Өнгөрөгч сарын 25-нд буюу автомашингүй өдөр “Talent Summit 2025” зохион байгуулагдсан. Нэг талаас Монголын томоохон групп компаниудын хүний нөөцийн менежерүүд шинэ талентыг байгууллагадаа нэгтгэхээр бүүтээ засан оролцсон бол нөгөөтээгүүр шинэ ажил хайж буй мэргэжилтнүүд болон хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж буй шинэ төгсөгчид хүрэлцэн ирж, талент, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмж зэрэг сэдвийн хүрээнд тайзны хөтөлбөрүүдийг сонсож, ажилд орох эхний алхмаа хийлээ. Энэ үеэр Ариг банк, Макс групп, Грийн групп тэргүүтэй 10 компани чухам ямар талент хайдаг, ямар байгууллагын соёлтой хамт олон гэдэг тухайгаа хуваалцав.
1. ариг банк
Бид энэ удаа байгууллагын банк, санхүүгийн зөвлөх, дижитал зээлийн эдийн засагч гэх мэт ажлын байран дээр талент хайж байна. Манай банкны дундаж наслалт 34 бөгөөд тэр ч утгаараа залуу, эрч хүчтэй хамт олон гэж боддог. Өнөөдрийн хувьд манай банканд нэгдэх сонирхолтой, залуулаг, бүтээлч сэтгэлгээтэй залуусаар багаа зузаатгахаар оролцож байна.
2. bsb
Санхүү, гадаад худалдааны ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байран дээр талент хайж байна. Өнөөдрийн хувьд 50 орчим хүнд байгууллагынхаа тухай мэдээлэл өгсөн бөгөөд үүний 20 орчим хувь нь анкетаа илгээсэн болов уу гэж найдаж байна. Оролцогчид бүүтээр зочлохдоо “Энд байгаа бусад компаниас танайх юугаараа онцлог вэ?” гэдгийг асуугаасай гэж хүсэж байлаа. Бидэнтэй нэгдэхийн тулд хариуцлагатай, хандлага сайтай байх хэрэгтэй бөгөөд ур чадвар дутмаг байсан ч бид сургаж дадлагажуулахад нээлттэй байдаг. Хэдийгээр гол үйл ажиллагаа нь бүүтүүд дээр өрнөж байгаа ч тайзан дээр тасралтгүй илтгэл, хэлэлцүүлгүүд явагдаж байгаа болохоор оролцогчдоос гадна бид өөрсдөө ч бас мэдээлэл авч, өдрийг сонирхолтой өнгөрүүллээ.
3. макс групп
Манай групп 20 охин компанитай бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд Сүү, Макс Өргөө, Шохой үйлдвэрийн төсөл, М Март сүлжээ дэлгүүр, Цэн газар гэсэн таван компани төлөөлөн ирлээ. Бүгд өөр төрлийн үйл ажиллагаатай болохоор харьцангуй олон ажлын байрыг санал болгон оролцож байна. Төгсөх курсийн оюутнууд болон шинэ төгсөгч нар олноор оролцож, санхүү, бизнесийн чиглэлийн ажлын байрыг түлхүү горилж байгаа харагдлаа. Зорьж ирсэн төгсөх курсийн оюутнуудад группийнхээ дадлагын хөтөлбөрийн талаар мэдээллийг ч бас өглөө.
4. нутгийн буян групп
Манай компани уг арга хэмжээнд анх удаа оролцож байгаа бөгөөд шинээр нээгдэж буй “Хубилай” таван одтой зочид буудалдаа нээлттэй ажлын байр зарласан байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд багагүй хүмүүс манай бүүтээр зочлон мэдээлэл авч, анкет илгээлээ. Тэдгээрээс бид хайж буй мэргэжлийн, тохирсон хүмүүстэйгээ уулзаж чадлаа гэж бодож байна. Бид ажилдаа үнэнч, гүйцэтгэл сайтай залуусыг хайхаас гадна чадварлаг ахмадуудыг ч мөн ажилд авахад нээлттэй байдаг.
5. optimal nmax
Манай байгууллагын төслүүд нэлээд өргөжиж байгаатай холбогдуулан ажлын байрны хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Иймд график дизайнер, copywriter, санхүү, бизнес шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлын байрууддаа бүтээлч залуусыг хайж байна. Манай компани нийгэмд тулгамдаад буй сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг тул хүмүүс манай компанийг ихэд сонирхож байх шиг санагдлаа. Мөн тавдугаар сарын 30-нд танилцуулах Mind X Plus бүтээгдэхүүнийг маань энд ирсэн бараг бүх хүний нөөцийн менежерүүд сонирхон ирж, мэдээлэл авлаа.
6. green групп
Бид маркетингийн менежер, бизнес хөгжил, дотоод аудит, үйлдвэрийн менежер, эрүүл ахуйч, дизайнер зэрэг 15 ажлын байрыг нээлттэй зарласан байгаа бөгөөд арга хэмжээний үеэр арав гаруй анкет хүлээн авлаа. Манайх хүнс үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбар учраас бүтээлч, эрч хүчтэй, залуу хамт олныг бүрдүүлж ажиллахыг эрмэлздэг. Тэр ч утгаараа одоогоор манай дундаж нас 27 байна.
7. transwest
Уул уурхайн тоног төхөөрөмж борлуулах болон засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн хувьд цахилгаанчин, механикч гэх ажлын байруудыг идэвхтэй хайж байгаагаас гадна дадлагажигч оюутнуудыг мөн бүртгэж байна. Бидэнтэй нэгдэх талент нь дасан зохицох чадвартай, тогтвортой ажиллах, тууштай нэгэн байх хэрэгтэй. Оролцогчдын хувьд түлхүү санхүү, эдийн засгийн чиглэлээр төгссөн залуус олон байх шиг харагдлаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад бага хүмүүс оролцож байгаа ч тайзны хөтөлбөрүүд урьдын адил тасралтгүй үргэлжилж, илүү сонирхолтой сэдвүүдээр өгөөжтэй ярилцлагууд болж байгаа нь таалагдаж байна.
8. mobicom
Манайд борлуулалт, инженер, программист гэх мэт олон ажлын байр зарлагдсан байгаа. Тухайн талент мэргэжлийн ур чадвараас гадна зөв хандлага, багаар ажиллах чадвар, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, манай компанид ямар үнэ цэн өгч чадахаа ухамсарлачихсан байвал тун сайн. Одоогоор 20 орчим оролцогч анкет илгээсэн. Арга хэмжээний хувьд өнгөрсөн жилтэй адил зохион байгуулалт сайтай байгаа харагдаж байна.
9. тэсо групп
Гол төлөв залуус руу чиглэсэн арга хэмжээ гэж харж байгаа учраас “Тэсо Инвестмент” хөрөнгө оруулалтын компанид байгаа сул орон тоонууд дээр анкет авч байна. Гэхдээ манайх нийт 30 салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас заавал заасан ажлын байр гэлгүй энд хүрэлцэн ирсэн талентуудтай нээлттэй ярилцлага хийх боломжтой. Группийн хувьд мэргэжлийн ур чадвартай, санаачилгатай, итгэлтэй талентыг хайдаг бөгөөд 14 цагийн байдлаар 60 гаруй анкет хүлээн авсан байна. Байгууллага болон ажилтныг холбох, хүний нөөцийн арга хэмжээ цөөхөн байдгаас гадна өнөөдрийн арга хэмжээнд талент болон байгууллагуудын эргэлзээг тайлж, асуултад нь хариулахуйц илтгэл, воркшопууд зохиогдож байгаа нь онцлог санагдлаа.
10. номин холдинг
Манайх бизнесийн таван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, зургаан мянга гаруй ажилтантай. Худалдаа үйлчилгээний салбар учраас бидний хувьд хамгийн чухал зөөлөн ур чадвар бол найрсаг хандлага. Өнөөдөр бид санхүүгийн менежер, эрсдлийн менежер, борлуулалтын менежер зэрэг 20 гаруй ажлын байранд 50 гаруй анкет хүлээн авч, 10 орчим хүнтэй ярилцлага хийлээ. Энэ дундаас IT салбарынхан буюу программ хөгжүүлэгч, дата аналист зэрэг ховор талентууд олноор хандаж, ярилцлага хийсэн тул бидний хувьд оролцсон зорилгоо биелүүллээ гэж харж байна.