1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани NVIDIA-г 33 жил удирдсан үүсгэн байгуулагч Женсен Хуан гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүний албан тушаалаасаа огцорлоо. Түүний хүсэлтийг ТУЗ арваннэгдүгээр сарын 11-нд хүлээн авч, дараагийн өдөр нь нийтэд зарласан байна. Санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж, компани шинэ удирдлагаа дотоод болон гадаад нэр дэвшигчдээс сонгохоор болжээ.

Яагаад?

Энэхүү өөрчлөлтийн өмнө Хуаны хувийн харилцаа болон гадаадын тагнуулын ажиллагаанд өртсөн байж болзошгүй тухай мэдээллүүд гарсан юм. Тэрбээр арваннэгдүгээр сарын 8-нд ажилтнууддаа илгээсэн захидалдаа эхнэртээ үнэнч байгаагүйгээ хүлээн зөвшөөрч, гэр бүл, хамт олон, хувьцаа эзэмшигчдээсээ уучлал хүсжээ. Харин NVIDIA-ийн ТУЗ хөндлөнгийн хуульчдын оролцоотой бие даасан шалгалт эхлүүлсэн бөгөөд тухайн мэдэгдэлдээ компанийн нууц болон үндэсний аюулгүй байдал алдагдсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүйг онцолсон байна.

Одоо яах вэ?

Түр удирдлагыг хүлээн авсан Кресс 2013 оноос NVIDIA-ийн санхүүг хариуцаж ирсэн, өмнө нь Microsoft болон Cisco-д ажиллаж байсан туршлагатай нэгэн. Энэ мэдээний дараагаар Nvidia-ийн үнэлгээ 2025 оны долдугаар сараас хойш анх удаа 4 их наядаас доош ортлоо унажээ. Хиймэл оюуны тооцооллын гол нийлүүлэгч болсон NVIDIA-ийн хувьд энэ нь олон жил нэг хүний удирдлагад өссөн бизнесээ шинэ захиралд шилжүүлэх томоохон сорилт болж байна. Компани арваннэгдүгээр сарын 17-нд улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах хуваариа хэвээр үлдээжээ. Тэр өдөр хөрөнгө оруулагчид санхүүгийн үзүүлэлтээс гадна шинэ удирдлагын тайлбар, цаашдын төлөвлөгөөг сонсох учиртай.

Санал болгох: Хуанг хусууллаа: Хиймэл оюуны ноён оргил нуран уналаа

Unread

2 чухал тоо

3500: АНУ-ын нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбооны системд доголдол гарсны улмаас баасан гарагт улс даяар онгоцны хөөрөлтийг дөрвөн цаг гаруй зогсоолоо. Тухайн үед агаарт байсан 3,500 орчим онгоцыг аюулгүй газардуулсан бөгөөд системийг шалгасны дараа нислэгүүдийг сэргээжээ. Гэвч онгоц, нисэх багуудын хуваарь алдагдсан тул олон мянган нислэг цуцлагдаж, хойшилсон байна. Хөдөлгөөн ням гарагийн орой гэхэд хэвийн болох төлөвтэйг Холбооны нисэхийн захиргаа мэдээлэв. Энэ бол 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагаас хойш Америкийн агаарын хил бүрэн зогссон анхны тохиолдол юм.

805.000.000: Италийн мэдээлэл хамгаалах байгууллага Meta компанид 805 сая еврогийн торгууль ногдууллаа. Facebook-ийн Android аппликэйшн хэрэглэгчдийн утсанд хадгалагдсан зураг, бичлэг болон холбогдох мэдээлэлд тодорхой зөвшөөрөл авалгүй хандсан гэж зохицуулагч үзжээ. Шалгалт нь утасны зургийн сангаас Facebook-т нийтлэх зураг, бичлэг санал болгодог үйлдэлтэй холбоотой юм. 2023 оноос ашиглаж буй уг үйлдлийг хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн боловсруулж байгааг хангалттай тайлбарлаагүй, зөвшөөрөл авах шаардлагыг хангаагүй хэмээн буруутгажээ.

3 онцлох өгүүлбэр

I. COP31 Антальяд эхэллээ

- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал буюу COP31 Туркийн Анталья хотноо өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх хурлыг Турк улс зохион байгуулж, Австралийн тал хэлэлцээг удирдаж байна. Улс орнууд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм.

- Хэт халалт, үер зэрэг гамшиг олширч, эрчим хүчний үнийн дарамт нэмэгдсэн үед болж буй энэ хурлын гол маргаан санхүүжилтэд төвлөрч байна. Хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн хохирлыг даван туулахад чинээлэг орнуудын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Харин НҮБ-ын уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүн Саймон Стил сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгаж, метаны ялгарлыг бууруулах бодит алхам хийхийг уриалав.

- Монгол Улсыг төлөөлөн Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын COP17 хурлын дарга Б.Батцэцэг Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, арваннэгдүгээр сарын 12-нд үг хэллээ. Тэрбээр Улаанбаатарт болсон COP17-ын үр дүн, Улаанбаатарын тунхаглал болон баталсан 34 шийдвэрийг танилцуулжээ. Мөн газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлтийг уялдаатай шийдвэрлэж, олон улсын амлалтыг үндэсний бодлого, төсөв, хөрөнгө оруулалтаар дамжуулан хэрэгжүүлэхийг онцолсон байна.


II. Украины энхийн хэлэлцээ есөн сарын дараа сэргэв

- АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10–11-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо уулзлаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойших анхны гурван талт хэлэлцээгээр олзлогдогсдыг солилцохоор тохиролцсон ч дайныг дуусгах асуудлаар томоохон ахиц гарсангүй. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оны эцэс гэхэд бодит үр дүнд хүрэхийг хүсэж буйгаа илэрхийлээд, цаашдын ахиц Вашингтон Москвагийн талтай хэрхэн ажиллахаас ихээхэн хамаарна гэв.

- Хэлэлцээний дараа АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Москва, Дублинд уулзалтуудаа үргэлжлүүлж, Владимир Путин болон Зеленскийтэй санал солилцов. Кушнер талууд дайныг дуусгахын тулд харилцан буулт хийх шаардлагатайг ойлгож байгаа хэмээн мэдэгдэж, дараагийн шатанд Европын орнуудыг Оростой шууд хэлэлцүүлэхээр ажиллаж буйгаа хэлжээ. Абу Дабигийн уулзалтаар Европын төлөөлөгчид Украин, АНУ-тай байр сууриа уялдуулсан боловч Оростой хийсэн үндсэн хэлэлцээнд шууд оролцоогүй юм. Харин нутаг дэвсгэр болон аюулгүй байдлын баталгааны асуудлаарх зөрүү хэвээр үлджээ.

- Зеленскийн мэдээлснээр, Америкийн хэлэлцэгчид Украиныг НАТО-д элсүүлэх нөхцөлд Донбассын хяналтдаа байлгаж буй хэсгээс цэргээ гаргах эсэхийг асуусан гэнэ. Тэрбээр ийм нөхцөл албан ёсоор баталгаажвал Украины ард түмнээр шийдүүлэх ёстой гэсэн байна. Европын түншүүдийн хувьд аливаа тохиролцоо Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, урт хугацааны найдвартай аюулгүй байдлын баталгаа өгөх ёстойг онцолжээ.


III. Microsoft-ийн доголдол дэлхийн ажлыг гацаав

- Microsoft 365-ийн үйлчилгээнд өнгөрөгч пүрэв гарагт гарсан доголдол дэлхий даяар байгууллагуудын цахим харилцааг саатууллаа. Outlook, Teams, Copilot зэрэг үйлчилгээнд нэвтрэх, цахим шуудан илгээх, хүлээн авах, уулзалтын хуваарь зохицуулахад хүндрэл үүссэн байна. Зарим хэрэглэгчийн хувьд тасалдал бүтэн хоногоос давсан бөгөөд компани бүтэн хоёр хоногийн дараа л үйлчилгээг бүрэн сэргээснээ мэдэгдэв.

- Доголдол нь өмнө хийсэн сүлжээний хүчин чадлын шинэчлэлийн үеийн асуудал дараагийн өөрчлөлтөөр ил гарсантай холбоотой гэж Microsoft тайлбарлажээ. Компани үүнийг кибер халдлага болон хиймэл оюуны агенттай холбоогүй техникийн асуудал хэмээн мэдэгдсэн байна. Инженерүүд үндсэн шалтгааныг зассаны дараа ачааллыг хянаж, үйлчилгээг үе шаттай сэргээсэн бөгөөд саатсан цахим шуудангийн дарааллыг хэвийн болгоход нэмэлт хугацаа шаарджээ.

- Тасалдал бизнесийн байгууллагуудаас гадна төрийн үйлчилгээ, эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад нөлөөлөв. Их Британид л гэхэд, зарим эмнэлгийн ажилтнууд цаасан бүртгэл ашиглаж, зарим цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх цахим мэдээлэл хүлээн авахад хүндрэлтэй болсон гэнэ.

4 мэдүүштэй зүйл

Нууц хөрөнгө: Унгарын мөрдөгчид ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газарт ажиллаж байсан сайд Миклош Сестактай холбоотой авлигын хэргийг шалгах явцдаа 20 сая орчим доллартой тэнцэх бэлэн мөнгө хураан авчээ. Мөнгийг ойд булж, агуулах, аж ахуйн барилга болон орон сууцанд нуусан байсан аж. Сестак уг мөнгийг өөрийнх нь биш гэж одоог хүртэл мэлзэж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Будапешт болон гурван мужид хийсэн нэгжлэгээр илрүүлсэн мөнгийг улсын сан хөмрөгт шилжүүлжээ.

Шинэ эвсэл: Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху улс төрийн гол өрсөлдөгч Гади Эйзенкотод үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах санал тавилаа. Тэрбээр Иранаас ирэх аюулыг сөрөхийн тулд санал зөрөлдөөнөө хойш тавьж, урьдчилсан нөхцөлгүй хэлэлцэхийг уриалжээ. Харин Эйзенкот уг мэдэгдлийг улс төрийн сурталчилгаа хэмээн шүүмжилж, хоёр намын хэлэлцэгчид уулзахаар аль хэдийн товлосныг сануулсан байна. Аравдугаар сарын сонгуулиар Нетаньяхугийн эвсэл парламентын 120 суудлаас 53-ыг авч, олонхоо алдсан юм. Ерөнхийлөгч Исаак Херцог шинэ Засгийн газар байгуулах эрхийг Эйзенкотод өгсөн ч түүний талын буюу Арабын талыг дэмжигч намууд одоог хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй л байна.

Ээлжит жагсаал: Испанид орон сууцны өртөг, хүртээмжийн асуудлыг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж, олон мянган хүн оролцлоо. Арваннэгдүгээр сарын 11-нд болсон энэ нь тус улсын сүүлийн 14 жилийн анхны бүх нийтийн ажил хаялт байв. Зарим газарт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, олон арван хүнийг баривчилжээ. Харин Португалын 32 хотод арваннэгдүгээр сарын 14-нд олон мянган хүн жагсаж, түрээсийн өсөлтийг хязгаарлах, албадан нүүлгэлтээс хамгаалах, нийтийн орон сууцны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардлаа.

Шинэ харьцаа: Хойд Солонгос төрийн далбааныхаа хэмжээсийн харьцааг 1948 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа өөрчилжээ. Шинэчилсэн Үндсэн хуулийн 166 дугаар зүйлд далбааны өндөр, өргөний харьцааг өмнөх 1:2 байсныг 1:1.65 болгосон байна. Ингэснээр далбаа өргөнөөрөө богиносох боловч улаан, цагаан, хөх судал болон цагаан дугуй доторх улаан од бүхий үндсэн дүрслэлээ хадгалжээ. Пхеньян өөрчлөлтийн шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй байна. Харин зарим судлаач үүнийг Ким Жон Ун өмнөх удирдагчдын өвийг хадгалахын зэрэгцээ өөрийн легасиг үлдээх зорилгоор үндэсний онцлогийг тодотгох оролдлого гэж үзжээ.

5 сонин хачин

1. Тайландын Бангкок хотноо болсон Азийн анхны Eurovision дууны тэмцээнд Филиппиний дуучин CARMELLE “Sobra-Sobra” дуугаараа түрүүллээ. Тэрбээр мэргэжлийн шүүгчид болон үзэгчдийн саналын аль алинд тэргүүлж, нийт 211 оноо авчээ. Тайландын MANG x DAOU хоёрдугаар, Вьетнамын Tóc Tiên гуравдугаар байрт шалгарав. Өмнө нь зөвхөн Европын уран бүтээлчид өрсөлддөг байсан Eurovision-ий 70 жилийн түүхэнд шинэ хуудас нээсэн уг тэмцээнд 11 улсын уран бүтээлчид өрсөлдөж, 183 улс, нутаг дэвсгэрээс үзэгчид санал өгсөн байна. Монгол Улсыг төлөөлсөн Becky “Чамгүйгээр” дуугаараа 94 оноо авч, наймдугаар байрт оржээ. Эцсийн дүнгийн тал хувийг шүүгчдийн, үлдсэн талыг үзэгчдийн санал бүрдүүлсэн юм.

2. SpaceX компани Starship сансрын хөлгөө дэлхийн тойрог замаас буцаж ирэхэд нь хөөргөх цамхгийн механик гараар анх удаа амжилттай барьж авлаа. Бямба гарагт Техаст болсон туршилтаар хөлөг дэлхийг 14 удаа тойрч, 26 ширхэг Starlink хиймэл дагуул байршуулан, хөөрснөөсөө 22 цагийн дараа эргэн иржээ. Энэ нь сансрын хөлгийг бүрэн дахин ашиглаж, нислэгийн зардлыг бууруулах зорилгын чухал алхам болов. Гэхдээ пуужингийн Super Heavy хурдасгуурыг мөн барьж авах төлөвлөгөө техникийн асуудлаас болж хэрэгжсэнгүй. SpaceX өмнө нь хурдасгуураа барьж авч байсан бол энэ удаа тойрог замаас буцсан дээд шатны хөлгийг анх удаа амжилттай хүлээн авсан юм.

3. АНУ-ын Лос-Анжелес хотноо хиймэл оюуны оролцоотой бүтээсэн шилдэг хөгжмийг шалгаруулах зорилготой AI Music Awards ёслол анх удаа боллоо. Оны шилдэг уран бүтээлч, дуу, цомгийн шагналыг Xania Monet нэртэй виртуал дуучин хүртжээ. Түүнийг бүтээсэн Телиша “Никки” Жонс хэмээх эрхэм дууны үгийг өөрөө бичиж, хиймэл оюунаар хөгжимд оруулдаг байна. Оролцогчид AI хөгжмийн ард хүний санаа, бүтээлч хөдөлмөр байдгийг онцолсон ч энэ чиглэл хөгжмийн салбарт маргаан дагуулсаар буй. Уран бүтээлчид ажлын байр, орлогоо алдах эрсдэлд санаа зовж байгаа бол хөгжмийн компаниуд зохиогчийн эрхтэй бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглан загвар сургасан асуудлаар AI компаниудыг шүүхэд өгөөд байгаа юм.

4. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг ялж, WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсийг хүртлээ. АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод болсон 10 раундтай тулаанд гурван шүүгч 98:91, 98:91, 99:90 оноогоор Монголын тамирчинд ялалт өгчээ. Ингэснээр Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 16 дараалан ялж, ялагдалгүй амжилтаа үргэлжлүүлэв. 58 кг-ын жинд өрсөлдсөн түүний өрсөлдөгч Якубов WBC-гийн чансааны долоодугаарт бичигдэж байсан. Энэ нь мэргэжлийн рингэнд хийсэн 23 дахь тулаан, хоёр дахь ялагдал нь боллоо. Өдгөө 31 настай, солгой өрөлттэй тэрбээр өмнө нь WBC International, WBA Continental, WBO Youth зэрэг бүсийг эзэмшиж байжээ.

5. Сенегалын Дакар хотноо явагдсан Залуучуудын зуны олимпын наадам өндөрлөлөө. Африк тивд анх удаа явагдсан гэдгээрээ онцлогтой уг наадмыг багийн дүнгээр БНХАУ-ын баг өнгөлөв. Харин манай улсаас 10 тамирчин оролцож, жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн, элсний бөхийн төрөлд Э.Анужин нар тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.