км/цаг хурдлах чадалтай, 5,5 секундэд 100 км/цагт хүрэх, их бие нь нарны хавтан бүхий загвартай эргэн ирсэн нь энэ юм. 2021 оны эцсээр худалдаанд гарах уг машины үндсэн үнэ 25 мянган доллараас эхлэх гэнэ.

5 сонин хачин

1. Олон Улсын Олимпийн Хороо 2024 оны зуны наадмын хөтөлбөрийг баталлаа. Парист явагдах 33-р наадмын хөтөлбөрт бүжгийн спорт /breakdance/, сюрфинг, скэйтборд, спорт авиралтын төрлүүд албан ёсоор багтжээ. Энэхүү шийдвэр нь Олимпийн наадамд шинэ үеийн залуучуудын анхаарлыг татах шууд зорилготой. Уг наадамд 10 мянга гаруй тамирчид 32 спортын төрөлд 329 багц медалийн төлөө хүч сорих билээ.

2. Данийн нэрт жүжигчин М.Миккелсений тоглосон "Another Round" 2020 оны Европын Кино Фестивалийн шилдгээр тодорлоо. Уг бүтээл шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг зохиол гэсэн гол төрлүүдэд ч мөн ялалт байгуулжээ. 33 дахь удаагийн наадмаас "Corpus Christi", "Martin Eden" кинонууд тус бүр 4 шагнал хүртжээ.

3. Pantone институт жил бүрийн тренд өнгийг зарладаг уламжлалтай. Тэд 2021 онд шар болон саарал өнгийг сонгожээ. Энэ нь цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдаж, итгэл найдвар, гуниг гансралыг илэрхийлнэ хэмээн тайлбарласан байна.

4. Домогт боксчин Ф.Мэйвэдэр болон Youtube-ийн од Л.Пол нарын тулаан 2021 оны 2-р сард товлогдлоо. Өдгөө 43 настай Ф.Мэйвэдэр карьертаа нэг ч ялагдал амсаагүй нэгэн бөгөөд 2017 онд UFC-ийн од К.Мкгрегорыг буулган авсан юм. Харин дуулиан, шуугиант үйлдлүүдээрээ зартай Л.Пол хамгийн сүүлд NBA-ийн Н.Робинсоныг ялсан билээ. Fanmio платформаар цацагдах тулааны үнэ 25-70 доллар байх гэнэ.

5. Hyundai робот бүтээгч Boston Dynamics-ийг худалдан авлаа. MIT-аас эхлэлтэй тус компанийг SoftBank эзэмшиж байсан бөгөөд 1.1 тэрбум долларын үнэ хүрсэн байна. Atlas, Spot зэрэг нэрд гарсан үсэрдэг, гүйдэг, уян хатан хөдөлгөөн бүхий роботын технологийн тусламжтайгаар Hyundai үйлчилгээ, ложистикийн салбарт тэсрэлт хийх зорилготой байгаа гэнэ.

10 уншууртай мэдээ

Тоглох: The Game Awards 2020-ийн онцлох тоглоомууд /Polygon/

Дурсах: Wi-Fi-г бүтээгч Н.Абрамсон таалал төгслөө /NYTimes/

Үзэх: 2020 оны шилдэг кинонууд /Variety/

Сонирхох: Математик мэндэлсэн номын сангийн эрэлд /BBC/

Унших: Goodreads-ийн уншигчдын 2020 оны сонголт /Goodreads/

Сөхөх: Цар тахлыг гэрэл зургийн дуранд /AP/

Гайхах: Хятад квант компьютер бүтээжээ /Wired/

Зочлох: 2021 оны Давосын чуулга уулзалт Сингапурт явагдана /Reuters/

Турших: 549 долларын үнэтэй Apple-ийн чихэвч /The Verge/

Мэдэх: Вакцинтай холбоотой буруудаж болох 9 зүйл /Vox/