Амжилттай яваа хүмүүст ижил төстэй шинж чанарууд олон бий. Тэд өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, мөнгөндөө арвич байхын дээр эрүүл мэндээ чухалчилдаг. Бас тэд өөр өөрийн гэсэн арга барил, дадал хэвшилтэй. Тэгвэл өнөөдөр гүйцэтгэх захирлуудын зөвлөж буй, ажил амьдралд ихээхэн тус хүргэх дадал хэвшлүүдийг сонирхъё.
1. Гэрээсээ ажлаа эхэл
"Өнөөдрийн хамгийн чухал гэсэн хоёр гурван имэйл, утасны дуудлагыг гэрээсээ гарахын өмнө амжуулах нь маш үр дүнтэйг би туршлагаасаа ойлгосон. Эдгээрийг жагсаалтаасаа хассанаар ажил дээрээ очсон хойноо харилцаж буй бүх хүнд анхаарлаа 100 хувь хандуулах боломжтой болсон. Чин сэтгэлийн богинохон харилцан яриа ч багийн гишүүдэд маань урам зориг өгч, анхаарал, дэмжлэгийг авч байгаад тэд баярладаг. Харин эсрэгээр нь намайг дуудлага хийх, имэйл бичих гээд "ухнатахад" тэд өөрсдөд нь анхаарал хандуулахгүй байгаад гоморхож, хайхрамжгүй болж, хоорондын харилцаа маань хөндийрч эхэлдэг. Яг одоо цагт байхад чинь саад болдог хүчин зүйлсийг зохицуулснаар та бүх анхаарлаа компанийн хамгийн үнэт зүйлс болох ажилчид дээрээ бүрэн төвлөрүүлж чадна."
Commune Hotels + Resorts-ийн гүйцэтгэх захирал Ники Леондакис
2. Гэр бүлтэйгээ хамт байгаа үед гар утсаа бүү оролд
"Эхнэр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх нь яалт ч үгүй өдрийн хамгийн сайхан цаг мөч байдаг. Мөн ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, ухаан бодолдоо салхи оруулж байх нь лидер хүний хувьд ач тустай. Эхнэр маань оройн хоолны үеэр, хүүхдүүдээ унтуулах үеэр утсаа хэрэглэхгүй байх гэсэн хатуу дүрэм тогтоосон. Би эхэндээ эсэргүүцэж байсан ч сүүлдээ талархаж эхэлсэн дээ. Би зургаан настай охиноо өдөр бүр сургуульд нь хүргэж өгөхдөө юу сурсан, юу бодож байгаа талаар нь ярилцдаг. 6 настантай ярилцах ч сайхан эмчилгээ болдог шүү."
Winc-ийн гүйцэтгэх захирал, хамтран байгуулагч Зандер Оксман. Winc нь хувийн виноны клубээр дамжуулан хэрэглэгчдэд виногоо шууд борлуулж, тодорхой тооны ресторан дэлгүүрт виногоо нийлүүлдэг байна.
3. Орой болгон шүдний утас хэрэглэ
"Шүдний утас хэрэглэдэг бол ерөнхийдөө бие эрүүл байдаг нь тогтоогдсон байдаг. Та эрүүл байвал хувийн амьдралдаа ч, ажилдаа ч илүү бүтээлч байна. Энэ бол эрүүл амьдралын нэг хялбархан дадал шүү."
Dentovations компанийн гүйцэтгэх захирал Дэмон Браун. Тус компани Luster Premium White хэмээх амны хөндийн бүтээгдэхүүний брэндийг гаргажээ.
4. Нүүр тулсан харилцаа тогтоо
“Зөв хүнтэйгээ богино хугацаанд уулзахад бизнесийн харилцаанд ихээхэн ахиц гардаг. Хамтдаа кофе уусан ч тэр, та харилцаанд үүссэн ан цавыг бөглөж, өмнөхөөсөө илүү бат бөх болгож чадна. Утас, имэйл, мессеж зэрэг холбоо харилцааны хэрэгслүүд дээр өдөр тутмын бизнесийн харилцаа суурилдаг ч богинохон хугацаанд нүүр тулан уулзах нь ид шидийн гэмээр үр нөлөөтэй байж, санаанд оромгүй боломжуудыг нээдэг."
Physician's Technology-ийн гүйцэтгэх захирал Дэвид Саттон. Тус компани Willow Curve хэмээх өвчтөнд зориулсан дижитал системийг бүтээжээ.
5. Цаг тутам 15 минут босож зогс
“Судалгаа өдөржин суух нь эрүүл мэндэд хортой болохыг харуулсан. Тиймээс эрч хүчтэй, идэвхтэй байхын тулд гар утас юм уу PDA дээрээ цаг тохируулж цаг тутам оффисоосоо гарч явах юм уу ажлаа 15 минут зогсоогоороо хий. Уулзалт хийхдээ нөгөө хүнтэйгээ хамт алхаж, утсаар ярихдаа босож яв. Богинохон уулзалтуудыг сууж биш зогсож хийвэл үр дүнтэй.”
Sterling Marketing Group-ийг үүсгэн байгуулагч Карен Леланд. Тэрээр The Brand Mapping Strategy зэрэг шилдэг борлуулттай 9 ном бичжээ.

Kарен Леланд
6. Дасгал хий
“Энтрепренерүүд голдуу бизнесээ нэгт тавьсаар өөртөө зориулах цаг зав, эрч хүчгүй болдог. Өдөрт дасгал хийх цаг гаргахыг би өөртөө болон багийнхандаа ч уриалснаар бид урт хугацаанд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж чаддаг болсон. Хэрвээ бид тэдэнд өөртөө цаг гаргахад нь туслахгүй юм бол тэд нэг л өдөр эрч хүчээ шавхаж, төлөвлөөгүй цагт амралт авахад хүрнэ. Бие махбоддоо анхаарал хандуулахад аж амьдрал нь ч дагаад цэгцрээд ирдэг."
College Works Painting-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал Мэтт Стюарт
7. “Ухраах” аргыг хэрэглэ
“Уулзалт хийвэл төгсгөлөөс нь эхэл. Үүнийг хамгийн үр дүнтэй хийх арга нь гарах үр дүнг харгалзан бэлтгэх явдал юм. "Энэ ажлын үр дүнд бид юуг өөрчилсөн байх вэ?" гэж өөрсдөөсөө асуу. Хариулт нь “Бид 2016 оны 3-р улирлын төсвийг тодорхой мэдэж авсан байна” гэх мэт тоон үзүүлэлт байх хэрэгтэй. “Үүний дүнд шүүмжлэгчид дуугаа дуугаа хурааж, чимээгүй байгаа хүмүүс ам нээх болно" гэх мэт чанарын үзүүлэлтээр ч бас хариулах хэрэгтэй. Хариултыг харгалзан, тооцоолоогүй зүйлд нөөц цаг гарган, хугацаат төлөвлөгөөгөө гаргаарай. Хэрвээ бүгд ямар үр дүн гарахыг төсөөлөн ажилдаа орвол ажил цагтаа бүтэх болно.”
AzaLearning-ийн ерөнхийлөгч Мак Богерт. Тус байгууллага улс даяар 200 байгуулллагад үйлчилдэг ба энэ эрхэм "Learning Chaos: How Disorder Can Save Education" номыг зохиожээ.
8. Танилын сүлжээгээ өргөтгөх ямар нэг зүйлийг өдөр бүр хий
“Бизнесийг цэцэглүүлдэг суурь хүчин зүйл нь бусдын дэмжлэг туслалцаа байдаг. Тиймээс танилын сүлжээ бол тун чухал. Мэргэжилтнүүдтэй үүсгэсэн бат бөх харилцаа манай бизнест ихээхэн тус болсон. Тиймээс би өдөр бүр танилын сүлжээгээ өргөтгөх нэг ч гэсэн зүйл хийхийг дадал болгосон юм. Энэ нь нийтийн сүлжээнд хүн хайж олох, нөлөөтэй хүмүүс цуглардаг газраар явах, одоо байгаа танилуудаасаа хүн танилцуулахыг гуйх гэх мэт байж болно. Би өдөрт аль нэгийг нь заавал хийхийг хичээдэг.”
Desepoli Wealth Management-ийн гүйцэтгэх захирал Лу Десеполи. Тус компани төлбөртэй санхүүгийн стратеги төлөвлөгөө гаргаж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
9. Сайн хийдэг зүйлээ битгий хий
“ 'Өөрийн сайн хийж чаддаг зүйл дээрээ төвлөр. Хийж чаддаггүй зүйлсийг тань сайн хийдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл' гэсэн зөвлөгөөг бид олон жил сонссон. Гэхдээ тухайн харилцан яриа юм уу төсөлд нэмэр болж чадах нь заавал цагаа зарцуулах ёстой гэсэн үг биш болохыг би ойлгосон юм. Би сайн хийж чаддаг зүйлсдээ төвлөрөхийн оронд бусад хүн биш зөвхөн би л хийж чаддаг зүйлсэд төвлөрдөг болсон.”
Jekyll and Hyde Advertising-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Марк Ёнг. Тус компани 30 гаруй хэрэглээний барааны брэндийг амжилттай гаргажээ.
Эх сурвалж: Inc.com
Сэтгэгдэл бичих (1)


М Мөнхчулуун 202.9.40.163
Ёстой сайхан зөвлөгөөнүүд байна. Баярлалаа. Монголчууд зөв арга барилд суралцаад эхэлбэл бизнес болон ажил төрөлд нь ахиц дэвшил, урам зориг орох байх. Ингэснээр МОНГОЛЧУУДАД л ашигтай байх.