Дотоодын бизнесийн байгууллагууд дундаас “Сайн сайхныг санхүүжүүлэгч” уриатай Голомт банк хамгийн анх 2003 онд оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үе үеийн оюутнуудын дунд хамгийн нэр хүндтэй, тэр хэмжээгээрээ ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэтгэлэг нь 20 жилийн ойн дээрээ “Ажилтай – Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор хөтөлбөрөө шинэчлэн зарласан байна.
Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн уг тэтгэлэгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгоод байгаа юм. Энэ удаагийн нийтлэлээрээ бид энэхүү тэтгэлэгт шалгарч байсан, өдгөө Голомт банканд ажиллаж буй 10 мэргэжилтнийг урьж, тэтгэлгийн давуу тал хийгээд боломжийн талаар ярилцсан юм.
Ташрамд дурдахад, оюутан та энэхүү тэтгэлэгт хамрагдахаар шийдсэн бол яг одоо энд дарж, бүртгүүлээрэй.
1. ц.мөнхтуяа, голомт банкны 2004 оны "оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-ийн оролцогч
Миний хувьд 2004-2005 оны хичээлийн жилд Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдаж байлаа. Тухайн үе бол одоогийнхтой харьцуулахад оюутнуудад зориулсан тэтгэлэг маш ховор байсан төдийгүй мэргэжлийнхээ хүрээнд өсөн дэвшихэд туслах ментор, хувь хүний хөгжлийн сургалтууд сураг ч үгүй байсан. Энэ хоосон орон зайг нөхөхөөр Голомт банк бизнесийн байгууллагуудаас хамгийн анх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байсан.
Нийгмийн сүлжээ хараахан хөгжөөгүй байсан үе тул тэтгэлгийн талаарх мэдээллийг анх сургуулийнхаа зарлалын самбар дээрээс авч, материалаа бүрдүүлж өгч байснаа тодхон санаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан Голомт банктай холбогдсон тул 2007 онд сургуулиа төгссөн даруйдаа өөр ажлын байр хайхгүйгээр шууд л Голомт банкны Санхүү удирдлагын газарт ажиллаж эхэлсэн. Өдгөө 17 дахь жилдээ банкандаа тасралтгүй ажиллаж байна.
Дээр дурдсанчлан, Голомтын тэтгэлэг Монголдоо анхдагч тэтгэлэгт хөтөлбөр байсан учраас “Шилдэг 100” оюутны нэгээр шалгарна гэдэг нэр төрийн хэрэг байсан билээ. Одоо ч гэсэн энэ үнэ цэн, бахархал оюутнуудын дунд хэвээр хадгалагдаж буйг харах таатай санагддаг шүү. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудын хувьд банкны удирдлага, ажилтнуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах томоохон боломж нээгддэгийг мөн дурдах нь зүйтэй. Энэ “нөү-хау” нь шинэхэн төгсөгчдөд карьераа зөв төлөвлөхөд нь давуу тал болж өгдөг.
2. Б.ГҮНБОЛД, ГОЛОМТ БАНКНЫ 2021 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
2021 онд, гуравдугаар дамжааны оюутан байхдаа анх Голомт банкны тэтгэлэгт тэнцэж байсан. Тэтгэлэг авахаасаа өмнө Голомт банканд дадлага хийсэн, дээр нь санхүүгийн чиглэлээр сурч буй оюутнуудын дунд Голомтын тэтгэлэг нэр хүнд өндөртэй тул гуравдугаар дамжаанд ормогцоо материалаа бүрдүүлж өгч байлаа.
Тэтгэлгийн нэг гол шалгуур бол эсээ. Миний тэнцсэн жил “Банкны ирээдүйн талаарх таны төсөөлөл” сэдэвтэй байсан. Санхүү менежментийн оюутан байсан тул энэ сэдвээр бичих нь миний хувьд давуу тал болсон. Ярилцлагын шатан дээрх асуултуудад харин тэтгэлэгт тэнцэхийн төлөө биш яг л мэргэжлээрээ суралцаж төгсөөд юу хийж бүтээх хүсэлтэй байгаа, карьерээ хэрхэн төлөвлөж буй тухайгаа дэлгэрэнгүй хариулсан. Тухайн үед надтай манай Мэдээлэл технологийн газрын захирал ярилцаж байсан юм. Ярилцлагын дараа “Энэ өрөөнд ярьсан зүйлсээ ажлын байран дээр гараад заавал хэрэгжүүлээрэй” хэмээн захиж байсныг мартдаггүй.
Тэтгэлэгт ийнхүү тэнцсэн тул сургуулиа төгсөөд Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын албаны мэргэжилтнээр орж, одоо арилжааны хэлтэст диллерийн албан тушаал хашиж байна. Нөөцийн удирдлагын хэлтэс бол банкны хөрөнгийг удирддаг нэлээн чухал нэгж л дээ. Энэ хариуцлагатай албан тушаалд шинэхэн төгсөгчийг томилсон нь тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнтэй минь холбоотой байсан болов уу хэмээн боддог.
Манай банкны тэтгэлэг мэргэжил харгалздаггүй гэдгээрээ онцлогтой. Гэхдээ энэ дундаас санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд тэтгэлэгт тэнцсэнээр Голомт банканд дадлага хийх, салбарын мэргэжилтнүүдээс суралцах, ирээдүйн карьераа банкнаас эхлүүлэх нэмэлт боломжууд гарч ирдэгийг дурдъя. Тэтгэлэгт шалгаруулах үйл явц нь шинэ ажилтны сонгон шалгаруулалттай төстэй болохоор нэг талаараа санхүүгээр сурч байгаа оюутнууд маань давхар ажлын ярилцлагад өөрсдийгөө бэлдэж байдаг хэрэг. Тэнцэхгүй байсан ч маш том туршлага хуримтлуулдаг тул би тэнцэх болов уу гэж эргэлзэхгүйгээр шууд л материалаа илгээгээрэй гэж зөвлөе.
3. Н.СҮГЛЭГМАА, ГОЛОМТ БАНКНЫ 2022 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Би МУИС-ийг 2023 онд Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн. Манай сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “HACKUM Students Club” хэмээх ганцхан клуб бий. Хамгийн анх клубээрээ дамжуулан Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Internship” буюу “Судлаач оюутны хөтөлбөр”-т хамрагдаж байлаа. Манай клуб Голомт банктай олон арга хэмжээн дээр хамтран ажилладгийн сацуу үе үеийн гишүүдээс олон мэргэжилтэн Голомтод ажилладаг тул тэтгэлгийн мэдээлэлд ойр байсан гэж хэлж болно.
Миний хувьд тэтгэлэгт шалгарахаасаа өмнө “Судлаач оюутны хөтөлбөр”-т хамрагдаад, банканд аль хэдий нь дадлага хийчихсэн болохоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхний хоёр шатыг тухайн үедээ алгасаж байсан юм. Ийнхүү 2022 оноос Голомттой холбогдож, төгсөх дамжаандаа хичээлийнхээ хажуугаар ажлын гараагаа банкнаасаа эхлүүлсэн бөгөөд одоогоор Мэдээлэл технологийн газрын Стратеги хамтын ажиллагааны хэлтэст, бизнес аналистаар ажиллаж байна.
Оюутан байгаа дээрээ өөрийгөө сорьж үзье, үеийн залуус дундаа өөрийгөө ер нь хаана явж байгаа юм бэ? гэдгээ олж мэдэх нь тэтгэлэгт материалаа өгөх хамгийн том шалтгаан байсан. Эргээд бодоход, шалгаруулалтын үйл явц, түүний дараа зохиогдох төрөл бүрийн арга хэмжээ, дадлага хийх боломж зэрэг нь оюутанд өөрийгөө сорих, дотроо бодож явдаг шинэ санаа, сорилтуудаа амьдралдаа хэрэгжүүлэхэд түлхэц болдог.
Энэ жил материалаа өгөхөөр зэхэж буй оюутнууддаа хандаж хэлэхэд, эсээний шатанд уран яруу бичихээс илүүтэй Би чухам хэн юм бэ? Юуг хүсэж, мөрөөдөж явдаг вэ? гэдгээ элдэв, нэмэлт хачиргүйгээр энгийн байдлаар тайлбарлавал уншиж буй хүнд илүү хүрдэг шүү хэмээн зөвлөе. Эцсийн шатанд тэнцэхгүй байлаа ч энэ аялал дунд ирээдүйн карьерт чинь туршлага болон үлдэх олон чадваруудад суралцах тул эцсийн үр дүнд санаа зовнихгүйгээр, өөрийгөө голохгүйгээр яг одоо материалаа бүрдүүлээрэй.
4. с.түвшинсайхан, ГОЛОМТ БАНКНЫ 2019 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Миний хувьд МУИС-ийг Программ хангамжийн инженер чиглэлээр суралцаж төгссөн. Гуравдугаар дамжаанаасаа Голомтод дадлага хийж байгаад “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдаж, сургуулиа төгсмөгцөө Мэдээлэл технологийн газарт шууд ажилд орж байлаа.
Манай мэргэжлийн онцлог нь их сургуульдаа онолын мэдлэг эзэмшиж, практик дээр дадлагажих боломж хомс байдаг явдал юм. Өөрөө бие даан суралцаж байж л практик мэдлэг олж авна гэсэн үг. Харин эртнээс дадлага хийж, ажлын байран дээр гарснаар энэ сул талыг нөхөх боломжтой. Тэр ч утгаараа мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх, тэтгэлэгт хамрагдах нь олон талын ач холбогдолтой.
Тэтгэлэгт хамрагдахаасаа өмнө би жижиг стартап, “халтуур” маягийн ажлууд хийж байсан туршлагатай. Гэхдээ Голомт банканд дадлагажин ажиллаж эхэлсэн цагаас хойш саяар тоологдох харилцагчтай банкны дотоод систем, харилцагчийн үйлчилгээний платформууд, төлбөр тооцооны сүлжээнүүд зэрэг олон төрлийн программ хангамжийн системийг хөгжүүлэх, интеграцчилах ажилд хувьд нэмрээ оруулснаар мэргэжлийнхээ хүрээнд ур чадвараа маш хурдацтайгаар ахиулсан хэмээн боддог.
Дийлэнх хүмүүс банкны салбар гэхээр ихэвчлэн санхүү, эдийн засгийн чиглэлээр төгссөн оюутнуудын л ажиллах газар гэж төсөөлөх нь элбэг. Гэхдээ орчин үеийн банкны салбар нь технологийн дэвшилд суурилсан үйл ажиллагаа явуулж байгаа тул финтек, блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг салбарт программистуудын ур чадвар нэн хэрэгцээтэй.
Тиймээс ч программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд энэхүү оюутны тэтгэлэгт хамрагдсанаар зөвхөн мөнгөн тэтгэлэг хүртээд зогсохгүй төрөл бүрийн технологитой харьцаж, томоохон системүүдийг бүтээж, хөгжүүлж, засварлах туршлага хуримтлуулах боломжтой шүү хэмээн хэлмээр байна.
5. ү.сугар, ГОЛОМТ БАНКНЫ 2020 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Би 2020 онд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т оролцож, тэтгэлэг авсан бөгөөд үүний дараагаар өөрийн сурч байсан хөтөлбөрийн чиглэлээр банкандаа гурван сарын хугацаатай дадлага хийх боломж гарч ирсэн. Ийнхүү дадлагаа дуусгаж, хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой байсан тул гэрээт ажилтнаар ажилд орж, их сургуулиа төгсмөгцөө үндсэн ажилтнаар ажиллаад дөрөв дэх жилдээ орж байна.
Тэтгэлэгт шалгарснаар зөвхөн мөнгөн тэтгэлэг аваад зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банкны зүгээс тогтвортой ажлын байраар хангах боломж гардгаараа илүү давуу талтай.
Банкны үйл ажиллагаа нь өндөр хэмжээний нууцлал болон аюулгүй байдлын шаардлагатай тул программ хангамжийн чиглэлээр суралцаж буй оюутнууд банкнаас ажлын гараагаа эхэлснээр мэдээллийн аюулгүй байдлын талаар гүнзгий мэдлэгтэй болох боломжтой.
Кибер аюулгүй байдал, өгөгдлийн нууцлал зэрэг салбаруудын ур чадвараа хөгжүүлэх боломж нь ирээдүйд өндөр эрэлттэй байх чадваруудыг эзэмшихэд чинь тусална. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд маань энэхүү тэтгэлэгт өөрийгөө заавал сориод үзээрэй. Түүнчлэн тэтгэлэг гэдэг зөвхөн нэг удаагийн тохиох үйл явдал биш харин цаашид урагшлах замыг чинь гэрэлтүүлэх луужин шүү хэмээн хэлье.
6. л.гомбожав, ГОЛОМТ БАНКНЫ 2023 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Анх гуравдугаар дамжаанд байхдаа “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн мэдээлэлтэй танилцаж байсан. Тухайн үедээ ихэд сонирхож байсан хэдий ч өөрийгөө голж, би ч шалгарахгүй байх даа хэмээн бодож, материалаа илгээхгүй жил алдаж байсан юм.
Харин дараа жилд нь төгсөх дамжааны оюутан болсон тул тэнцэхгүй байсан ч өөрийгөө сориод үзье хэмээн зориглож, улмаар 100 оюутны нэгээр шалгарч байв. Голомт банкны энэхүү тэтгэлэг нь өдгөө 20 дахь жилдээ үргэлжилж буй, жил бүр салбар салбарын шилдэг 100 оюутныг шалгаруулдаг тул үе үеийн оюутнуудын дунд нэр хүнд хамгийн өндөртэй тэтгэлэг хэмээхэд хилсдэхгүй. Тийм ч болохоор өөрийгөө голсон хэрэг л дээ.
Тэтгэлгийн үйл явц нь анкет, бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага гээд гурваас дөрвөн үе шаттай. Хэдий эцсийн шатанд тэнцэхгүй байлаа ч энэ хооронд хувь хүн болон мэргэжлийнхээ чиглэлээр олон зүйлсийг суралцах боломжтой нь тун олзуурхууштай.
Банкны салбарт ажиллах боломжийг эрэлхийлж буй оюутнуудын хувьд Голомт банкны тэтгэлэг авах нь санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин гэдгийг илтгэж буй хэмээн боддог. Тэрчлэн энэхүү тэтгэлэг нь оюутны зөвхөн академик амжилтаас гадна бусдыг манлайлах, багаараа хамтран ажиллах зэргийг чухалчлан авч үздэг тул тэтгэлэг хүртсэн оюутан аль ч салбарынх бай ирээдүйн ажил олгогчдоо болон нийгэмд өөрийнхөө зөөлөн ур чадварыг батлан харуулж чаддагаараа онцлог.
7. п.БАТЖАРГАЛ, ГОЛОМТ БАНКНЫ 2013 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР'-ИЙН оролцогч
Одоогоос 11 жилийн өмнө, тухайн үеийн Мандах дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа анх “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т материалаа өгч байлаа. Эхний хоёр шатыг давсан хэдий ч сүүлийн шатандаа уначих нь тэр. Эргээд бодоход, эсээ уншиж буй хүнийхээ сэтгэлийг хөдөлгөх гэж хэт хичээн, хиймэл, хийсвэр төсөөллөөр бичээд хасагдсан юм байна даа гэж боддог. Хасагдсаныхаа дараа ирэх жил заавал энэ тэтгэлэгт тэнцэх болно гэдэг зорилтыг өмнөө тавиад Банкны актив пассивын олимпиадад хоёр баг ахлан орж, их сургуулийнхаа дотоод нягтлан бодохын олимпиадад мөн амжилттай оролцож, туршлага хуримтлуулсан. Эдгээр туршлага дээрээ үндэслээд ирэх жил нь ахин материалаа өгч, 100 оюутнаас нэлээд дээгүүр жагсаж, хүсэн хүлээсэн тэтгэлгээ авч байлаа.
Тухайн үед манай ангийн гурван хүүхэд энэхүү тэтгэлэгт тэнцэж, гурвуулаа хамт хонхны баяраа тэмдэглээд долоо ч хонолгүй Голомт банканд ажилд орж байсан. Ер нь тэтгэлэг хүртсэн оюутнуудыг анзаарахад Голомт банкны шалгуурыг давсан гэдгээрээ өөрийгөө үнэлэх, сурлагын болон мэргэжлийнхээ өсөлтөд итгэлтэй болдог мэт санагддаг. Энэ итгэл нь ирээдүйн зорилгоо биелүүлэхэд чухал нөлөөтэй.
8. а.туяа, ГОЛОМТ БАНКНЫ 2007 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Намайг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарч байх үед жилдээ 400 мянган төгрөг буюу сар бүр карт руу 40 мянган төгрөг шилжүүлдэг үе байлаа. Тухайн үед тэтгэлэгт шалгарсан оюутан улирал бүрийнхээ дүнг хүний нөөцөд өгөх журамтай байсан юм. Тэр цагаас хойш банкаар орж гардаг оюутан болж, төгсөөд энэ оффист ажиллаж суугаа хүмүүсийн нэг нь болно доо гэж бодсоор дипломоо гардаж авмагцаа аудитораар ажилд орж байсан. 2008 оноос хойш өнөөг хүртэл аудитораас эхлээд газрын захирал хүртэл дэвшин ажиллаж байна.
Тэтгэлэгтэй холбоотой өнөөг хүртэл санаанаас гардаггүй дурсамж гэвэл 100 оюутныг хүлээн авч, зохион байгуулдаг хүлээн авалтын үйл ажиллагаа юм. Голомт банкны бүх захирлууд тэрхүү арга хэмжээн дээр хүрэлцэн ирж, оюутан нэг бүрд зөвлөгөө өгч, амжилт хүсдэг нь тухай үед маш их урам өгч байсныг мартдаггүй.
Энэ нэр хүндтэй тэтгэлгийн эзэн болсон гэдэг утгаараа ирэх жил нь Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохоор шийдэж, амжилт үзүүлж байсан шүү. Манай банкны тэтгэлгийн онцлог нь зөвхөн банк, санхүүгийн мэргэжил хэмээн хязгаарлаж, өөрсдийнхөө ажлын байрыг бэлдэх бус бүх төрлийн мэргэжлийн оюутнуудад нээлттэй. Шалгарсан оюутнууд маань салбар салбартаа тэргүүлэгч танилын хүрээлэлтэй болдог нь мөнгөөр хэмжиж болшгүй өөр нэгэн үнэ цэн юм.
9. г.долгорханд, ГОЛОМТ БАНКНЫ 2021 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Би МУИС-ийг Эдийн засгийн мэргэжлээр дүүргэсэн. Их сургуульд элссэн цагаасаа банканд ажиллана хэмээн зорьж байсан. Тиймээс ч төгсөх дамжаандаа энэхүү тэтгэлэгт шалгарсан нь банканд орох үүд хаалгыг томоор нээж өгсөн гэж боддог юм.
Манай сургуульд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нэр хүнд өндөртэй. Тэр ч утгаараа олон оюутан өрсөлддөг. Шалгаруулалтын явцад бүлгийн шалгаруулалт буюу олон хүний дунд өөрийнхөө давуу талыг харуулах, ялгарч гарах даалгавар хамгийн сорилттой хэр нь сонирхолтой байсныг санаж байна.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд Голомт банкны дотоод сургалтуудад оролцож, салбарын шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, банкны засаглал, зохион байгуулалтын талаар гүнзгий судлах боломжтой болдог. Үр дүнд нь ажлын байран дээр гарах үедээ маш хурдан ажилдаа дасан зохицох давуу талтай.
10. б.галбадрах, ГОЛОМТ БАНКНЫ 2008, 2009 ОНЫ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ОРОЛЦОГЧ
Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар надад гарч ирсэн боломжуудын тухайд:
-Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эзэмшиж буй мэргэжилдээ илүү татагдах болсон
-Олон найз нөхөд хүрээлэлтэй болсон
-Өөрийгөө цааш нь хөгжүүлж суралцахад санхүүгийн хувьд тодорхой дэмжлэгтэй болсон
-Голомт банканд дадлага хийх болон төгсөөд ажиллах ажлын байр санал болгосон
-Мөн хичээлийн бус цагаар харилцан тохиролцож ажиллах боломж нээлттэй болсон
Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээхээр төлөвлөж байгаа оюутнуудад өгөх зөвлөгөө:
-Бусдаас ялгарах давуу талаа олж илрүүлэх. Бусдыг даган дуурайхаас илүүтэй өөрийн чаддаг зүйлдээ илүү их цагийг зарцуулж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь таны давуу тал болно.
-Өөрийгөө бүү гол. Бүгдэд нээлттэй тэтгэлэгт хөтөлбөр тул та материалаа өгөөд үзэх хэрэгтэй. Магадгүй та энэ жил тэнцэхгүй бол дараа жил илүү туршлагатай болж дараачийн тэтгэлэгт оюутан болох болно.
-Урам зориг, туршлага. Тэтгэлэгт оюутны хөтөлбөрт материалаа өгч, дараа дараачийн ярилцлага сонгон шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж, хурцалж түүнээсээ урам зориг авч суралцах нь танд хаанаас ч өгөхгүй хичээл туршлага болж үлдэнэ гэдэгт итгээрэй.
2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой.
· Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор болжээ.
· Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллах эхлэх боломжтой.
· Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжилийн чиглэл харгалзахгүй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Сэтгэгдэл бичих