Цаг үеийн байдлаас шалтгаалж, интернэт ертөнцөд эрээн бараан мэдээлэл их тавигдаж байгаа энэ үед бид олон салбарт цаг зав, сэтгэл зүрхээ зориулан, амжилттай ажиллаж, үеийнхэн, дүү нартаа үлгэр жишээ болж яваа яваа нэгэн залуу лидертэй ярилцсанаа хүргэж байна. Тэр бол Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, Морган Стэнли, Голдман Сакс зэрэг топ корпорациудад ажиллаж байсан Б.Баттүшиг. 2014 онд Монголдоо эргэж ирсэн тэрээр өдгөө Алтай Холдинг ХХК болон Скайтел ХХК-ийн ТУЗ-аар даргаар ажиллаж буй. Үүний зэрэгцээ хамгийн чухал боловч хамгийн их анхаарал дутдаг боловсролын салбарт хувь нэмэр оруулахаар Mongolia Needs You (Монголд Та Хэрэгтэй) ТББ-ыг үүсгэн байгуулж, жил бүр 30 оюутныг шалгаруулан дотоод гадаадын нэр хүндтэй байгууллагад ажилд оруулах, тэтгэлэг олоход нь тусалдаг. Түүнчлэн багаасаа спортод дурласан болохоор олимпизмийн хөдөлгөөнд хүчээ өргөхөөр шийдэж, саяхан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2020 оны Токиогийн Олимпод Монголын баг тамирчдыг ахлахаар болоод байгаа билээ.
Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон ажлыг зэрэг хийх
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13
Сошиал хуудсууд: @battushb (Твиттер), Батболдын Баттүшиг (фэйсбүүк хуудас)

Таны ажлын онцлох арга барил?
Нэг талаас мультитаскинг буюу олон ажил зэрэг амжуулдаг ч нөгөө талаар нэг чиглэл дээр төвлөрөх гэж хэлж болох байх. Emart, Skytel, "Монголын Үндэсний Олимпийн хороо", "Монголд Та Хэрэгтэй" гээд олон газар олон ажил амжуулж, олон хүмүүстэй хамтрах хэрэгтэй болдог. Гэхдээ хаана ч очсон нэг чиглэлээ барьж, нэг төрлөөр мэргэшиж, түүндээ анхаарлаа хандуулж ажиллахыг хичээдэг. Би эдгээр газруудад түншлэл буюу гадаад харилцаа, стратеги, санхүү дээр нь анхаарлаа хандуулж ажилладаг.
Ихэнх ажлууд имэйлээр явна. Өглөө болон оройдоо яг нэг цагийг мэйлээ шалгаж, имэйл бичих ажилд зарцуулдаг. Яаралтай имэйлүүдэд шууд хариу өгч, заримыг нь хариуцах газрууд, хүмүүс рүү нь холбох зарчмаар имэйлээ удирддаг. Өдөрт олон уулзалт хийх, арга хэмжээнүүд дээр очих шаардлагатай болдог. Өдөр болон оройн хоолоороо уулзалтуудаа тааруулж, товлохыг хичээдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?
Утсан дээрээ хэт их апп-тай биш цөөн чанартай, тогтмол хэрэглэдэг апп-тай байхыг илүүд үздэг. Whatsapp, Wechat, Viber гээд чат аппуудыг их хэрэглэнэ. Фэйсбүүк, инстаграм, твиттерээ тогтмол хөтөлдөг. Сүүлийн үед Linkedin-ийг ашиглаж байгаа. Найзуудынхаа юу хийж, хаагуур явааг харахад амар юм.
NBA-ийн улирлын үеэр бол өглөө босоод л ESPN апп-аас тоглолтын оноо хардаг. UB Info-оос мэдээ уншина. Олон улсын байгууллагуудтай видео уулзалтууд хийдэг учир Skype хэрэглэнэ. Мөн Netflix, Hulu-ийн хэрэглэгч. Ажлаа бол календар, имэйл, notes ашиглаж явуулна даа.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?




Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Ажлыг зөв хүмүүст нь хариуцуулах буюу delegate хийх нь их цаг хэмнэдэг гэж боддог. Удирдах ажилтан нь байна гээд бүх ажил руу орно гэдэг тийм ч тохиромжтой биш. Гол нь ажлаа мэддэг, хийж чаддаг, хариуцлага үүрч чаддаг хүмүүсээр багаа бүрдүүлж, тэдэнд итгэл хүлээлгэх нь чухал байх. Хэчнээн олон ажил давхацсан ч найдаж болох хүмүүс ард маань байдаг учир ажлаа урагшлуулж чаддаг. Гадаад томилолт, албан уулзалт байсан ч би ямар ч эргэлзээгүй чаддаг хүмүүст нь даатгаж, ажлаа явуулахыг илүүд үздэг.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Гар утсаа л ашиглана. Note дээрээ тэмдэглэл хөтөлдөг. Өглөө бүр календарь дээрээ хийх ажлуудаа жагсаана. Сүүлд нь сануулчихдаг учир амар байдаг. Хаашаа, хэн рүү мэйл явуулахаа хүртэл бүртгэдэг. Зарим үед скрийншот буюу зургийг нь аваад хадгалчихдаг юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Хийж байгаа ажил, сурсан мэргэжилтэй холбоотойгоор макро зураглал хийж, стратегиийн бодлого гаргахдаа гайгүй гэж боддог. Хайрцагны гадуур сэтгэж, юм хийхдээ хана мөргөөд байх биш тойрч гарах арга замыг олохыг эрмэлздэг.
Нөгөө талаар нетворкинг буюу янз бүрийн хүмүүстэй танилцаж, танилын хүрээ үүсгэх чадвар маань том давуу тал болдог. Гэхдээ зүгээр хүмүүстэй танилцаад, нэг удаа уулзаад өнгөрөх биш, тэр харилцаагаа хадгалж, цаашаа өргөсгөх тал дээр анхаардаг. Хаана ч, хэнтэй ч уулзсан аятайхан сэтгэгдэл үлдээхийг хичээдэг болохоор дараа нь тэр хүмүүс Монголтой холбоотой ажил гарахад надтай холбогдох нь элбэг шүү. Чикаго, Харвардын их сургууль, Морган Стэнли, Блэкстоунд ажиллаж байх үед танилцаж байсан хүмүүстэйгээ одоо ч сайн харилцаатай байдаг.
Сагсан бөмбөг тоглох дуртай. Анх Америкт очоод англи хэл тааруу байх үед сагсаар л дамжуулж найзуудтай болж байлаа. Ахлах сургуульдаа багийнхаа ахлагчаар тоглож байсан шүү.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Мянга гаруй хүмүүсийг ажлын байраар хангаж буй тогтсон бизнес, том бүтцээр дамжуулж нийгэмд бүх талаараа эерэг нөлөө үзүүлэх боломжтой байдаг нь ажлын маань эерэг сайн тал гэж хэлнэ. Зөвхөн Emart-аар жишээ авахад л дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд шууд, шуурхай хүргэж байна. Энэ бол намайг эрчилж, улам урагшлах урам зориг өгч буй гол хүчин зүйл.
Нөгөө талаар нийгмийн хариуцлагадаа хэт их анхаарч ажиллахаар бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлчих гээд байдаг нь жаахан хэцүү. Эдийн засгийн орчин сайнгүй, дөнгөж энэ жилээс л сэргэж байгаа үед орчны нөлөөлөл буюу удирдаж, таамаглаж болохгүй хүчин зүйлс ажлыг их хүндрүүлдэг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Emart их дэлгүүр маань тун удахгүй 2 дахь салбараа хорооллын эцэст нээхээр ажиллаж байна. Мөн үндсэн салбарын маань 5, 6-р давхар ашиглалтад орох гэж байгаа. 5-р давхар нь тэр чигээрээ хүүхдэд зориулсан тоглоомын төв, дэлгүүр, үйлчилгээний газрууд байх юм. Emart төсөл маань барилгын нөхцөл, санхүүжилтийн нөхцлүүдээс шалтгаалан төлөвлөсөн зардлаасаа хэтэрч эдийн засгийн хүндрэлтэй үед нээгдсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, ямар нэгэн түүх байхгүй биднийг банкууд стартап л гэж харж байлаа. Яг энэ үед Голомт банк бидэнтэй хамтран ажиллаж, төслөө дуусгахад туслан, хүнд үед зээл олгосонд талархаж явдаг. Emart дээрээ түшиглэсэн шинэ төслүүд рүүгээ сүүлийн үед анхаарч байна. Саяхан нэгэн найзын маань Солонгост үүсгэн байгуулсан гоо сайхны брэнд Caregen-ийг оруулж ирээд байна. Тун удахгүй Toys R Us брендийг монголд оруулж ирэхээр ажиллаж байна. Цаашдаа Starbucks, McDonalds гэх мэт томоохон брэндүүдийг эх орондоо оруулж ирэхээр судалж байна.
Мөн өөрийн багаасаа сонирхож, хувь нэмрээ оруулахыг хүсэж тэмүүлж явсан боловсрол болон спортын салбарт нэлээн их анхаарал хандуулж байна. Саяхан Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчаар томилогдсон. Тийм учраас бүх спортын төрлүүдээ дэмжих, тэдний амжилтыг ахиулах тал дээр анхаарч, гадаад харилцааны чиглэлээр дэвшилт гаргахаар хичээн ажиллаж байгаа. Бараг нийт ажлын цагийнхаа хагасыг Олимпийн Хороонд зарцуулж байна.
Өөрийн үүсгэн байгуулсан "Монголд та хэрэгтэй" ТББ-аараа дамжуулан жил бүр 30 хүүхдийг сонгон авч, менторшип хөтөлбөрт хамруулдаг. Эдгээр хүүхдүүдээ бид олон улсын болон дотоодын томоохон компанид ажиллах боломжоор хангаж, зөвлөгөө өгч, цуврал лекц, сургалтад оролцуулдаг. Мөн тэднээсээ онцгойо сайн 10-ыг нь сонгож, сургалтын тэтгэлэг олгодог юм. Энэ долоо хоногт Харвардад хамтдаа судалгаа хийж байсан профессор Эрик Веркерийг урьж, лекц уншуулсан шүү.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Америкт удсан бас сагс тоглох дуртай гэдэг утгаараа хип хоп, поп хөгжим түлхүү сонсох дуртай. Гэхдээ ажиллаж байх үедээ бус бэлтгэл хийж байх үедээ, зааланд байхдаа, эсвэл машинд явахдаа сонсох зав гарна. Kanye West, Drake зэрэг уран бүтээлчдийг нэрлэж болно.
Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?
Би Kindle дээрээ ном уншдаг. Сүүлийн үед Олимпийн хорооны ажилтай холбоотойгоор спортын төрлийн ном уншиж байна. Political History of Olympics, The Games зэрэг номуудыг дурдаж болно. Хамгийн сүүлд Харвардын хамгийн "од" багш нарын нэг Анита Элбэрсийн бичсэн "Blockbusters" номыг уншсан. Леброн Жэймс, Тайра Бэнкс, Пике зэрэг спорт, энтертэйнментийн салбарын оддын багш энэ хүн яаж эрсдэл өндөртэй энтертэйнмент салбарт ажлаа "бизнес" болгох вэ гэдэг талаар хичээл заадаг юм. Тодорхой түүх, кэйсүүд дээр тулгуурлаж бичсэн энэ ном их сонирхолтой санагдсан шүү. Мөн би ажлаасаа арай өөр сэдвээр, толгой амраах, зөвлөгөө өгөхүйц номуудыг сонгож унших дуртай.
Харвардад суралцаж байх үедээ долоо хоногт дор хаяж 400-500 хуудастай нэг ном уншиж, даалгавраа хийх хэрэг гардаг байлаа. Энэ үеэс санаанд минь тод үлдсэн ном бол "Why Nations Fail". "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" гэдэг нэрээр орчуулагдсан номын зохиогч Жэймс Робинсоныг Mongolia Needs You-ийн шугамаар Монголд урьж, уулзалт, ярилцлага хийлгэж байсан юм. Мөн Африкийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлефийн түүхийг уншаад туулсан амьдрал, гаргасан зүтгэлээр нь үнэхээр бахархаж байлаа. Иргэний дайн, ядууралд өртсөн Либерид асар их саад бэрхшээлийг давж, сэтгэлгээний давлагаа үүсгэж чадсан түүний талаар Moral Leaders гэдэг хичээл дээр үзэж байсан.
Мөн Израйлийн гарааны бизнесийн хөгжлийн талаар бичсэн Startup Nation ном гүн сэтгэгдэл үлдээж байлаа. Зохиогчидтой нь Нью Йоркт танилцаж, эх орондоо уриад амжсан. Инновацийн экосистемийг маш богино хугацаанд хөгжүүлж чадсан Израйль, Сингапур, Чилийн туршлагаас санаа авч, тэдэнтэй хамтран залуусыг дэмжсэн инновацийн сан, технологийн сан байгуулах ёстой гэж би боддог. Бид зөвхөн өөрсдөө, ганцаараа зүтгэх бус, бусадтай хамтран, тэднээс суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэн оновчтой санаатай шилдэг стартапуудыг төрүүлж чадна. Энэ нь өөрөө нийгэмдээ ихээхэн өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг.
Эдгээр номыг залуустаа онцгойлон санал болгомоор байна. Ажлаа сайн хийгээд, зорьсондоо тууштай байж, аль ч ажлыг хийхдээ судалгаан дээр үндэслэж сайн туршлагаас суралцах юм бол боломж бий гэдгийг энэ түүхүүд харуулна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ажил дээр хүмүүстэй их харилцаж, хамтардаг гэдэг утгаараа харьцангуй нээлттэй. Гэхдээ хувийн амьдрал дээрээ бол ихэнхдээ өөрийнхөөрөө, дотогшоо байхыг илүүд үздэг.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Дунджаар 8 цаг унтаад өглөө 7-8 цагийн хооронд босож байна. Гэхдээ ажлын ачаалаллаас шалтгаалаад зарим тохиолдолд жаахан оройтох тал бий шүү.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?
Би долоо хоногт 3 удаа заал авч, сагс тоглодог. Ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байсан. Сагсан бөмбөг тоглодог байсан минь, гол нь багийн спортоор хичээллэдэг, бусад хүмүүстэй хамт олон болж сурсан минь их сургуульд элсэхэд, тэтгэлэг авахад их хэрэг болж байсан гэж боддог. Одоо бол найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ сагс тоглохоор стресс тайлагдаж, сэтгэл амардаг юм. Миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон, чухал ажил маань гэж хэлж болно. Үдээс хойших ажлуудаа заалтайгаа ойр байршилд төлөвлөнө шүү дээ (инээв).
Гэртээ бол телевизийн олон ангит кинонууд үзээд сууж байж мэднэ. Мөн хөдөө, орон нутгаар явж, шинэ газар үзэн аялах дуртай.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Гэр бүлээсээ их эрч хүч авдаг. Тэдэнтэйгээ цуглаад хоол идэж, элдвийг ярилцаж, санаа оноо солилцсоны дараа шинээр сэтгээд эхэлж байгаа нь илт мэдрэгддэг. Удаан хугацаанд ажил ажил гэж явсаар шинэ санаачилга, шинэ санаа гаргах тал дээр хязгаарлагдмал болчихдог юм. Энэ үедээ орчноо солиод үзэхээр их өөр болчихдог шүү. Би найзууд, залуустай уулзаж ярилцах үедээ тэдний эрч хүч, идэвхээс урам зориг авдаг.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Аав маань "эхлүүлсэн бол дуусгасан нь зөв шүү" гэж захиж байлаа. Монголд дөнгөж ирчихээд олон зүйл сонирхож, одоо байгаагаас ч олон ажил эхлүүлж байсан. Үүнийг анзаарсан аав минь хэтэрхий их юм эхлүүлээд дуусгахгүй орхиод байх вий гэж тэгж хэлсэн байх. Түүнээс хойш би аль болох анхаарлаа цөөн зүйлд хандуулж, нэг чиглэлээ барихыг хичээж байгаа.
Гэхдээ энэ бас бидний үеийнхний онцлог байж магадгүй. Миллениалсууд хурдан үр дүн харахыг хүсдэг, сэтгэл нь барагтай ханадаггүй, нэг ажлыг удаан хугацаанд хийх хүсэлгүй гэдэг судалгаанууд бий. Тийм ч учраас өдөр бүр шинэ сорилтой тулгардаг, өөрөө өөрийнхөө "дарга" байх боломж олгодог стартап, гарааны бизнесүүд рүү залуус хошуурч байна.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?
Аливаа зүйл дээр бүтэлгүйтсэн, унасан үедээ "үүнээсээ суралцаж, буцаад босоод ирнэ ээ" гэх сэтгэлзүйтэй байгаасай гэж хэлмээр байна. Бүх зүйл дээр үргэлж амжилттай явна гэж байхгүй, ямар нэг байдлаар үйл явдал санаснаар чинь өрнөхгүй тохиолдол гарна. Тэр үед сэтгэл санаагаар унаад, шантарч буцаад байлгүй алдаанаасаа суралцаад, өөрийгөө хүчтэй, зөв авч явахад бэлдэх хэрэгтэй.
Надад тийм үе олон тохиолдсон. Ахлах сургуулиа Сиаттлд төгсөх үедээ Харвардад суралцах "мөрөөдлөөр" жигүүрлэж явлаа. Яагаад ч юм тэр үед би өргөдлөө эрт явуулах сонголт хийж (early admission) ганцхан Харвард руу л материалаа илгээчихсэн байсан юм. Маш чухал сагсан бөмбөгийн тоглолтын өмнөхөн "тэнцээгүй" гэдгийг илтгэсэн жижиг захидал хүлээж авчихаад их л сэтгэл санаагаар унаж, өөр сургуулиудад хүсэлтээ явуулж байхгүй яав даа гэж өөрийгөө буруутгаж байсан. Тэгээд дараа нь ганцхан сарын дотор яаран сандран нэлээн олон сургууль руу материалаа явуулсан. Ихэнхээс нь эерэг хариу авсны дотор ах нарын санал болгож байсан Чикагогийн их сургууль байсныг шууд л сонгосон. Тэнцээгүй гэсэн тэр хариу намайг улам бүр хурцалж, эдийн засгийн чиглэлээр дэлхийн №1 сургуульд амжилттай суралцах үндэс болсон гэж боддог. Бакалавраа хамгаалаад Морган Стэнлид ажиллаж эхлээд л би дараагийн шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. Харвардад сурах өнөөх мөрөөдөл минь толгой дотор минь байсаар л байсан хэрэг. Хожим "тодорхойлох захиаг" минь бичиж өгсөн, Харвардын төгсөгч захиралтайгаа "тулж" ажиллан, GMAT шалгалтдаа нэлээн хэдэн сарын өмнөөс зорьж бэлдсэн. 6, 7 жилийн дараа зорьсондоо хүрээд Харвардад тэнцэж төгссөн минь "бүх юм дуусчихгүй, ахиад өөр боломжууд гарч ирдэг, тууштай зүтгэх хэрэгтэй" гэдгийг харуулсан хэрэг байсан.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?
МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должинг санал болгоё. MNY-ийн маань ТУЗ-д суудаг Должин захирал нэг хэсэг МУИС-ийн харьяанд байсан ХУДС-ийг шинээр байгуулах төслийг удирдаж байгаа юм билээ. Үүнээс гадна гарааны бизнесүүдийг төлөөлөл болгож, DataCare-ийн захирал Н.Цэнгэлдалайг уривал сонирхолтой яриа өрнүүлнэ байх. Манай Emart-ийн худалдааны системийг цогцоор нь хариуцаж гүйцэтгэсэн түүний багийг дэлхий үнэлсэн шүү. Бизнесийн салбараас МАК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн олон залууст урам зориг өгөх түүхийг хуваалцана гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (29)


L Lenny 2019.07.03 66.181.161.42
Сайн байна уу? Юуны өмнө Unread-ийнханд баярлалаа. Залуу үеийнхэнд чиглэсэн маш зөв булан шүү. Баттүшигийн хувьд гаднаас импортлох бус Монголдоо үйлдвэр барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулвал мөнгөний урсгалаа дотооддоо барьна шүү дээ.
B B 2018.06.09 122.201.22.131
Орчин үеийн сэхээтэн залуусын төлөөлөл мөн. Амжилт хүсье. Гэхдээ тэр имартад ажиллаж байгаа залуус яагаад тийм бага цалин авдаг юм бэ. Монголд миний ойлгодоггүй юм энэ л байдаг гуйлгачингийн цалин өгнө. Удахгүй гарна. Хүний нөөцийн бодлого байхгүй. Хөдөлмөрийг шулдгийг л халчихвал баярлая
З Зочин 2017.12.21 66.181.176.107
Энэ одоо гарчиг дээрээ заавал ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ гэж тодотгон, бялдуучилдаг нь яадаг юм бол. Хэрэгтэй байдаг юм бол орж байгаа бүх хүмүүсээ төгссөн сургуулиар нь биччихээч дээ.
o od 2017.12.14 103.26.195.148
imart gedeg delguur borchuudin orosoos zuudug , mif gedeg ugaalgin nuntagiig deeremden avch asar unetei zardag.borchuud 6 kg nuntagiig 18000 tugruguur zardag.baychuudin daviluun huuhduud amidralaas tasarsan.
з зочин 2017.10.26 27.123.214.91
UNREAD-ийн хамт олонд юун түрүүнд талархал илэрхийлье. энэ булан их таалагддаг шүү. энэ хүний хувьд гайгүй айлын хүүхэд болоод ийм боломж олдсон ч байж болох ч харийн оронд бусад хүмүүсийн мөрөөдөл болсон сургуулийг амжиллтай төгсөөд эх орондоо ихийг хийж бүтээж, энэ олон хүмүүсийг ажлын байраар хангаж, цаашдаа ч эх орондоо хувь нэмэр оруулахаар зорьж яваа нь бахархууштай. улсаа хөгжихгүй байна энээ тэрээ гэж янз бүрээр ярьдаг хийдгүй хүмүүсийн хажууд хийх гээл зорьж яваа залуу хүн байна.
З Зочин 2017.09.12 66.181.160.78
Medehgui yumdaa, ataarhaad tegej bodson uu, ugaasaa tiim yumuu, bayan ailiin huuhed bolohoor iluu olon bolomj oldson, iluu medeeleld oir baisan l hun baina. Ternees bish yag setgeleeree shineleg yum hiisen, aviyas chadvartai, mani meted ulger duurial boloh hun uu geed asuuhaar hariult oldohgui l bainadaa. Gehdee yahav, busad shigee har tamhi tataad, huuhen huchindeed yavchihaaguig ni uneley geh uu. Ataarhsan sonsogdoj baina uu, amidraltai sonsogdoj baina uu, duraaraa l bolno biz.
И Ишшш 2017.09.11 66.181.178.15
Ишш ийм мундаг амьтан тгд сэдэж чадсан нь наймаа юу Нарантуулынхнаас ялгаатай нь чингэлэгээр л бараагаа зөөх юмдаа Сү-гийнхнээс өөр ч юм гарку л дээ Чингис буудлынх нь эргэн тойрныг хардаа
T The game of unreaders 2017.08.18 94.191.142.165
Sain bnau? Unreadiin hamt olond ene urdiin mendiig hurgey. "Bi herhen ajildag ve" bulang unshaad INSPIRATION mash ih avdag shuu. Unreadiin hamt olon bolood uusgen baiguulagch nart gunee talarhaj bgaagaa nuuh yun, mun ta buhen uursduu ene buland orvol boloh ym. Minii sanal bolgoh bas uur humuus bna uund ulsiin hurliin gishuud, yrunhiilugch geh met humuus bval bas sonin ymuu gej bodloo. Minii l bodol shuu. peace :)
s salaryman 2017.07.26 112.72.3.85
Ireeduidee itgeltei tuushtai, helsen yarisandaa ajillaval bolno doo, yarih neg uur hiih neg uur, hicheegeerei, amjilt husey
З Зочин 2017.06.29 27.123.214.117
Buurliin buyaniig asuudalgui avch yavaad ene olon ajiltanaa ajiltai amidraltai bailgaad baixad bolno do
З Зочин 2017.06.26 58.123.151.188
harvard togsson uhaantai hun l yum bol gadnii company mongold avchirch mongo huilj baihad zugeer door n ajillad baij baih uu ene ch teneg l amitan baina . bi baisan bol undserheg tul gadnii company bayjuulahgui baisan
Z Zulbayar 2017.06.25 202.70.46.218
Танд болон таны бизнест гайхалтай сайн сайхныг хүсье. Бизнес нь улам илүү амжилттай байж, олон залуусыг үлгэрлэх болтугай.
T Tsogtbaatar 2017.06.24 66.181.190.44
Nemj helehed zovhon ub-d ajillaj amidraad bga bish yag 21 aimagt bga zaluustaigaa sursan medsenee huvaaltsaj togtmol haritsaj bgaarai.
З Зочин 2017.06.23 59.153.112.179
Сайхан ярилцлага байна гээд уншаад явж байснаа санал болгосон хүнийг нь хараад л гутармаар санагдчихлаа. Должин гэдэг багш бол бизнес эдийн засгийн мэдлэг тун маруухан, философийн хүн. Дээр нь сайн удирдагч биш. Өөр нэрлэх өчнөөн сайхан хүмүүс бий дээ.
А А 2017.06.23 122.201.28.15
Цэлмүүн эхнэр нь биздээ..................................................................................
Б Болор 2017.06.22 110.70.58.241
Маш сайхан ярилцлага болжээ. Эх орноо АНУ-гийн дайтай болгоно гээд зүтгээрэй. Нэг л мэдэхэд хүрнэ шүү. Амжилт хүсьё!
М Мэндбаяр 2017.06.22 27.123.214.107
Амжилтын дээдийг хүсье. Олимпын хороонд очиход нь энэ чинь одоо юу болж байнаа гэж бодсоноо нуух юун. Хэрэгтэй хүн хэрэгтэй газраа очжээ. Баярлалаа.
S Shurenchimg 2017.06.22 202.55.183.173
Аливаа зүйлийг холоос, өндрөөс хардаг мундаг залуу байна Аливаа зүйлийг холоос, өндрөөс хардаг мундаг залуу байна Аливаа зүйлийг холоос, өндрөөс хардаг мундаг залуу байна
z zz 2017.06.22 66.181.164.234
Mongoliin ochnoon l bayn ailiin ailiin huuhduud bna. ted nar ingeed etseg ehiinha businessig amjilttai awaad ywj bga n howor l doo..Mon Harvardiig suraad tugssun n tuhain hun her potential, uhamsar, humuujiltei bgag haruulj bnshd. Mongotei geed ymar Harvardiin diplom hudaldaj awah bish..Mundag zaluu bna. Neg sags hamt togloj uzmeer yum bn. Cheers!!
З Зочин 2017.06.22 202.21.119.186
Харвардын BA-г төгсөнө гэдэг бага юм биш шүү. Манай ТИС байгаа бишдээ, энэ муулаад байгаа нөхдүүдийг нэг харах юмсан.
Э Энхбааатар 2017.06.22 183.81.171.150
Сайхан ярилцлага болж. Монголын залуу үеийн төлөөлөл болсон ийм залуучууд удахгүй Монголын бизнэсийн салбарыг өөр түвшинд хүргэн гэдэгт итгэж байна.
s sain boy 2017.06.22 66.181.185.52
sain zaluu bolooroi. yarianaas dugnehed zuv bodoltoi huu bna. anzaarahad baga hulmurludug, bagiin udirdlaga saitai yum. za tegeed undur amjilt husie ee. olon zaluusiig egneendee avaarai
З Зочин 2017.06.22 202.55.183.173
Emartiin uilchilgee uneheer taalagddag shuu receptionii ohiduudad credit ugmuur baina uneheer unen setgeleesee hereg tus boloy gesen setgeleer handaj baisand bayrlasan camera shuuh utsar holbogdoh zarlah geed avch boloh buh arga hemjeeg umnuus min hiij ugsun tuldaa hohirolgui uldej chadsan bayrlalaa
S Sukhbold 2017.06.22 202.9.40.115
Mundag chadalta zaluu bn, chicago, HBS d surna gedeg togloom bish. Bolovsroliin salbart anhaarch bgaa n taalagdlaa. Bolovsrol ymar chuhliig bid odoonii ene songuulias harj bolno
З Зочин 2017.06.22 66.181.186.80
Сү. Батболд дүрээрээ байх шив. За яахав. Идэж уусан ч гэсэн аавыхаа буянд гайгүй л яваа залуу бна. Даах эсэхийг цаг хугацаа харуулна даа.
Д Д.Ганзориг 2017.06.22 27.123.214.123
олон зүйлийг хамтдана амжуулахдаа нэг чиг шугам баримталж чадварлаг итгэлтэй хүмүүсээтэй хамтрах нь хамгаас чухал гэдгийг энэ ярилцлагаас ойлгож авлаа
Ж Ж.Сүхбаатар 2017.06.22 66.181.190.44
Улс төрд эрт орж сэтгэлээ, нэрээ сэвтээчихгүй бол шинэ үеийн залуусын манлайлагчдын нэг болно гэж боддог. Зохист замаар одтой яваа залуу
З Зочин 2017.06.22 66.181.190.44
eldviin ataa jutuu aguulsan comment l bitgii bicheerei zaluusaa chadaltai zaluusaa urmaar demjih heregtei ulam zuv chigluulj sain uils buteehed ni urialah heregtei
I Ish 2017.06.22 103.57.92.251
Bayan ailiin bandgar hvv business n asuudalgvi l bosood irsen n aavtai n shuud holbootoi. Busdaar bol aav n bhgvi bol chdlachdlara yvlaa yu. Ghde yahav etseg ehin buyang zuv l chuglvvleerei. Tselmuuniig urij yadag bnaa. Adilhan l tom2 yum yrisan hudlaa nuhdvd.