Манай улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эдийн засгийн идэвхгүй 137 мянга гаруй залуус бий. Тэдний дийлэнх нь хүүхдээ асрахын тулд гэртээ байгаа ээжүүд ажээ. Хүүхдээ асрах хүнгүйгээс болж ажилдаа эргэн орж чадахгүй, хэдэн жилээр карьераа завсардуулах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тэгвэл эцэг эхчүүдэд ажил, гэр бүлээ зохицуулахад нь байгууллагууд хэрхэн тусалж болох вэ? Энэ удаагийн хэлэлцүүлгээр гэр бүлд ээлтэй ажлын байрны талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна. 

Өмнөх дугаарын хэлэлцүүлгүүд:

Dialogue by Lorinet цуврал хэлэлцүүлэг EP1: Онцлох таван санаа
Dialogue by Lorinet цуврал хэлэлцүүлэг EP2: Онцлох таван санаа

ГУРАВДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ АЖЛЫН БАЙР

Зургийг: The New York Times

Гэр бүлд ээлтэй ажлын байр гэхээр хамгийн түрүүнд санаанд тань юу бууж байна вэ? Цалин хангамж сайтай, цагийн хуваарь нь уян хатан, шаардлагатай үед чөлөө өгч чаддаг байх уу? Мэдээж энэ бүхэн чухал. Гэвч эдгээрээс гадна хамгийн чухал зүйл нь ажилтнууддаа гэр бүлдээ цаг гаргах, хүүхдээ асрах боломж олгох юм. Хүүхэдтэй боллоо гээд хүн ажлаа орхих, ажлаасаа хөндийрөх шаардлагагүй шүү дээ. Энэ үед нь байгууллагаас дэмжлэг үзүүлж, ажил болон гэр бүлийн амьдралаа зохицуулахад нь туслах хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, Монгол Улсад ажлын хэт их ачаалал, хүүхэд асрах үйлчилгээний хязгаарлагдмал байдал, гэр бүлийн асрах ажлын тэгш бус хуваарилалтаас үүдэн олон эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэдээ шаардлагатай асаргаа халамж үзүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа. Тиймээс ажилтнуудаа гэр бүл, хүүхдэдээ цаг гаргах боломжтой нөхцөлөөр хангах нь байгууллагуудын анхаарах чухал асуудлын нэг болоод буй.

Тэгвэл гэр бүлд ээлтэй ажлын байрыг хэрхэн бий болгох вэ? Байгууллагууд юу хийх ёстой вэ? Энэ удаагийн цуврал хэлэлцүүлгээр эдгээр асуудлыг хөндөж, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлэхийг уриалж буй Гэр бүлд ээлтэй ажлын байр бодлогын талаар хэлэлцлээ.

Сонирхуулахад, НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн өнцөг булан бүрд хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, сайн сайхан амьдралыг нь дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Тус байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр эцэг эхчүүдийн ажиллах орчин, гэр бүлийн амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Гэр бүлд ээлтэй ажлын байр” бодлогыг 2019 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Уг бодлого нь эцэг эхчүүдэд хүүхдээ асрах, өсгөхөд нь дэмжлэг үзүүлэхийн сацуу ажиллах нөхцөлийг нь сайжруулахад чиглэдэг аж.

Түүнчлэн, Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн сан “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”-г хийж, үр дүнд нь хувийн хэвшлийнхэн төдийгүй төрийн бодлого шийдвэрт тусахад ч нөлөөгөө үзүүлжээ.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД


Модератор:

Ж.Хулан - The Media Show-ийн үүсгэн байгуулагч

Панелистууд:

С.Эрдэнэбаяр - ТЭСО Инвестмэнт Группийн Гүйцэтгэх захирал

Б.Жаргал - НҮБ-ын Хүүхдийн сангийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ОНЦЛОХ 5 САНАА 

1. Ажилтны гэр бүлийн асуудал ажлын бүтээмжид ч нөлөөлдөг

Зургийг: The New York Times

Монголын хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг болох ТЭСО групп ажилтнуудынхаа гэр бүлийн хэрэгцээг харгалзан үзэж, ажлын байрандаа гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьдог гэнэ. Тухайлбал, ажилтнуудынхаа хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдэхийн тулд үйлдвэрүүдийнхээ дэргэд цэцэрлэг байгуулжээ. Ингэснээр ажилтнууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр ажлаа хийх, төвлөрөх боломжтой болсон байна. Уг цэцэрлэгт дан ганц ТЭСО группийн ажилчдын хүүхдүүд гэлтгүй тухайн бүс хэсгийн хүүхдүүд ч хамрагдах боломжтой аж. Энэ нь боловсролын салбарын дэд бүтцийг нэмэгдүүлж буй бас нэгэн чухал ажил болж байгаа билээ.

“Гэр бүлийн асуудлаа шийдэж чадаагүй хүн ажлын бүтээмж гаргана гэж байхгүй шүү дээ. Тиймээс ажилтнуудынхаа гэр бүлийг дэмжихийн тулд бага насны хүүхдүүдийнх нь цэцэрлэгийн асуудлыг шийдэж, үйлдвэрүүдийнхээ дэргэд хоёр ч цэцэрлэг байгуулсан юм.

Хэрэв компанийн дэргэд цэцэрлэг байгаагүй бол ажилтан хүүхдээ хаана үлдээх вэ гэдэг асуудлаас болоод ажлаа солих, эсвэл цэцэрлэгт нь ойр өөр газар ажил хайхаас өөр аргагүй болно. Гэхдээ энэ нь тухайн хүн ажилдаа дургүй, эсвэл ажлын байрандаа өсөж хөгжих боломжгүй гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л хүүхдээ асруулах хэрэгцээнээсээ болоод карьераа өөрчлөхөд хүрч байгаа хэрэг. Харин бид цэцэрлэг байгуулснаар энэ асуудлыг нь шийдэж, ажилтнууддаа ажлаа үргэлжлүүлэн хийх, карьерын хувьд ч өсөж хөгжих боломжийг олгож байгаа юм.”

С.Эрдэнэбаяр - ТЭСО Инвестмэнт Группийн Гүйцэтгэх захирал

2. Эцэг эхчүүдийг ажилдаа эргэн ороход нь байгууллагууд дэмжлэг хамгийн чухал

Зургийг: Vox

Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хувийн хэвшлийн 50 байгууллагын 1,000 гаруй ажилтны дунд “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт” судалгааг явуулжээ. Судалгаанд оролцсон байгууллагуудын 90 хувь нь жирэмсний болон амаржсаны чөлөө олгодог гэж хариулсан байна. Гэвч ажилтнуудын 90 гаруй хувь нь чөлөөгөө аваад ажилдаа эргэн ороход хүүхэд асрах асуудал тулгарсаар байгааг судалгааны дүн харуулжээ. Тухайлбал, ажилтнуудын 68 хувь нь хүүхдээ асрах шаардлагаас болж ажилдаа хоцордог, 52 хувь нь тухайн өдөр ажилдаа ирж чаддаггүй, харин 28 хувь нь ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрдэг гэж хариулсан байна.

“Манай хувийн хэвшлийн байгууллагууд жирэмсний болон амаржсаны чөлөө олгох тал дээр боломжийн сайн байгаа ч ажилтнууд чөлөөгөө аваад ажилдаа эргэн ороход хүүхэд асрах асуудал нь шийдэгдсэн байдаг уу гэдэгт илүү анхаарах хэрэгтэй гэдгийг дээрх судалгааны дүнгээс анзаарч байгаа болов уу. Тиймээс байгууллагууд эцэг эхчүүдийг ажилдаа эргэн ороход нь ямар дэмжлэг хэрэгтэй байгааг анхаарч, тэр хэрэгцээнд нь нийцсэн орчин бүрдүүлэх нь чухал юм.”

Б.Жаргал - НҮБ-ын Хүүхдийн сангийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

3. Хүүхдийн хөгжилд аавын оролцоог ч орхигдуулж болохгүй

Зургийг: The New York Times

Зарим хүмүүс хүүхэдтэй болох, хүүхдээ асрахтай холбоотой асуудлыг зөвхөн ээжүүдийн үүрэг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь хүүхдийн өсөлт хөгжилд аавын оролцоо ч мөн адил чухал. Гэвч хүүхэд асрах үүрэг ихэвчлэн ээжүүдэд ногдож, аавуудын оролцоог орхигдуулах нь бий. Тиймээс байгууллагуудын гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого нь зөвхөн ээжүүдэд бус, аавуудад ч хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх, өсөлт хөгжилд нь оролцох боломж олгоход чиглэх ёстой.

“Манай байгууллагын хувьд хүүхэд асрах гэдгийг зөвхөн ээжийн нуруун дээр байх ёстой асуудал гэж үздэггүй юм. Тиймээс “Ээжид ээлтэй ажлын байр” биш, “Гэр бүлд ээлтэй ажлын байр” гэж нэрлэж байгаа юм. Гэр бүлд ээж, аав хоёулаа бий. Аавууд ч мөн адил хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, өсөлт хөгжилд нь оролцох хэрэгцээтэй.

Мөн гэр бүлийн нөхцөл байдал ч гэсэн өөр шүү дээ. Дан ганц хүүхэд төрүүлсэн ээж аав гэлтгүй хүүхэд өргөж авсан эцэг эхчүүдэд ч хүүхдээ асарч, дасан зохицоход нь цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс хүүхэдтэй болж, хүүхдээ асрах шаардлага үүсэж байгаа гэр бүлийн янз бүрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг бодлогоороо хамруулах ёстой санагддаг юм.”

Б.Жаргал - НҮБ-ын Хүүхдийн сангийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

4. Байгууллагууд өөрсдийн боломж, бололцоондоо тулгуурлан гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх боломжтой

Зургийг: The New York Times

Гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгохын тулд байгууллага бүр заавал цэцэрлэг барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Үүний оронд ойр орчмын цэцэрлэгтэй хамтран ажиллаж, урсгал зардлыг нь хуваах хэлбэрээр ажилтнуудынхаа хүүхдийг хамруулах, мөн хүүхдээ авахын тулд ажлын цагаа уян хатан зохицуулах боломж олгох зэрэг энгийн шийдэл ч бодит дэмжлэг болж чадах юм. Хамгийн гол нь байгууллага ажилтнууддаа ямар хэрэгцээ байгааг ойлгож, түүнд тохирсон шийдэл гаргах явдал юм.

“Байгууллага бүрийн үйл ажиллагаа, ажлын онцлог өөр учраас гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг бүгд ижил байдлаар хэрэгжүүлэх боломжгүй. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын ажлын цаг, ачаалал оффисын ажилтнуудынхаас өөр байдаг. Тиймээс байгууллага бүр өөрийн нөхцөл байдал, ажилтнуудын хэрэгцээнд тохирсон шийдэл гаргах шаардлагатай. Энэ асуудал эцсийн дүндээ удирдлагын шийдвэр гаргалт, тухайн хүний харах өнцгөөс их хамаардаг. Ажилтнаа ойлгож байна уу, нэг, хоёр, гурван удаа хоцроод ирэхэд нь хүртэл ойлгож байна уу гэдэг чухал. Гэхдээ дүрэм журмыг ч бас баримтлуулах ёстой. Хүнээ дэмжихийн зэрэгцээ бусад ажилтантайгаа тэнцвэртэй хандаж чаддаг байх хэрэгтэй. Ийм соёлыг зөв бүрдүүлэх нь удирдлагын хандлага, сэтгэхүйгээс ихээхэн шалтгаална.”

С.Эрдэнэбаяр - ТЭСО Инвестмэнт Группийн Гүйцэтгэх захирал

“НҮБ-ын Хүүхдийн сангаас байгууллагуудад энэ бодлогыг хэрэгжүүлэхэд нь зориулан гарын авлага, зөвлөмж боловсруулсан. Уг гарын авлагад байгууллага эхлээд өөрийн нөөц бололцоо болон ажилтнуудад тулгарч буй асуудлыг тодорхойлж, үүнд үндэслэн дотоод журамдаа ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг үнэлэх талаар тусгасан. Мөн бодлогоо батлаад зогсохгүй, хэрэгжилтийг нь тогтмол хянаж, үнэлэн сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүд багтсан тул энэхүү бодлоготой маань танилцаж, заавар зөвлөмж аваарай”

Б.Жаргал - НҮБ-ын Хүүхдийн сангийн Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

5. Гэр бүлд ээлтэй ажлын орчныг бүрдүүлэхэд ажилтнуудаа сонсох хэрэгтэй

Зургийг: The Guardian

Байгууллага гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд тодорхой хөрөнгө оруулалт хийж, шинэ бодлого хэрэгжүүллээ гээд үр дүн нь шууд харагдахгүй. Харин тухайн зохицуулалт ажилтнуудад хэр хүрч байгаа, бодит хэрэгцээг нь шийдэж чадаж байгаа эсэхийг тогтмол үнэлэх шаардлагатай. Үүний тулд ажилтнуудын санал хүсэлтийг сонсох, судалгаа авах, ажлаас гарч буй хүмүүсийн шалтгааныг тодруулах зэрэг олон аргыг ашиглаж болно. ТЭСО группийн хувьд ч ажилтнуудынхаа санал хүсэлтийг тогтмол авч, тэдгээрт үндэслэн бодлогоо жил бүр дүгнэж, сайжруулдаг байна.

“Бид ажилтнуудаа сонсохыг хамгийн чухалд тооцдог юм. Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүрийнхээ дараа санал хүсэлт авч, судалгаа хийдэг. Мөн ажлаас гарч байгаа хүн бүрээс яагаад ажлаасаа гарах болсон шалтгааныг нь тодруулдаг. Хувийн асуудал байсан уу, байгууллагын дотоод орчин, ажлын нөхцөл эсвэл байршилтай холбоотой юу гэдгийг асууж, эдгээр санал хүсэлтийг нэгтгэхийг хичээдэг дээ.

Гэхдээ ганц хүний хэлсэн зүйлээр шууд дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс санал хүсэлт, судалгааны үр дүнгээ нэгтгэж байж тодорхой шийдвэр гаргадаг. Ерөнхийдөө жил бүр бодлогоо эргэн харж, цаашид хэрхэн сайжруулах, ямар асуудалд илүү анхаарах шаардлагатайг тодорхойлдог.”

С.Эрдэнэбаяр - ТЭСО Инвестмэнт Группийн Гүйцэтгэх захирал

Энэхүү хэлэлцүүлгийг илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл энд дараарай.