Валентины баярыг угтуулан нийтэлж буй энэ дугаарын агуулгыг уншигч та хэдийнээ гадарласан биз ээ. Бага зэрэг гайхсан ч байж магад. Дурлалт хосыг магтан дуулах учиртай эдгээр өдрүүдэд юун "ганц бие" байдаг билээ?
Хайр гэдэг таахын эцэсгүй олон хэлбэр, агуулгаар бидний амьдралын хором бүхэнд ундарч, учирч байдаг. "Ганц бие" гэх тодотголтой ч хайртай учирч, зүрхэнд нь хэн нэгний тухай гэрэлт бодлууд ургаж соёолон, хэлбэр дүрсээ олж яваа хүмүүс бий.

Нүд сохлом дурлал, дотор хоосруулах мэт хагацал, ганц бие амьдрал, ахиад л өнөөх зүрхэн тушаа эрвээхий нисэж буй мэт сэтгэл гижигдэм мэдрэмж… Бүгдийнх нь амьдрал эдгээр эгэл мөчүүдийн хэлхээс байдаг хойно бид энэ удаа ганц бие хүмүүсийн дотоод ертөнцөөр нь аялж, хайрын тухай тэдний бодлыг уудалсан юм.

I. Б.БҮЖИНЛХАМ, 27 нас


Ганц бие байх нь олонд уриалахуйц үлгэр жишээ үйл явдал аль эсвэл хүүе би чинь нээрээ ганц бие шүү дээ гээд нийтэд гайхуулахаар зүйл биш байх л даа. Гэхдээ энэ тодорхойлолтоос ичээд алив юмнаас хойш суух ч юм уу баяраар буланд шигдээд тойрч бултах нь ч утгагүй. Миний хувьд залуу насныхаа энэ цаг хугацаанд ганцаараа байгаадаа талархаж байгаа. "Single" байхын хамгийн тод гэрэлтдэг онцлогийг эрх чөлөө гэж хэлнэ. Хорвоо дэлхийн хамгийн гайхалтай зүйлсийг хостой байсан ч хосгүй байсан ч үзэж, харж, мэдрэх боломжтой. Далайн давлагаа хадан эргээ цохих чимээ, уулсын орой дээрээс үзэгдэх үзэмж, үүлсийн дээр жаргах нар гээд энэ бүгдийг ганцаараа гэж хойш суулгүй үзэж, мэдэрсэндээ өөртөө талархдаг.

Валентины баяр тэмдэглэлгүй тав дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд суралцсан нэг зүйл маань өөрийгөө бас хүрээлэн байгаа хүмүүсээ илүү их хайрлаж сурсан минь юм болов уу. Харин романтик хайрын тухайд Дисней ч юмуу Холливүүдийн кинонуудаар толгойгоо хэтэрхий их угаалгасан байснаа ойлгосон. Одоо бол романтик хайрыг хэлбэр дүрсгүй ч дулаан, амар тайван, сэтгэл дүүрэн мэдрэмж байна байх аа гэж төсөөлдөг. Гэхдээ хэзээ нэгэн цагт хостой болохоороо хамгийн эхний хайрын баяраа өнөөх толгойгоо угаалгасан Холливүүдийн кинон дээр гардагтай адил уламжлалт байдлаар тэмдэглэнэ гэж төсөөлдөг шүү (инээв). Цэцэгтэй оройн зоогт явж, хөгжим сонсон шоколадтай бялуу хувааж идээд, үдшийн хотоор зугаалахыг хүсэж байна.

Хайр гэдэг хэлбэр дүрс нь үл харагдах хэрнээ дулаан, амар тайван, сэтгэл дүүрэн мэдрэмж.

II. а.гэгээ, Э.ИРМҮҮНбилиг, 6 нас


Гэгээ: Манай ангийн эрэгтэй найз бид хоёр зэрэгцээ хаалганд амьдардаг хөршүүд. Бид хоёр хичээлтэй байх үедээ өглөө болгон хамтдаа сургуульдаа явдаг. Одоохондоо тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэдэхгүй л дээ. Ирээдүйд олон жил нэг ангид сурвал надад хайртай болоод аав ээж хоёртой ижилхэн байр авах мөнгө цуглуулахын төлөө зөндөө их ажиллаж магадгүй л юм. Аа бас, нэг гэрт цугтаа амьдарвал заавал муур тэжээнэ. Манайх нохойтой болохоор аав ерөөсөө муур тэжээхийг зөвшөөрдөггүй юм.

Ирмүүн: Хайр гэдэг бие биенийгээ муухай үнэртэж байсан ч тасралтгүй үнссээр л байхыг хэлдэг байх. Би ээждээ маш их хайртай. Манай ээж үнэртэй ус түрхээгүй байсан ч, үс нь сэгсийгээд өглөөний цайгаа бэлдэж байхдаа ч хамгийн хөөрхөн. Яг ээжтэй маань адилхан, гэхдээ арай бага загнадаг хүнтэй хамтдаа амьдрахыг хүсдэг. Намайг томоо болсон хойно корона байхгүй болчихвол хайрын баяраар ресторан орно оо. Одоо амттай хоол идье, гоё тоглоё гэхээр ковид тусчихна гээд аав ээж хаашаа ч гаргахгүй байгаа.

Хайр гэдэг бие биенийгээ муухай үнэртэж байсан ч тасралтгүй үнссээр л байхыг хэлнэ.

III. М.Аззаяа, 31 нас


Ганц бие болоод дөрвөн жил болсноо сая л анзаарлаа. Нэг мэдэхэд л дөрвөн жил өнгөрчхөж. Ганц бие байхын давуу талыг хөгжилтэйгөөр хэлбэл маш сайн бөх нойр авна. Хажууд хүн хурхирах ч юм уу, эсвэл хөдлөхгүй. Харин илүү нухацтайгаар хариулбал өөрийгөө хөгжүүлэх боломжтой, мөн хэн нэгнээс хараат бус эрх чөлөөтэй.

Валентины баяраар хүмүүс энгийн үеийнхээсээ илүү хичээл зүтгэл гаргаад, ганцхан өдөр хайрлаад дуусах юм шиг байгаад байдаг нь сонин. Өдөр болгон валентин шиг байхгүй ч гэсэн хааяа хааяадаа валентины өдөр шиг байгаасай. Бас валентины баяр дөхөхөөр л ганц бие хүмүүсийг хөөрхий дөө гэж бодоод байх нь бий. Ер нь валентины өдөр ч гэлтгүй ганц бие хүмүүсийг нийгэмшээгүй, сонин ааштай, эсвэл энэ нэг юманд таарах хүн байхгүй болохоор ганц бие байгаа юм гэдэг ч юм уу дандаа сөрөг талаас нь хардаг хандлага түгээмэл. Тэрнээс биш энэ хүн ямар нэгэн харилцаанд бэлэн болоогүй юм байна, таарах хүнтэйгээ учиртлаа завгүй байгаа юм байна гэж ерөөсөө боддоггүй. Нэг л асуудалтай юм шиг бодоод байдаг. Гэхдээ уг нь цаадуул чинь асуудалгүй юм шүү дээ (инээв).

Хүн бүрийн хувьд хайрыг өөр өөрөөр ойлгодог байх. Харин миний хувьд хайр гэдэг хүндлэл, итгэлцлийн огтлолцол.

IV. А.Бигнүүт, 25 нас


Хайр яг л тоглоом шиг. Хүн нэг талаараа маш шуналтай амьтан. Бүгдийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг. Олон зүйл дээр ажиглаад байхад хүн өөрийн хэрэгцээг хангах гэж хажуудаа хүн байлгадаг юм шиг санагддаг. Хайрлуулах, үнсэх, тэврэх, уурлах, гомдох, хардах зэрэг бүхий л хэрэгцээгээ хангахад хажууд нь хүн байвал тэр бүгдийгээ амархан гүйцэлдүүлчихдэг. Ингээд бодохоор хайр яг л өөрөө өөрийгөө гэмтээхгүйгээр тоглодог тоглоом мэт. Хүн хэдий чинээ нэгнээ хайрлана, төдий чинээ гэмтдэг.

Өмнө нь би хайрыг энэ хорвоогийн хамгийн агуу зүйл мэтээр боддог байсан ч нас явахын хэрээр ч юм уу, авсан туршлагаасаа үүдсэн ч юм уу, эсвэл бүр олон жил ганц бие явсаар сэтгэл зүрх минь зэвэрчихсэн болохоор ч тэр юм уу ийм бодолтой болчихсон. Гэхдээ би бага багаар хайрлахад суралцаж байгаа. Хайрлаж, хайрлуулахын хамгийн сайхан нь хайртай хүмүүстээ халамж үзүүлж, түүнээсээ цээж дүүрэн тэврэлт авах шиг мэдрэмж шүү дээ. Мөн ямар ч хайр өгөө, аваатай байдаг юм билээ. Дан ганц нөгөө хүнээсээ хайрыг аваад байх бус нөгөө хүнээ ч мөн зөрүүлж хайрлах хэрэгтэй. Сэтгэлээ өгсөөр байгаад сэтгэл нь хоосорчихвол ахиж хайрлах сэтгэл гардаггүй шиг хайртай хүнийхээ сэтгэлийн савыг дүүргэж яваарай.

Би угаас ингэдэг, тэгдэг гэлгүйгээр хайранд ямар ч бардамнал, эго хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

V. Барба, 21 нас


Би нэг л удаа гүнзгий харилцаанд орж байсан. Тэр харилцаанаас би хайрыг үнэхээр хэцүү зүйл гэдгийг ойлгосон гэх юм уу. Хэн нэгэнтэй байхаас илүү ганцаараа байх нь сэтгэлд амар санагдах болсон. Учир нь би хэн нэгэнтэй байх үедээ тэр минь яаж байгаа бол, хаана юу хийж яваа бол гэдэг ч юм уу, ер нь нэг талаараа сэтгэлзүйн хувьд дарамтад байдаг юм шиг санагдсан. Гэхдээ нөгөө талаараа мэдээж хэн нэгэнтэй байх нь зарим тохиолдолд ханьтай, түшигтэй л дээ. Ямар ч байсан хүн эхлээд өөрийгөө ойлгож, хайрлах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгж байж гэмээнэ бусдыг хайрлаж чадах байх.

Тэр ч утгаараа би надад тохирох хэн нэгнийг хайхаас илүүтэй тэр хүн хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт итгэдэг. Харин тэр цаг мөч хүртлээ өөрийгөө хөгжүүлж, дуртай зүйл, хобби, найзууд, эсвэл бүтээлч зүйлд цагаа зарцуулж оюундаа хөрөнгө оруулах нь илүү тайван бас аз жаргалтай байгаа. Угаас хүн тодорхой хэмжээнд мэдлэгтэй байх тусмаа төдий чинээ хүмүүстэй харилцаж, холбоо тогтоож, эргэн тойрноороо хүрээлүүлдэг болохоор өөрөө хэр ухаантай байна, тэр хэмжээний сайн хүнтэй ирээдүйд учрах магадлал нь өндөрсөх болов уу.

Ер нь би өөрийгөө хайранд бэлэн биш л гэж бодсон. Учир нь хайр үнэхээр том даваа юм шиг л санагдсан.

VI. Б.Мөнх-Алдар, 17 нас


Хайр гэхээр хамгийн түрүүнд нялх хүүхэд санаанд ордог. Хайраас бүтдэг болохоор тэгж санагддаг ч байж мэднэ. Би өмнө нь хүнтэй үерхэж байсан ч яг тийм хайртай болж байгаагүй юм шиг ээ. Тэгээд ч миний насан дээр төгсөх дөхчихсөн, яг өөртөө цаг зарцуулахад тохиромжтой үе шиг санагдаж байгаа. Тийм болохоор энэ цагаа өөрийгөө хөгжүүлэхэд болон аав ээж, найзууддаа зарцуулах нь зөв байх.

Бодоод байх нь ээ, би ерөөсөө валентиныг тэмдэглэж байгаагүй юм байна. Яг валентин дөхөхөөр л салчхаад байдаг байсан. Харин ирээдүйд өөрийн учрах ёстой хүнтэйгээ учраад валентины баярыг романтик байдлаар тэмдэглэхийг хүсдэг. Зөвхөн хоёулхнаа байх орчныг бүрдүүлээд, амттай хоол идээд, нэгэн рүүгээ хараад ярилцаад л… бас дээрээс нь би эрэгтэй учраас эмэгтэйдээ гэнэтийн байдлаар таалагддаг зүйлийг нь хийвэл илүү романтик байх.

Хайр бол хүн бүрийн амьдралд тохиодог нандин зүйл.

VII. Н.нандин


Хайр гэдэг хамгийн товчхондоо амьдралын утга учир юм шиг. Зөвхөн романтик харилцаа ч гэлтгүй гэр бүл, найз нөхөд, дээрээс нь амьтад, эд зүйлс, байгаль орчин, мэдрэмжүүд гэх мэт хайрлаж болох хэтэрхий олон зүйлс хорвоо дээр байдаг болохоор хайрлах, хайрлуулах мэдрэмжгүйгээр амьдарна гэдэг утгагүй байх. Романтик хайр дурлал бол харин амьдралаас мэдэрч болох хамгийн сонирхолтой мэдрэмжүүдийн нэг.

Ямар ч хүн эхлээд өөртэйгөө эрүүл харилцаатай байж, өөрийгөө хэн болохыг зөвөөр тодорхойлж чадахгүй бол өөр хүнтэй урт удаан хугацааны турш үргэлжлэх романтик харилцаатай байж, тэднийг хайрлаж, амьдралын чанарыг нь сайжруулж чадна гэдэгт би итгэдэггүй. Тиймээс ганц бие байх нь нэг талдаа ганцаараа байхад суралцах, өөрийгөө илүү таньж мэдэх, өөртэйгөө сэтгэл хангалуунаар цагийг өнгөрөөж сурах боломж. Мөн энэ хугацаанд олон хүмүүстэй танилцаж болзох боломжтой байдаг тул хосын харилцаанд өөрийнхөө юунд дуртай болоод юунд дургүй, юу хүсдэг болохоо олж мэдэхэд тустай. Сул тал нь мэдээж зөвхөн хосын харилцаанд л байдаг зарим нандин мэдрэмжүүдээс хоцрох юм уу даа. Түүнчлэн бусдаас шалтгаалахгүйгээр ганцаараа аз жаргалтай байгаад сурчихвал хүмүүсийн үл ялиг хүндэтгэлгүй байдлыг ч хүлээн зөвшөөрч чадахаа больчихдог. Тиймээс бусдаас хүлээх шаардлага илүү өндөрсөөд хосын харилцаанд ороход улам хэцүү болдог юм шиг санагдаад байгаа.

Ирээдүйд валентины баяраар хайрттайгаа цуг заавал хийдэг уламжлал болсон ямар нэгэн онцгой заншилтай болбол гоё байх аа.

Хайрлаж болох хэтэрхий олон зүйлс хорвоо дээр байдаг болохоор хайрлах, хайрлуулах мэдрэмжгүйгээр амьдарна гэдэг утгагүй.

VIII. Д.Отгонцэцэг, 58 НАС


Би нөхрөөсөө салах шийдвэр гаргаж, гурван хүүхэдтэйгээ хамт амьдрах болсноос хойш 25 жил өнгөрчээ. Хань ижлээсээ хайр халамж мэдрэх, хамтдаа аз жаргал цогцлоох учиртай ид сайхан залуу насныхаа тал хугацааг ганц биеэрээ өнгөрүүлсэн гэсэн үг. Гэхдээ "ганц бие" гэдэг үг ч өөрөө их учир дутагдалтай юм. Бусдын нүдэнд ганцаараа мэт харагддаг байж болох ч гурван охин, ач зээ нараараа хүрээлүүлэн ер ганцаардах мэдрэмжгүйгээр л амьдарч ирсэн.

Нөхрөөсөө салах шийдвэр маань тийм ч амар хялбар байгаагүй ээ. Хосоороо л туулах жамтай хорвоо хойно хэн ч гэсэн гэр бүлээ элэг бүтэн байлгахыг хүснэ. Гэвч гэр бүлээ хадгалж үлдэхийн төлөө болохоос нь болохгүй хүртэл зүтгэсэн ч эцсийн гаргалгаа нь салалт болж хувирсан даа. Үр хүүхдийнхээ ирээдүй болон өөрийнхөө сэтгэл зүрхийг хамгаалж гаргасан энэ шийдвэртээ би хэзээ ч харамсдаггүй. Гарцаагүй зөв шийдвэр байсан гэдгийг нь миний амьдралд хойшид тохиосон олон үйл явдал харуулсан болохоор ингэх байж, тэгэх байж гэж эргэлзэж тээнэгэлзсэн удаа үгүй.

Эмэгтэй хүн ер нь амьдралын нугачаанд өөрийгөө, үр хүүхдээ аваад гарах чадалтай байх хэрэгтэй. Тэр чадал бол зөвхөн мөнгө санхүүтэй ч холбоотой биш. Хамгийн нэгдүгээрт сэтгэлзүйн хувьд эрүүл байж, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Дараа нь ямар ч нөхцөлд өөрийнхөө хоолыг олж чадах хэмжээний боловсролтой байх нь чухал. Энэ зарчмыг би өөрийнхөө охидод ч байнга захидаг юм.

Залуу насанд тохиодог тэр дэврүүн их хайрын мэдрэмж хүний нүдийг сохор болгочихдог сул талтай. Тийм ч болохоор хайр дурлалдаа шатаж, амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах үедээ хэсэгхэн зуур азнаад аав ээжийнхээ үгийг сонсож, хажууд байгаа хүнээ ирээдүйд сайн эцэг, сайн өрхийн тэргүүн болж чадах болов уу? гэх асуултыг өөртөө нухацтайгаар тавиарай, охид минь. Өчүүхэн ч хир буртаг тогтоож болохгүй тэр нандин хайраа ариунаар нь хадгалж үлдэхийн төлөө хичээгээрэй.

Хайр гэдэг өчүүхэн ч хир буртаг тогтоож боломгүй ариун, нандин мэдрэмж.

IX. г.жАНЧИВ, 34 нас


Өнгөрсөн жилийн долоодугаар сард би ажлаа солих гэнэтийн шийдвэр гаргаж, бүтэн цагаар комеди дээрээ анхаарах болсон юм. Хэрэв хэн нэгний өмнө нь амлалт өгчихсөн, гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрч байсан бол ийм эрсдэлтэй шийдвэрийг тэр дор нь гаргах амаргүй. Харин тухайн үед би ганц бие байсан болохоор эргэлзэх зүйлгүйгээр шуудхан л шийдчихсэн. Энэ үйл явдлаас гадна ганцаараа өнгөрүүлж буй хоёр жилийн хугацаанд хамгийн тод анзаарагдсан зүйл гэвэл би урьд урьдынхаасаа илүүтэй тайван амгалан болж, элдэв асуудалд тавгүйтэх нь харьцангуй багассан юм байна. Хосын харилцаанд муудалцах, санал зөрөлдөх гэх мэт асуудлаас үүдэн сэтгэл санааны хувьд тогтворгүй болох үе бишгүй. Харин ганц бие амьдралд ямар ч драма байхгүй. Юу хүсэж буй, юунд цагаа зарцуулмаар байгаагаа хэн нэгэнтэй зөвлөлдөхгүйгээр өөрөө бие даан шийдэх боломжтой нь сайхан.

Эргэн тойрны найз нөхөд, ажлын хамт олон намайг ганц бие юм чинь хостой болгоод өгье гэсэн сэтгэлээр үргэлж хүнтэй танилцуулах гээд байдаг нь үл ялиг төвөгтэй. Мэдээж надад туслах гэсэн сэтгэлийг нь ойлгож байгаа хэдий ч би хувьдаа хэн нэгнээр дамжуулж танилцсан харилцаа цаашдаа урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэдэггүй. Өөрөө хайж байгаад ч юм уу, санамсаргүй байдлаар цор ганц тэр хүнтэйгээ учирвал хувь тавилан ч юм шиг ер бусын мэт мэдрэмж төрнө шүү дээ.

Хэн хэнийхээ өмнө хэт их хичээл зүтгэл гаргалгүйгээр цаанаасаа л тэр хүнийг халамжлах, хайрлах мэдрэмж ундраад байвал зөв нэгэнтэйгээ учирсны дохио байх. Ер нь хайрыг яаж ч тодорхойлж болох. Дүн өвлийн хүйтнээр өөрийнхөө даарах эсэхийг ч үл ажраад хажуудах хүнийхээ гарыг дулаацуулахын төлөө бээлийгээ тайлаад өгөх тэр жижигхэн мөчид ч хайр оршдог. Ирээдүйд хоёр талаасаа цаг заваа зохицуулж байгаад хайртай хүнтэйгээ халуун орны далайн эрэг дээр хайрын баярыг тэмдэглэхийг хүсэж байна. Заавал далайн эрэг ч байх албагүй. Ганцхан өдөр элдэв ахуйн асуудлаасаа ангижраад зөвхөн хоёр биендээ цаг зарцуулж болох тэр орчин, момент хамгийн гоё валентин байх болов уу.

Дүн өвлийн хүйтнээр өөрийнхөө даарах эсэхийг ч үл ажраад хажуудах хүнийхээ гарыг дулаацуулахын төлөө бээлийгээ тайлаад өгөх тэр жижигхэн мөчид ч хайр оршдог.

X. Б.Эрмүүнбилэгт, 26 нас


Ганц бие байх хугацаандаа би өөрийгөө их ааш муутай хүн юм байна даа л гэж тодорхойлсон. Удаан хугацаанд ганцаараа байгаад ирэхээр хүн зөвхөн өөрийнхөө үзэл бодол, амьдралыг харах өнцгөөр аливаа зүйлсийг зөв буруу гээд шуудхан хуваачих гээд байдаг талтай. Нэг талаасаа энэ нь хурдтай шийдвэр гаргахад, өөрийгөө танин мэдэхэд тусалдаг бол нөгөө талдаа “чи бусад хүмүүсийг сонссонгүй, хэтэрхий өөрийнхөөрөө зөрүүдлээд байна” гэх мэт хандлага бусдын зүгээс ажиглагддаг. Тийм ч болохоор өөрийгөө ер нь сүүлийн үед ааш муутай болчихсон юм байна даа гэж дүгнээд байгаа.

Ганцаараа байх цаг хугацаа мэдээж олон давуу талтай. Энэ үед урьд өмнө хийе гэж хүсээд ч боломж гардаггүй байсан хувийн сонирхолдоо, ажилдаа зарцуулах хангалттай цаг завтай болно. Хүрээлэл ч гэсэн тэр хэмжээгээр тэлнэ. Түүнчлэн өмнө нь буруугаар ойлгодог байсан хүмүүстэйгээ илүү дотно нөхөрлөөд үзэхээр тэр хүний талаар ташаа бодож байснаа ухаардаг гэхчлэн бусдыг таньж мэдэхэд цаг зарцуулж чадаж байгаадаа олзуурхдаг.

Ахынхаа үеийнхнийг харахаар бараг бүгд зэрэгцээд шахам гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болсон байдаг бол манай үеийнхэн гэр бүл төлөвлөх асуудал дээр харьцангуй нээлттэй хандаж эхэлсэн юм шиг. Миний хүрээлэл гэхэд тал нь гэр бүлтэй, тал нь ганц бие. Одоо үеийн залуус бүгд л их том мөрөөдөл, амбицтай болчихсон болохоор ид хийж бүтээх насандаа зорилгынхоо төлөө тултал нь зүтгэе гэж боддог болчихсон ч байж магад. Дээр нь яг бидний үеийн залуус ажлын карьер, мэдлэг боловсролдоо түлхүү анхаарлаа хандуулахаар хайр дурлалын асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй гацчихдаг байх. Жишээлбэл гадагшаа явж сурах боломж олдсон ч хайртай хүнээсээ салахгүй гээд өөрт олдсон боломжоосоо татгалзах явдал ч түгээмэл харагддаг.

Хайр гэдэг өөрөөсөө ч харамлаж, нандигнасан зүйлсээ хажуудах хүндээ харамгүй өгч чадах өгөөмөр сэтгэл.