Сарын тэмдгийн тухай яриа өнөөг хүртэл нийгмийн хүрээнд бүү хэл охидын дунд ч эмзэг, зарим талаар хаалттай сэдвийн нэг хэвээр байсаар байна. Угтаа бол энэ нь охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой байгалиас өгөгдсөн энгийн үйл явц ч гэлээ нээлттэй авч үздэггүйгээс үүдэн олон нийтийн дунд янз бүрийн өрөөсгөл ойлголт, ташаа мэдээллүүд гарч, эргээд сөрөг үр дүнд хүргэх нь бий. Тиймээс сарын тэмдгийн тухай бидний мэддэг мэт боловч мэддэггүй баримтуудыг сонирхоцгооё.
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, Натурелла брэндтэй хамтран "Period UB" төслийг эхлүүлсэн билээ. Тэд уг төслөөрөө дамжуулан өсвөр насныхан, цаашлаад олон нийтийн дунд сарын тэмдгийн тухай зөв мэдээлэл түгээх зорилготой бөгөөд тус ажлын хүрээнд БЗД-ээс сонгогдсон таван сургуульд үнэгүй ариун цэврийн хайрцаг байршуулан ажиллажээ. Төслийн үр дүн, судалгааны зарим дүгнэлтүүдтэй танилцана уу.
шинж тэмдэг цаг уур дагаж өөрчлөгддөг
Өвлийн улиралд буюу хүйтэн сэрүүний үед сарын тэмдэг хэвийнээсээ зовуурьтай ирэх магадлал өндөр байдаг. Энэ нь улирал солигдох цаг уурын өөрчлөлтөөс эхлээд олон хүчин зүйлсээс хамааралтай. Жишээ нь, хүмүүс хүйтний улиралд дотор орчинд цагаа өнгөрөөх нь элбэг байдаг учраас Д витамины хомсдолд орж, их идэж, бага хөдөлдөг байна. Уг амьдралын хэмнэл нь бие физиологид нөлөөлснөөр сарын тэмдгийн хэмжээ, шинж тэмдгийг харилцан адилгүй болгодог ажээ. Иймд, хэрвээ өвлийн улиралд, эсвэл гадаа цаг агаар тааламжгүй байхад сарын тэмдэг хэвийнээсээ зовуурьтай ирвэл дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаар амьсгалан, биеэ тайвшруулахад анхаараарай.

Сарын тэмдэг ирсэн үед ч жирэмсэн болж болно
Мэдээж энэ бол тун ховор тохиолдол. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн үед жирэмсэн болох нь боломжгүй зүйл биш бөгөөд энэ нь мөчлөг нь тогтворжоогүй охидод гол төлөв тохиолддог аж. Мөчлөгийг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн ирэх өдөр хүртэлх хугацаагаар тооцдог. Өөрөөр хэлбэл, сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш дунджаар 12-19 дэх хоног дээр жирэмсэн болох магадлал өндөр байдаг бол мөчлөг тогтворжоогүй өсвөр насны охидын хувьд сарын тэмдэг ирж байх үед ч өндгөн эс нь боловсрох боломжтой. Иймд мөчлөг нь анх удаа сарын тэмдэг ирснээс хойш 3-аас 4 жилийн дараа тогтворждогийг анхаарах нь зүй.

Сарын тэмдэг ирэх нас залуужсаар байна
Өмнөх зуунуудад охидын сарын тэмдэг дунджаар 17 насанд нь ирдэг байжээ. Харин өнөө цагт энэ тоо дунджаар 12, заримдаа ес болон түүнээс ч бага наснаас эхэлж байгааг онцлууштай. Судлаачид үүнийг орчин цагийн хүүхдүүд өмнөх үеийнхнээсээ илүү тэжээллэг хоол хүнс иддэг болсонтой холбон тайлбарлаж байгаа ч зарим тохиолдолд эсрэгээрээ илүү их стресстэй болсон нь ч нөлөөлсөн гэцгээж буй. Тэгэхээр 21 дүгээр зууны охидод сарын тэмдэг эрт ирэх нь хэвийн л зүйл болон өөрчлөгдөж байна. Иймд хэрвээ таны эсвэл эргэн тойрны хэн нэгний сарын тэмдэг бага залуу насанд нь ирвэл гайхах, ичих зүйл огт биш байх нь.

Сарын тэмдгийн талаарх тоон баримт
- 7: Эмэгтэй хүн дунджаар амьдралынхаа долоон жилийг сарын тэмдэг ирэхэд зарцуулдаг;
- 26: Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн тал нь буюу ойролцоогоор нийт хүн амын 26 хувьд нь сарын тэмдэг ирдэг;
- 30-60: Сарын тэмдэг дунджаар 3-аас 4 хоолны халбагын хэмжээгээр буюу 30-аас 60 мл хэмжээтэй:
- 1/10: Их Британид хийсэн 2017 оны судалгаагаар 10 охин тутмын нэг нь ариун цэврийн хэрэглэл авч чаддаггүй гэсэн үр дүн гарсан байна. Мэдээж энэ нь хөгжиж буй орнуудад илүү их байх өндөр магадлалтай;
- 4000-7000: Манай улсад нэг боодол (8-10 ширхэгтэй) ариун цэврийн хэрэглэл дунджаар 4000-7000 төгрөг байна.
Нийтлэг асуудал
Сарын тэмдгийг тойрсон эргэлзээтэй асуудлууд үүгээр дуусахгүй. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлог, аж төрж буй орчин, амьдралын хэмнэл өөр учраас илрэх зовууриас эхлээд ялгаатай байдлуудыг нь нэг томьёонд нэгтгэн хайрцаглахад дэндүү төвөгтэй. Харин хамгийн үнэн зүйл бол сарын тэмдэг бүх л бүсгүйчүүдэд ирдэг, бүгдэд хамаатай чухал сэдэв болох тухай юм. Энэ сэдвийн хүрээнд яригддаг хамгийн нийтлэг бөгөөд чухал асуудал нь ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй байдал болно. Дэлхий даяар олон мянган охид бүсгүйчүүд ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйн улмаас сарын тэмдгийн үеэр нийгмээс өөрийгөө тусгаарлаж, анхдагч хэрэгцээгээ нөхөж чадахгүй хүнд байдалд орсоор байдаг билээ.

Сэтгэгдэл бичих (1)


Р Р.Эрдэнэцэцэг 203.91.118.150
Гоё хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Ёстой зарим мэдэхгүй юм байна шүү. Одооны өсвөр үеийн охидууд, ээжүүдэд хэрэгтэй мэдээлэл байна.