Дэлхийд технологи, инновацаараа тэргүүлэгч Apple жил бүр хоёр том арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг билээ. Тэдний нэг болох энэ жилийн Worldwide Developers Conference урьд шөнө тохиож, AR/VR шил, iOS 17, 15 инчийн MacBook Air зэргийг танилцуулав. Энэхүү нийтлэлээр хамгийн чухал зүйлсийг товчлон хүргэж байна.
Vision Pro

Гарцаагүй хамгийн өндөр хүлээлттэй байсан төхөөрөмж ийнхүү олны хүртээл боллоо. Виртуал бодит байдал (VR) болон аугментэд бодит байдлыг (AR) хослуулсан уг төхөөрөмжийг зүүж байгаа хүн эргэн тойрноо харахын зэрэгцээ, урдаа байх 4K дэлгэцийг нүдний хөдөлгөөнөөрөө удирдаж, бичлэг үзэх, дуудлага хийх, тоглоом тоглох боломжтой. Түүнчлэн нэмэлт дэлгэцийн тусламжтай төхөөрөмж зүүсэн хүний нүдийг гадна талаас нь ч харж болно.
Apple-ийн хамгийн сүүлийн үеийн M2 болон энэ төрлийн төхөөрөмжид зориулсан шинэ чип болох R1-ийг хослуулан ашиглах уг төхөөрөмж 3,499 ам.долларын үнэтэй байх бөгөөд ирэх жилийн эхээр нээлттэй борлуулагдаж эхлэх юм. Бид уг төхөөрөмжийн талаар удахгүй дэлгэрэнгүй нийтлэл оруулах болно.
15’’ MacBook Air

Олон жилийн турш зөвхөн 13 инчийн хувилбартай байсан MacBook Air-ийн илүү том хувилбар болох 15 инчийн загварыг танилцуулав. Том хэмжээ, зургаан ширхэг чанга яригчийн системээс бусдаар уг загвар өмнөх жилийн 13 инч, M2 чиптэй MacBook Air-ээс ялгарах зүйлгүй.
Илүү том батарейны ачаар 18 цаг хүртэл цэнэгээ барих чадалтай уг загварын эхлэх үнэ 1,299 ам.доллар бөгөөд одоогоор "Дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютер" гэсэн тодотголыг албан бус байдлаар аваад буй. Мөн шинэ загвараа гаргасантай холбогдуулан 13 инч, M2 чиптэй MacBook Air-ийн үнэ 100 ам.доллароор хямдарч 1,099 ам.доллар болов.
iOS 17

Ийнхүү iPhone утаснуудын тархи болох үйлдлийн систем ахин нэг хувилбар ахиж, 17-р үе дээрээ ирлээ. Энэ зун хөгжүүлэгчдэд зориулсан хувилбараа гаргаж, ирэх намраас iPhone XS-с хойших бүх загварт нээлттэй болох уг хувилбарын онцлох функцүүд:
- iOS 16-с хойш утасныхаа нүүр зургийг илүү “гоё” харагдуулах боломжтой болсон шиг iOS 17-ийн Contacts-д Poster гэсэн функц нэмэгдэж, хүмүүс залгах үед тэдний зураг илүү “гоё” гарч ирнэ.
- iMessage дээрх Check in функцийн тусламжтай сүлжээ, батарейн хувь, байршил зэргээ хүссэн хүнтэйгээ хуваалцах, гэртээ ирсэн үед автоматаар мессеж илгээх зэрэг боломжууд нэмэгдэнэ.
- Apple-ийн хөгжүүлж буй Journal нэртэй аппыг ашиглан өдрийн тэмдэглэлээ iPhone дээрх зураг, дүрс бичлэгээ ашиглан илүү баялаг бичиж үлдээх боломжтой.
- iPhone-оо тусгай тогтоогч дээр хөндлөнгөөр нь байршуулж, цэнэглэх үед шинэ StandBy горим идэвхжих бөгөөд уг горим нь цаг, огноо, зураг, дүрс бичлэг, цага агаар зэрэг мэдээллүүдийг харуулж, энгийнээр iPhone-ийг ухаалаг цаг болгон хувиргана.
- Siri ухаалаг туслахыг идэвхжүүлэхийн тулд заавал “Hey Siri” бус зөвхөн “Siri” гэхэд л хангалттай.
- AirDrop шинэчлэгдэж, NameDrop нэртэй функцийн ачаар утсаа өөр хэрэглэгчийн iPhone эсвэл Apple Watch-д хүргэх үед contact буюу холбоо барих мэдээллийг автоматаар солих боломжтой.

macOS Sonoma

Apple-ийн бүх компьютерүүд ашигладаг macOS-ийн шинэ хувилбар Sonoma нэртэйгээ энэ намар олон нийтэд нээлттэй болох юм. Уг хувилбараас онцлох функцүүд:
- iPhone-той адилаар home screen дээрээ төрөл бүрийн widget-ийг байршуулах боломжтой болно. Хүсвэл iPhone дээр ашигладаг бүх widget-ээ автоматаар компьютертоо хуулах боломжтой.
- Game Mode-ийн тусламжтай тоглоом тоглох үед системийн нөөцийг тус тоглоомд илүү зарцуулж, тоглоомын гартай (controller) солилцох мэдээллийн хурдыг нэмэгдүүлж, AirPods руу илгээх дууны хоцрогдолтыг (delay) багасгана.
- Safari илүү боловсронгуй болж, өөр хаягууд (profile) нээх, вебүүдийг тусдаа апп мэтээр ашиглаж Dock-д хадах (pin), сонордуулга хүлээн авах боломжууд нээгдэнэ.

Бусад шинэчлэлүүд:
- Mac Pro болон Studio компьютерүүд M2 Ultra болон M2 Max чипний сонголттой болов
- iPadOS 17 энэ намар нээлттэй болох бөгөөд iOS17-той ижил олон функцыг багтаав
- watchOS 10-ийн сайжруулалтад ухаалаг widget, товчны шинэ үйлдэл, сэтгэл санааны байдлаа оруулах функц зэрэг багтав
- visionOS нэртэй виртуал бодит байдалд (VR) зориулсан шинэ үйлдлийн системээ танилцуулав

Сэтгэгдэл бичих

