Дэлхийн хамгийн том сарын тэмдгийн хөдөлгөөнийг санаачлагч Надяа Окамото энэ номоо ахлах сургуулиа дөнгөж төгссөнийхөө дараахан бичжээ. Тэрээр дунд сургуульд байхдаа сайн дурын ажил хийх үедээ маш олон гэр оронгүй эмэгтэйчүүд ариун цэврийн хамгийн энгийн хэрэгцээгээ хог, сонингийн цаас, цаасан уут, картон цаас зэргээр зохицуулдаг болохыг мэдээд энэхүү шударга бус байдалд эгдүүцэхийн зэрэгцээ тэдний төлөө ямар нэг зүйл хийх үүрэгтэй юм шиг мэдрэмж авсан гэдэг. Ийнхүү Надяа сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн хүртээмжгүй байдал нийгмийн янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай судалж, 16 насандаа PERIOD - The Menstrual Movement буюу 700 гаруй салбартай, энэ чиглэлээрх дэлхийн хамгийн хүчтэй хөдөлгөөний тэргүүн болжээ.

Өдгөө 22 настай, Харвардын Их Сургуульд төгсөх жилдээ суралцаж буй Надяа Forbes-ийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтсанаас гадна, Bloomberg 50 “Ones to Watch”, People сэтгүүлийн “Дэлхийг өөрчилж буй эмэгтэйчүүд”-ийн нэгээр нэрлэгдсэн байна. Ингээд номын агуулгаас хуваалцъя.

Хориотой сэдэв

Олон нийтийн дунд сарын тэмдгийн тухай ярих ёсгүй гэсэн нийтлэг ойлголтоос үүдэн гарсан "Сараа эгч," “Эдгээр өдрүүд”, “Манай найз” гэх мэтчилэн сарын тэмдэгтэй холбоотой олон код нэршил байдаг. Хүмүүсээр ямар нэг тээргүйгээр “сарын тэмдэг” гэдэг үгийг хэлүүлэх нь ийм хэцүү байхад энэ сэдвээс урган гардаг олон нарийн асуудлын талаар ярих ч юм биш.

Хүмүүс сарын тэмдгийнхээ үеэр илүү сэтгэл хөдлөл ихтэй, хариуцлагагүй болдог гэх хэвшмэл ойлголтод эмэгтэйчүүд өөрсдөө ч бат итгэлтэй байх шиг байдаг. Энэ үеэр тэд бие физиологийн хувьд илүү сул дорой байдаг учраас ажил мэргэжил, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэгт оролцохоос зарим үед татгалзах хэрэгтэй болдог. Эсвэл зүгээр л өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд нийгмийн харилцаанаас татгалзах нь илүү дээр сонголт мэт санагддаг. Гэвч энэ “сарын тэмдэг бол ичгэвтэр, буруу, нээлттэй яриад байхаар асуудал биш” хэмээх нийтлэг ойлголт нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлгүй, сул дорой мэдрэмжид хөтөлдөг нь нийгмийн маш олон харилцаанд хязгаарлалт үүсгэж байдгийг тэр бүр анзаардаггүй.

Сарын тэмдгийн хөдөлгөөн нь зөвхөн "эмэгтэйчүүдийн асуудал" биш юм. Сарын тэмдгийн эрүүл ахуйн тэгш хүртээмжийн асуудал нь дэлхийн өнцөг булан бүрд байдаг дэд бүтцийн бүтээн байгуулалт, жендэр, боловсролын тэгш байдлыг бий болгох, хүмүүсийг ядуурлаас гаргах зэрэг нийгмийн шударга ёсны бусад асуудлуудтай огтлолцдог.

Бид сарын тэмдгийн тухай чөлөөтэй ярьж чаддаг байх хэрэгтэй. Энэ сэдэв нь одоо хүртэл дэлхийд хаалттай сэдэв байсаар байгааг бид бүгд сайн мэднэ. Бидний ихэнх эмэгтэйчүүдэд “Миний биений юм ирчихсэн байгаа” гэж хэлэхэд эвгүй байдаг учраас, мөн хэн нэгэнд бидний “эдгээр өдрүүд” ирсэн тухай мэдэгдүүлэхгүй гэж хичээн код нэр ашиглаж, нэгэндээ хуваалцдаг байдал байсаар байна.

PERIOD хөдөлгөөний Улаанбаатар хот дахь салбар өнгөрсөн сард албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тэд алслагдмал дүүргийн дунд сургуулийн охидыг ариун цэврийн хэрэглэлээр хангах, мөн сарын тэмдэг хэмээх сэдвийг тойрсон үл ойлголцол ба үүний улмаас охидод тулгардаг нийгмийн хязгаарлалтыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Unread Media

ТӨСӨВТ ҮЛ БАГТАХ БАЙГАЛИЙН ХЭРЭГЦЭЭ

Боломжийн амьдралтай хүмүүсийн хувьд ариун цэврийн хэрэглэл нь ердөө л сар бүрийн зайлшгүй зардал. Харин өдрийн талхны мөнгөө хэрхэх талаар санаа зовдог хүмүүст сарын тэмдэг нь эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хүнд дарамт, сорилт болдог. Сарын тэмдэг нь ирсэн үед хангалттай ариун цэврийн хэрэглэлгүйгээр хичээлдээ төвлөрөхийг хичээж буй 14 настай охинд ямар байгаа талаар төсөөлөөд үз дээ.

The Huffington Post-ийн гаргасан тооцооллоор дундаж америк эмэгтэйн амьдралынхаа турш хэрэглэдэг ариун цэврийн бүтээгдэхүүний зардал 18,171 ам.долларыг давдаг гэнэ. Америкт орон гэргүй мянга мянган эмэгтэй сарын тэмдгийнхээ үеэр сонингийн цаас, хөвөн, картон цаас, гялгар уут, оймс зэргээр аргалдаг. Орон гэргүйчүүдийг дэмждэг ашгийн бус байгууллагууд харин "Тэд хэзээ ч ариун цэврийн хэрэглэл асуудаггүй", "Тэр чинь үнэгүй тараахад хэт үнэтэй", "Хүмүүс ариун цэврийн хэрэглэл хандивлаад байдаггүй" гэх шалтгааны улмаас энэ асуудлыг хөнддөггүй байна. Энэ нь эргээд сарын тэмдэг гэх сэдвээс зайлсхийдэг нийгмийн хандлагатай шууд холбоотой аж.

Ихэнх үйлчилгээний газрууд, сургуулиудын ариун цэврийн өрөөнд нойлын цаас үнэгүй байж байдгийг бид мэднэ. Ариун цэврийн хэрэглэл ч яг үнэндээ нойлын цаастай ижилхэн хүний анхдагч хэрэгцээг хангадаг бүтээгдэхүүн. Энэхүү хэрэгцээгээ бүрэн хангах боломжгүйгээс болж маш олон хүн сарын тэмдгийнхээ үеэр нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжгүй болдгоос гадна эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хохирдог.

Хүн төрөлхтний нийгмийн оролцоо, эрх тэгш байдалд зайлшгүй нөлөөлдөг ч хаагдмал байсаар ирсэн энэ асуудлыг улс орны эрх баригчид анхааралдаа авч, бодлогын түвшинд зохих арга хэмжээг авах цаг нь иржээ.

PERIOD Ulaanbaatar хөдөлгөөний үйл ажиллагаатай дараах хуудсуудаар танилцаарай.

FB: Period Ulaanbaatar
IG: @period.ub