Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн гуравны нэгийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл охидын эрхийн асуудал нь нийт 560 мянган хүн буюу нийт хүн амын 20 орчим хувьд хамаатай ойлголт. Сарын тэмдэг, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн боловсрол, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин зэрэг нь зөвхөн, охид эмэгтэйчүүдийг тойрсон хаалттай сэдэв биш юм. Харин ч жендер, боловсролын тэгш байдал, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд нийгмийн олон асуудалтай огтлолцдог чухал сэдэв билээ.

Тиймээс тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид охидын нөхөн үржихүйн боловсролын талаарх тулгамдсан сэдвийг хөндөж байна.



төсөвт үл багтах байгалийн хэрэгцээ

Өмнөх зуунуудад охидын сарын тэмдэг дунджаар 17 насанд нь ирдэг байсан бол өнөө цагт энэ тоо дунджаар 12, заримдаа ес болон түүнээс ч бага наснаас эхэлж байна. Охидын хувьд сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн нөхөн үржихүйн тухай ойлголттой болж, бэлгийн боловсролд суралцдаг. Охид, эмэгтэйчүүд нийт амьдралынхаа турш 2535 өдрийг сарын тэмдэгтэй өнгөрүүлдэг гэх судалгаа бий.

Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бүр амьдралынхаа долоон жилийг сарын тэмдэг нь ирсэн үед хэрэглэх хангалттай ариун цэврийн хэрэглэл байгаа эсэх, хэрэв байхгүй бол юугаар орлуулах талаар санаа зовдог гэсэн үг. Мэдээжийн хэрэг өсвөр насны охид эцэг эхээсээ санхүүгийн хараат байдаг тул ариун цэврийн хэрэглэл худалдаж авах эдийн засгийн боломжгүй байх явдал нь тэдний сурч боловсрох, нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хааж буй нэг шалтгаан болно.



Манай улсын хувьд сурагч охид 12-18 нас хүртлээ зургаан жилийн турш дундаж үнэтэй ариун цэврийн хэрэглэл худалдан авах зардал ойролцоогоор 1.5 сая төгрөг.

The Huffington Post-ийн гаргасан тооцооллоор дундаж америк эмэгтэйн амьдралынхаа турш хэрэглэдэг ариун цэврийн бүтээгдэхүүний зардал 18,171 ам.долларыг давдаг аж. Энэ хэмжээний зардал нь дундаж, дунджаас доогуур орлоготой эмэгтэйчүүдэд эдийн засгийн бодит ачаа болж буйг анзаарсан дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүнд татвар оногдуулахаа больсон нь тун сайн жишиг.

Шинэ Зеландын Засгийн газар гэхэд 2021 оноос дунд сургуульдаа үнэгүй ариун цэврийн хэрэглэл байршуулах төсөв баталж эхэлсэн бол Их Британи 2020 оноос бүх шатны сургууль, коллежийн оюутан, сурагчдыг үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангаж байна.



хориотой сэдэв тойрсон сайн шийдэл

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр сарын тэмдгийн олон улсын "The Menstrual Movement" хөдөлгөөнийг өнгөрсөн жил эх орондоо хэрэгжүүлсэн билээ. Сарын тэмдэг нь эмзэглэх сэдэв биш гэдгийг таниулах цахим аяны хүрээнд тэд алслагдмал дүүрэгт байрлалтай таван сургуульд үнэгүй ариун цэврийн хэрэглэлийн хайрцгууд байршуулжээ.


НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “Period UB” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 79, 87,120, 147, 148-р сургуулиуд дээр үнэгүй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцгууд байршуулсан юм. 

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ШИНЭХЭН ЭЭЖ БОЛЖ БУЙ СУРАГЧ ОХИДЫН НИЙГМИЙН АСУУДАЛ

Монгол Улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгдэж байгаагаас таван хувийг өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байдгийг та мэдэх үү?

"Гүнж" төвөөс хийсэн судалгаагаар өсвөр насны ээжүүдийн 3.8 хувь нь бага, 30.8 хувь нь бүрэн бус дунд боловсролтой бол 65.4 хувь бүрэн дунд боловсролтой бөгөөд судалгаанд хамрагдсан охидын тал хувь нь жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн учраас цаашид сургуульдаа суралцах боломжгүй болсон хэмээн хариулжээ.

Түүнчлэн “Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал” судалгаанаас харахад 15-19 насны охидын 98.8 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн талаар тодорхой хэмжээнд сонсож дуулсан боловч бэлгийн идэвхтэй амьдралтай охидын 57.4 хувь нь хүсээгүй жирэмслэлтээс огт хамгаалдаггүй аж. Энэхүү үр дүн нь охид жирэмслэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах хангалттай мэдлэггүй болохыг харуулж байгаа хэрэг юм.


“ГҮНЖ” төвийн 20 жилийн ойдоо зориулан гаргасан “Гүнжээ гүнж” мерч бүтээгдэхүүн. Та эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авснаар охидын эрхийн асуудалд хөрөнгө оруулах боломжтой юм. 

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ОХИДЫГ ХПВ-ЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ БОЛОХ УУ?

Монгол эмэгтэйчүүдийн дунд 2021 онд умайн хүзүүний хорт хавдрын 480 тохиолдол илэрснээр зонхилох хавдрын хоёрдугаарт энэ өвчин эрэмбэлэгдэж буй. (Нийт хавдраар өвчлөгсдийн 14.2 хувь).

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дэлхий даяар Хүний папилома вирусийн эсрэг вакцин. Хавдрын тохиолдлын 99 хувь нь Хүний папилома вирусээс (ХПВ) үүсдэг учраас тэр. Умайн хүзүүний хорт хавдар Монгол Улсад 100 мянган хүнд 23.5 тохиолдож, нас баралт 10.2 байгаа нь Зүүн өмнөд Азийн бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлт. ХПВ-ийн вакцинжуулалт нь умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэнд ХПВ халдварлахаас сэргийлдэг.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ХӨХӨӨ ШАЛГАХ ДАДАЛ ХЭР ЧУХАЛ ВЭ?

Өсвөр насны охин байх үеэс бэлгийн бойжилт явагдахтай зэрэгцэн шилжилтийн үйл явцыг тодоос тод илтгэх хөхний асуудалтай бид шуудхан нүүр тулдаг. Миний хөх яагаад найзуудынхаас маань жижиг байна? Ямар хувцас өмсвөл энэ том хөхийг хөвгүүдийн нүднээс нууж чадах вэ? Яагаад бусад охидынх хэвийн хэмжээтэй байхад минийх өөр байгаад байна?

Эдгээр асуултууд бидний сурагч ахуй үеэс нас бие гүйцсэн эмэгтэй хүн болох хүртэл насан туршид дагадаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ жижиг, том эсэхээс үл хамааран эрүүл хөх хамгийн үзэсгэлэнтэй нь маргашгүй үнэн. Монгол Улсын хувьд хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдруудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, жилд дунджаар 200 орчим хүн хавдрын улмаас хөхөө авахуулах мэс засалд ордог.

Уг хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга бол хөхөө шалгах юм. Хөхөө тогтмол шалгаснаар хөхний хорт хавдрын 80 хувийг эрт үед нь илрүүлэх боломжтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна. Өсвөр насны охин, эмэгтэй дүүдээ хэрхэн хөхөө шалгах талаар зааж чадахгүй байгаа бол ЭНЭ бичлэгийг яг одоо түүн рүү илгээгээрэй.


Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь танд илэрсэн бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

НҮБ-аас санаачилсны дагуу жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрөөр охидын эрхийг хамгаалахад бүх нийтээр манлайлал үзүүлж, тэдний сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг НҮБ-аас уриаллаа.

"Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ын хамт олон "Хүчирхэг Охид" гар утасны аппаа энэ сард шинэчиллээ. Тус апп нь монгол, казак, англи хэл дээр хүүхэд, өсвөр үе болон залуу эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн бэлгийн халдлага, дарамт, хүчирхийллийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөх зорилготой юм.

Жил бүрийн аравдугаар сар бол олон улсын хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон хөхний хорт хавдрын талаарх мэдээлэл түгээх үндэсний сар билээ. Энэ сарын хүрээнд Хөхний төвийн эмч нарын зүгээс хөхөө өөрөө шалгах дадлыг багаас нь охидод эзэмшүүлэх талаар уриалж байна.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төвөөс дөрөв дэх удаагаа хэрэгжүүлж буй "Охидын манлайллын хөтөлбөр 2023"-ын нээлт энэ сарын 13-нд боллоо.


САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Жирэмслэлтээс сэргийлэх аргууд, тэдгээрийн давуу болон сул талын тухай эндээс үзээрэй.

ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ АРГУУДЫН ТУХАЙ

КИНО:

Өсвөр насныхантай хэрхэн бэлгийн харилцаа, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн чиг хандлагын талаар нээллтэй ярилцахаа мэдэхгүй байвал Netflix-ийн алдарт Sex Education цувралыг санал болгож байна. Зөвхөн өсвөр нас ч гэлтгүй насанд хүрэгчдэд ч хангалттай сайн бэлгийн боловсрол олгохуйц бүтээл.

SEX EDUCATION

НОМ:

Гадаад төрхдөө сэтгэл хангалуун байх, тэр дундаа өөгүй гэрэлтсэн цэвэрхэн байна гэдэг дийлэнх өсвөр насныхны хувьд тун чухал асуудал. Хэрвээ өсвөр насны дотнын нэгэн чинь хэрхэн арьсаа арчлах учраа нэг л олохгүй байгаа бол арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдааны SokoGlam сайтыг үндэслэгч Шарлотт Чогийн бичсэн тус номыг бэлэглээрэй.

THE LITTLE BOOK OF SKINCARE

ПОДКАСТ

Онгон хальс, охидын спирал, БЗХӨ гэхчлэн охидын дунд төдийлэн нээлттэй хөндөгддөггүй олон сэдвээр эмэгтэйчүүдийн эмч Э. Сугармаатай ярилцсан подкастыг сонсоорой.

БИДНИЙ НУУЦ ПОДКАСТ: БИДНИЙ УРУУЛ W/ СУГАРМАА ЭМЧ



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank