1 гол сэдэв
Юу болов?
Apple-ийн жил бүр зохион байгуулдаг WWDC арга хэмжээ явагдлаа. Энэ жилийн гол анхаарал тэдний удтал хөгжүүлсэн VR төхөөрөмжид төвлөрч байв. Гэхдээ үүнээс гадна энэ өдөр зарлагдсан iOS 17, 15 инчийн MacBook Air зэрэг нь Apple-ийн фенүүдийн урмыг хугалсангүй.
VR төхөөрөмж гэнэ ээ?
Энэ өдрийн гол дүр нь ямар ч маргаангүй Vision Pro байв. VR/AR технологийг хослуулсан энэхүү ухаалаг шил нь 4K-аас ч илүү нягтралыг танд хүргэж, гар, нүдний хөдөлгөөнөөрөө үйлдэл хийх боломжийг олгоно. R1 хэмээх тусгай чип, M2-ийн супер хослолын тусламжтайгаар та видео үзэж, дуудлага хийж, тоглоом тоглох боломжтой болно. Vision Pro 3499 доллараас эхлэн борлуулагдах гэнэ. Тэд бидний компьютертэй харьцдаг зан төлвийг үүрд өөрчлөх амбицтай байгаа нь энэ.
Өөр юу болов?
MacBook Air-ийн том дэлгэцтэй буюу 15 инчийн хувилбар мөн хараа булаав. Дэлхийн хамгийн хүчирхэг нимгэн компьютер тодотголтой уг лаптоп 1299 доллараас эхлэн зарагдана. Үүнээс гадна IOS17-ийн хэд хэдэн шинэчлэл анхаарал татав. AirDrop-той төстэй NameDrop-ийн тусламжтай утасны контактаа хялбар солилцох боломжтой болсноос гадна Poster цэсийн тусламжтайгаар найзуудынхаа чанартай зургийг хадгалах сонголт үүсэв. Мөн Journal нэртэй өдрийн тэмдэглэлийн шинэ апп-аа танилцуулжээ.
Дэлгэрэнгүй: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйлс /Unread/
2 чухал тоо
23 - Сербийн теннисчин Н.Жокович Францын нээлттэй тэмцээнд аваргалж, карьерын 23 дахь их дуулгын цомоо хүртлээ. Ингэснээр тэрээр эрэгтэйчүүдийн төрөлд бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байгаа юм. Одоо түүний өмнө зөвхөн 24 удаа эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн М.Кортын амжилт л үлдээд байна.
7 - АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трампыг нууцын зэрэглэлтэй 100 гаруй материалыг хууль бусаар эзэмшсэн, санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан, шүүхэд худал мэдүүлэг өгсөн зэрэг нийт 7 үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутгалаа. Тэрээр үүнийг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх "хэлмэгдүүлэлт" хэмээн нэрлэжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Л.Месси Америкийг зорилоо.
- Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Лионель Месси эцсийн сонголтоо хийж, Америкт карьераа үргэлжлүүлэх боллоо. Хамгийн сүүлд ПСЖ-д хүчин зүтгэж байсан тэрээр MLS-ийн Интер Майами багтай гэрээ байгуулжээ. Тус клубыг өөр нэг домог Д.Бекхэм эзэмшдэг юм.
- Өдгөө 35 настай Мессид Саудын Арабаас тэрбум доллартай тэнцэх гэрээний санал ирсэн тухай мэдээлэл гараад байсан. Мөн төрөлх клуб Барселона ч түүнийг авчрах оролдлого хийсэн нь талаар болжээ. Месси шинэ гэрээний хүрээнд Adidas-аас өмсгөлийн борлуулалт бүрээс хувь хүртэхээс гадна Apple-ийн шууд дамжуулалтын төлбөрөөс ч орлого авах гэнэ.
- Месси Америкт ирсэн нь 2026 онд ДАШТ-ийг хүлээн авах орны хувьд эерэг ПР болж байна. Интер Майами клубын тасалбарын борлуулалт 28 дахин нэмэгдэж, Инстаграм дагагчдын тоо нь 6 саяар өссөн байна. Мөн өмсгөлийн борлуулалт нь хэдийнээ түүхэн рекордыг эвджээ.
II. Мэргэжлийн гольфын топ лигүүд нэгдлээ.
- PGA Tour болон LIV Golf нэгдэж байгаагаа зарлалаа. Нэг удирдлага, бодлоготой ажиллах шинэ нэгдэлд Европын цуврал тэмцээнийг зохион байгуулдаг DP World Tour мөн багтжээ.
- Саудын Арабын төрийн сангаас санхүүжилт авсан LIV Golf өнгөрсөн жил анх нээгдсэн цагаасаа шуугиан тарих болсон. Улс төрийн нөлөө ихтэй, хүний эрхийн асуудалтай улстай хамтардаг гэдэг утгаар Т.Вүүдс, Р.Мклрой зэрэг топ тамирчид тэрбум долларын үнэтэй гэрээнээс татгалзаж, PGA-д үнэнчээр үлдэж байсан удаатай. Гэсэн ч тэд хэдийнээ 2 тэрбум долларыг зарцуулж, топ тамирчдыг нь урвуулж эхлээд байсан юм.
- Шинэ нэгдэл үүссэнээр телевизийн шууд дамжуулалтын орлого нэмэгдэж, ивээн тэтгэлэг ч тэр хэрээрээ өснө хэмээн тэд тооцож буй. PGA Tour-ийн хувьд ялимгүй давуу эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцох гэнэ.
III. Манчестер Сити түүхэн требл хийлээ.
- Английн аварга Манчестер Сити Аваргуудын лигт түрүүллээ. Тэд шигшээд Италийн Интер Милан клубыг 1:0-ээр буулган авч, түүхэндээ анх удаа уг цомыг өргөсөн нь энэ юм.
- Ингэснээр Сити нэг улиралд гурван том тэмцээнд түрүүлсэн түүхэн амжилтын эзэд боллоо. Үүнээс өмнө Англиас 1998-99 онд Манчестер Юнайтед л ийм амжилт үзүүлж байв. Тэд өмнө нь Премьер лиг, ФА Цомын тэмцээнд түрүүлээд байсан билээ.
- Алдарт дасгалжуулагч П.Гуардиола 3 дахь удаагаа Аваргуудын лигийн цомыг өргөв. 2008 онд Арабын Нэгдсэн Эмиратын төрийн сан тус клубыг худалдаж авснаас хойш 2 тэрбум доллар зарцуулсны эцэст тэд клубын түвшний ноён оргилд хүрсэн нь энэ юм.ч

4 мэдүүштэй зүйл
Цэвэрлэх ажиллагаа: Netflix-ийн нууц үг хуваалцдаг соёлыг устгах ажиллагаа эрчимжлээ. Өмнө нь Канад, Португал, Шинэ Зеланд зэрэг тодорхой бүс нутагт хэрэгжиж байсан шинэ бодлого Америкт нэвтэрсэн нь энэ. Үүний дараагаар хэрэглэгчдийн өсөлт эрс нэмэгдэж, ердөө 2 өдрийн дотор 100 мянган шинэ аккоунт үүссэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэв.
Крипто хориг: Америкийн санхүүгийн зохицуулах хороо Binance, Coinbase гэсэн хамгийн том крипто биржүүдтэй шүүхийн маргаан үүсгэж байгаагаа зарлалаа. Тэд эдгээр платформуудыг хэрэглэгчдийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, худал мэдээлэл тараасан зэргээр буруутгаж, хөрөнгийг нь царцаах зорилготой байгаа юм.
Цэнэглэгчийн дайн: GM гол өрсөлдөгчдийн нэг Tesla-тай цахилгаан машин цэнэглэгч хуваалцах гэрээг байгууллаа. Ингэснээр тус компанийн хэрэглэгчид Tesla-ийн Америк даяар 1800 цэгт байрлуулсан 20 мянга гаруй цэнэглэгчийг ашиглах эрхтэй болж байгаа юм. Үүнээс өмнө Ford Tesla-тай мөн ижил гэрээг байгуулаад байсан билээ.
Хиймэл мах: Taco Bell ургамлын гаралтай, лабораторид гарган авсан бяслаг, үхрийн махыг ресторандаа ашиглах болсноо зарлалаа. Тэд эхний ээлжинд Лос Анжелес, Нью Йорк, Орландод туршилтаа хийх гэнэ.

5 сонин хачин
1. "Transfomers: Rise of The Beasts" бокс оффисыг ширүүн өрсөлдөөний эцэст тэргүүллээ. Тэд зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 60 сая доллар олсон нь өмнөх 2 ангиа давсан үзүүлэлт болжээ. Тэдний гол өрсөлдөгч "Spider-Verse"-ийн нийт орлого 390 сая долларыг хэдийнээ давж, Sony-ийн хамгийн амжилттай анимэйшн болжээ.
2. Instagram-ийн бүтээж буй төвлөрсөн бус текстэд суурилсан сошиал медиа платформын ээлжит мэдээлэл цацагдлаа. 1-р сараас хөгжүүлж эхэлсэн төслөө тэд энэ оны 2-р хагаст багтаан нэвтрүүлэх амбицтай байгаа бөгөөд Опра Уинфри, Далай лам зэрэг оддыг хэрэглүүлэх тохиролцоонд хүрсэн гэнэ.

3. Zoom AI туслахыг видео дуудлагад нэвтрүүлж байна. Zoom IQ нэртэй уг туслах нь хэрэглэгчдэд видео дуудлагын дүгнэлт, тоймыг хүргэх чадвартай гэдгээрээ онцлог. Ингэхдээ тэд дуудлага доторх чат, файлын тусламжтайгаар ажиллах юм.

4. Instagram AI-д суурилсан чатбот хөгжүүлж байна. Тэд хэрэглэгчдэд хувийн туслахын үүрэг гүйцэтгэж, асуулт хариулт өгөх чадвартай уг чатботоо 30 өөр төрлийн зан, характертай байхаар бүтээж байгаа нь анхаарал татлаа.

5. Meta хиймэл оюуны хэрэглээг шинэ түвшинд авчрахыг зорьж байна. Тэд тэрбум хэрэглэгчтэй сошиал чат Messenger-ийн хэрэглэгчдэд AI ашиглан стикер бүтээх нэмэлтийг бүтээж байгаа гэнэ. Энэ нь амжилттай болбол тэд цаашаа Instagram, Facebook-т нэвтрүүлэх зорилготой аж.


