Дэлхийн хамгийн том цайны брэнд болох Gong cha Монголын зах зээлд албан ёсоор орж ирээд удаагүй байгаа ч хэдийн хэрэглэгчдийн дуртай брэнд болжээ. 

“Хаанд өргөх цай” гэх утгатай энэхүү брэндийг Монголд оруулж ирсэн Ч.Баясгалан, Б.Бадамханд нартай бид ярилцсан юм. Ингээд брэндийн үүсэл, онцлог болон цаашдын зорилтынх нь талаар өрнүүлсэн сонирхолтой яриаг хүлээн авна уу.

Бизнесийн нэр: Gong cha Mongolia
Хаяг:
Салбар 1: Хан-Уул Имарт
Салбар 2: Сансар И-март
Үүсгэн байгуулагч: Ч.Баясгалан, Б.Бадамханд
Анхны салбараа нээсэн: 2025 он
Сошиал хуудсууд: Gong cha Mongolia (Facebook), gongcha_mn (Instagram)
Уриа үг: Аз жаргалыг хандлав

СЭДЭЛ

Ч.Баясгалан: Анх бид хоёр Америкт сурч байхдаа энэ брэндтэй танилцаж байлаа. Манай хүн нэг өдөр надаас “Bubble tea уух уу?” гэж асуугаад, тухайн үед би bubble tea гэж юу болохыг ч мэдэхгүй, гайхаад л дагаад явж байв. Тийнхүү анх удаа Gong cha-гийн цайг ууж үзсэн нь тэр. Уух явц нь өөрөө тун зугаатай, гоё мэдрэмж төрүүлж, шууд л таалагдсан. Түүнээс хойш кино үзэхээр явахдаа ч юм уу, байнга авч уудаг нэг төрлийн заншилтай болчихсон. Тэгээд л “Үүнийг Монголд оруулж ирвэл гоё юм байна” гэсэн яриа анх гарсан даа.

Ер нь монголчууд бид чинь сүүтэй цай уудаг, бүр давстай, хийцтэй цай ууж сурсан ард түмэн шүү дээ. Цайндаа хүртэл хоносон цуйван хийж иддэг болохоор цайн дотор ийм зажлууртай зүйл хийчихсэн байхад манайхан гайхахгүй, шууд хүлээгээд авчих юм байна гэж харж байлаа. Гэхдээ сургуулиа төгсөөд Монголд ирснийхээ дараа хэдэн жил мэргэжил, хоббиныхоо дагуу тус тусын ажлаа хийсэн. Тэгж явсаар, 2024 оны дундуур Khanate F&B компанийг үүсгэн байгуулж, “Одоо л орж ирэх цаг нь болж” хэмээн зориг шулуудаж байв.


Хамтран үүсгэн байгуулагч Ч.Баясгалан

Б.Бадамханд: Тухайн үед Монголд өөр Bubble tea-ний франчайзууд аль хэдийн ороод ирчихсэн байсан л даа. Бид хоёр дуртай болохоор тэр газруудаар орж ууж үзсэн ч яг Gong cha шиг гоё амт мэдрүүлж чадахгүй байсан. Тэгээд л албан ёсоор холбоо барихаар шийдэж, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэд ч нааштай хүлээн авч, судалгаа хийсээр жилийн дараа буюу 2025 оны наймдугаар сарын 8-нд анхны салбараа нээж байлаа.

ЯЛГАРАЛ

Б.Бадамханд: Хамгийн гол ялгарал нь чанар. Хүмүүс bubble tea гэхээр зүгээр нэг ундаа шиг ойлгоод байдаг. Гэтэл энэ бол цайны маш том соёл. Одоо кофены соёл дэлхийд хэрхэн хөгжиж байгаа билээ, яг түүнтэй адил Азид цайны үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн. Gong cha-гийн хуурай цайг задлаад харахаар нунтагласан үр биш дандаа бүтэн навчаараа байдаг. Тайвань, Вьетнамын баталгаат тариалангийн талбайгаас органик навч авдаг учраас амт, үнэр нь хүчтэй, гоё байдаг гэсэн үг. Дээрээс нь цайны ургамалд агуулагддаг полифенол зэрэг антиоксидант агууламж нь өндөр учраас хүний эд эсийг сэргээх ач тустай. Мөн дэлхийн хүнсний зах зээлийн томоохон тоглогч болох Kerry Group-тэй хамтран түүхий эдээ бэлддэг нь олон улсын стандартыг 100% хангадаг.

Түүнчлэн бид Монголоос авч болох хамгийн чанартай түүхий эдүүдийг ашигладаг. Тухайлбал, АПУ-ийн сүү, President брэндийн сүүн крем, масло зэргийг хэрэглэж байна. Бас нэг чухал дүрэм бол манай цайнууд 4 цаг тутамд шинээрээ чанагддаг. Цай удахаараа гашуун болдог учраас бариста нар маань өдөрт хэд хэдэн удаа цай болон бөмбөлгөө (боба) дандаа шинээр нь бэлтгэдэг.


Сонирхуулахад тэд анхны салбараа нээсэн даруйд өдөрт дунджаар 700-800 аяга цай борлуулжээ. Тэр ч бүү хэл 4 сарын хугацаанд ашиглахаар төлөвлөж, нөөцөлсөн түүхий эд нь ердөө нэг сарын дотор дууссан ба Англи дахь төв оффис болон Тайвань, Сингапур дахь салбарынхан нь Монголын зах зээлийн энэ эрэлтийг хараад уулга алдаж, гайхсан гэдэг.

Unread media

Ч.Баясгалан: Өөр нэг том ялгарал бол хэрэглэгч хүссэн амтандаа тааруулж захиалах боломжтой. Сахар болон мөсний хэмжээг 0%, 30%, 50%, 100% гэж сонгож болно. Жишээ нь, би сахарын хэрэглээ багатай болохоор дандаа 30%-тай уудаг. Дийлэнх газрууд хэтэрхий чихэрлэг эсвэл чихэргүй гэсэн сонголттой байдаг бол манайх өөр.

Дараагийн том давуу тал нь аль ч салбарт очсон, ямар ч бариста хийсэн манай цайны амт яг ижилхэн гардаг. Үүний цаана манай брэндийн тусгай ухаалаг төхөөрөмж ажилладаг юм. Үйл явцын хувьд киоск эсвэл касс дээр захиалга авахад QR код хэвлэгдэж гарна. Тэр QR кодыг машин дээрээ уншуулахад компьютер нь тухайн хэрэглэгчийн хүссэн сахарын хэмжээ, орцыг цаанаасаа шууд таниад, стандартжуулаад хийдэг. Тэгэхээр манай бариста нарын үндсэн ажил нь мөсний хэмжээг тааруулах, сэгсрэх, топпинг хийж өгөх зэрэг бэлтгэл ажлыг хангадаг.

Дэлхий даяар байгаль орчноо хамгаалахад асар их анхаардаг болсон энэ цаг үед манай брэнд ч мөн адил шинэчлэлтүүдийг хийсээр байгаа. Удахгүй байгальд бүрэн задардаг, эко материалуудтай шинэ сав, баглаа боодол нэвтрэх гэж буйг энэ ташрамд дуулгахад таатай байна.

Хамгийн өндөр борлуулалттай 5 bubble tea:

1. Brown Sugar Milk Tea with Pearl
2. Taro Milk Tea
3. Matcha Strawberry
4. QQ Passion Fruit Green Tea
5. Classic Milk Tea with Pearl


НЭР

Gong cha гэдэг нь “Хаанд өргөх цай” буюу хааны цай гэсэн утгатай. Үнэхээр чанартай, дээд зэргийн цайг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа гэдэг утгаараа тэрхүү чанарыг нь бэлгэшээж өгсөн нэр л дээ. Олон улсын хэмжээнд уриа үг нь “Brewing Happiness” буюу “Аз жаргалыг хандлав” гэж явдаг. Энэ нь бүтээгдэхүүн бүрээрээ дамжуулж, хүмүүст аз жаргал бэлэглэх зорилготой гэсэн үг.

ОДОО

Франчайзинг бизнесийн хамгийн том давуу тал бол бид өөрсдөө шинээр систем зохиох шаардлагагүй. Анхнаасаа бэлэн систем, нөү-хау болон түүхий эдээ шууд нийлүүлдэг учраас бүх зүйл маш ойлгомжтой. Ажилчдаа яаж сургах, дэлгүүрийн стандарт ямар байхыг хүртэл цаанаас нь системжүүлсэн тул бид тэр тал дээр санаа зовдоггүй.

Харин бидний гол анхаарч байгаа зүйл нь хүний нөөц. Манай бариста нар харьцангуй залуухан, ихэвчлэн оюутнууд байдаг болохоор урт хугацаанд тогтвортой ажиллахад заримдаа хүндрэл гарах нь бий. Хичээлийн хуваарь нь өөрчлөгдөх, шалгалт шүүлэг дөхөх үед анх тохирсон хугацаанаасаа өмнө ажлаас гарах тохиолдол ч гарна. Үүнээс гадна бид үйлчилгээний хурдыг улам сайжруулахад анхаарч байгаа. Нэг аяга цайг 3 минутын дотор гаргах стандарттай бөгөөд хэрэв 4 минут болж байвал яагаад хугацаа алдав гэдгийг судалж, байнга сайжруулалт хийдэг.

БАГ


Одоогоор гүйцэтгэх захирлаар миний бие Ч.Баясгалан, Бизнес хариуцсан захирлаар Б.Бадамханд, Үйл ажиллагаа хариуцсан захирлаар Ч.Золбоо, Нягтлан бодогчоор Б.Нарантуяа, Дэлгүүр хариуцсан менежерээр Б.Нарантуяа, Маркетингийн менежерээр Б.Анимаа нар ажиллаж байна. Мөн хоёр салбар дээр 10 гаруй бариста ажилладаг.

Манай багийн уур амьсгал маш чөлөөтэй. Бариста нарын хувьд өдөр бүр ажлын байран дээрээ байх үүрэгтэй бол удирдлагын багийн хувьд бид хоорондын амьд харилцааг хамгийн чухалд тооцдог. Би ажилчдадаа “Юу болж байна, юу болохгүй байгааг байнга нээлттэй хэлж бай. Алдаа гаргасан ч битгий нуу” гэдэг зарчмыг тавьдаг. Хамгийн гол нь брэндийн стандартыг яг таг мөрдөх хэрэгтэй. Толгой компаниас ч үүнийг маш хатуу шаарддаг юм.

Үйлчлүүлэгчидтэй харилцах тухайд “Хэрэглэгч бол Хаан” гэдэг зарчмыг баримталдаг. Дандаа найрсаг харилцаж,“Баярлалаа, уучлаарай” гэдэг үгсийг хэвшил болгон, тэдэнд хамгийн тухтай орчныг бүрдүүлэхийг зорьдог. Бас залуучуудтай ажилладаг учраас брэндийнхээ уриа шиг ажлаа үргэлж аз жаргалтай, дуртай хийх ёстой гэж боддог доо.

ИРЭЭДҮЙ

Ч.Баясгалан: Одоогоор бид 2 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Төлөвлөгөөний дагуу удахгүй 3 дахь салбарынхаа ажилд орно. Жил хүрэхгүй хугацаанд 3 салбартай болж байна гэсэн үг. Цаашдаа ирэх 10 жилийн хугацаанд Монголд нийт 25 салбартай болох алсын хараатай ажиллаж байгаа. Мэдээж хэрэг үр ашигтай, зөв ажиллаж чадвал энэ зорилгодоо магадгүй 5-6 жилийн дотор ч хүрэхийг үгүйсгэхгүй. Бид хэрэглэгчдэдээ үргэлж хамгийн чанартай, дэлхийн стандартад нийцсэн цайг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

Саяхан Токиод дэлхийн бүх мастер франчайз эзэмшигчдийн чуулган болсон юм. Тэрхүү олон улсын чуулганаар манай брэнд дэлхийн хэмжээний одтой 2026 оны албан ёсны элч төлөөлөгчийн гэрээгээ сунгаснаа зарласан. Тэгэхээр хэрэглэгчид маань маш гоё контентуудыг тун удахгүй хүлээн авах болно.



Б.Бадамханд: Өөр нэг дуулгах гоё мэдээ бол бид эрүүл мэнд, фитнесстээ анхаардаг залууст зориулж Levitea хэмээх шинэ бүтээгдэхүүний серийг гаргаж байгаа. Хүмүүс bubble tea-г дандаа өндөр калоритой, сахартай дессерт гэж боддог шүү дээ. Тэгвэл энэхүү шинэ серийн уух зүйлс нь 100-аас доош буюу ердөө 99 калоритой байх юм. Цэвэр ногоон цайн дээр суурилсан, эрүүл мэндийн ундаа учраас жингээ барьж байгаа хүмүүс ч айлтгүй уух бүрэн боломжтой гэсэн үг. Мөн яг одоо хязгаарлагдмал хугацаагаар гарч байгаа самартай цай, залуусын хамгийн дуртай "Matcha Strawberry" зэрэг олон шинэлэг амтууд хэрэглэгч та бүхнийг хүлээж байна.

ЭРСДЭЛ

Ч.Баясгалан: Хамгийн гол эрсдэл бол геополитикийн асуудал. Gong cha брэндийг эзэмшдэг компаниуд нь Америк, Английнх боловч брэндийн гарал үүсэл нь Тайвань бөгөөд дэлхий даяар түүхий эд нийлүүлдэг үндсэн үйлдвэрүүд нь Тайваньдаа байршдаг. Манай түүхий эд Монгол руу ирэхийн тулд заавал Хятадаар дамжих шаардлагатай. Гэтэл Тайвань, Хятад хоорондын геополитикийн харилцаанаас болоод хил гааль дээр цаг хугацаа алдах, хүндрэл учрах эрсдэл байнга гардаг. Мөн олон улсын нөхцөл байдал, дайны урсгалаас шалтгаалж, шатахууны үнэ өсөхөд тээврийн зардал дагаад нэмэгддэг нь үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг сул талтай.

Б.Бадамханд: Зарим хэрэглэгч манай цайг бусад брэндүүдээс үл ялиг үнэтэй байна гэх тохиолдол бий. Гэхдээ бид түүхий эдээ Тайвань, Малайз, Солонгосоос маш өндөр тээврийн зардлаар татдаг бөгөөд Хятадаас ямар ч орц, найрлага авдаггүй. Зөвхөн сав баглаа боодлоо л авдаг. Мөн дотоодын компаниудаа дэмжиж, сүү, крем зэргээ хамгийн чанартайг нь сонгож хэрэглэдэг учраас үнэ нь чанартаа яг тохирсон гэж боддог. Өөрийн биед оруулж байгаа хүнсний зүйлдээ мянган төгрөг илүү төлөөд, чанартай, органик бүтээгдэхүүн уух нь хэрэглэгч та бүхэнд ч ашигтай шүү дээ.

Сонирхуулахад, бид франчайз брэнд хэдий ч монгол компани учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, монгол хүний амтанд тохируулах үүднээс өнгөрсөн өвөл Б.Баясгалангийнхаа санаачилгаар чацарганатай цай, чацарганатай желли (topping) гаргасан. Бид түүхий эдээ Тайвань руу явуулж, лабораторид нь шалгалт хийлгэж байж албан ёсны зөвшөөрөлтэй гаргаж байлаа. Өвлийн улиралд манайхан чацаргана уух дуртай учраас энэ бүтээгдэхүүн залууст маш их таалагдсан. Магадгүй цаашдаа бусад орны Gong cha-нууд манай чацарганы желлиг авч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.