1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн такси дуудлагын салбарын тэргүүлэгч Uber түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийх хэлцлийг эхлүүлжээ. Тэд дэлхийн дөрөв дэх том аяллын захиалгын платформ Expedia-г 20 тэрбум доллараар худалдан авах хүсэлтэй байгаа гэнэ.
Яагаад?
Uber-ийн хувьд Хятадын WeChat-тай ижил супер апп болох амбицтай. Тэд зөвхөн такси дуудлагаас гадна хоол хүргэлт, усан онгоц захиалга, тээвэр ложистик зэрэг олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг. Саяхан онгоцны буудал руу унаа захиалах шинэ үйлчилгээгээ зарласан Uber-ийн хувьд Expedia-ийн аялал, зочид буудал, онгоцны тасалбар захиалгын платформыг апп дээрээ нэмэх сонирхол өндөр. Энэ хэлцэл амжилттай болбол Expedia-ийн бүрэлдэхүүнд багтдаг Vrbo, Hotels.com, Orbitz зэрэг платформууд ч Uber-ийн нэг хэсэг болно гэсэн үг.
Тэгээд?
Өөр нэг онцлох зүйл нь Uber-ийн CEO Дара Хасровшахи 2005 оноос хойш 12 жилийн хугацаанд Expedia-г удирдаж байсан нь юм. Тиймээс хоёр компанийн соёлыг нэгтгэх, бизнес загварчлалыг тохируулахад төдийлэн асуудал гарахгүй хэмээн экспертүүд үзэж буй. Uber-ийн хувьд сүүлийн 12 сарын хугацаанд үнэлгээ нь 85%-аар нэмэгдэж, өнгөрсөн хоёрдугаар сард анх удаа ашигтай тайланг танилцуулсан билээ.
2 чухал тоо
2712 - Пүрэв гарагт нэг унц алтны үнэ 2712 долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэв. Он гарснаас хойш алтны үнэ 30 гаруй хувиар нэмэгдэхэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдал, дэлхийн геополитикийн эрсдлүүд хамгийн их нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.
138 - AI-ийн тэсрэлтийн нөлөөгөөр үнэлгээ нь тасралтгүй нэмэгдэж буй NVidia-ийн хувьцааны үнэ 138 долларт хүрсэн нь рекорд амжилт болжээ. Энэ бол 2023 оны эхтэй харьцуулахад 9 дахин өссөн үзүүлэлт. Хиймэл оюуны чипний зах зээлийн 90 гаруй хувийг дангаар нийлүүлж буй тус компанийн үнэлгээ одоогоор 3.4 их наяд доллартай тэнцүү байгаа нь зөвхөн Apple-ийн ард бичигдэх дүн билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Starship түүхэн туршилт гүйцэтгэлээ
- Хүн төрөлхтнийг Ангараг гараг луу тээвэрлэх учиртай “Starship” тав дахь туршилтаа амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаагийн туршилтын гол онцлог нь “Super Heavy” зөөгч пуужингийн хүчлүүрийг хөөргөх тавцан руу доошлон буух үед нь тусгай хавчаараар “барьж авч” чадсан нь байлаа.
- Өмнө нь пуужингийн хүчлүүр нь Starship хөлгийг тойрог замд гаргасны дараа хяналтаа алдаж, голцуу далайд унадаг байсан юм.
- Spacex-ийн пуужин 2 хэсгээс бүтдэг. Дээд хэсэг нь “Starship” хөлөг, доод хэсэг нь “Super Heavy” хүчлүүр. Нэрнээс нь ойлгож болохчлон уг хүчлүүр асар хүнд. Харин Spacex энэ хүчлүүрийг дахин ашиглахын тулд агаарт барьж авах галзуу даалгаврыг биелүүлэх шаардлагатай байсан билээ.
II. Нобелийн эдийн засгийн шагналтнууд тодорлоо
- АНУ-ын эдийн засагчид болох Д.Асемоглу, Ж.Робинсон, С.Жонсон нар “институт хэрхэн бий болж, хөгжил цэцэглэлтэнд хэрхэн нөлөөлдгийг судалсныхаа төлөө” Нобелийн шагналын эзэд болжээ.
- Тэдэнтэй Монголын уншигчид “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” номыг бичсэнээр нь эчнээ танилцсан билээ.
- Сонирхуулахад, эдийн засгийн салбар А.Нобелийн анхны гэрээслэлд багтаагүй гэдэг. Улмаар 1969 оноос хойш Шведийн төв банкнаас санаачлан энэ салбарт шагнал гардуулах болжээ.
III. Анхны өнгөт Kindle худалдаанд гарлаа
- Amazon ном уншигчдын хамгийн дуртай төхөөрөмжүүдийн нэг Kindle-ийн гурван шинэ загварыг танилцууллаа. Эдгээрээс анхны өнгөт Kindle олны анхаарлын төвд шууд оров.
- Colorsoft нэртэй уг загвар нь 8 долоо хоног цэнэгээ барихаас гадна утасгүй цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Мөн өнгөөр тэмдэглэгээ хийх боломжтой гэнэ. Үнийн хувьд 279 доллараас эхлэнэ.
- Харин Scribe нэртэй загвар нь яг л дэвтэр дээр бичиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ гэдгээрээ давуу талтай. Уг загвар 399 долларын үнэтэй зарагдана. Харин классик Paperwhite-ийн хувьд илүү тод, том дэлгэцтэй болжээ.
САНАЛ БОЛГОХ: Kindle-үүд шинэчлэгдэв
Unread
4 мэдүүштэй зүйл
Шинэ хувцас: Дэлхийн хувцас загварын хамгийн алдартай брэндүүдийн нэг Prada 2026 онд сарыг зорих сансрын нисгэгчдийн хувцсыг танилцууллаа. Тэд NASA-ийн захиалгаар “Axiom Space”-тэй хамтран ажилласан бөгөөд шинэ загвартаа зөвхөн өндөр технологийг шингээгээд зогсохгүй гоо зүйг хослуулсан хэмээн онцолжээ.
Амьдрал эрэгч: NASA-ийн мягмар гарагт хөөргөсөн “Europa Clipper” хөлөг тус гарагийн дагуул гурван тэрбум км замыг туулсаар 2030 онд Бархасбадь гарагийн тойрог замд орох хуваарьтай. Улмаар тус гарагийн дөрөв дэх том дагуул Европаг нарийвчлан судалж, мөсөөр хучигдсан гадаргуун дор амьдрах таатай орчин нөхцөл байгаа эсэхийг шинжлэх юм. Сонирхуулахад, Europa Clipper нь сагсны талбайгаас ялимгүй том хэмжээтэй, зургаан тонн жинтэй, нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж юм.
Цөмийн станц: Amazon Виржиниад байрлах Dominion Energy компанитай хамтран цөмийн цахилгаан станц байгуулах гэрээ байгуулжээ. Тэд үүлэн технологи болон хиймэл оюун хөгжүүлэлтэд зориулсан дата төвийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилгоор 500 сая долларын хөрөнгө оруулалтыг энэ төсөлд хийнэ гэнэ. Үүнээс өмнө Microsoft, Google цөмийн станц ашиглах төслийг эхлүүлээд байсан билээ.
Шинэ төсөл: Саудын Арабын засгийн газраас 2045 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй супер мега-төслүүдийн нэг Neom-ийн хэрэгжилтийн явцын талаар мэдээллээ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд дэлхийн нийт гангийн нийлүүлэлтийн 20%-ийг дангаараа ашиглаж байгаа нь онцлох мэдээ байлаа. Энэ нь дэлхийн ложистикийн сүлжээний 5% нь дангаараа энэ төсөлд ашиглагдаж байгаа гэсэн үг юм. 160 км урттай супер ухаалаг хотыг бүтээхэд тэд 1.5 их наяд доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа билээ.
5 сонин хачин
1. Paramount-ийн бүтээл “Smile 2” дотоодын зах зээлээс 10 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. 2 жилийн өмнө гарч байсан эхний анги нь нийт 105 сая долларын орлого олж байсныг давуулах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. 28 сая долларын өртөгтэй бүтээгдсэн уг кино ирэх өдрүүдэд тохиох Сүнсний баярын гол үзвэр байх төлөвтэй байгаа юм.
2. iPad Mini-ийн шинэ загвар худалдаанд гарлаа. Apple 2021 оноос хойш жижиг хэмжээтэй таблетаа шинэчлээгүй байсан. Тэгвэл дөрвөн өнгөний сонголттой гарах шинэ загварын “iPad Mini” нь “A17 Pro” чиптэй болсноор үзүүлэлтийн хувьд илт хүчирхэгжсэн байна. Мөн “Apple Intelligence” буюу хиймэл оюуны функцтэй болсон нь онцлохуйц байлаа. Тус загварын эхлэх үнэ 499 доллар байх гэнэ.
3. Ferrari хамгийн үнэтэй машинаа танилцууллаа. Энэ бол тэдний хувьд сүүлийн 11 жилд гаргасан хамгийн анхны тансаг зэрэглэлийн машин болж байгаагаараа онцлогтой. 3.9 сая долларын үнэтэй F80 загварыг тэд ердөө 799 ширхэг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэнэ. 1200 морины чадалтай, V6 хайбрид хөдөлгүүртэй уг машин 350 км/цаг хурдах чадалтай юм.
4. Европын хамгийн баян эрхэм Б.Арно Францын лигийн Paris FC клубыг худалдан авахаар зэхэж байна. Хөлбөмбөгийн ертөнцийг доргиох энэ хэлцэлд Red Bull групп мөн оролцож, бага хэмжээний хувьцаа эзэмшигч болох бололтой. Нийт 200 гаруй тэрбумын хөрөнгөтэй, тансаг зэрэглэлийн барааны зах зээлд тэргүүлэгч брэндүүдийг эзэмшигч тэрээр саяхан хэвлэлийн зах зээлд нэвтэрч, Paris Match нэртэй сэтгүүлийг худалдан авсан билээ.
5. X-ийн блок функц шинэчлэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдэд өмнө блок хийсэн аккоунтын постууд харагддаг болж эхэлсэн. Зөвхөн лайк дарах, коммент бичих, цааш хуваалцах функцүүд ажиллахгүй гэсэн үг. Энэ нь сошиал медиагийн тогтсон журмыг эвдсэн, уламжлалт бус шийдвэр болж хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна. Улмаар X-ийн алтернатив платформ BlueSky нэг өдрийн дотор 500 мянган шинэ хэрэглэгчтэй болжээ.
Сэтгэгдэл бичих