Долоо, наймдугаар сард дамнан зохион байгуулагдсан олон улсын олимпиадуудад манай сурагчид гайхалтай амжилт гаргасныг бид энэ дугаартаа онцолж байна. Улсаа төлөөлөн оролцсон 28 сурагчаас 21 нь шагнал хүртсэн төдийгүй тоймловол 1 алт, 9 мөнгө, 11 хүрэл, 2 тусгай байрын шагнал хүртжээ. Хоёр хичээлийн төрөлд оролцож, хос медаль хүртсэн сурагчид байсныг ч энэ ташрамд онцлууштай.

Олимпиадын оддын маань энэхүү амжилтыг үнэлэн нийслэлийн зүгээс мөнгөн урамшуулал олгосны сацуу сурагчдаа сайн бэлтгэсэн НЕБ-ын 11-р сургуулийн багшид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж гардуулсныг ч дурдах нь зүй. Мөн оюунлаг ирээдүйг дэмжигч Капитрон банк математикийн олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт мөнгөн урамшуулал олгосон юм. 

Ингээд олимпиадын одод буюу амжилтын эздийг алдаршуулъя.

Хими 7/05-14

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан химийн олон улсын 57 дугаар олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон юм. Монгол Улсын хувьд багаараа мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ. Тодруулбал, тус олимпиадад эх орноо төлөөлөн Н᠎ЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, уг амжилтын эзэд болсон юм.


Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Математик 7/10-20

Австралийн Саншайн Көүст хотод явагдсан 66 дахь удаагийн Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцжээ. Манай улсын хувьд НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн юм. Тэд нийт 174 оноо авч, бүх цаг үеийн монгол оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог эзэмшигчид болжээ. Ташрамд дурдахад, Монгол Улс 2029 оны олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад байгаа билээ.


Оюунлаг ирээдүйг дэмжив

Капитрон банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн оюунлаг, боловсролтой иргэнийг төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдийн боловсролыг дэмжих олон талт ажлуудыг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэхүү бодлогын хүрээнд тус банк нь 2024 оноос Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Олон улсын Математикийн 66 дугаар олимпиадад эх орноо амжилттай төлөөлөн оролцсон сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт талархал илэрхийлж, урамшууллын мөнгөн шагнал гардууллаа.


Эх сурвалж: ikon.mn

Физик 7/17-25

55 дахь удаагийн Олон улсын Физикийн олимпиад Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж, 87 орны 415 суралцагч оролцсон юм. Харин манай улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Энэ удаагийн олимпиад НҮБ-аас зарласан "Олон улсын квант шинжлэх ухаан, технологийн жил"-тэй давхцаж байгаагаараа онцлогтой байсан юм. Монголын физикчид маш олон болтугай!

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Нийслэл хот боловсролыг ингэж үнэлэв

НЕБ-ын сургуулиудаас цөөнгүй сурагч эдгээр олон улсын олимпиадад бахдам амжилт гаргасан. Тэр ч утгаараа Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар 20 сурагч, нэг багшийг шагнаж, урамшуулсан юм. Тодруулбал, алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулав.

Мөн шавь нараа амжилттай бэлтгэн алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулжээ. Түүнчлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг 2026 оноос эхлэн нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгасан билээ.


Эх сурвалж: Монцамэ

Биологи 7/20-27

36 дахь удаагийн Олон улсын биологийн олимпиад Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж, 77 орны 298 суралцагч оролцлоо. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртжээ. Энэ удаагийн олимпиадын агуулгад Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог байв. Сонирхуулахад, манай улс 1997 оноос хойш тус олимпиадад оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд анхны хүрэл медалиа хүртэж байсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Газар зүй 07/26-8/01 

Тайландын Бангкок хотноо явагдсан 21 дэх удаагийн олон улсын газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон ба Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медаль хүртээд байна. Манай улс уг олимпиадаас 2016 онд мөнгө, 2017 онд хүрэл медаль хүртсэнээс хойш медаль хүртэж чадаагүй байсан юм. Ийнхүү амжилтын буухиа ахин үргэлжилж, хос хүрэл медальтай эх орондоо эргэн ирлээ.


Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Мэдээлэл зүй 7/27-8/03

Боливийн Сукре хотноо зохиогдсон 37 дахь удаагийн олон улсын мэдээлэл зүйн олимпиад тус улсын тусгаар тогтнолын 200 жилийн ойтой давхцан явагдсанаараа онцлогтой байсан юм. Олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон төдийгүй манай улсаас НЕБ-ын Эрхэт Эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа. Сонирхуулахад, Монгол Улс 1990 оноос хойш мэдээлэл зүйн олимпиадад оролцож 1 алт, 2 мөнгө, 11 хүрэл медаль хүртээд буй.


Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Хиймэл оюун 8/02-09

БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиад зохион байгуулагдаж, эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюуны 6 бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн ба нийлбэр оноогоор манай улсаас хоёр хүрэл, нэг тусгай байрын шагналыг хүртсэн юм. Энэ бол хиймэл оюуны давлагаа улам бүр хүч түрж буй эл цаг үед манай улсын хувьд тохиосон гарцаагүй том амжилт билээ.


Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар