Монголын цагаар өнгөрсөн шөнийн 02:00-т Самсунг энэ оны хамгийн анхны арга хэмжээ болох Samsung Galaxy Unpacked 2023-г зохион байгуулж, хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ олны хүртээл болгов. Тэдгээрийг тоймлон хүргэж байна.

Samsung Galaxy S23
Ийнхүү тэд урдаа барьдаг Galaxy S ухаалаг утасны ээлжит шинэ хувилбарууд болох энгийн, Plus, Ultra-г танилцууллаа.
Юун түрүүнд дизайны хувьд энэ оны энгийн болон Plus загварууд өмнөх оны хувилбаруудаасаа мэдэгдэхүйц өөрчлөгдөж, камер хэсэг нь их биетэйгээ ууссан байдалтай болов. Мөн хоёр загварын батарейн багтаамж тус бүр тав орчим хувиар нэмэгдэж, Qualcomm-ийн шинэхэн Snapdragon 8 Gen 2 чиптэй болжээ. Харин камерын хувьд нүүрний камер өмнө нь 10MP байсан бол 12MP болж, арын үндсэн камер 50MB болж шинэчлэгдлээ.
Энгийн загвар нь 799 ам.доллар, Plus загвар нь 999 ам.доллароос эхлэх ба хоёрдугаар сарын 17-оос захиалагчдынхаа гарт очих гэнэ.
Samsung Galaxy S23 Ultra
Арга хэмжээний гол дүр болох Ultra-ийн үндсэн камер 200MP болж өмнөх загвараас бараг л хоёр дахин нэмэгдэв. Ингэснээр нэг зурагт илүү олон пиксел багтааж, авсан зургаа татахад бага бүрсийх зэрэг давуу талууд үүсэх юм. Мөн дүрс бичлэг хийх үед илүү тогтвортой байх боломжтой болжээ. Мөн үнэ нь нэмэгдээгүй ч хамгийн хямд хувилбарын багтаамж нь өмнө жил 128GB байсан бол 256GB болов.
Ultra загварын эхлэх үнэ 1,199 ам.доллар байх бөгөөд мөн адил хоёрдугаар сарын 17-оос захиалагчдынхаа гарт очно.
Samsung Galaxy Book 3
Арга хэмжээний үеэр ухаалаг утаснаас гадна Galaxy Book загварын зөөврийн компьютерын таван хувилбарыг танилцуулав. Энгийн болон Pro загварууд тус бүрдээ дэлгэц нь 360 градус нугарах боломжтой, дэлгэцийн мэдрэгчтэй 360 гэсэн хувилбаруудтай бол хамгийн өндөр зэрэглэлийг нь тэд Ultra хэмээн нэрлэжээ.
Эдгээр зөөврийн компьютерууд бүгд Intel-ийн 13-р үеийн i5, i7, i9 чиптэй, бөгөөд дэлгэцийн харьцаа нь 16:10 юм. Pro болон Ultra загварууд Nvidia-ийн RTX 4050, 4070 график карт, Самсунгийн 3К AMOLED, 120Hz дэлгэцтэй.
Galaxy Book3: 1,000 ам.доллар
Galaxy Book3 Pro: 1,450 ам.доллар
Galaxy Book3 360: 1,300 ам.доллар
Galaxy Book3 Pro360: 1,900 ам.доллар
Galaxy Book3 Ultra: 2,400 ам.доллар

Сэтгэгдэл бичих

