Онгорхой gym сураглаж байвал он гарсны шинж, номын сан бараадаж байвал нас нэмсний шинж гэлтэй. Шинэ жилийн уур амьсгал намжиж, урам зоригийн сар эхэлсэн яг энэ үетэй холбогдуулан бид “Шинэ он, шинэ би” сэдвийн дор ярилцахаар дараах 10 эрхмийг урилаа. Энэ удаа тэд хуучин оноо товчхон дүгнэж, шинэ оны онцгой нэгэн зорилгоо хуваалцах бөгөөд хэрэв уншигч та хараахан зорилгоо тодорхойлж амжаагүй байгаа бол энэ нийтлэл танд шинэ сэдэл төрүүлж ч мэдэх юм.

1. г.болор-эрдэнэ


Өнгөрсөн он миний хувьд амжилт, алдаа, сургамжаар дүүрэн жил байлаа. Энэ онд би тогтмол сайн тоглолт үзүүлэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, удирдах чадварт суралцахыг зорьж байна. Зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн сагсан бөмбөгт анхаарах бус амьдралын био-хэмнэлийг зөв удирдахад цаг зарцуулж байгаа. Тухайлбал, тогтмол цагт унтаж, чанартай нойр авч, тоглолт, бэлтгэлгүй үедээ өөр сонирхолтой зүйлс хийхийг хичээдэг. Ойрын үед эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хүчилтөрөгч хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар гэх мэт өөрт хэрэгтэй судалгаа, сэдвүүдийг түлхүү сонирхож унших болсон. Энэ нь миний сэтгэл зүйн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байгааг ойлгосон учраас өдөр тутмын дадал болгон хэвшүүлж байна.

2. л.энхзул


2024 онд амьдралын хэв маяг, өдөр тутмын дадлуудаар дархлаагаа дэмжих зорилго тавьсан. Өнгөрсөн жилийн турш хичээсний үр дүнд эсэргүүцлээ сайжруулж, шинэ оноо эрүүл саруул угтсандаа баяртай байгаа. 2025 ондоо “дасгалын завсарлага” авахад түлхүү анхаарах зорилго тавьсан. Учир нь олон цагаар нам суух зуршил булчинг агшааж, сулруулдаг болохыг судалгаа харуулдаг. Би олон цагийг компьютерийн ард сууж өнгөрүүлдэг учраас цаг тутамд булчингийн эсүүдээ сэргээх арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Жишээлбэл, өдөрт зургаан цаг ширээний ард суух ажилтай үедээ цаг тутамд богино дасгал хийх. Цаг ажиллаад 10 суниах, дахин нэг цаг суусны дараах завсарлагаар 10 squat (суулт) гэх мэт. Хэрэв ажлын таван өдөр 50 суниасан бол сардаа 200 орчим, жилд 2000 гаруй суниасан байна гэсэн үг.

3. Б.маралмаа


Өнгөрсөн он бол тэр чигтээ хүсэл тэмүүлэл, тэвчээр, ухаарал, хайраар дүүрэн жил байлаа. Энэ жил би олон дуу гаргамаар байна. Бас өөрийгөө хөгжүүлэх, хайрлах, дуртай юмаа хийх тал дээр мөнгөө харамлахгүй, материаллаг зүйлд шуналдахгүй байж, бие махбод, сэтгэлийн амар амгалан, аз жаргалынхаа дааврыг нэмэгдүүлж болох бүх зүйлд гар татахгүй гэж бодож байна. Жишээлбэл, спорт, аялал, иог, өндөр уулын авиралт, ном, дуу гаргах гэх мэт.

2025 онд өөртөө тавьж буй хамгийн том зорилго нь "өөрийнхөө үгэнд сайн орох". Би уг нь асар их хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөр хөглөгдөн амьдардаг хүн. Даан ч хааяа өөрийнхөө хийж чаддаг зүйлээ хийхгүй, хангалттай хичээл зүтгэл гаргалгүй урсгалаараа амьдрах гээд байдаг. Үүнээс болоод өөрийгөө голж, сэтгэл санаагаар их унадаг. Иймд хийхийг хүссэн зүйлсээ тухай бүрд нь өндөр гүйцэтгэлтэйгээр хийж, өөрийнхөө үгэнд орж, бүх зорилгынхоо ард гармаар байна. Өөрийнхөө үгэнд орно гэдэг хачирхалтай уншигдаж магадгүй ч өөрийгөө ялан дийлсэн байхад бүх мөрөөдөл минь биелэх байх. Сайн байна уу? 2025 он минь, би хичээнэ ээ.

4. а.доржпалам


2024 он бол миний амьдралын хамгийн сургамжтай жил байлаа. Өнгөрсөн жил 10 орчим жижиг зорилго өөртөө тавьж, түүнийхээ дийлэнхийг нь биелүүлсэн. Харин энэ жил нэг том зорилго тавиад түүн рүү гээ “дайръя” гэсэн бодолтой байна. Тэр нь gejyuve.com вэбсайт буюу шинжлэх ухаан сонирхогчдын нэгдсэн платформыг ажилд оруулах юм. Улмаар мэдээллийн технологи ба медиа салбарын тусламжтайгаар шинжлэх ухааны мэдээллийг илүү хүртээмжтэй болгох хүсэлтэй байна.

5. б.бат-оюун


Өнгөрсөн жил бол энэ оны бие халаалт байлаа. 2025 он эхлэхтэй зэрэгцээд есөн шидийн зорилгууд сэтгэлийн хаалга цөм өшиглөн орж ирж байна. Шавраар бүтээл хийж сурна, ном бичнэ, хиймэл оюун ухааны талаар судална, эрт унтана гэх мэт. Бүр дуу хийж үзнэ гэсэн зорилго дураараа тархинд орж ирж байна билээ. Энэ дундаас хамгийн их сэтгэлийн гижгийг маань хүргэж байгаа зорилт бол Юүтүб. Контент бүтээгчдийн хувьд талбараа шинэчилж хүч үзэх нь яг л Squid Game цувралын гуравдугаар бүлгийг эхлүүлэхтэй адил сонирхолтой, сахилгагүй мэдрэмж. Дээр дурдсан зорилгуудаа биелүүлэх явцаа Юүтүб сувгаараа дамжуулан харамгүй хуваалцана аа. Үүнийг уншиж байгаа бүх хүмүүстээ шинэ оны мэнд. 2025 онд бүгдээрээ үзүүлээд өгөөрэй.

6. б.тайван


2024 он бол долоон жилийн турш зорьж, хэрэгжүүлсэн том зорилгоо амжилттай хааж, шинэ зорилго руу хөл тавьсан мөчлөгийн жил байлаа. Энэ жилийн тухайд надад гурван том зорилго байна. Эдгээрээс онцолбол, “Сэхээтэн” медиа компаниа бизнесийн зарчмаар хөгжүүлж, он дуусахад Silver Button авахаар зорилго тавьсан байгаа. Медиа салбарт ажилладаг хүмүүс сайн мэдэж байгаа болов уу. Энэ талбарт аль нэг талд худалдагдахаас зайлсхийж, бие даасан, хараат бус шинж чанараа хадгалж үлдэнэ гэдэг том сорилт. Энэ сорилтыг давахын тулд бид үзэгч, сонсогчдоосоо санхүүгийн дэмжлэг авч, үнэ цэнтэй, оригинал контентуудаа үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөж байна. Уг зорилгоо гүйцэлдүүлж чадвал бид бие даасан медиаг утгаар нь хэрэгжүүлж чадах болов уу.

7. э.баярт-учрал


Өнгөрөгч оныг товч бөгөөд тодорхой илэрхийлбэл "Hit hard in my soul". Сэтгэлзүй, бие махбодиороо олон зүйлийг даван туулж, ард нь гарч, өмнө нь мэдэрч үзээгүй, мэдрэхгүй байх гэж бодсон мэдрэмжүүдээ мэдэрсэн, гэхдээ л сайхан жил байлаа. Яг үнэндээ 2025 онд энийг л хийнэ гэж өөрийгөө шахаж шаардаагүй. Хэчнээн хүссэн ч болохгүй зүйл гэж байдгийг өнгөрсөн онд ухаарсан учраас өөрөөс шалтгаалж болох карьер, бизнес, мэдлэг боловсролдоо хэд хэдэн зорилго тавьсан. Гэхдээ энэ бүхнээс илүү сэтгэлзүйгээ тайван байлгахыг ихэд хүсэх болж. Тун барьцгүй сонсогдож магадгүй ч миний хувьд зөвхөн энэ онд гэлтгүй цаашдаа ч хамгийн их хүсэж байгаа зүйл маань энэ. Сэтгэлзүй тогтворгүй, эрүүл бус байвал аливааг даван туулах сэтгэлийн тэнхээгүй болчихдог юм байна билээ. Өмнө нь үүнийгээ анзаарахгүй, анзаарахыг ч хүсдэггүй байсан юм шиг байгаа юм. Харин одоо насны намар нь юмуу юу нь ч юм мэдэхгүй, сэтгэлийн амар амгаланг л эрэлхийлдэг болж.

8. м.дөлгөөнбаяр


2024 он бол мөрөөдлөөрөө амьдарч эхлэхгүй бол төлөөс нь ямар хатууг сануулсан жил байлаа. Харин энэ онд цөөн хэдэн төслийн UX дизайныг чанартай хийх, өөртөө худал хэлэхгүй байх, айдсуудтайгаа нүүр тулах, аав байж сурахад төвлөрнө. Мөн Философийн аппаа газраас амжилттай хөөргөж (Off the ground), мөрөөдлөө биелүүлэхэд төвлөрөх бодолтой байна. Тодруулбал, Philosophy апп дээр Философи подкастын Premium дугаарууд байрших ба сэтгэгчдийн намтар болон эшлэлүүд байршиж, өдөр бүр шинэ агуулга орох юм.

9. ж.солонго


Өнгөрсөн онд би өөрийн хүүхэд мэт бойжуулж, үүсгэн байгуулсан бяцхан бизнесээ “Өөрөө алхаж чаддаг” ойтой хүүхэд болгохоор хичээнгүйлэн ажиллажээ. Энэ онд харин өөрийгөө орхигдуулахгүй, илүү олон өглөөг тайвнаар угтаж, маш олон аяга кофе уух зорилт тавьсан. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл олон орноор аялж, янз бүрийн кофе шопуудаар зочлон олон төрлийн кофе амталж, туршлага хуримтлуулах, улмаар үйлчлүүлэгчдэдээ илүү сайн үйлчилгээ, амтыг мэдрүүлж урам зориг эрч хүчийг нь хөглөх хүсэлтэй байна. Энэ нь миний хувьд ажил болон аяллын зорилгоо зэрэг биелүүлж, нэг сумаар хоёр туулай буудсантай ижил хэрэг юм. Жишээ нь, Индонезийн жакартад байрлах Арабикагийн роастери салбарт очиж шинэ хуурсан кофе амтлах бас Осакад байдаг өндөр настай хосын ажиллуулдаг кафед зочлох зэрэг зорилгыг өөртөө тавьсан.

10. б.тэргэл


Өнгөрөгч он миний хувьд олон зүйлийн эхлэл байгаад зогсохгүй олон шинэ боломжуудаар хөтлүүлсэн жил байлаа. Надад нэг бяцхан дадал байдаг юм. Он солигдох мөчид A4 цаасан дээр "Хувь хүн, гэр бүл, бизнес, нийгэм" гэсэн дөрвөн төрөлд тус бүрд нь гурваас дөрвөн зорилт бичдэг. Гол нь тэдгээрийг хэмжиж болохуйц байдлаар төлөвлөх нь чухал. Энэ жилийн зорилтуудаас хамгийн чухал нь "Хувь хүн" хэсэгт бичсэн "Өөртэйгөө цаг өнгөрөөх". Хүмүүсийн хэлдгээр миний бүхий л амьдрал олонтойгоо хамт байсаар өнгөрсөн. Тиймээс энэ жил өөр лүүгээ өнгийж, өөрийгөө ойлгосон, сонссон, хайрласан жил байгаасай гэж хүсэж байна. Учир нь би аливаа асуудлыг олонтойгоо шийдэх гээд байдаг талтайгаас гадна бусдад нийцүүлж шийдвэр гаргахыг хичээдэг болсон байж. Үнэндээ энэ миний л амьдрал. Жаргал, зовлон, баяр, гунигийн аль ч үед Тэргэл л надтай хамт байна шүү дээ. Тиймээс "Me time буюу өөртөө цаг гаргах" хамгийн чухал юм байна гэж боддог болсон.

Хүсэл бүхэн тань биелэх болтугай