1 гол сэдэв

Юу болов?

Samsung-ийн жил бүрийн эхэнд зохион байгуулдаг Unpacked арга хэмжээ явагдлаа. Энэ удаагийн арга хэмжээний гол дүр нь Samsung Galaxy S23 загварын гар утас байв. Тэд энэ жил S23, S23 Plus, S23 Ultra гэсэн гурван загварыг танилцуулснаас Notes-ийн суурин дээр хөгжүүлж буй Ultra нь гол дүр байв. 200 мп-ийн мэргэжлийн түвшний камераар тоноглогдож, шөнийн зураг авалт нь 31%-аар сайжирсан, Snapdragon 8 Gen 2-ийн тусламжтайгаар хурд нь 34%-аар нэмэгдсэнийг онцолъё.

Тэгээд...

Үүнээс гадна S23 Ultra нь анх удаа 4K Super HDR горимоор бичлэг хийх чадалтай болсон нь нэрт найруулагч Р.Скотт болон На Хон Жин нар богино хэмжээний кино бүтээж танилцуулснаас харагдана. Мөн AI-д суурилсан нэмэлт функцийн тусламжтай төгс мэт хөрөг зураг авах, өнгөө тодруулах, фокус тохируулах зэрэг олон сонголтыг хэрэглэгчдэд олгож байгаа гэнэ. Тэрчлэн S23 цувралд хувийн нууцлалыг сайжруулсан шинэ функц нэмэгдэж, шил, металлаа хүртэл дахин боловсруулсан материалаар хийх болсноо зарлав.

Өөр...

Энэ удаад Samsung уламжлалын дагуу таблет, цаг эсвэл чихэвч бус лаптоп танилцуулсан нь анхаарал татав. Galaxy Book3 Ultra-ийн хувьд 16 инчийн дэлгэцтэй, үзүүлэлт-хурд нь нэгэн зэрэг олон програм ачааллах чадвартайгаар бүтээгдсэн байна. Мөн Galaxy-ийн экосистемд бүрэн нийцэж, нэг товчоор бусад утас, таблеттай мэдээлэл дамжуулах чадвартай болжээ. Харин Galaxy Book3 Pro 360-ийн хувьд таблет болгон ашиглаж болдгоороо S Pen-тэй төгс хосолж, бүтээлч салбарын хэрэглээнд нийцэхүйц болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

ДЭЛГЭРҮҮЛЭХ: БИДНИЙГ УНТАЖ БАЙХАД ТАНИЛЦУУЛСАН SAMSUNG-ИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮД /UNREAD/

Unread

2 чухал тоо

2 - NFL-ийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин хэмээн үнэлэгддэг Том Брэйди хоёр дахь удаагаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Супер боулыг 7 удаа хүртсэн тэрээр өнгөрсөн улиралд зодог тайлна хэмээн зарласан ч шийдвэрээ удалгүй өөрчилж эргэн ирсэн удаатай. Сонирхуулахад, түүний энэхүү мэдэгдлээ хийсэн байршлаас цуглуулсан элс eBay-д 100 мянган долларын үнэ хүрсэн гэнэ.

10.700.000 - Bugatti-ийн цор ганц үйлдвэрлэгдсэн Chiron Profilee загварын супер машин 10.7 сая долларын үнэ хүрч, хамгийн үнэтэй шинэ машины рекордыг тогтоолоо. Уг машин нь 100 км/цагийн хурдыг ердөө 2.3 секундэд авч, 400 км/цаг хүртэл хурдлах чадвартай аж. Өмнөх рекордыг Ferrari тогтоож байжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Энэтхэгийн топ бизнес үлэмж хохирол амслаа

- Саяхан Азийн хамгийн чинээлэг эрхэмээр тодорч, Энэтхэгийг дэлхийн зах зээлтэй холбох гүүр болно хэмээн сайшаагдаж явсан Гаутам Аданигийн эзэнт гүрэн том цохилт амслаа. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд түүний хөрөнгө 52 тэрбум доллараар багасаж, Adani Group-ийн зах зээлийн үнэлгээ нь 108 тэрбум доллараар буурчээ.

- Үүний шалтгаан нь өнгөрсөн сарын сүүлээр Hindenburg Research нэртэй фирм 100 хуудас бүхий тайландаа тус компанийг "түүхэн луйврын эзэн" хэмээн нэрлэж, бүртгэл-санхүүгийн тайлангаа худал мэдүүлэн, хөрөнгийн зах зээлийг төөрөгдүүлдэг хэмээн зарласан юм.

- Энэхүү үйл явдлыг Г.Адани "зөвхөн над руу бус Энэтхэгийн ард түмэн рүү хийж буй нарийн төлөвлөгөөтэй дайралт" хэмээн нэрлэсэн нь санаандгүй хэрэг биш. Тэрээр тус улсын ерөнхий сайд Н.Модитой ойрын харилцаатай бөгөөд түүнийгээ ашиглан нүүрс, уул уурхайн салбараас харилцаа холбоо, эрчим хүч, тээвэр, худалдааны салбар дахь байр сууриа бэхжүүлсэн гэгддэг билээ.


II. DC-ийн шинэ түүх 2025 оноос эхлэнэ.

- Warner Bros. Discovery хамгийн олон фентэй брэнд болох DC Comics-ийн шинэ төлөвлөгөөгөө ил болголоо. Энэхүү төслийг удирдах болсон Ж.Ганн, П.Сафран нар ажлаа авсан даруйдаа бүх супер баатруудын түүхийг цоо шинээр эхлүүлэх болсноо зарласан нь олны анхаарлыг татаад байсан билээ.

- Тэгвэл шинэ түүх 2025 оны долдугаар сард гарах "Superman: Legacy" киногоор нээлтээ хийх гэнэ. Өмнөх супермен Х.Кавиллыг ажлаас нь чөлөөлсөн тэд одоогоор шинэ одоо тодруулаагүй байгаа юм. Харин Р.Паттинсоны гол дүрд нь тоглосон The Batman-ийн хоёрдугаар анги аравдугаар сард нь үзэгчдийн хүртээл болох учиртай. Эдгээрийн дараа "Supergirl", "The Authority", "Swamp Thing" зэрэг комикоороо сая сая хэрэглэгчдэд хүрсэн дүрүүд дэлгэцнээ амилах гэнэ.

- Үүнээс гадна тэд В.Дэвисийн гол дүрийг нь бүтээх "Waller", хаан ширээний тоглоомын стилээр бүтээгдэх "Paradise Lost" зэрэг нийт таван телевизийн цувралыг зарлажээ. Энэ жилийн хувьд DC-ийн супер баатрууд болох "Shazam", "Aquaman", "The Flash"-ийн шинэ кино цацагдах хуваарьтай байгаа билээ.


III. Технологийн компаниуд хүндхэн улирлыг өнгөрүүллээ.

- Amazon хэдийгээр тооцоолж байснаас амжилттай улирлыг өнгөрүүлсэн ч 2014 оноос хойш анх удаа 2.7 тэрбум долларын алдагдалтай тайланг зарлалаа. Үүний дийлэнх хэсгийг цахилгаан машин үйлдвэрлэгч Rivian-д хийсэн хөрөнгө оруулалт нь эзэлсэн байна. Олон улсын бизнес, клоуд үйлчилгээ зэрэг нь бүгд өмнөх жилтэй харьцуулахад өсөлт нь саарчээ.

- Apple-ийн хувьд ч мөн 2019 оноос хойшхи хамгийн муу борлуулалтын тайлангаа зарлалаа. Үүнд iPhone (-8%), Mac (29%) хамгийн ихээр нөлөөлж, цэвэр ашиг нь 13%-аар бууран 30 тэрбум доллар болжээ. Тэд тайлангийн үеэр нийт Apple-ийн төхөөрөмж идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 тэрбумыг давсныг зарласан байна. Үүнээс өмнө тэд 2016 онд 1 тэрбум хэрэглэгчтэй болсноо зарлаж байсан билээ.

- Google-ийн 4-р улирлын борлуулалтын өсөлт ердөө 1% байсан ч жилийн борлуулалт нь нийтдээ 283 тэрбум доллар байсан нь 10%-ийн өсөлт байлаа. Тэрчлэн зар сурталчилгааны бизнесийн борлуулалт 2 тэрбумаар, үйлчилгээний бизнесийнх 1.5 тэрбумаар тус тус буурсан байв. Гэхдээ CEO С.Пинчай "Youtube, Cloud болон Pixel-ийн бизнесийн өсөлт"-ийг онцолжээ.

4 мэдүүштэй зүйл

Нууц хэлэлцээр: Google өнгөрсөн оны сүүлээр Claude нэртэй хиймэл оюун хөгжүүлэгч Anthropic хэмээх стартапд 300 сая долларын хөрөнгө оруулсан нь ил болов. Хамгийн сонирхолтой нь уг компанийг үүсгэн байгуулагчид нь OpenAI-ийн анхны инженерүүд бөгөөд өдгөө ид шуугиан тарьж буй ChatGPT-тэй өрсөлдөх AI-ийг бүтээх амбицтай аж. Харин Google-ийн хувьд Microsoft-ийн адилаар компанийн эхэн үед хөрөнгө оруулж, 10%-ийг нь эзэмших болжээ.

Мөхлийг буцаагч: Colossal Biosciences нэртэй стартап генийн инженерчлэлийн технологийн тусламжтай мөхсөн амьтдыг дахин "бүтээхийг" зорьж байна. Тэдний эхний бай нь 17-р зууны эхэнд үед устаж мөхсөн гэгддэг додо нэртэй нисдэггүй шувуу байх гэнэ. Энэ зорилгын хүрээнд тэд хэдийнээ 225 сая доллар босгосон бөгөөд Данийн музейд хадгалагдаж буй ДНХ-ийн дээжийг ашиглах аж.

Шинэ өрсөлдөгч: Хятадын хайлтын системийн лидер Baidu хиймэл оюунд суурилсан чатбот бүтээж, гуравдугаар сард багтаан нээнэ гэдгээ зарлалаа. ChatGPT-тэй төстэй, хэрэглэгчдийн хайлтыг илүү хялбар бөгөөд дэлгэрэнгүй болгох боломжтой уг технологи зарлагдсны дараагаар тус компанийн хувьцааны үнэ 5%-аар нэмэгджээ.

Тагнуулч бөмбөлөг: Хятад улс тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор агаарын бөмбөлөг хөөргөж байж болзошгүйг Пентагон мэдээлэв. Тэд Латин Америкт мөн үзэгдсэн уг бөмбөлгийн хөдөлгөөнийг ажигласны эцэст буудаж унагаж, аюулгүй болгосноо мөн мэдэгдсэн юм. Харин Хятадын тал уг бөмбөлгийн өөрийнх нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч цаг уурын судалгааны зориулалттай байсан хэмээжээ. Үүнтэй холбоотой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцлав.

5 сонин хачин

1. Аватарын бокс оффисын давамгайлал эцэс болж, 8 дахь долоо хоногтоо 1-р байраас буулаа. Домогт найруулагч М.Найт Шьямаланы бүтээсэн "Knock at the Cabin" 20 сая долларын орлого олсноор чартыг тэргүүлжээ.

2. Microsoft Teams сарын 7 долларын төлбөртэй премиум үйлчилгээгээ танилцууллаа. Уг үйлчилгээ нь ChatGPT-ийн AI-тай хослон ажилласнаар видео хурлын тэмдэглэл хөтлөх, даалгавар хуваарилах зэрэг үйлдлийг автоматжуулж чаджээ. Microsoft үүнээс гадна Edge веб хөтөч, Office 365 зэрэг програмууддаа хиймэл оюуныг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

3. Instagram-ийг үүсгэн байгуулагчид болох К.Систром, М.Крайгер нар хиймэл оюунд суурилсан медиа стартап эхлүүлж байгаагаа зарлалаа. Artifact нэртэй уг үйлчилгээгээ тэд "текстэд зориулсан Тикток" хэмээн тодорхойлжээ.

4. Meta гишүүнчлэлтэй VR орчинг туршиж эхэллээ. Тэд өөрсдийн хөгжүүлж буй Horizon Worlds нэртэй сошиал платформдоо хөгжүүлэгчдийн тусламжтайгаар олон янзын "дэлхийг" бүтээж, шинэ хэрэглэгчид татах оролдлого хийж буй. Үүнийг нэгэн дор 25 хэрэглэгч нэвтэрч, хамгийн ихдээ 150 хэрэглэгчтэй байхаар тохируулсан гишүүнчлэлтэй дэлхий улам түргэсгэнэ хэмээн тэд найдаж байна. Эхний ээлжинд Meta номын клуб, тоглоомын групп, контент бүтээгчдийн өрөө зэргийг туршиж байгаа аж.

5. Apple энэ оны хамгийн гол найдлага тавьж буй киноны нэг "Tetris"-ийн цацагдах огноог ил болголоо. Домогт тетрис тоглоомны эхлэл, түүнтэй холбоотой оюуны өмчийн төлөөх өрсөлдөөний тухай өгүүлэх уг кино гуравдугаар сарын 10-19-нд явагдах SXSW фестивалийн үеэр нээлтээ хийх болжээ.

10 уншууртай мэдээ

Үзэх: Disney контентийн лицензээ хуваалцаж магадгүй /Bloomberg/

Хэрэглэх: Пакистан улс Wikipedia-г хориглов /Al Jazeera/

Турших: ChatGPT хэрхэн AI дайныг эхлүүлэв? /NYTimes/

Ухах: VR/AR-ийн тухай тэрбум долларын асуулт /Daring Fireball/

Тоглох: Squid Game-ийн шоуны сканпад /Variety/

Сонирхох: Төрсөн өдрийн мэнд, Лиза /The Verge/

Анзаарах: Mr.Beast-ийн вайрал видеоны ирээдүй /Garbage Day/

Тооцох: Facebook-ийн сурталчилгаанд хэн хэдийг зарцуулав? /Ikon/

Тайлбарлах: И.Маскийн шүүх хурлын эргэн тойронд /Vox/

Гайхах: Путиныг орлох хүнтэй танилц /CNN/