“Аяа.. Агшин бүрийг аргамжиж хоцорно гэдэг юутай их тавилан.” Арван хүний өөр түүхээр аялуулна гэдэг юутай их завшаан.
Бид энэ удаагийн нийтлэлээрээ баримтат гэрэл зургаар мэргэшиж, түүгээрээ амьдарч яваа арван эрхмийн түүх болон адал явдлын жимээр аялсан юм. Монголын үнэн төрхийг агшин бүрдээ буулгах хүсэл хийгээд алдаа бүрээсээ суралцсан урт замын бодлуудаас буусан баримтуудыг хамтдаа уншин сонирхоцгооё.
1. Д.Бат-Эрдэнэ | Гэрэл зурагчин, Архитектор, Интерьер дизайнер
Бага байхад интернэт кафед их суудаг байв. Хийдэг зүйл нь “элдэв зураг” гэж хайгаад хэдэн ч цагаар хамаагүй зураг үзээд өнгөрүүлдэг. Тэрхүү цаг үеэс л гэрэл зураг, тэр дундаа баримтат гэрэл зурагтай учирсан юм.
Санаанаас гардаггүй гэрэл зураг гэвэл “Ид шидийн уут” аяны үеэр дарсан нэг зургаа нэрлэнэ. Аяны хүрээнд гэр хорооллын нэгэн айлд ортол ээж нь дөрөв орчим настай охинтойгоо амьдардаг юм байна. Охин ширээн дээрээ гурван ширхэг цаасгүй чихэр өрчихсөн байсан нь анхаарлыг маань татсан юм л даа. Учрыг нь асуутал өдөрт нэг л чихэр иддэг гэнэ. Охин хэлэхдээ:
- Надад дөрөвхөн чихэр байгаа өнөөдөр нэгийг нь идчихсэн. Энэ гурвыг маргааш нөгөөдөр цувруулж иднэ. Гэхдээ маргаашийг хүлээж тэсэхгүй болохоор нь цааснаас нь задлаад тавьчихсан байгаа юм...
Ийм хэцүү амьдрал зөндөө бий. Нүдэнд нулимс цийлгэнээд гурван чихрийнх нь зургийг дараад л гарж билээ. Одоо тэр зургийг харах болгонд бэлэг аваад баярлаж байгаа тэр жаахан охин бодогддог юм. Зураг болгоны ард сайхан дурсамж байдаггүй. Гунигтай, хөгжилтэй, уйлмаар уур хүрмээр ч дурсамж, мэдрэмж байдаг. Дан ганц амьдралын сайн сайхныг өгүүлээд байвал тэр баримтат гэрэл зураг биш байх. Учир нь бидний өнөөгийн амьдралд саар зүйлс дэндүү их байгаа шүү дээ. Гагцхүү бодит байдлыг зураглах нь баримтат гэрэл зургийн мөн чанар.
Инстаграм хаяг: @do.batka
2. Д.Давааням | Noise Art Media-ийн зурагчин
Хайлаастад өсөж торнисон би 2004 он гэхээр есдүгээр ангиасаа хар цагаан хальсаар гэрэл зураг авч эхэлсэн юм. Амьдралын орчин, дуу хоолойгоо бусдад хүргэх гэсэн хүсэл эрмэлзэл минь намайг баримтат гэрэл зургаар дагнан ажиллах замд хөтөлсөн гэж боддог.
Баримтат гэрэл зураг надад юу өгсөн бэ гэж асуувал би “үнэн”-г харуулах боломж олгосон гэж хариулна. Бид УИХ-ын гишүүдийг амьдралаас тасарсан гэж шүүмжилдэг ч үнэн хэрэгтээ өөрсдөө ч амьдралаас тасарч, хотын төвийн хэдхэн гудамж, нийгмийн сүлжээний хязгаарт эргэлдэж байгаа нь үнэн. Салхинд хийсэх хамхуул шиг амьдралын өнгөн гялгар, хязгааргүй хэрэглээнд автаж, гүн рүү нь харахыг хойш тавьж байна. Харин баримтат гэрэл зураг тэрхүү өнгөнөөс цааш, алслагдсан газар нутаг, хүн зоны бодит амьдралын дүр төрхийг бидэнд харуулдаг. Биеэр үзэж харсан хүний өнцөг дотор нь бий.
Жишээлбэл, Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэй уул байна. Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн 1000, Баянхошуу, Зүүн салааны иргэд энэ уулнаас мод бэлтгэж, ахуй амьдралдаа ашигладаг. Тэд модоо хөрөөдөн зарж борлуулж, олсон орлогоо нүүрс, түлээ, хоол хүнсэндээ зарцуулдаг гэсэн үг. Гэхдээ хулгайн замаар. Хүсэхгүй байгаа ч тэр хүмүүс амьдралын эрхээр ийм зүйл хийдэг. Тэрхүү амьдралыг харуулсан “Модны хулгай” нэртэй төслийг би зургаан сарын турш хэрэгжүүлсэн юм. Энэ хугацаанд танихгүй хүмүүстэй уулзаж, уул хадаар явж, тэдний өдөр тутмын амьдралыг баримтат гэрэл зургаар буулгасан. Амьдралын янз янзын өнгөөр аялсан хэрэг. Тиймдээ ч надад хүн байх, энэ амьдралыг үнэнээр нь харах ёстойг сануулдаг учраас баримтат гэрэл зурагт дурласан гэж боддог.
Мэдээж баримтат гэрэл зураг гэхээр л нийгмийн болж бүтэхгүй байгаа, муу муухайг харуулна гэсэн үг бас биш. Харин амьдралын бодит үнэнийг санах ой болгон, хойч үедээ үлдээдэг эд юм.
Инстаграм хаяг: @davaanyamdelgerjargal
3. Л.Ганзориг | Гамма агентлагийн гэрэл зурагчин
Гэрэл зурагчин болох замд хөтөлсөн эхний алхамыг аав минь /П.Лхамсүрэн/ тавьсан. Бага байхдаа аавынхаа зураг дарах, зургаа угааж буулгах үед нь үргэлж хамтдаа байна. Балчирхан надад тэр үеийн зураг буулгах явц ид шид гэмээр, сонин гайхам мэдрэмж төрүүлдэг байв. Буулгасан дүрс аажимдаа тодорч ирэхийг харах их дуртай байж билээ.
Тиймдээ ч 1990 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн би багын найзынхаа тавьсан саналыг зөвшөөрсөн хэрэг. Учир нь манай найз Р.Даваажав тэр үед хэдийн зурагчин болчихсон үйл явдлын голд завгүй ажилладаг хүн болсон байсан юм. Цэрэг хувцсаа ч тайлаагүй надад зурагчин болох санал ирэхэд дуртай нь аргагүй зөвшөөрч, маргааш нь шууд камер үүрээд үйл явдал дунд хамт гүйж эхэлсэн. Тухайн үе бол Ардчилсан хувьсгал өрнөж байсан, нийгмийн асар их өөрчлөлтийн үе. Аз гэх үү, хувь тавилан гэх үү надад нийгэм солигдох үеийн гэрч болох хувь тохиож, түүгээр ч барам гэрэл зургаар баримтжуулж явснаа эргээд харахад маш сонирхолтой, зөв замаар явжээ гэж боддог. Ингэж миний баримтат гэрэл зурагтай холбогдсон түүх эхэлсэн юм.
Анх гэрэл зурагчин болохдоо өдөр болсон жагсаал цуглааны зургаа орой нь угааж боловсруулан, дараа нь сонинд хүргэж, өглөө орон нутгийн уншигчдад илгээдэг байлаа. Тухайн үе, одоо шиг хөгжил байсангүй. Хүмүүс мэдээллийн “өлсгөлөн”-д нэрвэгдсэн цаг тул ийм ажил хийх болсон хэрэг. Тэр үед би ЗХУ-д үйлдвэрлэсэн КИЕВ гэдэг өргөн хальсны, Зүүн Германд үйлдвэрлэсэн Praktica гэдэг нарийн хальсны 50mm f1,8 дурантай камер анх ашиглаж байсан.
Харин одоо бол дроноор хүртэл зураг авчихдаг шаггүй нэгэн болсон байна. Үүнийхээ ч хүчинд “Улаанбаатар 1993-2024” номынхоо нээлтийг тун саяхан хийлээ. Энэ ном 10, 20, 30 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг өнөөгийнхтэй харьцуулан, нэг ижил цэгээс авсан гэрэл зургуудыг багтаасан бүтээл. Өнгөрсөн он жилүүдийн баримтат зургууддаа тулгуурлан чанартай ном гаргах нь миний амьдралын зорилго байсан тул тэр зорилгоо биелүүлсэндээ туйлын их баяртай байгаа шүү.
Инстаграм хаяг: @ganzorig_l
4. И.Номин | MPA-ийн гэрэл зурагчин
Миний хувьд 2021 оноос хойш Mongolian Press Agency-д гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах нь өдөр тутмын үйл явдлуудын халуун цэгт хамгийн түрүүнд очиж, түүхэн мөчүүдийг баримтжуулах үүрэг хүлээнэ гэсэн үг. Өглөө шагнал гардуулах ёслолд, өдөр төрийн ордонд, орой нь жагсаал дээр гээд л завгүй ажиллах бүрдээ “Энэ агшныг ингэж буулгаж чадвал сайхан болно” гэж толгойдоо зурагладаг. Тэгээд тэр төсөөллөө бодитоор буулгаж чадахаар сэтгэл ханамж, урам зориг авдаг төрлийн хүн.
Анх бол юу ч мэдэхгүй iPhone 5-аараа барилга, цэцэг, хүмүүсийн зургийг янз бүрээр дардаг байсан. Гэвч оюутан болохдоо энэ хоббигоо мэргэжлээ болгох талаар бодсонгүй, өөр мэргэжил сонгосон. Хүн хүсээгүй зүйлээ хийж чаддаггүй гэдэг үнэн юм билээ. Ганцхан улирал суралцаад сургуулиа орхиж, гурван жил сургуульгүй явсны дараа найзынхаа саналаар СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангид элсэн орсон нь миний амьдралд том эргэлт болсон. Тэндээс би дуртай зүйлээ хийхийн жинхэнэ утгыг ойлгож, Д.Давааням багшаасаа энэ мэргэжлийн анхны номын дууг сонсож байлаа.
2022 онд Баримтат гэрэл зургийн "Батзориг сан"-аас хувийн тэтгэлэг олгох шалгаруулалтад миний төсөл шалгарсан. Шалгарсан даруйдаа төслөө хөгжүүлж, ганцаарчилсан сургалтуудад хамрагдан баримтат гэрэл зургийн талаар улам өргөн мэдлэгтэй болсон.
Тэрхүү мэдлэгээс хуваалцахад баримтат гэрэл зургийн онцлог нь энэ төрлийн зураг хамгийн бодит, үнэ цэнтэй түүхийг үлдээдэгт оршино. Энэ бол өнгөрсөн цагийн амьд гэрчийг бүтээж, ирээдүйд үүрд хадгалан үлдээх хүчтэй хэрэгсэл гэж би итгэдэг.
Инстаграм хаяг: @nominitgel_
5. Н.Сонинбаяр | Гэрэл зурагчин
2019 онд анхныхаа цалингаар хальсны камер авахаар шийдсэн минь баримтат гэрэл зурагтай учрах эхлэл болсон. Шалтгаан нь юмс үзэгдлийг элдэв маяг, хэлбэрт оруулалгүй байгаагаар нь зураг болгон буулгахад дурладаг болсон юм. Мөн дурлаж авсан камераараа зураг дарах бүрийдээ эргэн тойрноо ажиглах, илүү хүлээцтэй байхад суралцах болсон. Эргээд харахад баримтат гэрэл зураг надад олон олон дүр, олон олон танилуудтай минь учруулжээ.
Инстаграм хаяг: @sapphiriot
6. Б.Бат-Оргил | МУЭ-ийн уран бүтээлч, Гэрэл зурагчин
Багадаа гэр бүлийнхээ зургийн цомгийг дэлгэн харж, гайхан алмайрдаг байсан. Яаж миний таньдаг хүмүүс залуудаа ийм төрхтэй, ажил мэргэжилтэй байсан байна аа гээд. Яг л цаг хугацаагаар аялж байгаа мэт мэдрэмж авдаг байв. Тиймдээ ч анхны камераа авахын тулд 13 настай би ээжийн үйлдвэрт зуны хоёр сар ажилласан түүхтэй. Тэгж их гэрэл зурагт хорхойссон хэрэг. Анхандаа гэр бүлийнхээ л зургийг дардаг гэрэл зурагчин болно хэмээн мөрөөдөж байсан. Яваандаа байгаль дээрх юмс үзэгдэл, дэс дараалал, гоо зүйг гэрэл зурагт буулгахыг зорьдог болсон юм.
Би баримтат гэрэл зургийг зүгээр нэг зураг гэдгээс илүүтэй "уран бүтээл" гэж хардаг. Учир нь энэ төрлийн ажил ертөнцийг өргөнөөр харах, гүнзгий төсөөлөн бодох чадвараас гадна тал бүрийн мэдлэг, дүн шинжилгээ шаарддаг. Хамгийн чухал нь баримтат гэрэл зураг үнэнтэй ойр байх зарчимд тулгуурладаг учраас илүү үнэ цэнтэй.
Надад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д хоёр сарын турш зураг дарсан тохиол бий. Энэ хугацаанд би үйлчлүүлэгч нартай харилцаж, өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй хүмүүсийн тэр түүхийг буулгах гэж зорьсон юм. Гэхдээ тухайн явцдаа би өөрөө сэтгэл зүйн гэмтэл авч, түүнээсээ гарахын тулд гурван сар гаруй зарцуулж байсан удаатай. Энэ туршлагаараа дамжуулан баримтат гэрэл зургийн ард ямар их сэтгэл зүй, тэсвэр хатуужил шаарддагийг, заримдаа энэ нь хичнээн хүнд хэцүү байдгийг хуваалцахыг хүслээ.
Инстаграм хаяг: @batorgilb
7. Б.Заяажаргал | Noise Art Media-ийн гэрэл зурагчин
Баримтат гэрэл зураг одоо байгаа намайг бүтээсэн. Миний хүрээлэл өөрчлөгдөж, маш олон гайхалтай хүмүүстэй танилцах боломжийг олгосон юм. Бүр нутагтаа очиход хүртэл намайг “Нийслэл хүү” гэж дуудна гээч. Цаанаа л нэг өөр намайг хүндэлж байгаа нь мэдрэгддэг.
Анх 2018 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Д.Давааням багшаасаа камер авч, гэр хорооллоор зураг дарж явснаас энэ бүхэн эхэлсэн. Тэрнээс хойш камераа үүрээд гарах өдөр бүр сайхан санагддаг.
Миний хүрээлэл, тэр дундаа Дархад зоны амьдрал аж ахуй, нүүдэлчин соёлыг ойроос мэдрэх боломжтой хүний хувьд тэдгээр хүмүүстэй түүх бүтээлцэж буй мэт санагддаг. Харин тэр түүхийг хэзээ нэг цагт мартуулахгүй авч үлдэх баримтыг кадр бүрдээ буулгах нь баримтат гэрэл зурагчин болсны хүндэт үүрэг гэж харах дуртай. Адал явдалтай шүү. Хөдөө нутгийн үзэсгэлэн ч бай, хотын бужигнасан холхилдоон ч бай. Жишээлбэл, “Ажлаа хий” жагсаалын үеэр би Төрийн ордны хаалгыг эвдэж, дотроос цэргүүд, гаднаас иргэд хуруугаа гозолзуулан тэмцэлдэж байх мөчийг барьж авсан. Тухайн үеийн халуун дунд дүрсээ буулгасны дараа арай гэж зах руу нь гарахад хэдэн согтуу залууст “зураг авлаа” хэмээн хөөгдсөн хөгжилтэй, гэхдээ амаргүй хүнд түүх ч бий.
Инстаграм хаяг: @zayaz_24
8. Г.Ананд | Ublife сайтын Фото сурвалжлагч, эвлүүлэгч
Анх хөрөг зураг сонирхож, Canon 600D камер авсан минь гэрэл зурагт хөл тавих эхлэл байлаа. Тухайн үед хүнтэй ярилцдаггүй, хэрхэн харилцахаа ч мэддэггүй байв. Хааяа нэг хүн олж, цаг товлон зураг авсан ч камерынхаа ажиллагааг сайн эзэмшээгүй тул зурагнууд маань ихэвчлэн хав хараар гардаг байсан. Тэгээд механик горимоос эхлээд камераа ашиглаж сурахын тулд Youtube-с үзсэн зүйлсээ шөнө гудамжаар алхаж туршиж эхэлсэн. Цайны цагаараа хүртэл ажлаасаа гараад гудамж “метрлэчихнэ”.
Аажимдаа хүмүүсийн аж байдал, түүх, сэтгэл хөдлөл, цөхрөлийн өнгийг сонирхдог, агшныг мэдэрдэг болсон. Үзэл бодол ч өөрчлөгдөн амьдралыг харах өнцгөө олсон. Тэр үедээ үйл явдал агшинд аль болох нөлөөлөхгүйгээр бөмбөлгийн гаднаас зургаа дарчхаад л явдаг болсон юм.
Одооноос харин ажилтайгаа уялдаад бөмбөлөг дотор нь орж тухайн үйл явдал, түүх, агшныг дэлгэрэнгүй хүргэх талаас нь суралцаж эхлээд байна. Сэтгүүлчдэд үзэг нь зэвсэг болдогтой адил баримтат гэрэл зураг хүн бүрд хүрч, тэдэнд нөлөөлөх хүчтэй зэвсэг гэдгийг ойлгосон. Энэ ухаарал л намайг баримтат гэрэл зургийг жинхэнэ утгаар нь ойлгон, бүтээл болгон хөгжүүлэх замд хөтөлж буй юм болов уу.
Инстаграм хаяг: @_kat0gami
9. А.Баттулга | Чөлөөт уран бүтээлч
Анзаараад байхад хүн бүр өдөр тутамдаа харж, мэдэрч байгаа зүйлсээ гар утсан дээрээ буулгадаг болчихсон. Би ч ялгаагүй. Учир нь гэрэл зураг гэдэг мэдрэмжээ илэрхийлэх эрх чөлөө, өнгөрч буй агшин хормыг нандигнан хадгалах боломжийг олгодогоороо онцгой. Бид чинь нэг хотод, нэг орчинд л амьдарч байгаа шүү дээ. Тийм байтал хүн бүрийн мэдрэмж давтагдашгүй, ондоо гэдгийг гагцхүү гэрэл зураг л бидэнд харуулдаг.
Зураг дараад явж байх үедээ би юмсыг илүү ажиглах, байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах мэдрэмжээр дүүрдэг. Олон мэдрэмжийн цуглуулга байгаа ч ахмадын асрамжийн газарт нэг өдрийг өнгөрөөж зураг дарж байсан юм. Хүнд хэр нь дулаахан мэдрэмжүүд холилдож байсан тэр мөч миний буулгаж байсан гайхалтай зургуудын нэг билээ.
Инстаграм хаяг: @tulgaaskizz
10. М.Гэрэлмаа | Чөлөөт уран бүтээлч
Амьдралын уналтын цэгээсээ босох тулгуур минь болсон зүйл бол баримтат гэрэл зураг. Учир нь энэ төрөл ямар ч хийсвэрлэл, хэтрүүлэл, уран зөгнөл агуулдаггүй. Дарж буй хүнийхээ өнцгийг бас бодит байдлыг харуулдаг. Өнөө цагт бид юмсыг зүгээр л оршиж байгаагаар нь, бодитоор нь таашааж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Ялангуяа нийгмийн сүлжээнээс үүдэлтэйгээр хүн бүр сайхан амьдралтай, өдөр бүр болзоотой, амтат хоолтой байх ёстой юм шиг санаад…
Гэтэл эргэн тойрноо ажиглавал бидний нийслэл хотод олон сайхан зүйлс бодитоор оршиж байдаг. Сайхан гэдэг нь зөвхөн өнгөлөг, үзэсгэлэнтэй, ганган, гял цал гэсэн утга биш шүү. Бодит зүйлс байгаагаараа үзэсгэлэнтэй байдаг болохоор тэр.
Жишээ нь, нэг удаа би гудамжинд "Монгол хүн, Монголын ирээдүй, Монгол бахархал" гэсэн самбарыг налаад хэвтэж буй согтуу ахтай таарсан юм. Харсан даруйдаа тархиндаа шууд зураг болгоод жаазалчихсан юм. Утсаа гаргаад дарах гэж байгаа намайг хараад босож ирээд уурлахвий гэж их айсан санагдана. Тухайн үедээ гар утас минь л байсан болохоор замын цаана гарч байгаад дурангаараа татаад дарах боломж даанч байгаагүй. Тийм болохоор яг харснаа буулгахын тулд хүний хөл өнгөрөөж, машины дугуй эргэлдсэн замын дунд зогсон байж дарах тэр мөчийг буулгахын тулд хэсэгтээ л тэр хавиар эргэлдсэн дээ.
Инстаграм хаяг: @gerelmaadoingthings