Сүүлийн жилүүдэд “Өөрийгөө хайрлах” хөдөлгөөний нөлөөгөөр дэлхий дахин арьс арчилгааг ихээр сонирхох болов. Долоо хоногт гурван удаа арьсаа гуужуул, органик бүтээгдэхүүн хэрэглэ, химийн орц найрлагатай бүтээгдэхүүнээс татгалз, нарны тос түрхэхгүй гэрээсээ гарч болохгүй гэхчлэн охид эмэгтэйчүүд арьс арчилгааны сэдвээр халуухан мэтгэлцэх болж.

Өнгөрсөн жил Brandessence судалгааны агентлагийн тооцоолсноор АНУ-ын зах зээл дээр худалдаалагдаж буй гоо сайхны бүтээгдэхүүний гуравны нэг нь “Clean” буюу “Цэвэр” хэмээх шошготой байгаа бөгөөд энэ дүн 2027 он хүртэл 12 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Тиймээс ч сүүлийн жилүүдэд эко, байгалийн орцоор баялаг хэмээх бүтээгдэхүүний нийлүүлэлтээ дэлхийн томоохон брэндүүд эрчимжүүлж буй.

Хэрвээ та арьсаа өдөр бүр гуужуулж, маск тавьж, хамаг цалингаа арьс арчилгааны бүтээгдэхүүнд үрдэг нэгэн бол юун түрүүнд таныг “Тайвшир” хэмээн хүсье. Таны нүүрэн дээрх батга, сэвх, толбо таныг яагаад ч тодорхойлох учиргүй. Энэхүү нийтлэлээрээ бид тогтвортой арьс арчилгаа буюу “Химийн хүчтэй найрлага ороогүй, байгальд ээлтэй, эрүүл, органик орцоор баялаг” гэх тодотголтой бүтээгдэхүүнүүдийн цаадах төөрөгдлийн багахан хэсгийг тайлбарлахаар бэлдлээ.



Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид бүтээгдэхүүнээ маш сайн судалдаг болоод зогсохгүй зарим нь сонирхлоороо арьс арчилгаатай холбоотой хийгдсэн судалгааны ажлуудыг уншдаг болсон нь тун сайшаалтай хэрэг. Гэвч энэ явцдаа бид судалгааны орчин, нөхцөл, үр дүнг анхааралгүй унших аль эсвэл томоохон брэндүүдийн бүтээгдэхүүнээ сурталчлах аргад хууртаж, нийтээрээ тархиа угаалгасаар байгаа нь харамсалтай.

Үүний нэгэн түгээмэл жишээ нь цайрын исэл буюу zinc oxide гэх орц. Цайрын исэл нь минерал нарны тосонд ашиглагддаг чухал орцуудын нэг. Бусад нарнаас хамгаалах филтер буюу титаны давхар исэл зэргийг бодвол цайрын исэл нь байгалийн минерал учраас байгальд илүү хурдан шингэнэ, хүний биед ч аюул багатай гэх мэдээлэл ихээр дэлгэрэх болсон. Энэхүү найрлага нь байгалийн гаралтай боловч тэдний байгальд үзүүлэх нөлөө нь бидний нүдэнд харагдах үйл явцаас хавь илүү нарийн, төвөгтэй.

2022 оны National Academies Report-ийн нарнаас хамгаалах тосны хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тайланд цайрын исэл нь шүрэн хад болон усны бусад организмд хортой нөлөө үзүүлдэг болохыг онцлон тэмдэглэсэн бөгөөд хэчнээн бага хувьтайгаар бүтээгдэхүүнд орсон байсан ч хамаагүй байгаль орчинд хортой нөлөө үзүүлдгийг баталсан байна. Энэ мэдээ нь бид хэдий чинээ бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэгтэй байна, төдий чинээ нягтлах хэрэгтэй гэдгийг баталж байгаа юм.

Түүнчлэн зарим брэндүүд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа “Химийн найрлагагүй” хэмээх үгийг түгээмэл ашигладаг. Гэвч үнэн хэрэгтээ химийн бодисоос бүтээгүй нэгээхэн зүйл ч энэ дэлхий дээр орших боломжгүй. Бидний эдэлж хэрэглэж буй бүх зүйлс, та, бид бүгдээрээ хэдэн зуун химийн бодисын нийлбэр билээ. Тэгэхээр “Химийн бодис=Муу” гэдэг нь хамгийн ташаа ойлголт юм.


Эх сурвалж: @harpersbazaar

Өөр нэг жишээ. Арьс арчилгааны тогтворжуулагч бодис хүний биед муу гэх яриа бий. Тэгвэл тогтворжуулагч бодисгүй арьс арчилгааны бүтээгдэхүүн харин ч таны арьсанд илүү аюултай байж болно гэвэл итгэх үү? Тогтворжуулагч бодис нь таны хэрэглэж буй бүтээгдэхүүн дотор ганц ус хүрэхэд л мөөгөнцөр ургаж, бактери үржихээс сэргийлж байдаг юм шүү дээ.

Үүний нэгэн адил эфирийн тосыг ихэвчлэн ургамлаас гаргаж авдаг учраас илүү хүний бие, байгальд орчинд хурдан задрах нь ойлгомжтой учраас ээлтэй, эрүүл гэж боддог. Гэсэн хэдий ч эдгээр тосыг олборлох үйл явцаас хамааран хүрээлэн буй орчныг сүйтгэж, биологийн олон янз байдалд аюул учруулах боломжтой. Тухайлбал, эфирийн тосны үнэ цэнтэй эх үүсвэр болох Licorice модны эрэлт хэрэгцээ хэт их ургац хураалт, хууль бус худалдааны үйл ажиллагаанаас үүдэн энэ төрөл зүйл устах аюулд хүрсэн гэх сүүлийн үеийн мэдээлэл бий.



Синтетик пестицид, бордоо ашиглаагүй эрүүлээр түүхий эдээ тарьж ургуулж буй нь эрүүл, органик мэт харагдаж болно. Гэсэн хэдий ч бодит байдал илүү нарийн бөгөөд төвөгтэй. Органик газар тариалангийн үйл ажиллагаа нь синтетик орц, найрлага, пестицид зэрэг бидний айдаг “Аюултай химийн бодис” гэгч зүйлийн хэрэглээг бууруулдаг ч байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь тийм ч мундаг эрүүл биш.

Жишээлбэл, органик газар тариалангийн нүүрстөрөгчийн ул мөрийг авч үзвэл хэдийгээр нийлэг буюу синтетик химийн бодис хэрэглэхээс зайлсхийдэг боловч органик газар тариалан нь уламжлалт аргуудтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгаралт өндөр бөгөөд газар ашиглалтыг их хэмжээгээр нэмэгдүүлэхэд хүргэдэг. 2017 оны мета-шинжилгээнд уламжлалт болон органик тариалангийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг 90 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд харьцуулсан дүн шинжилгээ нь органик газар тариалан зарим бүс нутагт байгаль орчинд илүү их хор хөнөөл үзүүлж байгааг харуулсан.



Хуванцар сав баглаа боодол нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхүйц үр дүнг дэлхий дахинаа учруулж буйг хэн бүхэн л мэднэ. Хуванцар материал нь байгальд удаан шингэдэг, орчныг бохирдуулдаг, хортой нэгдэл ихээр агуулдаг, ялгарсан нүүрстөрөгчийн хэт исэл нь озоны давхаргыг цоолоход нөлөөлдөг гэх мэт маш олон сул талтай хэдий ч хэрэглээний хувьд хөнгөн, бат бөх, тээвэрлэлтийн явцад илүү аюулгүй гэх мэт давуу талууд нь тээвэрлэлтийн асуудлыг илүү амар болгож, бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах боломжтой.

Харин үүний эсрэгээр, шил, хөнгөн цагаан гэх мэт хувилбарууд нь өнгөн дээрээ байгальд илүү ээлтэй мэт санагдаж болох ч сайтар судалж, харьцуулж үзвээс байгальд олон асуудлыг үүсгэж байдаг. Жишээлбэл, шил үйлдвэрлэл нь эрчим хүчний ихээхэн нөөц шаарддаг бол хөнгөн цагаан олборлох, боловсруулах нь амьдрах орчныг сүйтгэж, түүхий эдийн нөөцийг шавхахад хүргэдэг.

Хэдий арьс арчилгааны бүтээгдэхүүний хуванцар савлагаа нь байгальд хор хөнөөлтэй ч үүний оронд хүрээлэн буй орчинд ээлтэй, хог хаягдал багатай гэх агуулгыг урдаа барьж танд зарсан бүтээгдэхүүний савлагаа үнэхээр байгаль орчныг бага ч гэсэн хамгаалж чадаж байгаа юу? гэдэг дээр нухацтай хандах хэрэгтэй мэт.


Эх сурвалж: @harpersbazaar

Бидний хийсэн сонголт бүр эх дэлхийд ямар нэгэн хэмжээгээр ул мөр үлдээж буй энэ нөхцөлд хэрэглэгч бид ухаалаг байж, бизнес эрхлэгчдээс ил тод, хариуцлагатай байхыг шаардах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зөв мэдээлэлд үндэслэсэн утга учиртай шийдвэр гаргаснаар бид хойч үедээ тогтвортой ирээдүйд хүрэх замыг нээж чадна. Тиймээс илүү ухаалаг, тогтвортой нийгмийн төлөө идэж буй хоол, хэрэглэж буй арьс арчилгаа, өмсөж буй хувцасныхаа талаар зөв мэдээлэлтэй болцгооё. Эцэст нь хэлэхэд органик, байгальд ээлтэй хэмээх шошготой бүтээгдэхүүн бүр компаниудын сурталчилж байгаа шигээ биш гэдгийг санаарай.