Хөгжим сонсдоггүй, хөгжимд дургүй хүн ховор байх. Хөгжим биднийг сэргээж, эрчилж, бас гуниглуулж, дурсамж сэдрээдэг. Тэгвэл Unread шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ уран бүтээлчийг олоход тусалж чадах, мөн таны өдрийн ганцхан хормыг сонирхолтой өнгөрүүлэхэд хэрэг болох мэдүүштэй сайтуудын жагсаалтыг хүргэж байна. 

SOUNDCLOUD

Уйтгартай сонголт байх. Хөгжим сонирхогчдын хамгийн идэвхтэй хэрэглэж буй вэбсайтуудын нэг. Швед залуусын үүсгэн байгуулж, Берлинд төвтэй үйл ажиллагаагаа явуулж буй энэ вэбд нэг минутанд 12 цагийн аудио бичлэг орж, өдөр бүр 200 сая орчим хүн зочилдог. Дууны явцыг хэлбэлзэл байдлаар нь харах, хүссэн секунддээ сэтгэгдлээ бичиж, бусадтай өөрийн хийсэн бичлэг, ковероо хуваалцаж болдог зэрэг нь тэдний амжилтын үндэс болсон. Амжилттай том уран бүтээлчид ч өөрсдийн албан ёсны хуудсыг үүсгэсэн учир сайхан плэйлист үүсгээд, гар утасны апп-ийг нь татаад, сонсоод явж байхад нэн тохиромжтой.

MOODFUSE

Сэтгэл санааны байдал тань ямар байгаагаас үүдэн сонсвол зохих дууг санал болгодог энэ сайт энгийн, хялбар байдлаараа хэрэглэгчдийг татдаг. Та ердөө л өөрийн сэтгэл санааны байдлыг, ууртай, уцаартай, бухимдалтайгаас эхлээд секси, хөгжилтэй, хачирхалтай, дэггүй хүртэл маш олон сонголттойгоор оруулж, сонсмоор байгаа хөгжмийн жанртайгаа тохируулахад хангалттай. Тэд танд Youtube дээрээс плэйлист үүсгэж, шинэ дуунууд, шинэ артистуудыг нээх боломжийг олгоно. Өө, эсвэл бүр САНАМСАРГҮЙ гээд дарчихаж болно шүү. Stereomood засвартай гээд удаж байгаа энэ үед Moodfuse-ийн хэрэглэгчид улам бүр өссөөр байна.

EVERYNOISE

Дэлхий даяар хэдэн зуу, магадгүй хэдэн мянган төрлийн өөр хөгжим, өөр дуугаралт, өөр жанр бий. Тэгвэл энэ бүгдийг нэг дороос, тун хялбар байдлаар сонсож мэдэх боломжийг энэ сайт олгоно. Нүүр хуудсан дээрээ байршуулсан, уншихад ч түвэгтэй, харж ч байгаагүй нэрсийг багтаасан хөгжмийн төрлүүд дээр дарж, уг урсгалын хамгийн том төлөөлөгчдийн хөгжмийг сонсон, уг жанрын талаар илүү сайн мэдэх боломжтой. Хайлт хэсэг дээр нь хамтлагийн нэрийг бичих, эсвэл жанрыг дэлгэрүүлж дараад уг урсгалын бусад дуучид, хамтлагуудын талаар ч мэдэх боломжтой. Нэг ёсондоо таны хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж чадах интерактив сайт гэсэн үг.

8TRACKS

Магадгүй шинэ дуу, шинэ уран бүтээлч олох хамгийн амархан сонголт байх. Та энэ сайтын хэдэн мянган хэрэглэгчийн үүсгэсэн найман дуутай плэйлистүүдийг үнэгүй бөгөөд хялбараар сонсож, түүнийгээ хадгалж, өөрөө ч шинийг үүсгэж болно. Ямар төрлийн дуу сонсмоор байгаагаа бичихэд тэд танд хэдэн зуун плэйлистийг санал болгоно. "Монгол" гээд хайж үзсэн чинь сонирхолтой үр дүн гарч байна лээ шүү. Онлайн радиогийн салбарт хувьсгал хийсэн сайт гэгддэг.

LISTEN TO WIKIPEDIA

Дэлхийн хамгийн том онлайн нэвтэрхий толь Википедиаг сонсож үзвэл ямар вэ? Ямар авиа, дуу чимээ гаргах бол гэж гайхаж байна уу? Тэгвэл энэ сайт танд ийм боломжийг олгоно. Секунд, минут бүрд нэмэгдэж буй, засагдаж буй контент бүр аялгуу гаргаж, тэр бүгд нь нийлээд өвөрмөц, дахин давтагдашгүй аязыг танд санал болгоно. Зүгээр л эргэн тойронд хүмүүс ямар их хөдөлмөрлөж байгааг, ямар их мэдээлэл, мэдлэг энэ санд нэмэгдэж байгааг анзаарах боломжтой. Сонирхолтой! Энд дарж нэвтрээрэй.

БОНУС: GNOOSIC

Өөрийнхөө дуртай гурван уран бүтээлчийг нэрийг оруул. Энэ сайт танд таалагдаж магадгүй шинэ хамтлаг, дуучдыг санал болгоно. Та яг өөрийнхөө дуртай хамтлагтай ижил жанрын шинэ хамтлаг, уран бүтээлчийг мэдэхийг хүсвэл энэ сайт яг танд таарна. Та "угаасаа дуртай", "угийн дургүй", "мэдэхгүй юм байна" гэсэн сонголтуудаас сонгож, хайлтыг улам ухаалаг болгох боломжтой. Gnoosic-ээс шинэ уран бүтээлч хайгаарай.

Та эдгээр сайтуудыг ашиглаж үзсэн үү? Танд өөр "нандин", байнга зочилдог хөгжмийн сайтууд бий юу? Бидэнтэй хуваалцаж, бусад уншигчидтай хэлэлцүүлэг үүсгээрэй.