Та гар утасгүй амьдарч чадах уу? Тун эргэлзээтэй. Учир нь бидний эргэн тойрон дахь бүх харилцаа энэ төхөөрөмжид түшиглэн өрнөдөг. Тиймээс гар утас бол орчин цагийн хүн бүрийн чухал хэрэгцээ билээ.
Бид энэ удаагийн дугаартаа урьж оролцуулсан арван зочныхоо гар утастай холбоотой инээд хүрэм, гуниг төрүүлэм басхүү сургамж дүүрэн түүх, дурсамжийг хуваалцахаар бэлтгэлээ. Хэрэв танд тэдний адилаар шинэ гар утас худалдаж авах, сольж сайжруулах шаардлага гарсан бол нийтлэлээ дуустал нь уншаарай.
Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ
i. Ж.ТЭМҮҮЖИН, ГРАФИК ДИЗАЙНЕР
Ямар гар утас барихдаа төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан үе надад бий. Тэгээд дүрмийн дагуу манай охин дүү утсаа шинэчлэхтэй зэрэгцэн түүний “гологдмол” iPhone 6 надад шилжин ирж, өнөөхийг нь би дөрвөн жил хэрэглэж байв. Цагийн эрхээр багтаамж муутай гар утсаараа сошиал харилцааны энгийн аппуудыг ашиглах боломжгүй болж, камер нь ч эвдрэн жинхэнэ утгаараа “гологдмол” болсон.
Ингээд шинэ гар утас авахын хүслэн болсон би зээл тавин жил гаруйн өмнө цоо шинэ iPhone 14 гар утас авлаа. Амьдрал ч сайжирч, сошиал дээр ч идэвхжин өдөрт хоёр цэнэглэдэг байсан гар утсаа хоёр хоногт нэг цэнэглэдэг болоодохлоо. Гэтэл жил ч барьж амжаагүй шинэхэн найзаа Playtime фестивалийн тэр нэг орой хэн нэгэнд алдаж, одоо ч зээлийг нь төлсөөр сууна. Мэдээж дүрмийн дагуу өөр нэг дүүгийнхээ “гологдмол”-ыг авч, одоо бол iPhone 8 Plus гар утсыг ашиглаж байгаа.
"Жил ч барьж амжаагүй шинэхэн найзаа Playtime фестивалийн тэр нэг орой хэн нэгэнд алдаж, одоо ч зээлийг нь төлсөөр сууна."
ii. Б.НОМИН, СТЭНД-АП КОМЕДИАН
Их сургуулийн оюутан болж, нийслэлийг зорин ирээд удаагүй байсан үе. Анх удаа автобусанд сууж үзсэн өдөр байлаа. Тэнд гар утасны хулгай яаж өрнөдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Дуу сонсоод явж байхад чихэвчийг маань хайчлаад авчихсан. Тэр даруй автобусны жолоочид гар утсаа алдчихлаа гэж хэлээд цагдаа дуудав. Би хүн нэг бүрийг нэгжиж, шалгасаар байсан ч цагдаа нар ирээд хулгайчийг барьж өгөхийн оронд “Энэ олон хүнээс хэнийг нь гэж олох юм бэ? Хурдан хүмүүсээ буулга” гэж хэлээд намайг дүүргийн цагдаагийн газар руу дагуулаад явах нь тэр. Очоод болсон явдлаа ярьтал “Насанд хүрээгүй болохоор өргөдөл бичих боломжгүй. Утсаа сайн харж явах нь яасан юм? Том хүн дагуулж ир” гээд загнуулдаг юм байна.
Есдүгээр сарын нэгэнд шинэ оюутнууд хөөрч баярлан суухад би гэдэг хүн чинь эгчийгээ дагуулчихсан цагдаагийн газарт сууж байлаа шүү дээ. Амьдралдаа анх удаа барьж үзсэн iPhone байсныг хэлэх үү одоо ч харамсдаг юм. Үүний дараа дүүгээс “дээрэмдсэн” Samsung Galaxy S6 гар утсыг олон жил хэрэглэсэн.
"Есдүгээр сарын нэгэнд шинэ оюутнууд хөөрч баярлаж байхад би гэдэг хүн чинь эгчийгээ дагуулчихсан цагдаагийн газарт сууж байлаа шүү дээ. Амьдралдаа анх удаа барьж үзсэн iPhone байсан юм сан…"
iii. Б.БАТБОЛД (Ethan), И-СПОРТЫН ТАМИРЧИН
Манай Lilgun баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тоглолтдоо амжилттай оролцож, эрхээ аваад буй гайхалтай үе тохиож байна. Миний хувьд тоглох зорилгоор зөвхөн гар утас хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй.
Гар утасны тоглоомын мэргэжлийн тоглогчид ихэвчлэн жижиг хэмжээтэй, барихад эвтэйхэн гар утсыг түлхүү сонгодог. Мөн багтаамж маш чухал. Жишээ нь би тоглолтынхоо онцгой мөчүүдийг бичиж авч, засаж янзлан хувийн хуудсандаа оруулдаг болохоор тэр бүгдийг хийж болох багтаамж өндөртэй утсыг илүүд үздэг. Мэдээж дэлгэцийн нягтаршлыг орхигдуулж болохгүй. Одоогоор эдгээр шаардлагыг iPhone 14 Pro маань тун сайн хангаж байгаа. Харин одоо оролцож буй Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтдоо ROG Phone 6 ашиглаж байна.
"Тоглолтынхоо онцгой мөчүүдийг бичиж авч, засаж янзлан хувийн хуудсандаа оруулдаг болохоор тэр бүгдийг хийж болох багтаамж өндөртэй утсыг илүүд үздэг."
ШИНЭ ГАР УТАС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АВАХ БОЛОМЖ
Юнителийн хэрэглэгчид Toki лизингийн үйлчилгээ ашиглан 200-700 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлттэй үнээр шинэ гар утас авах боломжтой болжээ.
Хөнгөлөлт эдлэх нөхцөлүүд:
- Юнителийн Дараа төлбөрт үйлчилгээний 40,000 төгрөгөөс дээш багцаа 12 сар болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ашиглаж байгаа хэрэглэгчид 200 мянган төгрөг хүртэл
- Одоогийн ашиглаж буй Дараа төлбөрт багцаа ахиулсан хэрэглэгчид 700 мянган төгрөг хүртэл
- Сар бүр 18GB, 50GB датаг хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулан ашиглах хэрэглэгчид 700 мянган төгрөг хүртэл
- Дараа төлбөрт үйлчилгээний 30,000 төгрөгөөс дээш багцын шинэ хэрэглэгчид 700 мянган төгрөг хүртэл
Мөн гар утас авсан хүн бүрд 30 хоногийн хугацаатай 50GB датаг бэлэглэх бөгөөд бусад операторын хэрэглэгчид шинээр Юнителийн Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болж, урамшуулалд хамрагдаж болно.
Toki лизингийн дэлгэрэнгүй мэдээлэл болон зээлийн эрхээ шалгахыг хүсвэл ЭНД дарна уу.
iv. Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ, МАЛЧИН
Өнөө цагт залуу хүүхдүүд нийслэлийг зорих нь элбэг болжээ. Өнгө ижлээр манай хүүхдүүдийн зарим нь ч бас их хотод суурьшин амьдарч байна. Хэдий бид үр хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг хүсдэг ч үргэлж хамт байна гэдэг боломжгүй. Ийм үед тус болдог ганц зүйл нь гар утас учир сүлжээ сайтай, цэнэгээ удаан барьдаг ухаалаг утастай болсон.
Хол ойрын сонин хачин сонсох, хүүхэд, ач зээтэйгээ хөөрөлдөх боломжийг энэ утас маань л олгодог. Тэр дундаа царайгаа харж ярилцах шиг сайхан зүйл хаа байх вэ. Тиймдээ ч сүүлд ухаалаг утасны хэрэглэгч болж, гэр орон, мал хуйн ажлаа шалавхан дуусгачхаад орой нь хүүхдүүдтэйгээ Messenger-ээр дүрст дуудлага хийх боломжтой болсон. Өдөр бүр ярьж чадахгүй ч хэн хэнийхээ хэрэгтэй үед нь хамт байх нөхцөлийг бий болгож буй ухаалаг гар утсанд баярламаар ч юм шиг.
"Хэдий бид үр хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг хүсдэг ч үргэлж хамт байна гэдэг боломжгүй. Харин ийм үед тус болдог ганц зүйл нь гар утас."
v. О.АЛТАНГЭРЭЛ, КОНТЕНТ БҮТЭЭГЧ
Миний хувьд iPhone 5-аас эхлээд Apple-ийн үнэнч хэрэглэгч болсон. Одоогоор iPhone 14 Pro загварын гар утас ашиглаж байгаа. Үүнээс өмнө iPhone X утастай байсан ба контентын чанараа илүү сайжруулахаар гар утсаа шинэчилсэн.
Контент бүтээгчид тэр дундаа влог хийдэг хүмүүст сонирхолтой мөч бүрийг алдалгүй бичиж авах нь чухал. Энэ хэрэгцээнд мэргэжлийн камераас илүүтэй богино хугацаанд хурдан бичих боломжтой гар утас хамгийн зөв сонголт гэж боддог юм. Мэдээж камер, дуугаралт, багтаамж зэрэг үзүүлэлтүүд нь өндөр нөлөөтэй.iPhone 14 Pro-ийн тухайд шөнийн цагаар болон усан дотор бичлэг хийхэд ямар ч асуудалгүй нь маш их таалагддаг. Контентоо илүү сонирхолтой, хөгжилтэй, үзүүштэй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү.
"Контент бүтээгчид тэр дундаа влог хийдэг хүмүүст сонирхолтой мөч бүрийг алдалгүй бичиж авах нь чухал. Харин энэ хэрэгцээнд мэргэжлийн камераас илүүтэй богино хугацаанд хурдан бичих боломжтой гар утас хамгийн зөв сонголт гэж боддог юм."
vi. Ө.ЭНХГЭРЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
Би Apple-ийн шинэ гар утас гарах бүрд нэг жилийн дараа зах зээлийн үнэлгээ нь буурах үеэр худалдаж авдаг байлаа. Ихэвчлэн ойр дотнын таньдаг, мэддэг хүнээсээ авдаг ч анхны хүүхдээ төрүүлээд удаагүй, гэрээс гарах боломжгүй үедээ шинэ утас авах хэрэгцээ гарсан юм. Ингээд Фэйсбүүкийн “iPhone зар” гэсэн бүлгэмд анх удаа орж, тухайн үед авахыг хүссэн iPhone 6 Plus гар утсыг хайн хайсаар олов. Миний хувьд технологийн үзүүлэлтээс илүү өнгөнд нь ач холбогдол өгдөг байсан болохоор ягаан өнгөтэйг нь хайсан хэрэг л дээ. Арай гэж хайсан утсаа олоод үдээс хойш гэртээ хүргүүлэхээр болоод өдөржин догдлон хүлээснээ одоо ч санаж байна.
Хаалганы хонх дуугарлаа. Одоо бодоход хэтэрхий гэнэн гэмээр сайн шалгаж үзэлгүй хальт харчхаад л мөнгөө шилжүүлсэн юм билээ. Хэсэг хугацаанд цэнэглэсний дараа шинэ утастайгаа танилцах санаатай сайтар эргүүлж, тойруулж үзлээ. Тэгтэл дэлгэц нь заадсаараа онгорхой байх нь тэр. Би ч бүр гайхаад надад зарсан тэр ахад их гомдсон доо. Хашрахын дээдээр хаширсан хүн чинь үүнээс хойш албан ёсны борлуулагчаас л авах шийдвэрт хүрч, iPhone 7 загварын гар утсаа Өмнөд Солонгос руу захин авчруулж байлаа.
"Хэсэг хугацаанд цэнэглэсний дараа шинэ утастайгаа танилцах санаатай сайтар эргүүлж, тойруулж үзлээ. Тэгтэл дэлгэц нь салсныг тэгсхийгээд түр тогтоочихсон юм уу гэмээр заадсаараа онгорхой байх нь тэр. Хашрахын дээдээр хаширсан хүн чинь үүнээс хойш албан ёсны борлуулагчаас л авдаг болсон."
vii. Б.БАЛЖИННЯМ, ОЮУТАН
2021 оны намар оюутан болж хотод ирээд бүх зүйл шинэлэг содон санагдаж, догдлол дүүрэн хичээлийн шинэ жил эхэлж байв. Тухайн үед би Redmi Note 8 загварын гар утастай байсан бөгөөд хичээлийн хүрээнд ашиглахад цөөнгүй талаараа дутмаг байлаа.
Ихэнх оюутны хувьд лекцийн зураг дарах, хичээлийн даалгавар, тэмдэглэл бэлтгэхэд гар утасны камер, багтаамж өндөр байх нь тун чухал. Надад ч мөн ийм шаардлага гарсан ба ялангуяа лекцийн танхимд холоос зураг дарах, хичээлийн танилцуулга бэлтгэхэд зөөврийн компьютерээс илүү гар утас чухал үүрэгтэй байсан. Тиймээс үр бүтээмжтэй байдлаа улам нэмэгдүүлэхээр камерын нягтшил өндөр, багтаамж сайтай iPhone 11 загварын гар утас авсан.
"Ихэнх оюутны хувьд лекцийн зураг дарах, хичээлийн даалгавар, тэмдэглэл бэлтгэхэд гар утасны камер, багтаамж өндөр байх нь тун чухал."
viii. Ц.ЭГИЙМАА, ХӨТЛӨГЧ
11-р ангид байхад миний хамгийн сайн найз төрсөн өдрөөр маань гар утас бэлэглэж байлаа. Ингэж би iPhone гар утастай танилцсан бөгөөд үгээр илэрхийлэмгүй баярласнаа тод санаж байна. Анх удаа ухаалаг утас ашиглаж байгаадаа ч тэр үү, төрөл бүрийн кэйс, чимэглэлээр гоёж явсаар нэг сар өнгөрлөө. Яг өнөөдрийнх шиг өвлийн нэг орой хүн ихтэй автобусанд суусан юм. Андуудын буудлаас их дэлгүүрийн урд буух ёстой миний чихэвчинд George Michael-ын “Careless whisper” эгшиглэж байв. Их дэлгүүрийн бараа харагдан буухтай зэрэгцэн гэнэт дуу явахаа больж, халаасаа шалгатал… Энэ түүхийг бүгд гадарлах биз. Тэр үед их дэлгүүрийн зүг гүйхээрээ болж, таван давхарт нь байдаг Мобикомын салбарт очин утсаа алдчихлаа хэмээн мэлмэртэл уйлж байснаа санаж байна.
Хүмүүстэй харилцаа холбоотой байхын тулд 35 мянган төгрөгөөр ягаан өнгийн Nokia авч, интернэтэд орохоор аавын ашиглахаа больсон iPad-ыг 12-р анги төгстөлөө хэрэглэсэн. Үүний дараа хүссэн сургуульдаа орж чадсан гээд iPhone 7 гар утсыг ааваасаа бэлгэнд авсан даа.
"Их дэлгүүрийн бараа харагдан буухтай зэрэгцэн гэнэт дуу явахаа больж, халаасаа шалгатал… Энэ түүхийг бүгд гадарлах биз. Тэр үед их дэлгүүрийн зүг гүйхээрээ болж, таван давхарт нь байдаг Мобикомын салбарт очин утсаа алдчихлаа хэмээн мэлмэртэл уйлж байснаа санаж байна."
ix. Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ, РЕДАКТОР
Яг одоо iPhone SE барьж байна. Хэдхэн хоногийн өмнө уул нь iPhone 13 Pro-тай байсан л даа. Нэгэн “саваагүй” бодлоос болоод утсаа ийн “бууруулсан” юм.Товчхондоо, хэрэглэж буй зүйлс маань ухаалаг, хялбар, хүртээмжтэй болох тусам хүмүүс бид улам л биеэ оторлож байна. Биеэ оторлох тусам тухтай бүсээсээ гарахаа больж, өнөөх хөгжил дэвшил үгүй болно. Алхаж очоод эсвэл хүнсээ цуглуулаад гэртээ хоол хийх биш өлссөн үедээ шууд л хоол захиалчихна. Зүгээр ч хэвтэж чадахгүй утсаа ухна. Орчноо тултал нь мэдрэхгүй, бусдад гайхуулахын төлөө зураг авна. Тийм болохоор хааяа ч гэсэн өвөг дээдэс шигээ "энгийн" амьдарч үзмээр санагдаад ийм шийдвэр гаргасан. Гэхдээ орчин үед дуудлага хийх, мөнгө шилжүүлэх гээд тодорхой хэмжээгээр ухаалаг утастай байхыг шаардаж байгаа учир арай ч Нокиа болгочхож чадаагүй.
“Утас гэдэг бол зүгээр л хэрэглээ гэдгийг хүмүүс ойлгоосой. Ухаалаг, сүүлийн үеийн утас авлаа гээд бид ид шидээр хормын дотор мундаг болчихгүй. Нийтээрээ амар арга хайж, элдэв маяг хөөлгүй хийх ёстой ажлуудаа л хийх хэрэгтэй байна даа.”
X. Э.ХАЛИУМАА, АНКОР
iPhone 12 Pro Max гар утсыг худалдаанд гараад удаагүй байхад нь авч байлаа. Өвлийн улирал байсныг ч хэлэх үү даарахгүйг хичээн найзынхаа машинаас буугаад шуудхан очих газар руугаа яаравчилсан юм. Хэсэг явсны дараа утсаа байхгүйг анзаарч, эргэн бодтол өвөр дээр тавьснаа мартаад буусан гэдгээ санав. Даанч эргээд очиход машин зам дээр цасан дунд дэлгэц нь хагарчихсан хэвтэж байсан даа.
Дэлгэцийг нь солиулъя гэтэл дахиад нэг утасны үнэтэй дүйцэхүйц байсан тул сэлбэгийг нь зараад яг ижил загварын гар утас авч байлаа. Энэ явдлаас хойш утсандаа илүү хянуур хандаж, гараасаа салгахаа больсон. Гар утсаа солих олон янзын шалтгаан гарч болох ч хайнга зангаасаа болж, аваад удаагүй гар утсаа эвдлэх хамгийн харамсалтай юм билээ.
"Хэсэг явсны дараа утсаа байхгүйг анзаарч эргэн бодтол өвөр дээр тавьснаа мартаад буусан гэдгээ санав. Даанч эргээд очиход машин зам дээр цасан дунд дэлгэц нь хагарчихсан хэвтэж байсан даа."