Амьдралын хэмнэл улам түргэсэж, хүмүүс зузаан ном барьж суух нь ховордож буйөнөө цагт ойлгоход хялбар, үзэхэд өнгөлөг байдлаар хэвлэсэн ном нэлээд гарах боллоо. Тэдгээрийн дундаас бид өнөөдөр таныг огтхон ч уйдаахгүйгээр түүхийн жимээр аялуулах 3 номыг онцолж байна. Түүхийн ном гэхээр л урт удаан, олон үйл явдлын дараалал байдаг хэв маягийг эвдсэн, гэрэл зургуудаар баялаг эдгээр ном таныг мэдлэгийг тэлж, өнгөрсөн түүхээ улам илүү танин мэдэх хүслийг төрүүлэх вий.
МОНГОЛЧУУД: НИЙГЭМ ЖУРАМД ДАВШИН ОРСОН НЬ (1924-1959)
Монсудар компаниас эрхлэн гаргаж буй "Монголчууд" цувралын эхний ботийг бид өмнө нь танилцуулж байсан билээ. Урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй шинэ тутам зургуудтай нэн сонирхолтой энэ цувралын гурав дахь шинэ боть нь Улсын анхдугаар их хурал хуралдаж Бүгд найрамдах улс тунхагласан үеэс эхлэн хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 оныг хүртлэх үеийг түүхийн нэгэн үе хэмээн авч үзжээ. Нийгэм журамд давшин орсон нь гэдэг нь социализм байгуулахын төлөөх үйл хэрэг байсныг та бүхэн буй түвэггүй ойлгож буй биз ээ.
Энэ цаг үед хэлмэгдүүлэлт зэрэг сөрөг үйл явдлуудаас гадна Улаанбаатар хотын өнөөгийн дүрх төрх тавигдсан, аж үйлдвэрийн салбарын шав тавигдсан зэрэг эерэг сайхан үйл явдлууд болж байв. Эдгээр түүхэн үйл явдлуудын дунд жирийн монголчууд хэрхэн амьдарч, хэрхэн өөрчлөгдөж ирснийг та эндээс мэдэх боломжтой. Нүүдэлчин монголчуудын амьдралд суурин соёл иргэншлийн нөлөө хэрхэн нөлөөлснийг, бидний мартах ёсгүй хүмүүс энэ улсыг бүрэн бүтэн байлгахын төлөө хэрхэн тэмцэж ирснийг илүү цогцоор нь харах боломжийг энэ ном олгоно.
Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), профессор, Төрийн соёрхолт түүхч Оохнойн Батсайхан олон эрдэмтэн, докторуудаас бүрдсэн багийг ахлан уг бүтээлийн ерөнхий редактораар ажиллажээ. Ойролцоогоор 1200 орчим шилмэл гэрэл зураг орсон энэ номоос та тэр цаг үеийн бодит түүхийг олж харна гэдэгт итгэлтэй байна.
"Бидний өчүүхэн монголчууд дэлхий дахины төлөө санаа зовохоос Монголын төлөө санаа зовбоос зохистой бөгөөд дэлхий дахин хэмээн өгүүлэхээс урьд монгол хэмээн өгүүлбэл сайн байх сан." Анандын Амар
МОНГОЛ, МОНГОЛЧУУД, МОНГОЛ ОРОН: ТҮҮХИЙН АЛЬМАНАХ
Энэ бүтээлийг Баабарын 1996 онд анх гарсан "Нүүдэл суудал" бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, гэрэл зургаар баялаг, бүх насны уншигчид ойлгоход амар хувилбар гэж ойлгож болно. Уг номыг бүтээхдээ аливаа түүхэн альманахыг бүтээдэг National Geographic-ийн дэг, зарчмыг баримталжээ. Өөрөөр хэлбэл өөрийн улс, үндэстний түүхийг дэлхий дахины түүх бичлэг, түүхэн бүтээлийн стандарт, хэв загвараар үйлдэн түгээх зохиогчийг эрхийг National Geographic-аас албан ёсоор авсан гэсэн үг. Уг бүтээл дэх гэрэл зургуудыг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гадаад харилцааны төв архив, Гамма агентлаг, Тойм сэтгүүл, Тусгаар тогтнолын музей, судлаач Д.Баярхүү, Б.Баасанжаргал,Ч. Өсөхжаргал, С.Эрдэнэзаяа, Ч.Наранбаатар, Ч.Содбилэг, мөн Фэйсбүүкийн "Монголын түүх гэрэл зурагт" бүлэг, Леонид Шинкарёв, Хироюки Усами нарын бүтээл зэрэг олон эх сурвалжаас авч ашиглажээ.
Монголчууд хүн төрөлхтөнд юу өгөв?
-Чөлөөт худалдаа
-Мэдээлэл дамжуулалт
-Шашны хүлцэл
-Цэргийн зохион байгуулалт
-Адууны соёл
-Дипломат халдашгүй ёс ....
ДЭЛХИЙН ТҮҮХ
Монголчуудын түүхийг дээрх номуудаас уншиж ойлгож болох бол энэ номоос дэлхийн түүхийг дэлгэрэнгүй үзээрэй. DК-ийн бүрэн хэмжээний зурагт лавлахуудын нэг тул чанарт нь эргэлзэх хэрэггүй. Энэ бол өнөөгийн ертөнцийг бий болгосон үйл явдал, үзэл санаа, түүхэн хүмүүсийн тухай шилдэг бүтээл юм. Энэ ном түүхийн өргөн хүрээт зураглалыг бүтээж, хамгийн сонирхолтой, сэтгэл хөдлөм, эрч хүчтэй үйл явдал, үзэл санаа, түүхэн хүмүүс, эргэлтийн үеүд дээр төвлөрснөөрөө уншигчдыг сонирхлыг эрхгүй татна. Дэлхийг өөрчилсөн үзэл санаа, ардчилал, хувьсгал, даяаршлын үндсэн ойлгуултууд, Чингис хаанаас эхлээд Альберт Эйнштэйн, Адольф Гитлер гэх мэт дэлхийн түүхэнд үлэмж нөлөө үзүүлсэн хувь хүмүүсийн намтар, метал боловсруулалтаас эхлээд интернэт, ДНХ гэх мэт гол гол нээлт, шинжлэх ухааны ололтууд гээд л... Мөн энэ номын нэг онцлог нь тухайн сэдэв болоод дэд сэдэв хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч тус тусдаа бие даасан байдалтай бичигдсэн байдаг. Номд хавсаргасан хэдэн зуун гэрэл зураг, тусгай шалгуураар сонгосон газрын зураг, график зургууд нь урьд нь өөр ямар ч номд орж байгаагүй ажээ.
"Өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүнд түүнийг давтах тавилан зайлшгүй тохиодог." Жорж Сантаяана
Сэтгэгдэл бичих (1)


Х Халиун 103.57.93.110
Жоохон унших контент-тэй ном санал болгомоор байна. Танай сайтыг арай ч ийм мэдрэмжгүй санал болголт хийнэ гэж бодсонгүй. Ийм зурагтай ном харахад ч сайхан л байх гэхдээ л ...