Намар болж киноны улирал эхэллээ. Өнөөдөр бид энэ долоо хоногт нээлтээ хийх гэж буй "Зүрхний хилэн" түүхэн киноны ерөнхий найруулагч, Фантастик продакшны захирал Б.Тамирыг урин ярилцлаа. Манай зарим уншигчид түүнийг 20 гаруй кинонд тоглосон авьяаслаг залуу жүжигчин гэдгээр нь илүү мэдэж магадгүй. Харин тэр найруулагчийн карьераа эхлүүлээд хэдэн жилийг үдэж байгаа юм. СУИС-ийг төгсөөд 2008-2016 онд Улсын Эрдмийн Драмын Театрт жүжигчнээр ажилласан тэрээр 2013 оноос киноны "удирдаач" болж, "Миний ах атаман", "Маш нууц" зэрэг үзэгчдийн сонирхлыг татсан хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаад байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Фантастик продакшны захирал, найруулагч, жүжигчин, Соёлын Тэргүүний Ажилтан
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хариуцлагатай, маневртай
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Sony Laptop
Сошиал хуудсууд: Tamir Bat-Ulzii (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хариуцлагыг маш өндөрт тавьж ажилладаг. Энэ үгийн үндэс нь хариуц гэсэн үг. Тэгэхээр багаараа хийх гэж байгаа ажлынхаа эцсийн цэг буюу уулын оргилыг хамтдаа хараад, модтой замаар явах уу, шавартай замаар явах уу гэх мэтээр арга замаа сонгоод, тус бүрнээ өөрийн өөрийн ажлыг хариуцаж авч явах ёстой. Би найруулагчийн хувьд бусдадаа тохирох ажлыг нь өгч, хариуцлага нэхэж явна гэсэн үг.

Мэдээж сайн төлөвлөлттэй ажиллах ёстой. Ажлуудынхаа эцсийн өдрүүдийг зоогоод төлөвлөлтэй ажиллах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх төдий стрессгүй, санах зовох зүйл багатай ажиллах боломжийг бүрдүүлдэг.

За тэгээд яг кинон дээр ажиллаж байгаа үед бол ёстой зогсоо зайгүй ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Гар утсан дээр Notes, Reminder, Alarm, IMDB, iTunes зэргийг ашигладаг юм байна. Сошиал медиагаас Фэйсбүүкээр нэлээн ажил нугална шүү. Компьютер дээр Premiere, Edius зэрэг програмууд байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд хэлсэн төлөвлөлт л юм даа. Урлагийн олон салбарын зангилаа болсон кино гэдэг сайн төлөвлөлтгүйгээр ямар ч амжилт олох боломжгүй ажил. Тэр дундаа хүн төлөвлөсөн ажлаа зоригтойгоор хаяж сурах хэрэгтэй байдаг. Төлөвлөчихсөн юм чинь яаж ийгээд болгочихмоор байна гэж цаг алдаж байснаас, энэ болох уу, болохгүй юу гэсэн нэг асуулт тавиад л дор нь шийдээд явчихвал цаг их хэмнэдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Жижиг өврийн дэвтэр юм уу гар утасныхаа Notes дээр тэмдэглэлүүдээ бичдэг. Хааяа зохиолын санаа толгойд харваж орж ирэх үе гарна. Тэр үед гялс тэмдэглэж авахгүй л бол мартана шүү дээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ажил дээр бол удирдан зохион байгуулахдаа. Бас буулт хийхдээ сайн. Ер нь буулт хийсэн нь хождог тохиолдол олон. Ажил дээр мэдээж зарчимтай байх хэрэгтэй. Гэхдээ бас зарчимд хэт баригдах дургүй. Хүний амьдрал баялаг болохоор юмыг наанатай цаанатай харах нь чухал гэж боддог. Кино бол багийн ажил. Багийн гишүүдийн сэтгэл зүй маш чухал. Тэгэхээр тэднийхээ сэтгэл санааг байнга дэмжиж тэтгэж явахыг хичээдэг

Гэрт бол хоол хийхдээ, массаж хийхдээ сайн. Хүүхдүүдтэй тоглох дуртай. Намайг бага байхад аав ээж маань байнга л урлагийн бригадаар хөдөө явчихдаг байлаа. Тухайн үед үр хүүхдэдээ цаг гаргах, анхаарахад хэцүү цаг байсан болов уу. Харин би охинтойгоо ярилцаж дотоод ертөнцийг нь танихыг эрмэлздэг. Өөрөөр нь их яриулдаг, юм хийлгүүлдэг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Найруулагч хүн уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд хүргэх гэсэн санаануудаа хүргэж чаддаг нь хамгийн сайхан. Уран бүтээл нь сайн болж, хүнд хүрч чадвал нийгмийг ч тодорхой хэмжээгээр өөрчлөх боломжтой.

Хэдийгээр ажлын ачааллаас болж стресстэх, нойргүйтэх, гэр бүлдээ цаг бага зарцуулах нь бий ч ажил дээрээ олуулаа бужигнаад инээлдэж байх гоё шүү. Ер нь бид ажлаа инээж л хийдэг. Урвайж хийвэл угаас сайн бүтээл төрөхгүй шүү дээ.

Салбарын тухайд яривал, кино урлаг гэлтгүй Монголын урлаг эцэггүй хүүхэд шиг л байдаг. Киноны салбарт хуулийн зохицуулалт байхгүй байна, түүнээс болж хүнд хэцүү цаг үеийг туулаад явж байна. Манай зах зээл өөрөө тун жижигхэн болохоор киног бизнесийн нүдээр харвал ер нь хэцүү дээ. Хэдэн уран бүтээлчид ажилдаа дуртайдаа бор зүрхээрээ л хөдөлмөж явна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

"Зүрхний хилэн" түүхэн кинон дээр анх санаа төрснөөс нь хойш хоёр жил гаруй ажиллаад маргааш буюу 9 сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. 1860-70 оны Монголыг өнөөгийн Монголтой харьцуулж харуулахыг хүссэн. Бид энэ хугацаанд ахиж дээшлэв үү, байгаа байрандаа л байна уу?

Үүдэл санаа нь надад тохиолдсон нэг явдлаас гарсан. Манай хамт олон руу дайрсан, хагалж бутаргах гэсэн нэг увайгүй үйлдэл гарсан юм. Тухайн үед айхавтар бухимдаад энэ сэдвээр заавал кино хийнэ дээ гэж найздаа хэлж байсан. Анх "Хилэн" гэдэг нэр байсан. Дараа нь хэдий ижил нэртэй өөр роман байдаг ч "Зүрхний хилэн" болгож өөрчилсөн юм.

Түүхэн кино учраас маш их ажил ордог. Энгийн гурван кино хийхийн дайтай ажил орсон. 3 улиралд зураг авсан. Дүрс их гарч хоёр ангит кино болгох боломжтой байсан ч ашиг харлаа гэсэн хүмүүсийн хэл амнаас болгоомжилж нэг анги болгон гаргаж байна. Энэ далимд та бүхнийг ирж үзээрэй гэж урья. Сайхан бүтээл болсонд итгэлтэй байна.

"ЗҮРХНИЙ ХИЛЭН" КИНОНЫ ТРЕЙЛЕР

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Киноны OST-ууд буюу оригиналь хөгжмүүдийг сонсох дуртай. Киноны хөгжим нь киногоо өгүүлж байдаг. Оюутан байхдаа, ялангуяа нэгдүгээр курст байхдаа хөгжим тавиад тэр хөгжмөөс мэдэрсэн сэтгэлээрээ этюд их хийдэг байлаа. Энэ дасгал маань уран бүтээлчийн хувьд биднийг сайн хөгжүүлсэн гэж боддог.

Миний хувьд зохиол дээрээ ажиллахдаа дандаа тухайн жанрын киноны хөгжмийг сонсдог. Энни Морриконы хөгжимд дуртай. Cinema Paradiso, Godfather, Romeo Juliet 2013, Forrest Gump, Wolf Totem, Braveheart зэрэг киноны хөгжмүүдийг дурдаж болно.

Мөн гэртээ жазз сонсох дуртай. Франк Синатрагийн дуунуудад дуртай. Ер нь тэгээд таарвал бүх л жанрын хөгжим сонсоно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Уран зохиолын ном унших дуртай. Сая кинон дээр ажиллаж байхдаа түүхэн холбогдолтой номуудыг нэлээд уншсан. Б.Ойдов гуайн "Ар халхын шилийн сайн эрчүүд" зургаан боть, Монголын түүх гэх мэт. Movie Edition номыг орчуулж, залуу уран бүтээлчдэд Холливудад жишээ нь кино ямар зарчмаар явдгийг ойлгуулах сан гэж хүсдэг. Мэдээж хүнтэй хамтарч хийх байх.

Мөн нэг зохиолын санаа байгаа. Нэг, хоёр сар амраад судалгааны ажилдаа орно доо.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй, шулуухан хүн. Бусдыг таамаглаж суухаар шулуухан хэлж яриад ойлголцчих нь амар байдаг юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ёстой янз бүр шүү. Оройтож унтах талдаа. Шөнө 12-1 гээд унтвал 7-8 цагийн хооронд босно. 4-5 гэж унтвал 10 цаг гээд л сэрчихдэг юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Охинтойгоо тоглох, хөдөө явах, агаар салхинд гарах дуртай. Ан гөрөө бас сонирхоно. Бид энэ жил зураг авалтаар Байтаг Богдод очоод эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үнэхээр шүтэж байгаад ирсэн шүү. Юу ч болоогүй байтал нулимс гоожих юм билээ. Цаанаасаа л нэг хүйн холбоотой мэт санагдсан.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Зорилго, мөрөөдлөөсөө эрч хүч авна. Үүний зэрэгцээ одоо байгаадаа ханаж, өнөөдөртөө баярлахыг боддог.

Уран бүтээлийн тал дээр үлгэр дууриал авдаг хүн бол Франсис Форд Коппола.
Оросын "Дайн ба энх" киноны монтажийг багш нь хийсэн гэдэг юм билээ. Тэгээд тасалсан хэрэггүй хальснуудаар нь Коппола өөр нэг кино хийгээд багшдаа үзүүлсэн гэдэг. Бас "Загалмайлсан эцэг"-ийн анхны ангийг хийж байхад нь Марлон Брандо нөхрийг бараг л шоолох маягтай байсан бол кино гарсны дараа бүгд шүтсэн гэж байгаа юм даа. Энэ мэтийн тохиолдлоос ер нь хүнийг хэзээ ч бага гэж басаж болдоггүй юм байна гэж бодох болсон. Би бүх л хүнтэй хүн ёсоор, аятайхан харьцахыг хичээдэг. Шатрын тэмээ, морь биш хүү л бэрс гардаг шүү дээ. Энгийн амьдрал дээр би жижиг гар байж болно, ажил дээрээ бол хариуцлагатай, зорилготой хүн. Ажил, амьдрал хоёрыг харин ялгаж салгаж ойлгодоггүй хүмүүсийг ойлгодоггүй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Нэг кино бүтээсний дараа аав минь юу ч хэлэлгүй хазаар, ташуур, чөдөр надад бэлэглэсэн юм. Энэ л надад өгсөн хамгийн том урам бөгөөд захиас байсан гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Бид ч яахав бас ч гэж төлөвшсөн үедээ сошиал медиад хөл тавьсан. Харин одоогийн хүүхэд залуучууд сошиал медиаг хэтэрхий замбараагүй, бодолгүй хэрэглэж байгаа мэт санагддаг. Бусдад таалагдахын дон шүглэж байгаа мэт. Гэтэл амьдрал дээр Like юу ч биш шүү дээ. Сошиал медиа, бодит амьдрал хоёр өөр шүү, өөртөө л таалагдах, өөртөө л үнэнч байх хэрэгтэй гэж хэлмээр байдаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийг санал болгоё. Хөлбөмбөгийн хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгаа залуу гэж боддог.

Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.