Жил бүрийн 5 сарын 17-нд дэлхийн 130 гаруй улсад ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой IDAHOT нэртэй өдөрлөг зохион байгуулагддаг. Өнөөдрийн дугаартаа бид энэ өдрийг угтуулан бэлгийн цөөнх гэгддэг ЛГБТИ хүмүүсийн эрх, эдгээр хүмүүсийг олон улсад хэрхэн авч үздэг тухай судлан бичихийг хичээлээ. Хүний эрхийг дээдэлнэ, нас, хүйс, гарал үүсэл, бэлгийн чиг баримжаагаар хүмүүсийг үл ялгаварлана гэж хуулиндаа заасан ардчилсан улсын иргэд энэ талын ойлголт, мэдээлэлтэй байх нь зүйтэй гэж үзээд аль нэг талыг барилгүй энэ нийтлэлийг бичлээ.
IDAHOT 2017 Олон улсын хөдөлгөөний тухай
Зарим хүмүүсийн өвчин, гаж явдал, зүй бус үйлдэл, байж болшгүй үзэгдэл хэмээн үздэг ижил хүйсийн хүмүүсийн харилцааг анх 1973 онд АНУ-ын Сэтгэцийн Эмч Нарын Холбооноос сэтгэцийн өвчин биш, хүний бэлгийн чиг баримжаа гэдэг бол төрөлхийн зүйл хэмээн улсын хэмжээнд сэтгэцийн өвчний жагсаалтаас хасаж байжээ. Харин 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан байна. Өөрөөр хэлбэл хүний бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэмж нь сонголт биш, төрөлхийн зүйл гэдгийг нотолжээ.
Гэсэн хэдий ч ЛГБТИ хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэлтэй хүмүүс олон байдаг нь IDAHOT хөдөлгөөнийг эхлүүлэх үндэс болжээ. IDAHOT нь анх 2004 онд International Day Against Homophobia буюу Гомофобийн эсрэг Олон Улсын өдөрлөг нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бол өдгөө нэрэндээ Transphobia (Трансфоби), Biphobia (Бифоби) зэрэг нэршлийг авч хүрээгээ тэлсэн байна. Уг өдөрлөг нь лесбиян, гей, бисексуаль, трансжендэр хүмүүсийн эрхийг хамгаалах, бэлгийн цөөнхийн талаарх мэдлэгийг түгээх, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой.
2017 онд IDAHOT нь “Love Makes A Family” буюу “Гэр бүлийг хайр бий болгодог” нэртэйгээр ЛГБТИ хүмүүсийн гэр бүл, тэдний эцэг эх, тэдэнд тулгарч буй нийгмийн асуудлууд, ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажээ.

IDAHOT 2017 Монголд
Монгол улс Эрүүгийн хуулиндаа бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй гэж зааж өгсөн нь Монгол улс ЛГБТ хүмүүсийн эрхийг хангах хамгаалах, тэдгээр хүмүүсийг үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн золиос болохоос сэргийлж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч Монгол улсад ЛГБТ хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхах, үзэн ядах явдал нэлээд түгээмэл байдгийг та бид мэднэ.
Энэ жил Монгол улсад IDAHOT 2017 үйл ажиллагааг угтан 2017 оны 5-р сарын 10-наас 17-ны хооронд "Залуус Эрүүл Мэнд Төв" ТББ болон "Хүний Эрх Залуучууд Эрүүл Мэндийг Дэмжих Төв"ТББ-ын зүгээс дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа аж:
-"Open Mic – Нээлттэй микрофон” дуу хоолой сонсох өдөрлөг
-ЛГБТИ сэдэвт “Хязгааргүй” комик ном, олон ангит кино болон анимейшн
-ЛГБТИ олон нийтийн бодит түүхүүдээс бүтсэн “Солонгын түүхүүд” ном
-Гэр бүлийн уулзалтууд
-Хөрөнгө босгох үйл ажиллагаа
ЛГБТИ хүмүүсийн эрх олон улсын хэмжээнд
ЛГБТИ хүмүүсийн эрхийг бүрэн хэмжээнд зөвшөөрнө гэдэг нь ижил хүйсийн хүмүүсийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Тэгвэл ингэж хуульчилсан орнуудад Нидерланд (2001), Бельги, Испани, Канад, Өмнөд Африк, Норвеги, Швед, Португаль, Исланд, Аргентин, Дани, Бразил, Франц, Уругвай, Шинэ Зеланд, АНУ, Люксембург, Ирланд, Колумб, Финланд (2017 оны 3 сарын 1) зэрэг Америк, Европ, Австрали, Африк тивийн нийт 21 орон багтдаг байна.
Түүнчлэн Исланд, Люксембург улсуудад ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн нь хүмүүсийн дунд байдаг “цөөн хүн амтай улсад байж болохгүй зүйл” гэсэн ойлголтыг няцаасан явдал гэж, хүн амын олонх нь католик шашин шүтдэг Ирланд улс 2015 онд бүх нийтийн санал асуулга явуулсны үндсэн дээр иргэдийн 62 хувь нь энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн нь тус улсын иргэд хүний эрх, эрх чөлөөг шашнаас дээгүүрт тавьж буйг харуулж байна хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд үздэг гэнэ. Эдгээр улсуудаас гадна Австри, Герман, Грек, Чех, Унгар, Швейцарь зэрэг Европын голдуу 20 гаруй улсад ижил хүйсийн иргэдийн харилцааг “хамтран амьдрагч” хэлбэрээр хүлээн зөвшөөрч, гэрлэсэн хосуудтай адил өв залгамжлал, татвар, эрүүл мэндийн даатгал, үр хүүхдээ асран халамжлах, хамтран моргейжийн зээл авах зэрэг харилцаанд эсрэг хүйсийн хосуудтай адил эрх эдлэх, хөнгөлөлт авах боломжийг олгожээ.

Харин АНУ-д 2015 оныг хүртэл ижил хүйсийн гэрлэлтийг муж бүр өөр өөрсдийн хуулиараа зохицуулдаг (зарим мужид хориглож, зарим мужид зөвшөөрдөг) байсан бол 2015 оны 6 сарын 26-ны өдөр АНУ-ын Дээд Шүүх хүний үндсэн эрх болох гэрлэх эрх нь ЛГБТИ иргэдэд ч хамаарах эрх бөгөөд уг эрхийг хязгаарласан, хориглосон аливаа мужийн хууль АНУ-ын Үндсэн Хуулийг зөрчсөн тухай шийдвэрийг гаргажээ. Ингэснээр АНУ-ын муж бүр Дээд Шүүхийн уг шийдвэрийг биелүүлж, ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч гэрлэлтийн гэрчилгээ олгох үүргийг хүлээсэн байна.
Ази тивийн хувьд хамгийн сүүлд энэ оны эхээр Тайвань улсын хүний эрхийг дэмжигчид Дээд Шүүхдээ нэхэмжлэл гаргасан бөгөөд Тайванийн иргэний хуулинд заасан “гэрлэлт нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд байна” гэсэн заалт нь үндсэн хууль зөрчсөн эсэх талаар шийдвэрлэж өгөхийг нэхэмжлэлдээ дурджээ. Дээд Шүүхээс хэрвээ уг заалт Тайванийн Үндсэн Хуулийг зөрчсөн, иргэдийг ялгаварлан гадуурхаж, ЛГБТИ иргэдийг гэрлэх эрхийг хязгаарлажээ гэж тогтоох аваас Тайвань нь ижил хүйсийн гэрлэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны Азийн улс болох ажээ.
Манай сайт иргэдийн оролцоо, эрх тэгш байдлыг дэмжих аливаа санаачилгыг дэмждэг бөгөөд та санал сэтгэгдлээ editor@unread.today имэйлээр хуваалцаарай.

