Урд шөнө Amazon цахим ном уншигч Kindle-ийнхээ гурван загварыг шинэчилж, нэг загвар шинээр танилцуулжээ. Номын хорхойтнууддаа зориулан эдгээрийг товч танилцуулъя. Баярын өдрүүд ойртож байгаа юм чинь өөрийгөө нэг баярлуулахад буруудахгүй бизээ.

Анхны өнгөт Kindle - Colorsoft
Цахим ном уншигчдын хувьд энэ жил “өнгөт” жил байв. Учир нь Kobo дөрөвдүгээр сард Libra Colour нэртэй хувилбартаа, reMarkable есдүгээр сард Paper Pro нэртэй хувилбартаа тус тус өнгөт дэлгэц нэмсэн юм. Ийнхүү өчигдөр салбарын үнэмлэхгүй аварга Amazon компани Kindle Colorsoft нэртэй, Kindle Paperwhite шиг харагдах ч олон төрлийн өнгө ялгаруулдаг загвараа танилцуулав.

Утасгүй цэнэглэх боломж, 8 долоо хоног хүртэл ажиллах батарей, усны хамгаалалттай уг Kindle комик ном уншигчдаас эхлээд уншиж буй материал дээрээ өнгөт тэмдэглэл (highlight) хийхийг хүссэн хэн бүхэнд таалагдах нь лав. Энэхүү загвар 279.99 долларын үнэтэй бөгөөд 10-р сарын 30-наас эхлэн захиалагчдын гарт хүрэх юм байна.

Дэвтэр мэт Kindle - Scribe
Amazon хоёр жилийн өмнө дээр нь бичиж, зурж болдог Scribe загвараа танилцуулсан нь багагүй амжилттай байв. Scribe-ийн нийт хэрэглэгчдийн 60 хувь нь уг загварыг оффис дээрээ, ажлын зориулалтаар ашигладаг гэсэн тоо ч бий.
Хамгийн үнэтэй, хамгийн том хэмжээний Scribe ийнхүү шинэчлэгдэж, хүрээ нь цагаан өнгөтэй болсон нь цаасан дэвтэр шиг мэдрэмж төрүүлэх гэж оролдож буйтай нь холбоотой. Мөн дагалдан ирдэг үзэгийн үзүүр болон арилгах хэсгийг нь сайжруулснаар яг л бодит цаасан дээр бичиж мөн арилгаж буй мэдрэмжийг төрүүлнэ гэв.

Active Canvas хэмээх функцийн ачаар уншиж байгаа материал дээрээ бичсэн зүйлс тухайн хуудасны “нэг хэсэг” болж, үндсэн текст таны бичсэн зүйл “зай гаргаж” өгөх юм. Мөн хиймэл оюун ухаан ашиглан бичсэн зүйлсийг хураангуйлах, цэгцлэх, бичмэл фонт руу хувиргах зэрэг боломжууд нэмэгджээ.
Энэхүү загвар 399.99 долларын үнэтэй бөгөөд 12-р сарын 4-нөөс эхлэн захиалагчдын гарт хүрнэ.

Хамгийн хурдан Kindle - Paperwhite
Арав гаруй жилийн турш хамгийн өндөр борлуулалтай Kindle-ээр нэрлэгдэж буй Paperwhite ч мөн мэдэгдэхүйц сайжирлаа. Юун түрүүнд хуудас эргүүлэх хурд нь 25 хувиар нэмэгдсэн тул хуудас хоорондын гацалт бараг л мэдрэгдэхгүй гэнэ. Мөн шинэ технологийн ачаар текст болон зураг хамгийн тодоор харагдах аж. Дэлгэцийн хэмжээ томрон 7 инч болсон бол батарейн чадал үлэмж нэмэгдэн нэг цэнэглэлтээр гурван сар хүртэл ажиллана хэмээн амлаад буй.
Энгийн Paperwhite нь 159.99 доллароос эхлэх бол, утасгүй цэнэглэгч, автомат гэрэл тохируулгатай Signature Edition нь 199.99 долларын үнэтэй. Та яг одоо захиалах боломжтой.

Хамгийн авсаархан Kindle
Kindle-ийн суурь загвар шинэчлэгдэж, өмнөх загвараасаа 25 хувиар илүү тод болов. Ингэснээр жижиг биетэй ч уг Kindle илүү үнэтэй загваруудтайгаа дүйцэхүйц тод болжээ. Мөн үндсэн өнгө нь шинэчлэгдэж, мача ногоон өнгөтэй болсон нь Kindle-ийн уламжлалт хар өнгөнөөс уйдсан уншигчдад таалагдах болов уу.
Энэхүү Kindle 109.99 долларын үнэтэй бөгөөд та яг одоо худалдан авах боломжтой.


