“Найт Фрэнк” хэмээх дэлхийн судалгааны байгууллагын 2023 онд хийсэн нэгэн судалгаагаар, оролцогчдын 81 хувь нь чадварлаг ажилтан татах гол хүчин зүйлийн нэгээр оффисын байршлыг нэрлэжээ. Үүгээр ч зогсохгүй, тэдний 70 хувь нь тухайн байгууллагын оффисын байршил нь байгууллагын соёл, нэр хүндэд шууд нөлөөлдөг хэмээн үзсэнийг онцлууштай. Миний бодлоор Улаанбаатар хотын хамгийн “алдартай”, хүн бүрийн мэддэг оффисын барилгын нэг бол яах аргагүй “Сэнтрал Тауэр”. Тэгвэл тус барилгад “оффислон” ажлаа хийдэг дараах арван эрхмийн тус тусын өнцгийг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна. Сонирхуулахад, манай редакц ч мөн хэсэг хугацаанд Сэнтрал Тауэрт ажиллаж байсан болохоор эдгээр зочдын сэтгэгдэлтэй олон талаар санал нийлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
1. ХААН БАНКНЫ СЭНТРАЛ ТАУЭР ПРИОРИТИ САЛБАРЫН ХАРИЛЦААНЫ МЕНеЖЕР Б.УРАНГУА
ХААН Банк орон даяар салбар нэгжтэйгээр 1991 онд үүсэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 34 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Монголын тэргүүлэгч банк билээ. ХААН Банкны Сэнтрал тауэр приорити тооцооны төвийн хувьд 2019 оноос хойш зургаа дахь жилдээ энэ оффист үйл ажиллагаа явуулж байна.
Хотын төвд байршилтай, аюулгүй байдлыг сайтар хангадаг, ямар нэг асуудал гарахад хурдан шуурхай шийдвэрлэдэг, хамт олон нь найрсаг санагдсан. Мөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд оффислон ажилладаг нь таалагдсан. Харилцагчийн хувьд бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Цэвэрхэн, тав тухтай орчин, найрсаг бас хурдтай хамт олон. Мөн олон байгууллагын оффис байдагтай холбоотой доод давхруудад байрлах ресторан, зоогийн газруудад оффисын ажилтнуудад тохирсон өдрийн хоол гардаг нь таалагддаг.
2. ЮНИТЕЛ ГРУППИЙН МАРКЕТИНГИЙН ГАЗРЫН СОШИАЛ МЕДИА МЭРГЭЖИЛТЭН Б.ДҮҮРЭНТУЯА
Юнител Групп гэхээр олон хүнд шууд телко төсөөлөгддөг. Гэхдээ телко бидний ажлын зөвхөн нэг хэсэг нь болоод уджээ. Өнөөдөр бид телко, контент, технологи, өгөгдлийн шийдэл, амьдралын хэв маягт тулгуурласан үйлчилгээ зэрэг олон салбарт ажиллаж, экосистем болгон хөгжүүлж байна.
Юнител групп байгуулагдсан цагаасаа хойш Сэнтрал Тауэрт оффислож байгаа шиг санагдаж байна. Тийм бол 19 дэх жилдээ оффис маань энэ барилгаар овоглож байгаа гэсэн үг. Бид хэрэглэгчдэдээ технологийн шинэ шийдлүүдийг түрүүлж санал болгодог шигээ дотооддоо ч бас ажилтнуудад зориулсан шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Миний хувьд эдгээрээс “Energy Booster Room”-ийг онцолмоор байна. Тайвшруулах дуу, гэрэл болон орчны автомат тохиргоотой энэ өрөөнд 15 минут амраад гарахад өдрийн эрч хүчээ сэлбэж чаддаг.
Сэнтрал Тауэр руу ажилдаа ирэх, явах мөчүүд бараг зан үйл болчихсон юм шиг. Ажлынхаа хэмнэлийг гадна орчноос нь хүртэл мэдэрдэг гэх үү дээ. Өглөөд нар мандаж, зүлэг услагдаж байхыг хараад тайван ч гэлээ эрч хүчтэй өдрийг эхлүүлэх мэдрэмж төрдөг. Харин орой ажлаа тараад гарахдаа хааяа нэг яарсан эсвэл ядарсан мэдрэмжтэй байдаг ч “гоё орчинд, гоё оффист ажиллаж байгаа шүү” гэж өөрийн эрхгүй бодогддог. Тайван хэрнээ хөдөлгөөнтэй, албан атлаа амьтай уур амьсгалтай газар шүү.
3. ТЭСО ГРУППИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН АХЛАХ МЕНЕЖЕР Ц.АЗЗАЯА
Тэсо групп 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон салбар чиглэлд тогтвортой, хурдтай, дэвшилттэй ажиллаж, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлж буй байгууллага. Бид хамтдаа өсөн дэвшиж, үнэ цэнтэй, инновацлаг бүтээгдэхүүнийг бий болгохыг эрхэмлэн ажилладаг.
Манай оффис хэвшмэл өрөө, ханаар тусгаарлагдахаас илүүтэй багаар ажиллах болон бие даан ажиллах боломжийг хослуулан, орчин үеийн хэв маяг бүхий шийдлийг тусгаж, ногоон байгууламжаар тохижуулсан байдаг. Мөн багуудын хамтын ажиллагаанд зориулан хурлын өрөө, нээлттэй заалуудыг шийдэхийн зэрэгцээ ганцаарчилж, төвлөрөн ажиллахад тохиромжтой чимээгүй булан, хувийн корнер хэсгүүдийг бүрдүүлсэн. Мөн оффис маань тэр чигтээ ногоон ургамлаар хүрээлсэн нь ажилтнуудад тухтай, эрүүл, таатай мэдрэмж өгөхөөс гадна бүтээмж, эрүүл мэндийг дэмждэг чухал хүчин зүйл болж байгаа мэт санагддаг. Харин барилгын хувьд хотын төв цэгт байрладаг тул орчныг бүхэлд нь тольдох боломжтойн дээр гадаа талбайдаа ногоон байгууламжтай болохоор цайны цагаар болон өглөө, оройд гарч, ороход байгальд байгаа мэт таатай мэдрэмж авдаг.
4. МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЗАХИРГААНЫ АЖИЛТАН М.ДОРЖХАНД
Сагсан бөмбөгийн холбоо 2022 онд нэгдэж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд өнгөрөгч онд 30 жилийн ойгоо угтаж, ийнхүү 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаа бид Монголд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Улмаар манай холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3X3 төрлийн насанд хүрэгчдэд зориулсан бүх тэмцээнийг зохион байгуулсан гэдэг утгаараа Гиннесийн амжилт тогтоож байна.
Гаднаас ирсэн зочид төлөөлөгчид манай оффисоор зочлохдоо хамгийн түрүүнд харууцыг онцолдог. Мөн миний ажиллаж үзсэн бусад оффисуудтай харьцуулахад засвар үйлчилгээ болон хөрөнгийн менежментийн харилцаа холбоо сайн байдаг санагдсан. Би нэг удаа оффисын түлхүүрээ мартаад хөрөнгийн менежментийн албатай нь холбогдоход ердөө 30 минутын дотор асуудлаа шийдүүлж, нөөц түлхүүрээ авч байсан удаатай.
5. “Энержи Ресурс” компанийн Борлуулалт маркетингийн хэлтсийн ахлах менежер з.Чагдаржав
Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдсан, энэ жил 20 насны босгыг алхаж байна. Бид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 оноос хойш Монголын топ таван ААН-ийн нэгээр тогтмол шалгарч, ажлын байр, экспорт, татвар, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудаараа дотоодын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Манай оффис өмнө нь өрөөний тусгаарлалт бүхий зохион байгуулалттай байсан ч хоёр жилийн өмнө интерьерээ шинэчилж, илүү нээлттэй орчин, уур амьсгалыг бүрдүүлсэн. Ингэснээр ажилтнууд хоорондын харилцаа ил тод, нээлттэй болж, бүтээмжид ч сайнаар нөлөөлөх болсон гэж боддог.
Байршлын хувьд Сэнтрал Тауэр хотын төвд байрладаг учраас бүх төрлийн үйлчилгээнд ойр, гадаадын түнш, харилцагчдаа хүлээж авах, хурал уулзалт зохион байгуулах боломжтой газрууд ойр хавьд олон байдгаараа давуу талтай. Харин миний хувьд жюү жицүгийн спортоор хичээллэдэг болохоор оффис болон бэлтгэлийн заал хоёр маань ойрхон байдаг нь их тустай.
Манай оффисын хувьд ногоон ургамал ихтэйн дээр өнгөний зохицлын хувьд байгалийн өнгө давамгайлсан байдаг тул тайвшруулж, стресс бууруулж, бүтээмж нэмэгдүүлдэг.
6. MDS KhanLex хуулийн фирмийн хуульч Т.Мөнгөнцэцэг
Манай байгууллага 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хууль зүйн зөвлөгөө өгөх, тэр дундаа бизнесийн харилцаа, IPO, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бондын зах зээлд түлхүү ажиллаж байна. Хуулийн фирм учраас төрийн байгууллагуудтай харилцаа тогтоох шаардлага бишгүй гарна. Харин ийм үед дийлэнхтэй нь ойр байрладаг нь давуу тал болдог. Мөн дотроо үйлчилгээний газрууд цогцолсон байдгийн дээр Токи аппын хүргэлтийн үйлчилгээтэй болохоор их амар санагддаг. Хамт “оффислодог” байгууллагууд маань ч харилцаа хандлагын тал дээр асуудалгүй.
Сонирхуулахад, хуулийн фирм бусад байгууллагатай харьцуулахад цөөн ажилтантай байдаг. Манайх л гэхэд 15 ажилтантай болохоор оффисын зай талбайгаа илүү чөлөөтэй ашиглах боломжтой байдгаараа давуу талтай. Тухайлбал, гурван хүний багтаамжтай унтлагын хэсэг, хоолны өрөөг шийдсэн байдаг тул ажлын цагаа маш тав тухтай өнгөрүүлдэг.
Хуулийн байгууллага гэдэг утгаараа бид хүний эрхийг, тэр дундаа хүүхдийн эрхийг хүндэтгэн ажиллахыг эрмэлздэг. Үүний тулд, бизнесийн байгууллагуудад чиглэсэн хүүхдийн эрхийг хангаж ажиллах зарчмыг мөрдөж, хүүхэдтэй ажилтанд сард нэг удаа цалинтай чөлөө олгох, амралтын өрөөг хүүхэд хөхүүлэхэд боломжтой байлгах, оффист хүүхэд ирсэн тохиолдолд аль болох эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх амттан өгөхгүй байхыг хичээдэг.
7. Ontime компанийн Гүйцэтгэх захирал М.Мөнхдөл
Манайх худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем, технологийн шийдэл боловсруулдаг ба 2019 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор кассын системээс гадна, кассын тоног төхөөрөмж, банкны карт уншигч, зээлийн үйлчилгээ, сургалт зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Бид гурван жилийн өмнө Сэнтрал Тауэрт ажиллаж байгаад хагас жилийн өмнөөс дахин эндээ ирсэн. Эндэхийн хамгийн том онцлог бол яалт ч үгүй байршил. Хувь, хувьсгалын уулзалт хийх болоход хол явах шаардлагагүй, заримдаа бүр барилгаасаа гаралгүй харилцагч байгууллагуудтайгаа уулзах тохиолдол ч байдаг. Мөн агааржуулагч, цэвэрлэгээ, аюулгүй байдал талаасаа олон улсын стандартыг баримталж ажилладаг, үйл ажиллагааны зарчим нь тодорхой, түрээслэгч байгууллагууддаа ч тухайн стандартыг баримтлах шаардлага тавьдаг тул тав тухтай, найдвартай мэдрэмж төрүүлдэг. Өрөөний зохион байгуулалтын хувьд анхнаасаа галын аюултай нөхцөл байдлын үед гадагш гарахад хялбар байлгах талаас нь бодолцож хийсэн гэсэн. Нөгөөтээгүүр Сэнтрал Тауэр өөрөө байршил, орчноосоо болоод ч тэр үү, тухайн “оффислож” буй байгууллагуудынхаа үнэ цэнийг тодотгож чаддаг юм шиг санагддаг.
8. Монгол дахь Австралийн худалдааны танхимын бизнес хөгжлийн ажилтан Э.Амар
Монгол дахь Австралийн Худалдааны Танхим (AustCham Mongolia) нь 2013 онд Улаанбаатар хотод байгуулагдсан, гишүүнчлэл дээр суурилсан төрийн бус байгууллага юм. Бид Монгол, Австрали хоорондын хувийн хэвшлийн бизнесийг холбох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Тухайлбал, Австралийн Элчин сайдын яам, Austrade болон бусад мэргэжлийн байгууллага, салбарын манлайлагчидтай хамтран ажиллаж, бодлого боловсруулагчидтай үр дүнтэй харилцаа холбоо тогтоох замаар бизнесийн орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.
Одоогоор манайд 80 гаруй гишүүн байгууллага бий. Тэдгээртэй уулзалт зохион байгуулахад илүү хялбар, тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс хэд хэдэн оффисыг сонирхож, судалсны эцэст байршил, орчин нөхцөлийг нь харгалзаж үзээд өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн Сэнтрал Тауэрт ажиллаж эхэлсэн.
9. М банкны Маркетингийн ахлах дизайнер Б.Тамир
М банкийг 2018 онд “М төсөл” байхаас нь эхлэн одоо хүртэл би Сэнтрал Тауэрт ажиллаж байна.
Урт хугацаагаар дэлгэцийн өмнө сууж ажилладаг болохоор түр амсхийх зуураа саруул цэлгэр цонхоор алсын бараа ширтэхэд нүд сайн амардаг. Өмнө нь өөр оффист ажилладаг байхад заавал гадаа гарч агаар амьсгалж, алсыг хардаг байсан бол Сэнтрал Тауэрт тэгэх шаардлагагүй болсон. Ажлын орчиндоо их дассан болоод ч тэр үү, оффисынхоо бүхий л хэсэгт дуртай. Заавал онцолно гэвэл кофены хэсэг, дартс, ширээний хөлбөмбөгийн хэсгийг нэрлэе.
10. Uniservice Solution компанийн Хүний нөөцийн ахлах ажилтан Б.хулан
Манай байгууллага 1999 онд үүсгэн байгуулагдсан. Үл хөдлөх хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээ болон катерингийн үйлчилгээ үзүүлдэг. Манайх Сэнтрал Тауэрт 14 дэх жилдээ оффислож байгаа бөгөөд байршил, үйлчилгээ, дэд бүтэц, орчны аюулгүй байдал зэрэг нь таалагддаг. Онцлон дурдахад, хяналтын CCTV системтэй, тогтмол галын нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулдаг, 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, PM 2.5 агаар шүүгч системтэй, 24/7 аюулгүй байдлын алба болон хяналтын камеруудтай учраас аюулгүй ажиллах орчныг бий болгож чаддаг.
Миний хувьд ганцхан Сэнтрал Тауэрт оффислож үзсэн болохоор бусад барилга ямар байдгийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй байгууллага болон ажлаа сонгоход оффисийн байршил нөлөө үзүүлдэг гэж бодож байна.