Байгууллагын нэр: Анд Глобал / ЛэндМН
Байгуулагдсан он: 2006
Үйл ажиллагааны чиглэл: Финтек
Ажилтны тоо: 130+
Хаяг: Нарны Гүүр, Нью Майнд Барилга
Вэб/Сошиал хуудас: www.and.global, www.lend.mn
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Анд Глобал бол Монголдоо анхдагч хиймэл оюун ухаанд суурилсан fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж буй шижигнэсэн, чадварлаг залуусаас бүрдсэн хамт олон билээ. Монголын хөрөнгийн биржийн энэ оны хамгийн амжилттай IPO-г хэдийн 45 мянга гаруй хэрэглэгчтэй болсон ЛэндМН аппликейшнээрээ дамжуулан хийсэн Анд Глобал тус апп-аа Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж буй.
Маш хурдацтайгаар өргөжин тэлж буй тус компани нүүж ороод удаагүй байгаа шинэхэн оффистоо стартап соёлыг төгс шингээж, бүтээлч байдал-эрч хүч үнэртүүлсэн интерьер дизайн, соёл, ажлын орчинг хослуулж чадсан нь үүдээр ороход л шууд мэдрэгдэнэ.




Ажлын орчин
Хамгийн хурдан бөгөөд хялбар байдлаар санхүүгийн асуудлаа зохицуулах шийдлийг санал болгох болсон ЛэндМН-ийг бүтээгчид оффистоо ч шинэлэг шинэ шийдлүүдийг нэлээд шингээжээ. Өвөрмөц-нүд булаам интерьер, сонирхолтой хэлбэр дүрстэй тавилгууд, чөлөөтэй-тав тухыг эрхэмлэсэн нийцлүүд бол тус компанийн өнгө төрх.
Цагт баригдалгүй ажлаа амжуулж, хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг тэд бүрдүүлж чаджээ. Хайрцагт баригдалгүйгээр үр дүнг эрхэмлэж ажиллах тухай ойлголт энд хамгийн хүчтэй. Санаа, сэдлүүд олох, багаараа ярилцаж шийдэл эрэлхийлэх боломж олгох самбар, хамтын ажиллагааны хэрэгслүүд энд тэндгүй.
ЛэндМН-ий оффисын хамгийн онцгой нэгэн хэсэг бол байгальд ээлтэй-ногоон бүрдлүүд нь юм. Цонхны тавцан, ширээнээс гадна ханаараа дүүрэн төрөл бүрийн тасалгааны цэцгүүд байршуулжээ. Байгалийн ногоон өнгө хүмүүсийг тайвшруулж, стрессгүй орчинд ажилдаа бүрэн төвлөрөхөд нь тус болдог билээ.
Амралтын өрөө нь яг л бидний зурагнаас үздэг алдартай дундын оффисуудын дотор орчихсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цэлгэр, зөөлөн, цэгцтэй, бас үзэмжтэй. Урам зориг бадрааж, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх үгсээс эхлээд тохижолтын жижиг деталиуд нь ч ажилчдын бүтээмжийг өрддөг мэт санагдлаа.




Байгууллагын соёл - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Тус компанийг үүсгэн байгуулагчид нь сайн найзууд байсан учраас нөхөрлөл, найз нөхөд гэсэн санааг агуулан "Анд" гэх нэрийг сонгосон гэдэг. Улмаар энэ утга Андын соёлын үндэс болж, байгууллагын уур амьсгалыг тодорхойлогч гол хүчин зүйл болжээ. Хариуцаж, анхаарч ажиллаж байгаа бүх зүйлс жижиг гэлтгүй компанийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэдэг сэтгэлгээ давамгайлдаг учир дарга цэрэг, албан тушаалын ялгаа байдаггүй.
Оюуны шуурга байнга дэгдээж, шинэ-тохиромжтой шийдлүүдийг эрэлхийлж байдаг хамт олны бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс эрүүл хооллолтыг дэмжиж, төрөл бүрийн хөнгөн зууш, жимс жимсгэнээр хангадаг нь сонирхолтой санагдав.
Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үүднээс хүссэн сэдвээрээ онлайн хичээл үзэхийг зөвшөөрдөг бөгөөд төлбөрийг нь компани даадаг байна. Мөн Цахиурын хөндий болон томоохон компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж авчран яриа хийлгэж, туршлага солилцох, мэдээлэл хуваалцах өдөрлөг зохион байгуулж, олон төрлийн уулзалтууд хийдэг нь ихээхэн үр дүнтэй байдаг талаар ярьж байлаа.
Мөн тэд өнгөрсөн сараас дотоодын их сургуулиудад суралцаж буй залууст зориулсан цалинтай дадлагын хөтөлбөрийг танилцуулсан нь ихээхэн эрэлттэй байгаа аж.
Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаагаа тэлж байгаа ЛэндМН залуу авьяастнууддаа олон улсад өөрийгөө сорих, өсөн дэвжих карьерын боломжийг санал болгож буй. Хувь нэмрээ оруулж, гар бие оролцсон төсөл нь олон нийтэд амжилттай хүрч, бүр ажилтнууддаа хувьцаа тараах хөтөлбөр эхэлчихсэн яваа нь маш олон залууст хийж буй зүйлдээ итгэж, урам зориг дүүрэн ажиллах эрч хүч өгчээ.
Та тэдний оффисоор зочилбол ямар нэгэн том зүйлийн төлөө зорьж байгаа, яг л ирмэг дээр нь ирчихсэн, хийсэн ажлаа хурдхан ил гаргах гэж тэсэж ядан хүлээж буй "сэтгэл хөдлөм", "тэсрэхэд бэлэн" уур амьсгалыг мэдрэх болно.



"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.
Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.
Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

Сэтгэгдэл бичих

