Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэмдэглэлт түүхэн ой тохиож байгаа энэ жил Үндэсний их баяр наадам албан ёсны брэнд, өнгө төрх, нэгдсэн вэбсайттай болж буйгаараа онцлогтой байгаа билээ. Монгол Улсын бусад орноос ялгарах онцлог, үндэсний их өв соёлын үнэт илэрхийлэл болсон баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэн авснаар хэдэн зууны тэртээгээс өвлөгдөн ирсэн монгол наадмаа бид дэлхий дахинд албан ёсоор тунхагласан түүхтэй.
Тиймээс энэ удаа бид нийгмийн төрөл бүрийн дүрийг сонгон авч Үндэсний их баяр наадмын тухай үзэл бодол, дурсамж түүхээс нь хуваалцлаа.
I. Ч.АЛТАНСҮХ, ШАГАЙН ХАРВААНЫ МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН

Би шагайн эдлэл хэрэгсэл хийгээд 20 орчим жил болж байна. Анх 1987 онд шагайн харваа гэх сайхан спортын амтанд орж, явцдаа найзуудынхаа хүсэлтээр ойр зуур хэрэгсэл хийсээр өдийг хүргэжээ. Төрийн наадмаар шигшээ найм, зургаад үлдсэн харваачдын хэрэглэж байгаа модны дөрөв нь миний урласан мод байхыг харсан тэр үе, дурлаж ирсэн спортдоо анх медаль хүртсэн тэр өдөр сэтгэлд хамгийн тод үлджээ. Өдгөө 30, 40 жил тоглож байгаагийнх заримдаа ажил төрөл ихтэй, очиж амжихгүй тохиолдол цөөнгүй гарна. Тэр үед хуруу салахаа байчихлаа, ерөөсөө онохгүй байна гэх зэргээр зүүдлэгдэнэ гээч. (инээв) Ер нь найз нөхөдтэйгөө хамт хоёр, гурван айлтай тоглож, айраг цагаа элбэгтэй үед майхны сүүдэр бараадаад л хөгшчүүлтэй дурсамж яриад суух ч сайхан шүү.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай "Монгол наадам бол жилд нэг удаа хийдэг вакцин” гэж хэлдэг. Үүнтэй би ч санал нийлдэг юм. Зуны дэлгэр цагт тохиодог энэ баяр хүн зоны сэтгэл санааг уужим тэнүүн, тайван тогтуун болгодог нь лавтай. “Цахим үндэстэн” гээд бүх зүйл цахимжиж байгаа өнөө цагт Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа нартай, бороотой өдрийн алинд ч наадмын тасалбар авахаар урт дараалалд зогсдог үе ард хоцрох шиг боллоо. Миний хувьд ард иргэдийн цаг завыг хэмнэж, цахимаар тасалбараа борлуулж байгаа шийдлийг дэмжиж байна.
"Өдгөө 30, 40 жил тоглож байгаагийнх заримдаа ажил төрөл ихтэй, очиж амжихгүй тохиолдол цөөнгүй гарна. Тэр үед хуруу салахаа байчихлаа, ерөөсөө онохгүй байна гэх зэргээр зүүдлэгдэнэ гээч."
II. Г.УЯНГА, “ТЭНГЭРЛИГ” МЕДИА ГРУППИЙН ТУЗ-ИЙН ДАРГА

Манай гэр бүл Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баярт өндөр ач холбогдол өгдөг. Тэр тусмаа үр хүүхдүүддээ үндэснийхээ баяр ёслолын агуулга, утга учрыг зөвөөр ойлгуулж, цаашид ч энэхүү баярыг мөн чанарынх нь дагуу өргөн дэлгэр тэмдэглээсэй гэж хүсдэг юм. Олон зууны тэртээгээс монгол наадам нь манай улсын тусгаар тогтнолыг хадгалахад чухал үүрэгтэй баяр байсан учраас хүүхдүүддээ уг баярыг үүсэл, түүхтэй нь холбон тайлбарлахыг хичээдэг.
Монгол хүнд байх эрэмгий, гарамгай чанарыг сорих учиртай Үндэсний их баяр наадам өөрөө бусад улсын баяр ёслолоос ихээхэн ялгардаг гэж бодож байна. Тиймдээ ч хүн нэг бүр монгол баяр наадмын бэлгэдэл чанар, утга агуулгыг мэдэх хэрэгтэй. Харин үүнд зориулж нэгдсэн вэбсайтыг хийж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа. Нэг талаараа баяр наадмын маш сайн архив, мэдээллийн сан болж байгаа хэрэг шүү дээ.
"Монгол хүнд байх эрэмгий, гарамгай чанарыг сорих учиртай Үндэсний их баяр наадам өөрөө бусад улсын баяр ёслолоос ихээхэн ялгардаг гэж бодож байна."
III. Ч.ГАНБАТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ГЭРЭЛ ЗУРАГЧИН

100 жилийн турш тасралтгүй тэмдэглэж ирсэн баяр наадмаа бид цар тахлын улмаас өнгөрсөн жил тэмдэглээгүйг эс тооцвол тусгаар улсын маань бахархлын гол бэлгэ тэмдэг нь Үндэсний их баяр наадам мөнөөсөө мөн. Миний хувьд 30 орчим жил баяр наадмын, тэр дундаа хүчит бөх, хурдан морьдын зургийг авч байна. Энэ хугацаанд 2020 оны үзэгчгүй наадам сэтгэлд хамгийн тод үлджээ. Учир юу гэвэл наадмын арга хэмжээнд оролцсон хэн бүхэн үндэсний дээл хувцсаараа гоёж, нэг ч байшин барилга үгүй газарт жинхэнэ монгол ахуйг харуулсан наадмыг зохион байгуулсан. Тиймдээ ч тэр үеийн зургуудаар ном хийж байгаа.
Монголыг олон улсад таниулах, дэлхийн хүмүүс биднийг сонирхоход чухал үүрэг гүйцэтгэж буй хүчин зүйл бол наадам шүү дээ. Тиймээс ч Үндэсний их баяр наадмыг үзэхээр ирж буй гаднын жуулчдын тоо жил жилээр нэмэгдэж, бидэнд тэр хэрээр олон улсын тэмцээн, уралдааны жишгээс суралцах шаардлага гарч байна. Харин энэ жилээс наадмын тасалбарыг нэгдсэн сувгаар борлуулж, нэг өнгө төрх, брэндтэй болгож байгаа нь нүдээ олсон шийдэл болов уу.
"Монголыг олон улсад таниулах, дэлхийн хүмүүс биднийг сонирхоход чухал үүрэг гүйцэтгэж буй хүчин зүйл бол наадам шүү дээ."
IV. Д.УХНАА, МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

Надаас өмнө наадам байсан, надаас хойш ч байна. Хүн гэдэг мөнх бус, нэг л өдөр ээлж ээлжээрээ бүгд байхгүй болно. Тэр дунд өөрсдийн гэсэн ялгарал, соёл уламжлалаа хойч үедээ өвлүүлэн дамжуулж, чадвал хөгжүүлж, дэвшүүлэн явах хэрэгтэй. Иймд урлагийн салбарт орсон цагаасаа эхлэн жил бүр Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд ямар нэг үүрэг, рольтой оролцож ирсэндээ баяртай явдаг. Үүнээс 1980-аад онд гурвантаа наадмын ерөнхий болон туслах найруулагчаар ажиллаж, нээлт, хаалтын үйл ажиллагааг зохиомжилж байсан нь хамгийн дурсгалтай юм даа. Даанч яг хэдэн он байсныг одоо сайн санахгүй юм.
Бидний үед нээлт, хаалт найруулна гэдэг их хүнд ажилд тооцогдоно. Орчин нөхцөл, боломж бололцоо нь л тэр байсан юм. Төв цэнгэлдэхэд олигтой хэд бэлдэхэд зүлэг нь халцраад шороогоороо эргэчих болохоор удирдлагууд нь оруулахгүй хаалгаа дангинатал түгжээд, одоо шиг гар утас байхгүй болохоор хүн бүр тал тал тийш алга болчих гээд, зовлонтой шүү дээ. Станц энэ тэрийг дарга нар л цөөн тоогоор ашигладаг байсан цаг. Арайхийн ганц нэг бэлдэх гээд Төв цэнгэлдэхэд очоод яг голд нь зогсож байгаад улаан хоолойгоороо яаж ч орилсон цаад захад зогсож байгаа хүн сонсоно оо нэг үгүй. Ямар сайндаа бөөн туг далбаа болсон улс нөгөөхөө л дээш доош болгож, нэгэндээ дохих маягаар ажлаа урагшуулна. Ерөнхий найруулагчаар ажилласан тэр нэг жилдээ би наадам гэр бүлийн баяр байх ёстой гэж үзээд Сүхбаатарын талбайн СТӨ-ний урд байрлах тайзан дээр 17-19 цагийн хооронд хүүхдүүдэд, УДБЭТ-ийн урд тайзан дээр 19-21 цагийн хооронд ахмадуудад, тэгээд талбайн төв тайзан дээр 21 цагаас хойш залууст зориулсан эстрад, рок поп одуудын тоглолтыг зохион байгуулж байлаа. Үүнийгээ уламжлал болгох гэж их үзсэн ч бүх зүйл тухайн жилийн ерөнхий найруулагч, наадмын комиссын шийдвэр байдаг тул хүндлэхээс өөр аргагүй. Гэсэн ч гандан буурахгүй “Наадмын хөтөлбөрт хүүхэд, хөгшдөдөө зориулсан арга хэмжээ оруулаач ээ” гэж илүү үглэсээр л явна даа.
"Надаас өмнө наадам байсан, надаас хойш ч байна. Хүн гэдэг мөнх бус, нэг л өдөр ээлж ээлжээрээ бүгд байхгүй болно. Тэр дунд өөрсдийн гэсэн ялгарал, соёл уламжлалаа хойч үедээ өвлүүлэн дамжуулж, чадвал хөгжүүлж, дэвшүүлэн явах хэрэгтэй."
V. БЕКАТРИНА, УРАН БҮТЭЭЛЧ

Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй учраас бүх өв соёл нь хүн ардынхаа гарт багтдаг. Өөрөөр хэлбэл, аман соёлоороо дамжуулж үр хүүхдүүддээ соёлын өвөө үлдээж ирсэн ард түмэн. Харин биднийг монгол хүн болгож байгаа хамгийн том, үнэ цэнтэй зүйл бол монгол наадам. Энэ баяр байгаа учраас л бид оршин тогтнодог гэж бодож байна.
Анх морины уралдаан үзэж байснаа тод санадаг юм. Унаган хотын хүүхэд ч гэлээ хурдан морьд барианы зурхай руу орж ирэх мөчид цаанаасаа л огшиж, омогших мэдрэмж төрдөг юм билээ. Монгол хүн учраас л тийм мэдрэмж авсан байх. Хэрэв гаднын хэн нэгэн хаанаас ирсэн бэ гэж асуухад “Монгол” гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй бол гунигтай шүү дээ. Язгуур урлагаа айхтар мэддэггүй юм аа гэхэд ядаж монгол дуу, зүйр цэцэн үгээ мэддэг байх хэрэгтэй. Даяаршиж байгаа дэлхийд бид хэдий олон улсын соёлд суралцаж байгаа ч монгол өв соёлоо тээгч нэгэн байх уу, эсвэл хэн ч биш байх уу гэдгээ өөрсдөө л шийднэ. Үүгээрээ бусдаас ондооших байх даа.
"Хэрэв гаднын хэн нэгэн хаанаас ирсэн бэ гэж асуухад “Монгол” гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй бол гунигтай шүү дээ. Язгуур урлагаа айхтар мэддэггүй юм аа гэхэд ядаж монгол дуу, зүйр цэцэн үгээ мэддэг байх хэрэгтэй."
VI. DAVIDE MARAGLIANO & AURORA JOHANSEN, АЯЛАГЧИД

Бид Монголд энэ сарын 3-ны өдөр ирсэн. Анх удаа ирж байгаа болохоор бүх зүйл шинэ содон санагдахын зэрэгцээ хүмүүс нь тун найрсаг харилцаатай юм. Онгоцны буудлаас зочид буудал руугаа явж байхад нэгэн зорчигч бидэнд монгол наадмын тухай ярьж өгсөн. Зуны улирлын тогтсон нэг долоо хоногт морин уралдаан, бөхийн барилдаан зэрэг тэмцээнүүд зохион байгууллагдаж, улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай гэж хэлсэн. Бид 7-ны өдөр Өмнө зүгт говийн нэгэн аймаг руу гарахаар бэлтгэж байна. Мөн тэр аймгийнхаа наадмыг үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү.
Ирээд удаагүй байгаа болохоор олон зүйл сонирхож чадаагүй л байна. Саяхан Үндэсний түүхийн музейг үзээд монголчуудын гарал үүслийн талаар бага ч гэсэн мэдээлэлтэй боллоо. Зурагнаас л хардаг байсан газартаа биечлэн ирэхэд сэтгэл тун хөдөлдөг юм байна.
"Монголд анх удаа ирж байгаа болохоор бүх зүйл шинэ содон санагдахын зэрэгцээ хүмүүс нь тун найрсаг харилцаатай юм."
VII. Д.ОТГОНЖАРГАЛ, МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН

Наадам бол монгол хүн бүрийн төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, түүх соёлоороо бахдан цэнгэх их баяр. Монгол түмний их баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэж, Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах тухай хуулийг хүртэл баталсан байдаг. Тэгэхээр монгол наадам нь ихээхэн хүндэтгэлтэй бас хариуцлагатай баяр гэж боддог.
Баяр наадам гэхээр хамгийн түрүүнд бага насны дурсамж санаанд орж байна. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумд төрж, өссөн. Бага байхад сумынхаа наадмыг догдлон хүлээж, өмнөх өдөр нь өмсөх хувцсаа бэлдээд цагаан сар, хүүхдийн баяр шиг тэсэн ядан хүлээдэг байлаа. Морь уралдахыг харж догдолно, тоосонд нь орж давхина, найзуудтайгаа хамт наадмын хуушуур иднэ. Тэр үеийн л дурсамж хамгийн тод үлджээ. Аль багаасаа хүсэн хүлээж, хүндлэн дээдэлж ирсэн баяр наадмын тасалбарыг энэ жилээс цахимаар борлуулсан нь манайх шиг оочер дараалал тасардаггүй, нийслэлдээ хүн амын төвлөрөл ихтэй улсад зөв шийдэл гэж бодож байна. Үндэсний их баяр наадмыг хэн бүхэн, хүссэн суудлаа захиалж үзэх эрхтэй шүү дээ.
"Бага байхад сумынхаа наадмыг догдлон хүлээж, өмнөх өдөр нь өмсөх хувцсаа бэлдээд цагаан сар, хүүхдийн баяр шиг тэсэн ядан хүлээдэг байлаа."
VIII. Б.ЦЭРЭНДАГВА, УЛСЫН БӨХ ЦОЛЛОГЧ

Миний бие 2014 онд СУИС-ийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин, үндэсний бөхийн манлай засуул, улсын бөх цоллогч Б.Батболд багшийн удирдлага дор уртын дуучнаар суралцаж, төгссөн. Харин 2016 оноос эхлэн Үндэсний их баяр наадамд бөхийн цол дуудаж, 2017 онд Улсын арслан П.Бүрэнтөгс, 2018 онд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, 2019 онд Монгол Улсын аварга С.Мөнхбат, 2020 онд Улсын аварга Н.Батсуурь тэргүүтэй алдарт аваргуудын цолыг дуудсан байна. Энэ бол миний хувьд мартагдашгүй сайхан дурсамжтай үе.
Ямар ч эм тариагаар орлуулшгүй дархлаа бөгөөд монгол хүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг зүйл бол эрийн гурван наадам гэж ойлгодог. Энэ жил хур бороо элбэг, нар хур тэгширсэн 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болох шинжтэй байна. Түүнчлэн монгол наадмыг албан ёсны брэнд, өнгө төрхтэй болгож буйд хувийн зүгээс талархууштай байгааг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид өв соёл, ёс заншлаа өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэн тордож, өнгөлж байх учиртай.
"Ямар ч эм тариагаар орлуулашгүй дархлаа бөгөөд монгол хүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг чухал зүйл бол эрийн гурван наадам гэж ойлгодог."
IX. Г.МӨНХ-ОД, ХУРДАН МОРЬ УНААЧ ОХИН

Анх эгчийгээ сумын наадамд уралдаж байгааг хараад хурдан морь унахыг хүссэн. Тэгээд эгчдээ “Таныг том болохоор би халааг чинь авна шүү” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш хоёр жилийн турш хурдан морь унаж байна. Би голдуу даага, их насны морь унадаг.
Миний унасан морь түрүүлэхэд надад хамгийн гоё санагддаг. Цавьдар даагатайгаа арав уралдсанаас дөрвөн удаа аман хүзүүдэж, дөрөв түрүүлсэн. Морио хурдан давхиулахын тулд мориныхоо амыг тэгш барина, гүүглэж шуугивал бүр ч илүү хурдална. Унах тусам мориныхоо зан аашийг таньж тэр хэрээрээ хайртай болдог юм шиг санагддаг. Сүүлдээ морийг нэг удаа унаж үзээд л ямар морь хурдан давхих, ямар морь явж өгөхгүй удаан байхыг мэддэг болчихсон шүү.
"Анх эгчийгээ сумын наадамд уралдаж байгааг хараад хурдан морь унахыг хүссэн. Тэгээд эгчдээ “Таныг том болохоор би халааг чинь авна шүү” гэж хэлж байсан юм."
X. Д.НАРАНТУЯА, НИЙТИЙН ХООЛНЫ ТОГООЧ

Нийтийн хоолны салбарт ажиллаад хэдийн 20 гаруй жил болжээ. Тэр ч утгаараа тухайн цаг үеийн хүмүүс юунд илүү дурлаж, хоолны сонирхол хүсэл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг их анзаарч, ажигладаг. Жишээ нь, социализмын үед монголчууд бид бөөрөнхий хуушуурт ихээхэн дурладаг байсан бол өнгөрсөн 10 жилд тэр сонирхол нь гэрийн хуушуур болж өөрчлөгдсөн. Харин сүүлийн хэдэн жилд л эргээд бөөрөнхий хуушуураа хайх шинжтэй болж ирж байна. Онцын ялгаагүй хэр нь зөвхөн хэлбэр дээр ийм ялгаатай хандлага ажиглагддаг нь их сонирхолтой шүү.
Ер нь тогооч хүний жаргал гэдэг хүмүүс хийсэн хоолыг нь амтархан идэж, ахиад нэмж, “Таны л хуушуур гоё” гээд хаа байсан газраас зорьж ирээд, хэдэн цаг ч хамаагүй оочерлоход байдаг. Мах, тосноосоо эхлээд бүх зүйлдээ үнэнч, өөриймсөг хандаад ирэхээр байршлаас үл хамаараад үнэнч үйлчлүүлэгчдийн ч хүрээтэй болчихдог. Бүгд л “Нараа эгчээ” гээд урамтай мэндэлсээр захиалгаа өгөх гээд хүрээд ирнэ. Өглөө найман цагаас орой арван цаг хүртэл халуун тосны хажууд зогсолтгүй ачаалалтай ажилладаг ч гэлээ энэ л мэдрэмжээс нь болоод чухал шаардлагагүй ч зуны дэлгэр цагт хэрэг болгож 3-4 сарын хугацаанд хуушуурын бүхээг ажиллуулдаг юм. Үнэндээ нэг их ашиг олдоггүй л дээ. Мэргэжлээ дагасан сонирхол гэж л тайлбарлах юм даа. Үүнээсээ болоод жил бүрийн наадмыг гэр бүлийнхэнтэйгээ гэхээс илүү халуу дүүгсэн гал тогоондоо тасралтгүй ажиллаж өнгөрүүлдэг. Гэсэн ч мэргэшсэн ажлаа олон хүнд үнэ цэнтэйгээр хийж, үнэлүүлэх нь өөрөө жаргал шүү дээ. Ташрамд хэлэхэд, үргэлж хийе гэснийг минь дэмждэг "Гүнжийн булаг" худалдааны төвийн удирдлагууддаа баярлаж явдаг шүү.
"Тогооч хүний жаргал гэдэг хүмүүс хийсэн хоолыг нь амтархан идэж, ахиад нэмж, “Таны л хуушуур гоё” гээд хаа байсан газраас зорьж ирээд, хэдэн цаг ч хамаагүй оочерлоход байдаг."

Сэтгэгдэл бичих

