Дуртай киноныхоо гол дүрд тоглох боломжийг та бидэнд олгох нэгэн сайхан газар нээгджээ, цаана чинь. Алдарт “Найзууд” цувралын гол дүрийн зургаан залуугийн байнга уулздаг Central Perk хэмээх кофе шопт орж ирсэн мэт мэдрэмжийг төрүүлж чадах энэхүү тохилог газрыг үүсгэн байгуулагч С.Гандолгортой бид хөөрөлдлөө.
Бизнесийн нэр: Dodo Coffee
Хаяг: Улсын Их Дэлгүүрийн урд байрлах усан оргилуурын зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: Кофе шоп, хоол, сургалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 11-р сар
Үүсгэн байгуулагч: С.Гандолгор
Ажилтны тоо: 7
Цагийн хуваарь: 07 – 23 цаг
Вэб: Dodo Coffee Mongolia (фэйсбүүк)

Сургалт, уулзалтын өрөө
Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?
Би өөрөө кофенд их дуртай хүн. Олон жил кофе ууж байна. 2 жилийн өмнө кофе гялс аваад, замдаа ууя гэхээр авч явахаар өгдөг кофе шопууд бараг байдаггүй байсан. Ингэж өөрийн хэрэгцээнээс үүдэн хоёр жилийн өмнө Элчингийн гудамжинд зөвхөн авч явах зориулттай кофегоор үйлчилдэг кофены мухлаг нээсэн юм. Тухайн үед мухлагаасаа тусад нь кофе шоп бас нээх зорилготой байсан тул кофе чанадаг машин, бас бус хэрэгслийг хоёр, хоёроор нь авсан байсан. Гэвч амжихгүй явсаар саяхан л кофе шопоо нээлээ.
Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
Банкны зээл авч, цалингийн хуримтлалаа нэмэрлэсэн. Үйлчилгээний талбайгаа түрээсэлдэг.

Фибигийн булан. Фиби шиг л амьдарна шүү, цөмөөрөө.
Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?
Нэгт, манай кофе өөрийн гэсэн онцлог амттай. Эндээ кофегоо хуурдаг. Нээгдээд удаагүй ч орж ирсэн хүмүүс дахин дахин үйлчлүүлж байгаа нь кофены амтанд сэтгэл хангалуун байгаагийн илрэл болов уу.
Хоёрт, та бүхэн анзаарч байгаа байх. Манайх “Найзууд” кинон дээр гардаг Central Perk-тэй адилаар интерьер дизайнаа хийсэн. Росс, Рэйчил, Моника, Чандлер, Жүй, Фиби нар бүгд (холбоосууд руу нь ороод үзээрэй) Central Perk-д тухалж, гэртээ байгаа юм шиг л байдаг шүү дээ. Манай кофе шопт хүмүүс яг л тэгж тухалж, найзууд цуглаж, тохь тухтай орчныг бүрдүүлээсэй гэдэг сэдлээр ингэж шийдсэн хэрэг. Тек, улбар шар диван, өндөр ширээ, өндөр сандал гээд олон зүйл нь Central Perk-тэй адилхан байгаа. Өндөр ширээ олдохгүй болохоор нь найзаараа хийлгэж байлаа. Ер нь энэ кофе шопийг бий болгоход манай гэр бүлийн гишүүд, найзууд гээд маш олон хүний хөдөлмөр шингэсэн. Тиймдээ ч манайх халуун дулаан, дотно уур амьсгалыг агуулж байдаг гэж боддог. Фибигийн булан буюу гараад дуу дуулах, чөлөөтэй юм ярих жижиг хэсэгтэй. Гитар, микрофон байгаа. Тэгээд манайд тухлангаа “Найзууд”-ыг англи хадмалтай нь үзээд суух боломжтой.
Мөн манайх хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Номын сантай, хүссэн номоо уншиж болно. Ном хандивлаж болно. Ардаа самбар, проектор, ширээ сандалтай сургалтын өрөөтэй. Энэ өрөөг маань ашиглан хүмүүс уулзалт хийх, сургалт явуулах, нийгэмд эерэг нөлөөтэй ямарваа санал санаачилгыг хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг бид дэмжин хамтарч ажиллана.

Үүсгэн байгуулагч: С.Гандолгор
Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?
Одоохондоо хэт холын зорилго тавихгүй байгаа. Өөр салбар нээнэ гэх мэтийн төлөвлөгөө байхгүй. Манайд орж ирээд тухтай үйлчлүүлдэг, сэтгэл хангалуун гардаг хүмүүсийн тоо улам олон болоосой л гэж хүсэж байна даа.
Миний бие мөн “Сайнхүү ивээл сан”-г үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Энэхүү сан маань 2011 оноос хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эмнэлэг, асрамжийн газруудыг дэмжиж ирлээ. Сүүлийн үед сан маань хүүхдүүдээс гадна эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Кофе шопийнхоо сарын орлогоос тодорхой хэсгийг нь сандаа хандивлана. Тэгэхээр ирээдүйд кофе шопийнхоо үйл ажиллагааг сангийнхаа үйл ажиллагаатай уялдуулж, нийгэмд ээлтэй бизнес болгох юм.
Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?
Би өнөөг хүртэл дандаа нийгмийн салбарт, олон улсын байгууллагуудад ажиллаж ирсэн. Тэгэхээр бизнест арай шинэдэж байж болох юм. Тийм ч болохоор, бас өөрийн баримталдаг зарчим ёсоор ганцаараа шийдвэр гаргаад байдаггүй. Дандаа хамт олон, ажилтнуудтайгаа зөвлөлдөж шийдвэр гаргахыг эрмэлздэг. Ингэснээр манай хамт олон ажилдаа улам өөриймсөг, санаачилгатай хандаж байгаа нь харагддаг. Ер нь манайд орж ирж үйлчлүүлсэн хүмүүс үйлчилгээнд маань ам сайтай байгаа шүү.


Энэ бизнесийг эрхлэхийг эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Кофе амттай байна, тохилог газар байна гэсэн үгсээс их урам авдаг. Тэрэнд сэтгэл ханалгүй, бүтээгдэхүүн үйлчилгээгээ цааш улам сайжруулах зорилготой байгаа. Мөн манайх зөвхөн ашгийн төлөө ажилладаггүй, орлогынхоо тодорхой хувийг нийгмийн төлөөх сайн үйлсэд зарцуулдаг, хүмүүсийг хөгжүүлэхийг зорьдог кофе шоп болохоор үүндээ сэтгэл нэн өег байдаг.
Нээгээд удаагүй байгаа болохоор хэцүү бэрхшээлтэй асуудлуудтай нэг их учраагүй байна.
Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?
Хоёр жилийн өмнө кофены мухлагаа нээхийн тулд зөвшөөрөл авах гэж “зүдэрсэн” шүү. Холбогдох газар нь бичиг цаасаа бүрдүүлээд очихоор л дахиад өөр юм нэхдэг байлаа. Ингээд хоёр жил хэртэй болж байтал засаг солигдож, хүмүүст хэрэгтэй, боловсон үйлчилгээнүүдийг дэмждэг хүн томилогдож, удалгүй бид мухлагаа нээх боломжтой болсон. Цаанаас тавьдаг шаардлагынх нь дагуу ойр тойрондоо өөрсдөө цэцэг тарьдаг.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?
Нээгдээд удаагүй болохоор кофе шопоо олон хүнд таниулах тал дээр анхаарч байна. Үйлчлүүлэгчид маань ийм тийм арга хэмжээ зохион байгуулъя гэсэн зөв зүйтэй санаачилгуудыг олноор гаргаж байгаа. Тэдгээрийг нь дэмжин ажиллах болно. Манай кофе шоп нээгдсэний нэг сарын ой 12 сарын 25-нд болох юм. Тэр өдөр Open mic ажиллуулж, Hand drip кофены сургалт зэрэг зүйлсийг хийхээр төлөвлөж байна.
Танай ямар бүтээгдэхүүнийг хүмүүс их авдаг вэ?
Кофенуудаас Latte, Americano хоёрыг хүмүүс сайн авдаг. Манайх кофендоо сүү болон эспрессо шот нэмүүлэхэд төлбөр авдаггүй. Бас пизза, бургер их захиалж байна. Бургерыг маань порц сайтай байна гэдэг. Ер нь байршилтайгаа харьцуулахад манайх боломжийн үнэтэй шүү.

Монголчууд кофе уух зан төлөв ямар байдаг юм бэ? Хүмүүсийн кофены талаар хэр мэдлэгтэй байх юм?
Сүүлийн үед хүмүүс кофены талаар мэдлэгтэй сайтай болсон нь анзаарагддаг. Ялангуяа залуучууд кофегоо яаж хуурдаг вэ, хаанаас авдаг вэ гэж их асуудаг. Кофег амсаж үзээд л хууралтын түвшинг нь мэдэж байх жишээтэй. Нэг үеэ бодвол Монголд кофены соёл бүрэлдэж байх шиг байна.

Гэрэл зургийг Д.Ганзул
Сэтгэгдэл бичих (15)


M Muugii 2016.05.08
Sain bn uu? bi huduu oron nutagt amidardag yum a tanaih coffee shop baiguulah talaar zuwluguu surgalt yawuuldag uu?
o open mic 2016.04.14
vneheer saihan setgeltei uhaalag bvsgvi shvv open mic hiih odroo bas goy2 vil ajillagaa mon hymdral odroos oroi hvrtel geh met bolgowol bas heregtei bh gj bodoj bna amjilt
M Mina 2015.12.11
Taaalagdaj Bn shv. Ih delgvvr ih orj oiroltsoo gazraar ih yawdag da. Yagaad haraagvi bnaaa. Ochinoo. Nomiin santai bga ni ih zvgeer yum. Amjilt.
z zochin 2015.12.10
Tanaikh yostoi tukhgui sanagdsan shuu huiten. Tgd naad taliin oroond gants suukh bolomjti buidan ter ni zahialgatai. Tsaad taliin oroo ni yaria aiamar tsuraitdag hajuugiin humuusiin shuuguian orj ireed.
ч чи шүү 2015.12.10
Баярлалаа. Маш сайхан зүйл хийжээ. Яг л ийм газрыг мөрөөддөг болж байлаа. Нэг их гоё гэгээлэг юмаа. Ном гэх мэт. Амжилт . Заавал очно оо
g guest 2015.12.08
Friends kinonii fan shde bi, zaaval ochij vzehgui bol bolohgui gazar bna ...hehe harin coffee ni hir zereg yum boloo???
Z Zochin 2015.12.08
Ene yriltslagiig unshaad ochtol uneheer coffeeniih ni amt setgeld hureegui shu. er ni bol tusuulsnuus ih uur yum tsaashdaa coffeenii amt dre anhaaraarai.
A Anu 2015.12.07
заавал орж үзэх газруудын нэг, ажил хичээлээ хийгээд амралт чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө ая тухтай өнгөрөөнгөө дуртай цувралаа үзэж, янз бүрийн кофеноос сонголтоо хийж болох сайхан орчин байналээ шүү. надад лав таалагдсандаг.
М Монгол 2015.12.07
Ямар гоё кафе вэ... ёстой найзуудтайгаа ормоор газар байна... элдэв баар цэнгээн гэж байснаас иймэрхүү газар орж найзуудтайгаа суух нь зөв.... номын сантай нь их таалагдлаа
У Уншигч 2015.12.07
Саяхан энэ кофе шоп-оор орж үйлчлүүлсэн. Нэг ханаа Friends-ийн зургаар тохижуулснаас өөрөөр яг ямар интерьер дизайн хийгдсэнийг ерөөсөө ойлгоогүй. Энэ тэндээс хуучирсан сандал ширээ хивс авчраад тавьчихсан цэвэрхэн биш санагдсан. Iced latte, Cappuccino захиалж уусан боловч бараг орцных 70 хувь нь тослог ихтэй сүү орсон кофе байсан даа. Санаа нь гоё боловч бодсон шиг байгаагүйд урам хугарсан... Аливаа зүйл ер нь нүдээр харахаас нааш хэлэгдэж байгаа шигээ биш шүү.
B Babulya 2015.12.07
Фибигийн булан. Фиби шиг л амьдарна шүү, цөмөөрөө.- ккк энэ хэсэг бүр хөгжөөчихлөө. Ийм марзан хэсэг бас аятайхан юм бна шүү. Өлзий энэ газар орж "найз"лаяаа. Харин өгөөрэй гэсс :P
З Зочин 2015.12.07
Friends киноны хэсгээр тохижуулсан интер нь сонирхолтой юм аа. Өөрийнхөө дуртай сонирхдог зүйлсээ шингээж өгсөн нь их таалагдлаа
Э Энхжин 2015.12.07
Онцлох бизнес булан дандаа мэдэхгүй, мэдмээр газрууд хүмүүсийг танилцуулах юмаа :) Би ч уг нь овоо л тэнэдэг дээ :D Заавал орж үзмээр coffee shop байна.
З Зочин 2015.12.07
Фибигийн булан их таалагдлаа. Би ч Фибирхүү л дуулдаг гар л даа, яг тохирох юм шиг санагдаад инээд хүрээд болдоггүй ээ. очноо
З Зочин 2015.12.07
Заавал орж үзэх ёстой газрын нэг байна даа, тохижилт нь лав таалагдлаа. үйлчилгээ нь эерэг сэтгэгдэл төрүүлж чадвал болоод явчихна даа. Гоё санаа гаргасан байна. Амжилт хүсье