Өнөө үед ажил хөдөлмөр зөвхөн товлосон цагийн хуваарь, тогтсон оффисын орчноор хязгаарлагдахаа больж, уян хатан цагийн хуваарь, гэрээсээ ажиллах боломж, сурангаа туршлага хуримтлуулах, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон хэлбэрээр хөгжиж буй нь сайшаалтай. Технологи, харилцаа холбооны салбарын дэвшилтэй зэрэгцэн программ хангамж, сүлжээний инженер, харилцаа холбооны мэргэжилтнүүд “Мобикомд ажиллах ямар байдаг бол?” гэж нэгэнтээ бодож үзсэн нь гарцаагүй биз ээ. Иймд ээлжит дугаартаа бид Монголын анхны үүрэн холбооны оператор болох Мобиком группийг онцолж, тэдний байгууллагын соёл, философийг 10 өөр өнцгөөс хуваалцахыг зорилоо.  

1. ажил амьдралын баланс
 

“Мобинет” ХХК-ийн Хэрэглэгчийн бизнесийн албаны Контент продюсер Х.Уламбаяр

Манай байгууллагад ажилтнуудыг олон талаар хөгжүүлэх зорилготой англи хэл, спорт, урлаг гэх мэт төрөл бүрийн хөтөлбөр, коммюнити байдаг. Эдгээрээс миний хувьд англи хэл болон урлагийн коммюнитид харъяалагддаг бөгөөд онцолбол, манай байгууллагын урлагт дуртай, дуу хөгжимд сонирхолтой залуусын нэгдсэн "MobiTone" гэх амьд хөгжмийн хамтлаг бий. Миний хувьд ажилд орохоосоо ч өмнө дуулах сонирхолтой байсан болохоор хамтлагийнхаа дуучны үүргийг гүйцэтгэдэг. Өмнө нь надад “Хэрэв ажлын байран дээр гарчихвал дуулах сонирхлоо цааш нь хөгжүүлж чадах болов уу” гэдэг асуулт, нэг бодлын айдас байдаг байсан ч Мобиком гэр бүлийн нэг хэсэг болсноор тэр айдас байхгүй болсон.

Манай хамтлаг аргил гитарчин, соль гитарчин, бөмбөрчин, дуучин гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд мэдээж бүх гишүүн нь Мобикомын ажилтан учраас "MobiTone" гэх нэрийг өгсөн. Анхандаа Мартын 8-наар эмэгтэй ажилтнууддаа зориулан акустик гитартай дуу дуулж, сарнай бэлэглэдэг консепттой байсан бол аажимдаа зөвхөн дуулдаг хүмүүсийн баг гэхээс илүүтэй урлагт сонирхолтой, амьд хөгжимд дуртай хүмүүсээс бүрдсэн коммюнити бүрдүүлэхээр санаа нэгдэж, "MobiTone" хамтлаг маань одоогийн хэлбэрээ олсон. Бидний энэ санаачилга бодит биеллээ олж, ажил хэрэг болоход Мобиком корпорацийн хүний нөөцийн зүгээс дэмжлэг үзүүлж, хөгжмийн зэмсгүүдийг байгууллагын төсвөөс шийдэж өгсөн. Одоо бид хамтлагаараа Мобикомын дотоод үйл ажиллагаанд оролцдог бөгөөд зарим тохиолдолд бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох нь ч бий.

Бидэнд ажлын шаардлагаар гадаад байгууллагуудтай цахим шуудангаар харилцах, шаардлагатай тохиолдолд уулзалт хийх тохиолдлууд гардаг. Хэрвээ ажилтан өөрөө бие дааж англи хэлний сургалтад суухаар бол сургалтын байгууллагуудыг судлах, цалингаасаа илүүчилж төлбөрөө төлөх гэх мэт санхүүгийн болон цаг хугацааны хувьд хүндрэлүүд гарч ирнэ. Харин байгууллага дотроо энэ асуудлыг коммюнити байдлаар тусгаж өгсөн нь эдгээр асуудлыг нэг дор шийдчихэж байгаа юм. Манай "Feel Free" гэдэг англи хэлний коммюнити нь албан хэрэглээнд шаардагдах англи хэлний чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг бөгөөд тэр дундаа ТОEFL шалгалтын бэлтгэлийг хүртэл сургалтын хөтөлбөртөө багтаасан байдаг. Миний хувьд түрүү жил уг шалгалтад бэлдэх коммюнитид хамрагдсан. Одоогоор шалгалтаа хараахан өгч амжаагүй байгаа тул энэ жил дахин хамрагдана гэсэн бодолтой байна.

2. 16 жилийн туршлагаас ...

“Мобифинанс” ББСБ-ын Маркетинг, бизнес, хамтын ажиллагааны хэлтсийн Менежер О.Тамир

Мобиком групптээ 16 дахь жилдээ ажиллаж байна. 29 жилийн түүхтэй компанийнхаа түүхэн замналын талаас илүү хувьд нь ажиллаж, өсөлт хөгжил, өөрчлөлтүүдэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

29 жил бол багагүй хугацаа. Энэ хугацаанд ажилтнуудын нас, хүйс, туршлага, ажлын үүрэг зэргээс үл хамааран ажилтан бүрд шингэсэн байдаг суурь хандлага буюу “Мобикомын байгууллагын соёл” маш тогтвортой хадгалагдаж байгааг цохон тэмдэглэе. Шинэ ажилтнууд маань ч энэ соёлд хурдан дасан зохицож, хөгжиж байгааг харахад таатай байдаг. Би өөрөө 16 жилийн өмнө дөнгөж л ажлын гараагаа эхэлж байхдаа яг л энэ соёлд уусаж, төлөвшиж, хөгжиж өдий зэрэгт хүрсэн. Хүний нөөцийн бодлогын суурь болсон хамгийн чухал зүйл гэж бодож байна.

Ажиллах хугацаанд байгууллага маань бодлого төлөвлөлтийн хувьд нэлээд өөрчлөлтүүдийг тухай бүр хийжээ. Эдгээрээс хамгийн бахархмаар нь ажилтан төвтэй биш ажилтан болон тэдний гэр бүл төвтэй болж өөрчлөгдсөн. Үүний хүрээнд ч компанийн бодлого шийдвэрүүд хэрэгжиж байна. Мөн боловсролын болон хүүхдийг дэмжих хөтөлбөрүүд, эрүүл мэндийн даатгал (ажилтнаас гадна гэр бүлийг нь хамруулж болно), гэр бүлийн урт хугацааны санхүүгийн хамгаалалт болох "Mobifund", олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт баярууд хүртэл гэр бүлд чиглэж өөрчлөлт орж байгаа.

Цаг үеийн өөрчлөлтүүдтэй уялдуулан уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломж, дундын оффис зэрэг бодлогуудын хэрэгжүүлдэг. Мөн ажилтнуудын карьер хөгжлийн бодлогод ч бас өөрчлөлт гарч байна. Зөвхөн ажил мэргэжлийн сургалтаас гадна ажилтны хөгжлийн төлөвлөгөө гаргаж, үүнийгээ удирдах шатны ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж байна.

Мобикомын гэр бүлийн гишүүн байх нь миний амьдралдаа хийсэн зөв сонголтуудын нэг. Мобикомын ажилтны үнэт зүйл болсон аливаад өөриймсөг, чин сэтгэлээсээ хандаж ажиллах, ёс суртахуунтай хүн байх хандлагаа үргэлж хадгалан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, ирээдүйд бэлтгэн, мэргэжлийн ур чадвараа ямагт хөгжүүлж ажиллах орчин юм.

3. z үеийнхний карьерын эхлэл ба сурч хөгжих боломж 

Мэдээлэл технологийн газрын Ахлах программ хөгжүүлэлтийн инженер Э.Итгэл

Ажлын гараагаа корпорайт байгууллагаас эхлэх нь олон давуу талтай. Тухайлбал, урт хугацаанд үйл ажиллагаа явуулахын хэрээр тогтсон соёлтой, дүрэм стандарттай болсон байдаг учраас асуудал гарсан тохиолдолд хэрхэн шийдэх гарц гаргалгаа нь тодорхой байдаг. Энэ нь бидний үеийн залуусын ажлын арга барилтай нийцэхээс гадна цагийн менежмент, ажлын хариуцлага зэргийг сууриас нь сурахад тусалдаг юм шиг санагдсан. Оюутан байхдаа стартап компанид ажиллаж үзсэн туршлагаас харахад эмх замбараагүй, ямар ч асуудал тулгарч магадгүй, найдвартай бус санагдаж байсан бол корпорайт байгууллагын ажилтан болсноор ямар ч айдасгүй, бүх зүйл нь тодорхой санагдах болсон. Эдгээр шалтгаануудаас үүдэж корпорайт байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд эргэн тойрныхоо Мобикомд ажилладаг хүмүүсээс ажлынх нь давуу тал, үр нөлөө, хөгжих суралцах боломжуудын талаар сонсоод корпорайт дундаа Мобикомыг сонгосон.

Мобикомын ажилтан болсны дараа анзаарахад, манай үеийн залууст таалагдах маш олон давуу талыг бий болгодог. Тухайлбал, ажлын уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломж, үйл явцад бус үр дүн дээр суурилсан хандлага гэх мэт. Тодорхой хэмжээний дүрэм стандарттай ч гэсэн тухайн ажлыг яаж хийх талаар хатуу шаардлага тавиад байдаггүй нь хэтэрхий их дүрэм журамд дургүй Z үеийнхний хувьд ажиллахад хамгийн таатай нөхцөл болж чаддаг.

4. Хүн төвтэй хөгжил – Амьдралд ээлтэй, өндөр соёлтой ажлын байр

Хүний нөөцийн хөгжил, соёлын газрын Багийн удирдагч Ц.Болортуяа

Мобиком групп нь ажилтан болон тэдний гэр бүл, сайхан байдалд зориулсан цөөнгүй бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал ажилтнууд жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой байдаг. Түүнчлэн ажлын цагийг уян хатан байдлаар шийдэж, зайнаас ажиллах боломжоор хангаж, тэр бүү хэл ажилтнуудын санхүүгийн мэдлэгийг дэмжих зорилгоор ажилтан болон компани хооронд байгуулсан хуримтлалын санд сайн дураараа элсэж, өөрийн хуримтлалыг үүсгэн, өгөөж хүртэх боломжоор хангадаг. Мэргэжлийн ур чадвараас гадна ажилтны хөгжлийг дэмжих зорилгоор төрөл бүрийн сайн дурын клубүүд үйл ажиллагаа явуулахаас гадна хэрэв хүсвэл дотоод болон гадаадын мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжтой байдаг.

Мобикомд ажиллахын хамгийн том давуу талуудын нэг нь ажилтны гэр бүлийн гишүүдийн сайн сайханд зориулагдсан төсөл хөтөлбөрүүд. Жишээ нь, шинэ хүүхдээ өлгийдөж авах, хүүхэд нь бага, дунд, ахлах ангид, эсвэл их дээд сургуульд элсэх үед нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог. Мөн ажилтан гэр бүл зохиож, гэрлэлтээ батлуулахад нь цалинтай чөлөө олгодог.

Мобиком группийн хамт олон бид ажлын цагийг баримтлах, бусдыг хүндлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах гэх мэт ёс суртахууны үнэт чанаруудыг байгууллагын философи болтол нь даган биелүүлж, тогтвортой авч явсаар ирсэн. Гэхдээ энэ нь бидний ёсчлон дагах, чандлан сахих ёстой хатуу дүрэм биш ч бид өөрсдөө л өөрсдөдөө төлөвшүүлчихсэн, нэг ёсны бичигдээгүй дүрэм юм. Харин манай хүний нөөцийн хэлтэс эдгээр философи, байгууллагын соёлыг цаасан дээр буулган, илүү албан ёсжуулах ажлыг гүйцэтгэсэн нь онцлууштай.

5. сурангаа ажиллах боломж ба практикаас суралцах нь  

Мэдээлэл технологийн газрын финтек хөгжүүлэлтийн хэлтсийн Программ хангамжийн инженер Б.Маргад

Программ хангамжийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд төгсөх курсээсээ давхар ажил хийж эхлэх нь түгээмэл үзэгдэл. Миний хувьд ч бас хэд хэдэн газар мэргэжлээрээ дадлага хийж үзээд цаашид тогтвор суурьшилтай ажиллах газар хайж байхдаа Мобикомын ажлын орчин, давуу талуудын талаар найзуудаасаа сонсоод анх ажилд орж байлаа. Сурангаа ажилладаг гэдэг утгаараа ажлын цагийн хуваарийн хувьд уян хатан байдлаар зохицуулах боломжтой тул хичээл болон ажлаа цалгардуулалгүй зэрэг авч явах давуу талтай. Мөн их сургуулиас олж авч буй онолын мэдлэгээ ажил дээр улам бататгаж, бусад туршлагатай, ахлах инженерүүдээс мэдэхгүй зүйлсээ асуух байдлаар мэргэжлийн ур чадвараа хурдан ахиулах боломжтой.

Ер нь хамт олноосоо ямар нэгэн тусламж хүсэхэд хэзээд нээлттэй, уриалгахан байдлаар зааж зөвлөдөг болохоор ажлаа хийхийн хажуугаар хичээлээс дутахааргүй их зүйл сурч байгаа. Анх ажилд орж ирэхээс эхлээд л халуун дотноор угтан авч, мэдлэг туршлагагүй гэсэн өнцгөөс бус яг л өөрсдийн нэгэн адил харилцдаг нь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Миний хувьд урт хугацаандаа үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд ажиллангаа суралцаж, хөгжих боломжуудыг ашиглан ур чадвараа ахиулахыг зорьж байна.

6. Ээжүүдэд зориулсан “Maternity employment” хөтөлбөр

Мэдээллийн технологи, төлөвлөлтийн албаны Ахлах дата инженер С.Отгонхишиг

"Maternity employment" хөтөлбөр нь энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жирэмсний болон урт хугацааны амралттай байгаа ажилтнууддаа долоо хоногт 24-32 цаг гэрээсээ эсвэл оффисоос ажиллах боломжийг олгодог. Ингэхдээ бид ажиллах өдрөө өөрсдөө сонгодгоороо давуу талтай. Миний хувьд 2024 онд жирэмсний амралтаа авсан бөгөөд төрсний дараа манай шууд удирдлага энэхүү хөтөлбөрийн талаар мэдэгдэж, ажилдаа эргэж орох саналыг тавьсан. Ингээд л 11 сарын дараа буюу өнгөрсөн хоёдугаар сард ажилдаа эргэн орсон. Өмнө нь хамт олны дунд ажиллаж, байнгын нийгмийн харилцаан дунд амьдарч байсан бол хүүхдээ түрүүлээд гэртээ суухад нийгмийн харилцаа дутагдаж, хамт олноо их үгүйлж байсан. Нөгөөтээгүүр энэ хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдээ харангаа үндсэн цалингаараа долоо хоногт гурван удаа ажилладаг тул гэр бүлээ ч, ажлаа ч орхигдуулахгүй зэрэг авч явах боломжтой.

7. Монголоос олон улсад гарч ажиллах боломж 

Группийн бизнес, менежментийн албаны Захирал Г.Дөлгөөн

Мобиком корпораци нь Японы KDDI-ийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Толгой KDDI компани нь дэлхийн 26 орны 70 гаруй хотод нийт 65,000 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мобикомын ажилтнуудад ч гэсэн KDDI-ийн зүгээс олгодог боломжууд нээлттэй байдаг. Тэдгээрийн нэг нь Mobility буюу KDDI салбаруудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж юм. Миний хувьд 2019 онд энэ хөтөлбөрт шалгарч байсан тул өөрийн туршлагаасаа хуваалцъя.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар тухайн салбар чиглэлийн олон улс дахь сайн туршлагуудыг бодитоор суралцахаас гадна харах өнцгөө тэлж, дэлхийд тэргүүлэгч компаниудын ажлын арга барил, байгууллагын соёл зэргээс суралцах үүд хаалга нээгддэг. Хөтөлбөрийн хүрээнд ажиллах чиглэлээсээ хамааран харилцан адилгүй хугацаатай, дунджаар нэгээс хоёр жил ажилладаг бөгөөд энэ хугацаанд Монгол дахь үндсэн ажлынх нь орон тоо хадгалагддагаараа давуу талтай. Мөн эргэж ирээд дадлагын хугацаанд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа ашиглан үйл хэргээ өргөжүүлэх, сайн жишгийг нэвтрүүлэх, олон улсад хэрэглэгддэг дэвшилтэт арга барилыг ажилдаа нэвтрүүлэх бүрэн боломжтой. Энэ хөтөлбөр нь зөвхөн ажлын туршлага хуримтлуулах үүд хаалга болоод зогсохгүй япончуудын ажилдаа баримталдаг философи, хандлага, арга барилаас дэргэдээс нь харж суралцах боломж юм шүү.

8. Ахмад үеийнхний ажиллах боломж – GenX employment

Хэрэглэгчийн экспириенсийн газрын Үйлчилгээний зөвлөх О.Энхээ

Мобиком групп нь НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой Хөгжлийн Зорилгын нэг болох Тэгш Бус Байдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд (жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавх, ажил эрхлэлтийг дэмжих) ажилладаг. Тэр дундаа тэтгэврийн насны, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүст ажлын байр олгох төслийг Монголд анхлан санаачилж хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд анхны төлөөлөл нь болоод энэ байгууллагад орсондоо баяртай байна.

Би өмнө нь банк санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш ажлын байр хайж 5-6 газар анкет өгч, ажлын зар хайж байлаа л даа. 2023 оны зуны нэг өдөр тэтгэврийн насныхныг ажилд авна гэсэн зар олж хараад эхэндээ нүдэндээ итгээгүй. Голдуу 35-45 насны хүмүүсийг ажилд авна гэсэн зар байдаг шүү дээ. Тэгээд зөв харсан эсэхдээ эргэлзээд сайн нягтлаад хартал яалт ч үгүй тэтгэврийн насныхныг ажилд авна гэж Мобиком групп зарласныг мэдээд хөл газар хүрэхгүй баярлаж, маргааш нь Тэди төв дээр ирж ярилцлагад орсон. Ярилцлага болох байраа олохгүй явж байтал Мобикомын хэсэг ажилтнууд маш уриалгахнаар хандаж, байршлыг нь зааж өгөөд зогсохгүй бүр ярилцлага болох газарт хүргэж өгч байсан. Тэр үеэс л хандлага, уриалгахан байдал нь сэтгэгдэл үлдээж “Япон соёлтой, ёс суртахуунтай газар гэдэг өөр юм даа” гэсэн бодол төрж байлаа. Түүнээс хойш Мобиком группээр овоглоод нэг жил 10 сар өнгөрсөн байна.

Би дөрвөн хүүхэдтэй. Мэдээж би хамгийн ахмад ажилтнуудын тоонд орох учир ихэвчлэн хүүхдүүдийнхээ насны залуустай хамтарч ажилладаг. Залуу хүмүүстэй хамтран ажилласнаар эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэж, техник технологи, дижитал чадваруудаас нь суралцах тал их бий. Нөгөөтээгүүр би ч бас тэдэнд амьдралын туршлагаасаа чадах чинээгээрээ хуваалцах байдлаар бие биенийхээ дутууг гүйцээж ажиллахыг хичээдэг. Ер нь аль ч насныхан суръя, хөгжье гэж өөрөө л хичээх юм бол боломж нь үргэлж нээлттэй байдаг. Учир нь энэ олон жилийн хугацаанд хадгалсаар ирсэн байгууллагын соёлоо өөрчлөлт, шинэчлэлттэй хослуулж ажилладаг учраас хэн ч ямар ч санаачилга гаргасан дэмжиж, бүр цаашлаад ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үргэлж нээлттэй байдаг.

Ажиллах хугацаандаа би хэлтсийнхээ хичээнгүй ажилтнаар шалгарч байсан бол мөн л манай үеийн Эрдэнэчимэг гэх өөр нэг ажилтан шилдэг ажилтнаар тодорч, гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулж байсан. Энэ нь бид залуу үетэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буйн илрэл юм болов уу гэж бодож байна.

9. Сүлжээний ард буй инженерүүдийн хөдөлмөр 

Техникийн газрын IT сүлжээний менежер Э.Улсболд

Сүлжээ оруулна гэдэг нь Мобикомын хувьд хамгийн чухал ажлуудын нэг юм. Тэр ч утгаараа маркетинг, технологи, хэрэглэгчдийн үйлчилгээ зэрэг олон багийн хамтын ажиллагааны үр дүнд сүлжээ оруулах томоохон үйлсээ гүйцэлдүүлдэг. 2G технологийн эрин үед сүлжээ оруулна гэдэг нь зөвхөн гар утсаар дуудлага хийх хэрэгцээг хангадаг байсан бол одоо Монгол Улсын хэмжээнд сүлжээ ороогүй газар тун ховор болсон. Тэр чинээгээр монголчууд зөвхөн утсан холбоо барих бус дүрст дуудлага хийх, шууд дамжуулалт хүлээн авах гэх мэт ёстой л сүлжээ бидний гарт ертөнцийг атгуулдаг эрин үед бид амьдарч байна. Сүлжээ оруулахад төлөвлөлт, бэлтгэл ажил, гүйцэтгэлийн хурдаас хамааран хамгийн багадаа зургаан сар, ихдээ жил гаруйн хугацаа шаарддаг.

Сүлжээ оруулахаас гадна өргөтгөх ажил бас бий. Үүнийг тухайн газрын сүлжээний үйлчлэлийг илүү сайжруулах зорилгоор хийдэг. Өөрөөр хэлбэл сүлжээний багтаамж дүүрэх буюу илүү олон хүн сүлжээ ашиглах шаардлага үүссэн, эсвэл сүлжээний чанарыг илүү сайжруулах шаардлага үүссэн тохиолдолд сүлжээг өргөтгөдөг. Жишээлбэл, энэ зун аймаг орон нутгийн ойн баяруудтай холбогдуулан мөн сүүлийн үед The MongolZ-ийн тоглолтыг шууд дамжуулалтаар маш олон хүн үздэг болсонтой холбогдуулан өргөтгөл хийх ажлууд гарч байна.

Монгол орны өнцөг булан бүр лүү манай инженерүүд сүлжээ оруулах, өргөтгөх ажилд томилогдох нь олонтаа. Компанийн зүгээс томилолтоор явж буй инженерийн урсгал зардлыг хариуцахаас гадна заавал Мобикомын жолоочтой явах, хурдны хязгаарыг мөрдөх, шөнөөр тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг ажилтнуудынхаа ая тух, аюулгүй байдалд анхаарсан журмыг батлан, хэрэгжүүлж ажилладаг.

10. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хүртээмж ба оролцоо
 

Хэрэглэгчийн экспириенсийн газрын Хэрэглэгчийн зөвлөх Ж.Нарантунгалаг

Манай компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах бүхий л боломж бололцоогоор хангаж, бидэнд ээлтэй бодлого, төлөвлөлтүүдийг тусгайлан гаргаж өгдгөөрөө онцлогтой. Тэргэнцэртэй иргэдийн хувьд манай орны зам нь эвдрэлтэй, зориулалтын зам байхгүй гэх мэт хүндрэлүүд их байдаг тул ажилдаа ирж, очих хугацаа их шаарддаг. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрээсээ ажиллах боломжоор хангаад зогсохгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгдөг. Ажлын байрны болон бусад олон нийтийн арга хэмжээнд автомашинаар ирж авах, хүргэж өгөх зэргээр тусгайлан анхаарал тавьдагт маш их талархдаг. Ийм сайхан уур амьсгалтай ажлын хамт олон байхад илүү их хичээж ажиллах урам зориг авдаг.

Ажлын цагийн хувьд маш уян хатан. Тухайн сарын ажлын фонд цагаас хамааран 6-7 цагаар ажилладаг. Өглөө, өдөр гэсэн ээлжийн хуваариар ажилладаг учраас ажлын бус цагаа хобби болон хувийн амьдралдаа зориулах боломжтой. Миний хувьд ажлын бус цагаар бассейнд явах мөн гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Эрүүл мэндийн шалтгаанаар бассейнд явж эхэлснээс хойш биеийн байдал эрс сайжирч, хөл болон нурууны өвчин намдаж байгаа. Мөн давхар фитнесээр хичээллэдэг. Хэрвээ цаг зав хомс, ажлын ачаалалтай байсан бол хэд хэдэн спортоор хичээллэж, гэр бүлдээ ч цаг гаргах боломж бага байх байсан шүү дээ. Хүн ер нь зөвхөн ажил, гэрийн хооронд өдрийг өнгөрүүлэлгүй өөртөө цаг зарцуулах нь чухал санагддаг. Энэ боломжийг олгодог компанид ажиллаж байгаадаа маш их баяртай байна.