Өнөөдөр гэгээн хайрын баяр тохиож байна. Хайрлаж дурлалцаж яваа, хамт амьдарч байгаа хосуудын, дурлалын уурганд орчихсон яваа хэн бүхний онцгой өдөр билээ. Тиймээс уншигч та бүхэн хайртай хүмүүстээ, дурласан нэгэндээ өөрийн мэдрэмжийг илэрхийлж, мартагдашгүй сайхан дурсамжийг хамт бүтээгээрэй.

Ингээд "10 ертөнц, 10 өнцөг” цувралынхаа өнөөдрийн дугаарт сэтгэл баясгаж, итгэл бэлэглэх гайхалтай 10 хосын хайрын түүхийг дэлгэе.

I. Б.Гунаажав, с.пүрэвжаргал

Бид их сургуулийн нэг ангид ороод танилцаж байлаа. Энэ жил бидний 10 жилийн ой тохиож байна. Ижил мэргэжилтэй болохоор оюутны болон олон нийтийн үйл ажиллагаануудад оролцохоос гадна сургуулиа төгсөөд ТББ хүртэл хамт байгуулж, нэг дор ажиллаж байсан удаа бий. Ер нь танилцсан цагаасаа хойш сурлага хөдөлмөр, ажил амьдралын аль ч үед хөтлөлцөн урагшилсаар явна.

Охиноо өлгийдөн авсан нь бидний хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Аав нь анх “Төрөх өрөөний гадна хүлээж байгаад сайхан угаагаад өлгийдчихсөн бэлэг шиг хүүхэд авна аа” гэж хошигнож байсан юм. Гэтэл цагаа тулсан чинь яалт ч үгүй төрөх өрөөнд хамт байж, түшиг болж, тэр байтугай охиныхоо хүйг өөрөө тасалсан гээч.

Анх гадаадад ажиллаж амьдрахаар ирсэн даруй бид хоёрт таньж мэдэх хүн ховор, арга эвээ олох гэж багагүй зүйлийг даван туулсан. Тэгэх бүрд “Бид нэг баг шүү” гэдгээ үргэлж санадаг байсан. Хоёр биедээ л найдахаас өөр аргагүй тийм үеүдэд нэг нэгийнхээ үнэ цэнийг улам их мэдэрч, амь нэгтэй болдог юм билээ.

Бидний хувьд Валентиныг даруухан тэмдэглэн өнгөрүүлдэг. Угаас энэ баярын утга учир нь хамтдаа халуун дулаан уур амьсгал, дурсамжийг бүтээхдээ л байдаг болов уу.

II. Б.АЗБАЯР, У.ЗОЛЗАЯА

Бид тав дахь жилээ хамт өнгөрүүлж байна. Дөнгөж үерхэж эхэлсэн даруйдаа нэг удаа салхинд гарч яваад нэг үндэснээс ургасан тун ч гоё сүрлэг, салаа модтой таарч билээ. Тухайн үед яагаад ч юм түүнийг өөрсдийнхөө мод болгоё гэж шийдээд, байн байн очдог болсон. Сүүлд нэг удаа очиход мод маань дахин салаалаад, гурвуулаа болчихсон байдаг юм. Бид хоёр ч бас удахгүй шинэ хүнтэй болох гэж байгаа. Энэ нь бидний хувьд хачирхалтай бөгөөд онцгой тохиол шиг санагддаг юм.

Ер нь хүн амьдралд хань болох хүнтэйгээ учирвал шууд л мэдэрдэг байх. Азаа маань анх надад их халуун тэврэлттэй, халуун гартай хүн шиг санагдаж байсан. Тэгээд л би өөрийн эрхгүй “Энэ хүн мөн байна” гэж бодсон доо (хэхэ). Угаас уран бүтээлч хүн болоод ч тэр үү, аливаад буурь суурьтай, хүлээцтэй ханддаг нь их таалагдаж билээ.

Бид хоёрт бүтэн жил хэртэй салж ч чадахгүй, нийлж ч чадахгүй явсан удаа бий. Тэр үед зүгээр л бие биеийнхээ алдааг хүлээн зөвшөөрөөд уучилсан. Угаасаа бүх зүйл нь өөгүй, тэгш хүн гэж хаа байх вэ дээ. Харин одоо бол ойр зуурын, жижиг зүйлс дээр үл ойлголцох л юм бол тэр даруй ярилцаад, дор нь шийдвэрлээд явдаг. Тэгэхгүй бол жижиг ч гэсэн асуудлууд хуримтлагдсаар, хэр том болж хувирахыг хэлж мэдэхгүй шүү дээ.

Итгэлцэл бол бидний амьдралын жанжин шугам юм даа. Тийм болохоор муудалцсан ч гэсэн бие биедээ хатуу ширүүн үг хэлж зүрхэлдэггүй.

III. Б.КАЙ, Б.ЦЭРЭНДОЛГОР

Өнөөдөр бид хоёр үерхэж эхлээд яг хоёр жил болж байна. Тийм болохоор бидний хувьд хоёрдугаар сарын 14 бол бүр ч онцгой, нандин өдөр. Гэхдээ аль болох нүсэр биш энгийн тэмдэглэж өнгөрүүлэхийг хичээдэг дээ.

Мэдээж хэрэг, энэ хугацаанд бусдын адилаар үл ойлголцох үеүд гарч л таарна. Тэр болгонд хоорондоо ярилцаж, ойлголцохыг хичээдэг. Ихэвчлэн би (Кай) түрүүлж буулт хийчихээд байдаг юм. Угаасаа хоёулаа арслан шиг ижилхэн зан чанартай болохоор хэн хэн нь гүрийгээд, хайран цагаа дэмий үрээд яахав дээ гэж боддог.

Цэкү: Кай-ийн бүх зүйл нь ил байдаг занд би дуртай. Өөрийнхөөрөө байж, байгаагаараа хайрлагддаг.

IV. Т.ДЭМБЭРЭЛ, Д.ЧОГОО

53 жилийн өмнө би цэргийн албаа хааж дуусаад, нутаг руугаа буцаж явах замд эхнэрээ анх олж харсан юм. Тухайн үед хүнээ ч ачдаг, бараагаа ч ачдаг, задгай тэвштэй 53 гэдэг машин шууданд явдаг байлаа. Тэгээд бид хоёр чинь шуудангийн тэвшин дээр танилцсан байхгүй юу.

Эхнэр маань хүний төлөө төрсөн юм шиг зантай, нутаг ус, хэл яриа ч ижилхэн, өсөж хүмүүжсэн орчин, амьдралын түвшин ойролцоо байсан болохоор бидэнд нээх их зөрөөд байх зүйл байгаагүй. Тэгээд л өөрсдийн шийдвэрээр, сэтгэл зүрхээрээ нийлж байсан даа. Бидний аав ээжийн үед тийм хайр бараг байгаагүй дээ. Хоёр талын эцэг эхийн тохиролцоогоор л хүүхдүүдээ нийлүүлчихдэг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр яг бидний үед бол эрх чөлөө гэдэг зүйл хангалттай байсан. Одооны хүүхдүүд дээр үед нийгэм цаг үе их хэцүү, эрх чөлөө боогдмол байсан гэж ярьдаг. Гэхдээ үгүй ээ. Тийм биш. Тэр үед гэрэл гэгээтэй зүйл их байсан юм шүү.

Валентины баяр гэдэг нь 90-ээд оноос хойш л гарч ирсэн байх. Манай үеийнхэн лав тэмдэглэж үзээгүй. Гэхдээ бид өөр их олон баяр тэмдэглэсэн шүү. Анх хүүхэдтэй болсноо дуулах үед хамгийн том баяр тохионо. Дараа нь тэд маань хөлд орлоо, хэлд орлоо гэж баярлуулна. Тэгээд сургуулиа төгсөнө, хань ижилтэй болно. Энэ бүхэн бүгд баяр. Тэгээд тасралтгүй үргэлжилнэ. Тэгэхээр хүний амьдрал чинь тэр чигтээ баяр баясгалан шүү дээ.

Бид хоёр нэг их их ам мурийж байгаагүй. Угаасаа тэгэх шалтгаан байхгүй юм чинь. Тэртээ тэргүй гэр бүлийн улс бие биеийнхээ үйл хөдлөл, нүдний харцнаас л ойлголцдог болдог юм. Үүнээс гадна гэр бүлийн амьдралд хамгийн чухал нэг зүйл бий.

Хүний нийгэм, хүмүүсийн харилцаа, улс орны тусгаар тогтнол, хамт олон бүрэлдэн тогтохын үндэс, өрх гэрийн хоёр багана болон хослон амьдарч байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс, ер энэ бүхэн эцсийн эцэст итгэлцэл гэдэг зүйл дээр л оршдог. Тэгэхээр бие биеэ хий хардаж сэрдэх бол итгэлгүй хүний зан. Байнга тэгээд байх юм бол амьдралд сэв сууж, бутардаг байхгүй юу. Хайр гэдэг бол нэг нэгэндээ олгох эрх чөлөө. Гэхдээ энэ мөнхийн биш. Угаасаа мөнхийн зүйл гэж хаа ч байхгүй. Харин насан туршийнх л гэж бий.

V. А.ЭРДЭНЭБАЯР, Ж.НОМИН-ЭРДЭНЭ

Бид танилцаад нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд өдрөөс өдөрт олон сайхан дурсамж бий болсоор байна. Өмнөх зун гэхэд хамтдаа 15,000 км аялсан. Аялал бол үнэхээр мартахын аргагүй дурсамж үлдээж чаддаг юм билээ.

Бид хоёр аль аль нь айлын эрх хүүхдүүд болохоор тэр үү, муудалцах үедээ хэн хэн нь бууж өгөхгүй гээд байдаг зантай. Энэ зан чанараа өөрсдөө мэддэг болохоор үл ойлголцол гарах үед аль болох чимээгүй байж, уураа гарсны дараа ярилцдаг. Тэгээд л хэн буруутай нь уучлалт гуйдаг даа.

Валентины баяр бол бүх хосуудад хоёулхнаа байх, бие биедээ илүү их дурлах боломжийг олгодог, шинэ дурсамж нэмдэг онцгой өдөр юм шиг санагддаг. Бидний хувьд энэ жил анх удаа хамтдаа өнгөрөөх гэж байгаа. Гадуур хөл хорио тогтоосон болохоор гэртээ хоол хийж идээд, кино үзээд, бэлэг солилцоод л өнгөрөөх байх даа.

VI. Д.ГАНБААТАР, Б.ЧУЛУУНДОЛГОР

2003 онд бид Төв аймагт байдаг тэргэнцэртэй иргэдэд зориулсан сэргээн засах сувилалд танилцсан юм. Анх намайг тэнд очиход тэр хавийнхан Чулуундолгор гэдэг эмэгтэйн талаар байнга яриад л. Тэгсээр байгаад удалгүй би ч бараг царайг нь хараагүй хүнийхээ талаар таньдаг юм шиг л мэддэг болчихсон байсан. Сүүлд яг биечлэн уулзахад бид хоёр адилхан бэрхшээлтэй болоод ч тэр үү, нэг нэгэнтэйгээ ярилцаж ойлголцоход ямар ч төвөггүй санагдаж байлаа. Угаас тэнд хүмүүс өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг, их сайхан газар байсан л даа. Тэгээд бид хоёр дараа жилээс нь илүү дотносож, өөр өөрсдийнхөө түүхийг нэг нэгэндээ хуваалцаж, нээлттэй ярилцдаг болсон.

Эхнэр нөхөр болно гэдэг эцэг эхтэйгээ нэг гэрт байхаас ч илүү урт удаан хугацааг хамт туулах хүнээ сонгож байгаа хэрэг. Тийм учраас энэ бол хүний амьдралын маш чухал сонголт. Магадгүй зарим нь цаанаасаа өгөгдсөн хувь тохиолоор л учирдаг байх. Бидний хувьд хэн нэг нь л гэмтээгүй бол хоорондоо хэзээ ч учрахгүй байсан байх. Заавал хоёулаа гэмтэж байж уулзаж учрах тавилантай байсан юм болов уу гэж заримдаа боддог. Тэгэхээр ийм нандин, ховорхон тохиолоор учирсан хос хайрын баярыг сайхан тэмдэглэж өнгөрөөх хэрэгтэй байх. Тэглээ гээд заавал их сүр болж, нийтэд ил зарлах албагүй. Хоёулаа л цагийг сайхан өнгөрүүлж, аз жаргалыг мэдрэх нь чухал шүү дээ.

Ингэхдээ байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрнэ гэдэг чухал. Жишээлбэл, эрүүл саруул хүмүүсийн хувьд хөл дээрээ явах бол энгийн л зүйл. Гэтэл бидний хувьд энэ нь хүсэл мөрөөдөл. Тэгэхээр та бол яалт ч үгүй баян хүн юм шүү.

Анзаараад байхад зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэцүү, уйтгартай хүмүүс гэж хараад байдаг. Гэвч огтхон ч тийм биш. Тэдэнд бусдын адилаар аз жаргал, баяр баясалтай зүйл олон бий. Халуун ам бүлээрээ суугаад хамтдаа хооллох бол аз жаргал, дуртай ажлаа хийгээд, хамт олонтой байна гэдэг аз жаргал, өөрийнхөөрөө амьдарна гэдэг бас аз жаргал. Гагцхүү хүн бүрд аз жаргалыг мэдрэх, түүнийг олж харах өнцөг л өөр өөр байдаг биз ээ.

VII. Д.БАТДАВАА, Ө.ӨРНӨХБилэг

Танилцсанаасаа хойш 21 жилийг бид ардаа үджээ. Энэ хугацаанд есөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин минь одоо 15-тай. Бага нь саяхан найман сар хүрсэн. Тэд маань хоорондоо хоёр насны зөрүүтэй. Яагаад ч юм дөнгөж танилцсан даруйдаа л бид хоёр 10 хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан. Тэгээд амны бэлгээр болсон байх гэж боддог.

Анх амьдралаа босгохын тулд бусдын л адилаар бүхнийг тэгээс эхэлж байлаа. Банкнаас зээл авч, жижигхэн цайны газар нээгээд, би өөрөө хоолоо хутгаж, эхнэр маань зөөгч болж явсан. Тухайн үед болж бүтэхгүй, бэрхшээлтэй зүйл олон байсан ч хамгийн гол нь шантралгүй, тууштай байж чадсан гэж боддог.

2000 онд үерхэж байхад бидний анхны Валентин тохиож байсан. Тухайн үед эхнэрээ баярлуулах гэтэл олигтой мөнгө ч байхгүй, яахаа мэддэггүй. Тэгээд нэг хиймэл сарнай аваад, захиа бичээд хамт өгсөн чинь эхнэр маань жигтэйхэн баярлаад, хиймэл цэцгээ үнэрлэж билээ. Тэр үед миний нүүр халуун оргиод л явчихсан шүү (хэхэ). Гэхдээ одоо бодохоор их сайхан дурсамжтай санагддаг. Тэрнээс хойш яг 17 жилийн дараах Валентины өдөр манай эхнэр төрж, бид хоёр найм дахь "аварга"-аа угтаж авсан юм. Тэгэхээр хоёр дугаар сарын 14 бол манай гэр бүлийн хувьд бүр ч онцгой өдөр. Бид хүүхдүүдтэйгээ хамт энэ хайрын баярыг тэмдэглэж, тэдэндээ энэ баярын утга учрыг мэдрүүлэхийг хүсдэг.

VIII. Б.ДАВААЖАРГАЛ, Б.ГАНСУВД

Бид танилцаад дөнгөж 465 хоног болж байна. Холын зайнаас үерхэж эхлээд жилийн дараа анх уулзаж байлаа. Яг тэр үеэр шинэ оноо хамтдаа угтсан нь бидний хувьд бүхий л сайхан дурсамжуудаас хэзээ ч мартагдахааргүй нь болсон.

Бид хоёр одоо ч гэсэн бие биеэсээ хол байгаа. Ийм үед маргалдах, үл ойлголцох зүйлс их гардаг болохоор ярилцахаас өөр оновчтой арга байдаггүй. Тийм учраас ямар нэгэн маргаан гарахад өдөр дуусахаас өмнө, эсвэл маргаашийн нар мандахаас өмнө эвлэрч, хэн хэндээ гомдол тээхгүйгээр унтаж амарна гэсэн том зарчим баримталдаг. Энэ нь ч их үр дүнтэй. Хосуудын харилцаанд хол зай маш том шалгуур ч гэлээ бид үүнийг даваад дуусах гэж байгаа. Хамгийн гол нь хэн нэгэндээ худлаа ярихгүйгээр ний нуугүй байхад л болно доо. Анхны валетинаараа бид хол байсан ч тэр өдрийг нэг нэгэндээ зориулж, онлайн болзоо хийсэн. Их сонирхолтой юм билээ. Энэ жил ч бас хөөрхөн санаа олж байгаад дахиад хийнэ дээ.

Сувдаа: Анх Давкагийн зургаас нүдийг нь хараад “Энэ хүн юу бодож байгаа юм бол” гэх бодлоос түүнд дурласан. Бүх зүйл нь надад таалагддаг ч хүнийг чин сэтгэлээсээ хүндэлж чаддаг боловсон занд нь хайлан урсаж байлаа.

Давка: Сувдааг инстаграмаар дагахад нь л анх хараад дурлаж шохоорхсон. Тиймдээ ч би бүх харилцааны эхлэлийг тавьсан. Түүний маш сайн сонсогч байж чаддагт би хайртай.

IX. Д.ДАВААНЯМ, Т.АМАРЗАЯА

Бид хоёр 2006 онд танилцаад, 2008 онд үерхэж эхлээд 2010 онд нэг гэрт орж байлаа. (Бидний харилцааны баталгаат хугацаа хоёр жил байсан юм болов уу.) Тэр үед эхнэр маань жирэмсэн байв аа. Тухайн үед би ээжтэйгээ цуг хороон дээр очиж, нэг судалгаа өгч таарсан юм. Тэгтэл байцаагч надаас ам бүл хэдүүлээ вэ? Хүүхэдтэй юу? гэж асуухад юу гэж хариулахаа мэддэггүй. Тэгээд яалт ч үгүй олон хүний өмнө “Ээж ээ, би хүүхэдтэй юм уу?” гэж асууж билээ (хаха). Уг нь эхнэрийн гэдсэнд хүүхэд байгаад байдаг. Гэхдээ яг юу гэхээ мэдэхгүй хөглөсөн удаатай. Одоо ч гэсэн тэр үед хүүхэдтэй байсан эсэхдээ үнэхээр эргэлздэг шүү.

Амараа: Даваанаатай үерхдэг байхдаа би нэг өдөр ээждээ зургийг нь авчраад үзүүлсэн юм. Тэгтэл ээж маань “Пөөх, ямар олон мэнгэтэй залуу вэ” гээд л уулга алдах нь тэр. Би бүр гайхаад “Айн? Хаана тийм мэнгэ байна” гээд хартал, нээрэн нүүрээр нь дүүрэн мэнгэ байж билээ (хаха). Энийг ярихаар манай нөхөр “Би чамайг тэгтэл чинь дурлуулж явлаа” гээд л хошигнодог юм. Тэгэхээр дурласан хүн сохордог гэж үнэний ортой байж магадгүй шүү.

Энэ бүхэн бид хоёрын хувьд нандин дурсамжуудын маань эхлэл. Бид хамтдаа дурсамж бүтээгээд 10 гаруй жил өнгөрчээ. Гэхдээ одоо болтол хуримаа хийгээгүй байгаа. Энэ асуудлаас болж заримдаа үл ойлголцох, муудалцах үе гардаг байсан. Нэг гэрт орчихоод тав, зургаан жил болж байж хуримаа хийгээгүй, тусдаа ч гараагүй гээд л уламжлалт сэтгэлгээгээр нөхрийгөө шаналгадаг байлаа. Энэ бүхэн зөвхөн нөхөрт л хамаатай юм шиг санаж байж. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хосуудын хувьд амьдрал гэдэг дундын өмч болон хувирдаг юм байна. Тийм учраас заавал хэн нэгэндээ дангаар нь их ачаа үүрүүлэх гээд байх хэрэггүй юм билээ.

Магадгүй залуу хосуудад яг ийм асуудал цөөнгүй тулгардаг байх. Гэвч амьдрал сайхан үргэлжилж, болж бүтэж байгаа цагт иймэрхүү асуудлаар нэгийгээ гомдоож, хатуу үг хэлж хэмлэх нь тохиромжгүй. Аливаа зүйлд хамтдаа тэмүүлж зүтгэвэл амьдрал илүү гэрэлтэж харагдах болно.

Одоо бид хоёр удахгүй хуримаа хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ нийтлэг болдог нүсэр хурим биш. Гол нь ирсэн зочид, дотнын хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдрүүлж, хамтдаа сайхан дурсамж бүтээж цомхон тэмдэглэнэ ээ.

X. О.НАРАНБАЯР, Г.АНУДАРЬ

Зургаан жилийн өмнө эхнэртэйгээ танилцаад, араас нь гурван жил тасралтгүй гүйж байж өөрийн болгож авч байлаа. Тэр цагаас хойш хамтдаа өнгөрүүлсэн хором мөч бүхэн дурсамжтай санагддаг. Эдгээрийн дундаас санаанд хамгийн тод үлдсэн нь 2017 онд эхнэр маань Лондон руу сурахаар явахын яг өмнөх өдөр бид үүрийн 06.00 цаг хүртэл ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө тухай ярилцсан цаг мөч юм. Тухайн үед бие биеэсээ хол байж чадахгүй юм шиг санагдаж, их айж байсан ч зургаан сарын хугацааг хамтдаа давж гарч чадсан. Тэр хооронд бид бие биеэ илүү сайн таньж ойлгож, нэгнээ гэсэн сэтгэл маань улам батажсан юм шиг санагддаг. Ер нь хосууд хол байж үзвэл ирээдүйд хамт байж чадах эсэхээ мэдэж авдаг давуу талтай санагдсан шүү.

Бид өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон. Түүнийгээ амьдралын хамгийн том бэлэг гэж боддог. Аав ээж болно гэдэг үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж юм билээ.

Ану: Манай нөхөр их уян зөөлөн хүн. Гаднаас нь харахад их л том, өндөр, бүдүүн баргил хоолойтой залуу. Гэхдээ дотор нь нэг бяцхан өхөөрдөм амьтан удирдаад сууж байдаг юм шиг санагддаг. Анх түүнийхээ тусархуу зан, үнэнч сэтгэлд их татагдаж байлаа.

Наамбаа: Эхнэрийн маань даруу дөлгөөн зан надад их таалагддаг. Одоо бол хүний хань ямар байх ёстойг үлгэрлэж яваа хүн дээ.

Санал болгох:

GenZ: 10 ертөнц, 10 өнцөг

Baby boomers: 10 ертөнц, 10 өнцөг

Нүдний шилний цаадах 10 ертөнц, 10 өнцөг

Unread