Танилц, энэ бол 110.5 сая долларын үнэтэй зураг!

Дэлхий дахинд

Францын ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Э.Макрон засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлахдаа хүйсийн тэгш харьцааг хадгалж, 11 эрэгтэй, 11 эмэгтэй сайдыг сонгосон байна. Мөн тэрээр энэ долоо хоногт эхний гадаад айлчлалаа Германд хийж, дараа нь Малид исламын бүлэглэлийн эсрэг энхийг сахиулж буй франц цэргүүд дээр зочилжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп анхны гадаад айлчлалаа Саудын Арабд энэ өдрүүдэд хийж буй. Айлчлалын эхний өдөр 2 тал 350 тэрбум долларын үнэ бүхий гэрээг байгуулсны дотор 110 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх хэлэлцээр багтжээ. Японы парламент засгийн газрын дэмжин оруулж ирсэн эзэн хаанаа хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна. Ингэснээр 200 жилийн хугацаанд анх удаа эзэн хаан суудлаа өгөх үйл явдал тохионо гэсэн үг. Өдгөө 83 настай одоогийн эзэн хаан Акихито өнгөрсөн 8-р сард "эрүүл мэндийн шалтгааны улмаас" хүүдээ хаан титмээ шилжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Хааны титмийг шилжүүлэх ёслол 2018 оны 12-р сард явагдах бололтой. Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож буй Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжтай холбоотой "хүчингийн хэргийг хааж байгаагаа" Шведийн хууль сахиулагчид мэдэгдлээ. 7 жилийн турш нээлттэй байсан энэхүү хэрэг нь хаагдсан ч Ж.Ассанжийг Их Британийн тал баривчлах хүсэлтэй хэвээр байгаа юм. Иранд явагдсан сонгуульд олны таамаглаж байсанчлан одоогийн ерөнхийлөгч Х.Рухани ялалт байгуулж байна. Тэрээр нийт сонгогчдын 57 хувийн саналыг авчээ.

ABC: Ж.Ассанжийн хэргийг Шведийн тал хаалаа
DW: Макроны кабинетийн тал нь эмэгтэй!

Ж.Ассанж 2012 оны 8-р сараас хойш Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа юм.

Спортоор амьсгалсан Улаанбаатар

Улаанбаатар хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Автомашингүй өдөр" болж өнгөрлөө. Энэ өдрийн хүрээнд "Улаанбаатарын марафон" уралдаан явагдаж, 33 мянган иргэд оролцсон нь дээд амжилт болсон байна. Иргэд 3, 5, 10 болон хагас, бүтэн марафонд оролцсон бөгөөд "аз жаргал түгээх" уриан дор нэгэн өдрийг спортоор хичээллэн өнгөрөөв. Марафон уралдаанд нийт 17 улсын тамирчид өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Силлас Санг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа аваргалжээ. Үүнтэй зэрэгцэн Тайландын Бангкок хотоос сайхан мэдээ ирсэн нь Монголын заалны хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгээсээ шалгарсан явдал байлаа. Манай залуус БНХАУ-ын багийг 3:1-ээр хожсоноор тивийн №1 баг Ираны хамтаар хэсгээсээ шалгарав. Монголын шигшээ өмнө нь Киргизийн багтай 2:2-оор тэнцэж, АНЭУ-ын багийг 5:3-аар хожоод байсан билээ. БНХАУ-ын Ченду хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн Шатрын Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд Их мастер Ц.Батчулуун амжилттай оролцон 5-р байр эзэлж, Дэлхийн Цомд хүч үзэх шилдэг 128 шатарчны нэг болов. Ингэснээр тэр Монголын эрэгтэй шатарчдаас түүхэндээ анх удаа энэ том тэмцээнд орох юм. Ц.Батчулуун их мастер 2015, 2016 онд дараалан яг урдуураа таслуулан "шатрын дэд олимп"-д орж чадаагүй юм. Харин эмэгтэйчүүдээс Их мастер Б.Мөнгөнтуул хоёр удаа Дэлхийн Цомд оролцож байжээ. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо волейболын Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд тус тус явагдаж байна.

AFC: Монголчуудын түүхэн амжилт
Gogo: Улаанбаатарын марафонд 33 мянган хүн оролцлоо

Гэрэл зургийг: Eagle.mn-ээс

Google I/O-ийн сонин хачин

Дэлхийн технологийн салбарын гигантуудын нэг Google-ийн хөгжүүлэгчдэд зориулан жил бүр зохион байгуулдаг I/O арга хэмжээ энэ долоо хоногт явагдлаа. Google-ийн CEO С.Пинчай тавьсан гол илтгэлдээGoogle-ийн бүх төслүүд, бүтээгдэхүүнүүдийг хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжүүлж байгааг зарлан, үүнтэй холбоотой төслүүдээ нэг дор нэгтгэх Google.Ai платформыг танилцуулсан юм. Үүнээс гадна зурагнаас хайлт хийн, мэдээлэл хүргэх Google Lens, ажлын байрын зуучийн үүрэг гүйцэтгэх Google for Jobs зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зарлав. Мөн Google Photo зураг автоматаар илгээх, зургаа угаалгах боломжуудтай болсон, Google Mail ухаалаг хариулт өгдөг болсон, Google Assistant iOS-д тохирох хувилбараа гаргасан зэрэг томоохон шинэчлэлүүд хийгджээ. Мөн андройд хөгжүүлэгчдэд зориулсан үйлдлийн систем Android O-ийн бета хувилбарыг гаргажээ.

Unread: I/O: Google-ийн зарласан онцлох 7 зүйл

Google-ийн ирээдүй хаашаа чиглэнэ вэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Японы SoftBank түүхэн дэх хамгийн том буюу хамгийн их хөрөнгөтэй хөрөнгө оруулалтын санг байгуулж буй. Тэд VisionFund нэртэй уг санд одоогийн байдлаар 93 тэрбум доллар босгосноо зарлалаа. Apple, Foxconn, Qualcomm зэрэг хамтрагчдынхаа тусламжтайгаар тэд ирэх 6 сарын дотор 100 тэрбум долларыг босгох төлөвтэй байгаа гэнэ. Төлбөртэй үйлчилгээгээ танилцуулаад удаагүй байгаа Medium контентийг аудио хэлбэрээр сонсох боломжтой болж байгааг зарлалаа. Гэхдээ зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид энэ нэмэлтийг ашиглах боломжтой бөгөөд бичигч юм уу мэргэжлийн жүжигчний дуу оруулснаар аливаа блог, нийтлэлийг сонсох ажээ. Фэйсбүүк цахим спортын томоохон агентлаг ESL-тэй гэрээ байгуулснаар 5550 цагийн шууд дамжуулалт, 1500 төрлийн оригинал контентийг өөрийн платформоор дамжуулан цацах боллоо. Электрон спортын дамжуулалтын 71 хувийг одоогоор Amazon-ий охин компани Twitch эзэмшдэг бөгөөд орлого нь жил бүр 2 дахин өсөж буй энэ зах зээлээс Фэйсбүүк амжилт олно гэдэгтээ эргэлзэхгүй байна. Мөн тэд Америкийн мэргэжлийн бэйсболын лигийн тоглолтуудыг шууд дамжуулах гэрээг өөрийн болгож чаджээ. Фэйсбүүк хэрэглэгчдээ хоол захиалах боломж олгох Order Food нэмэлтийг туршиж эхэлсэн байна. Explore цэснээс хэрэглэгчид хамгийн ойр байрлах хоолны газруудаас сонголт хийн хоол захиалах боломжтой болох аж. Инстаграм гол өрсөлдөгч Snapchat-ийн гол нэмэлтүүдийн нэг сельфи филтерийг Stories-доо "хуулбарлан" нэмж байгаагаа зарлажээ.

Techcrunch: Softbank 93 тэрбум доллар босгожээ

Инстаграмд өөр "хуулбарлах" зүйл үлдсэн болов уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Урлагийн алдартай бүтээл, уран зургуудыг дуудлага худалдаагаар худалдаалдаг Sotheby's энэ оны хамгийн үнэтэй худалдааг хийснээ зарлалаа. Америкийн зураач Жан Мишел Баскиягийн 1982 онд зурсан "Untitled" бүтээл 110.5 сая долларын үнэ хүрснээр 80 оноос хойш бүтээгдсэн бүтээлийн болон америк уран бүтээлчдийн хувьд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болжээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглснийхээ улмаас 28 насандаа таалал төгссөн Ж.Баския граффит зургаар мэргэшсэн нэгэн байсан бөгөөд өмнө зарагдаад байсан 80 бүтээл нь 200 сая орчим долларын үнэ хүрч байсан гэнэ. Энэхүү бүтээлийг Японы онлайн худалдааны томоохон платформуудын нэг Zozotown-ийг үүсгэн байгуулагч, Орчин үеийн урлагийн галлерейн эзэн 41 настай Юусаку Маезава худалдан авчээ. Баскиягийн бүтээл 100 сая долларын босго давсан ердөө 10 дахь, түүхэн дэх хамгийн үнэтэй 6 дахь бүтээл болсон байна. Дэлхийн тэргүүлэх онлайн стриминг үйлчилгээ үзүүлэгч Spotify дээр 1 тэрбум удаа тоглогдсон 2 дахь дуу тодорлоо. Энэ бол The Chainsmokers -ийн Closer дуу. Өмнө нь канад реппер Drake-ийн One Dance ганцаараа энэ амжилтыг эзэмшиж байсан юм. Алдарт жүжигчин Арнолд Шварцнеггер өөрийн хамгийн алдартай дүр “Терминатор”-ын 6-р анги бүтээгдэх гэж байгааг баталсан байна. Киноны продюсераар эхний 2 ангийг бүтээсэн алдарт найруулагч Жэймс Камерон ажиллах болжээ.

NYTimes: Япон бизнесмен 110 сая доллараар зураг худалдан авлаа
NME: "Терминатор 6" тун удахгүй

110 сая доллараар зураг авсан япон эр шинэ зургийнхаа хамтаар