Улаанбаатарын хамгийн таатай хотхон цувралын ээлжит дугаарт тавтай морил. Энэ дугаартаа бид "хотын шинэ суурьшлын бүс" хэмээх ойлголтыг нэвтрүүлж, Улаанбаатар хотын тэлэлтийн эхлэлийг тавьж асан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллыг онцоллоо. 

10 гаруй жилийн тэртээ эзгүй зэлүүд газарт усны хоолой татаж, автозам барихаас эхлээд дэд бүтцийн олон нүсэр ажлыг цааснаас бодит байдал болгон амжилттай гүйцэтгэж яваа уг анхдагч төсөл 
нийслэлчүүдэд олон шинэ боломж, сонголтын эхлэлийг тавьж өгсөн билээ. 


Хотхоны нэр: Шинэ Яармаг цогцолбор хороолол
Захиалагч: "UPC" ХХК (United Projects Corporation) - New Yarmag Housing Project ХХК
Гүйцэтгэгч: Delta Construction (ISO чанарын стандартыг ханган, гэрчилгээ авсан салбарын анхны компани)
Зураг төсөл гүйцэтгэгч: "Анаграм" ХХК
Эхний блок ашиглалтад орсон он: 2013 он
Ашиглалтад бүрэн орох: 2028 он
Хотын төвөөс: 12 км-ийн зайд
Хаяг: AIC Steppe Arena-ийн чанх ард талд, Яармагийн зам дагуу
Холбоо барих: 7712 3456
Сошиал хуудас: Facebook, Youtube



ЯАГААД "шинэ яармаг" ВЭ?

ЭРҮҮЛ ОРЧИН

2006 он. Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА хариуцан “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа”-г таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байсан үе. Хот төлөвлөлтөөр мэргэшсэн туршлагатай баг нийслэл хотын дараагийн 20 жилийн өнгө төрх, бүтцийг боломжит бүтээмжтэй түвшинд хүргэх зорилгоор олон зуун шалгуурын хүрээнд судалгаа хийж байв. Энэ багт одоогийн "Шинэ Яармаг" цогцолбор хороолол төслийг санаачлагч Ц.Ууганбаяр орж ажилласан нь түүнд шинэ суурьшлын бүс хэмээх хот төлөвлөлтийн чухал нэгэн төрлийг илүү гүн ойлгох боломж олгосон гэдэг. Энэ цагаас эхлэн төслийн судалгааны ажил эхэлжээ.

2011 он. Байршлын хувьд хотоос холгүй, зам харилцаанд холбогдоход хурдан ч ямар ч дэд бүтэцгүй, төлөвлөлтгүй байсан Яармаг орчмын газартай танилцав. Эрсдэл өндөртэй, урт хугацааны олон хувилбарт цогц төлөвлөгөөгүй л бол эгц хадны ирмэг даган алхах мэт арвин сорилт дунд ажиллахаас аргагүйд хүрдэг барилгын салбарынхны хувьд Яармаг тэр чигээрээ бооцоо л гэсэн үг. Ашиг орлогоо бодвол хэдийн дэд бүтэц, харилцагч, худалдан авагчид нь шийдэгдсэн хотын төвөө бараадвал эргэлзэх зүйлгүй хожоотой ч алсын хараа, урт хугацааны зорилго нь Яармаг тийш сайн совинг татсан гэхэд хилсдэхгүй. Учир нь шинэ суурьшлын бүс болгоход тохирсон хамгийн чухал үзүүлэлт болох орчны болоод хөрсний эрүүл байдал энэ газарт цогцоороо байсан гэдэг. Өмнө хүний хөлд дарагдаагүй, зундаа наадмын үеэр л морь уралдуулдгаас бусдаар жилийн дөрвөн улиралд ажин түжин байдаг газар тул арга ч үгүй. Энэ жилдээ багтан "Шинэ Яармаг" хорооллынхоо шавыг тавьж 10 гаран жил шаардагдах их ажлаа эргэлт буцалтгүй эхлүүлжээ. Ийнхүү хотын шинэ суурьшлын хэмээх үг бидний үгсийн санд нэвтэрч, хот тэлнэ, тэлэхдээ шинэ газарт, эрүүл орчинд, зөв төлөвлөлттэйгөөр гэх ойлголт олны сонорт дуулдаж эхэлсэн гэдэг.

2023 он. 2013 онд барилгын ажлаа эхлүүлж байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд 2500 ажилтан барилгын талбайд зэрэг ажиллуулан, 20 блок буюу 100 мянган м.кв барилга угсралтын ажлыг зэрэг гүйцэтгэх гэх мэтээр дотооддоо анхных гэж тооцогдох олон нүсэр шийдвэр гаргаж, түүнийгээ ч зориглон гүйцэтгэсээр 2016 онд эхний 120 айлын орон сууцаа ашиглалтад оруулж чадсан байна. Одоогоор хотхон нийт гурван лот (хэсэг) бүрдэх ба одоогоор нэгдүгээр лот 60 хувь, хоёрдугаар лот 10 хувь, гуравдугаар лот 55 хувьтай ашиглалтад орж, өдгөө нийт 1000 орчим айл өрх амьдарч буй. Сонирхуулахад 10 гаруй жилийн өмнө хүмүүс Яармаг орчмын байр зарагдахгүй хэмээн үзэж, шинэ суурьшлын бүс дэх байрны үнэ м.кв нь гурван сая төгрөгт хүрнэ гэхэд итгэдэггүй байсан бол 2023 онд энэ тоо 3.8 сая төгрөгт хүрсэн ч эрэлттэй хэвээр байсаар байна.



ХҮН ТӨВТЭЙ БАЙГАЛЬ ДУНД ОРШИХ ТӨЛӨВЛӨЛТ

Уг хорооллын үндсэн консепц "Хүн төвтэй байгаль дунд орших төлөвлөлт" хэмээх агуулгад зангидагддаг. Тиймдээ ч төв зам, хотхоны байршил, хотхон дундах төлөвлөлт, орц болон орон сууцны төлөвлөлтүүдийг оршин суугчдадаа таатай, байгальд ойр байхаар төлөвлөж өгчээ.

Ямар ч хаалт, хашлаганд хоригдохгүйгээр уул руу гарах, хотхон дотроосоо ногоон байгууламжийг мэдрэх, тэжээвэр амьтнаа салхилуулах, гүйх дасгал хийх талбай, цайны дээж өргөх, гэр бүлээрээ мах шарж идэх, цахилгаан машинаа цэнэглэх гэх мэт хэсгийг тусад нь шийдэж өгсөнд хотхоны оршин суугчдад багахан атаархах сэтгэл төрүүлснийг нуухгүй.

Энэ утгаараа бид "Шинэ Яармаг" хорооллыг "Улаанбаатарын хамгийн таатай хотхон" буланд маань яриангүй тохирно хэмээн үзэж, ээлжит дугаараа цас бударсан өвлийн сар гэж хойргололгүй, урамтай гэгч нь үүргэвчээ мөрлөн Яармагийг зорьсон билээ.

байршил

Нуулгүй хэлэхэд "Таатай хотхон"-д нэр дэвшүүлэхэд сэтгэл төвдөхгүй нэг л эргэлзээ байсан нь түгжрэл байлаа. Хотоос 12 км-ийн зайтай ч гурван эгнээ, сайтар зассан үзэмжтэй замтай, автобусны чиглэл нь тогтож, үүднээсээ л нийтийн тээвэрт суугаад явах боломжтой болсон ч түгжрэл гэх "мангаа" Яармаг тийш зүглэхэд бодол тушна. Түүнээс бусдаар хотын дуу чимээ, агаарын бохирдол, хараа туших ойрхон баригдсан өндөр барилгуудаас ангид энэ орчин оршин суугчдынхаа сэтгэл зүй хийгээд гоо зүйн мэдрэмжид ээлтэй, амар тайванг мэдрүүлж чадах байрлал байлаа.

Тийм ч болохоор бид хотхоны удирдлагуудтай уулзахдаа байршлын хувьд олон зүйл тодруулж нуршилгүй нэг л асуултад анхаарал хандуулсан нь "Яармагийн замын хөдөлгөөнийг хэрхэн дүгнэх вэ? Та бүхэн энэ хүндрэлийг ойрын 10 жилд хэрхэн шийдэгдэнэ гэж харж байгаа вэ?" байлаа. Тэд энэ талаар "Хүмүүс түгжрэлийг Яармагт асуудал байна гэж эндүүрээд байгаа ч үнэндээ энэ нь хот төлөвлөлтийн, төвлөрлийн асуудал юм. Улаанбаатар энэ хэвээрээ төлөвлөлтгүйгээр өндөр барилга нэг цэгт олноор нь барьсаар байвал хэчнээн олон зам гүүр тавиад ч тусыг олохгүй. Зам нэмэгдэхийн хэрээр машин, барилга нэмэгдэхийн хэрээр хүн нь нягтаршиж үүнийг даган түгжрэл ч хурцадсаар байх нь гарцаагүй. Яармагийн түгжрэл хот дотроо түгжирснээс үүдэн хотоос гарах болон орох урсгал бүхэлдээ саарч байгаагийн илрэл болохыг ойлгох хэрэгтэй. Хотын төвд амьдарч байгаа гээд түгжрэлд өртөхгүй яваад байгаа зүйлгүйгээс бэлхнээ харж болно. Энэ тохиолдолд цагаа л зөв төлөвлөж чадвал харин ч хотын асуудлаас ангид илүү тайван, сэтгэл ханамжтай ажиллаж амьдрах боломжтой. Яармагийнхан энэ тал дээр харьцангуй хурдан учраа олчихдог шүү. Ялангуяа ажил нь энэ хавиараа байдаг айл өрхүүд бол хотын төв рүү оролгүй хэдэн сар ч болчихсон байдаг тохиолдлыг олон мэднэ" гэсэн нь ахиж энэ сэдвийг хөндөх хэрэгцээгүй бүрэн хариулт байсныг тодотгоё.



ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН АРХИТЕКТУР 

АЙЛ БҮР НАРТАЙ

Шинэ газарт "цас ханзлан" барилгажилт эхлүүлсэн тул энэ хорооллын төлөвлөлт бүхэлдээ юунаас ч үл хамааран хамгийн таатай, ашигтай байхаар зохицуулагдсан мэт. Барилга бүр хоорондоо стандарт буюу 10-15 метрийн зайг барьсан байх ба үүний ачаар хотхоны айл бүр өдөрт багадаа гурав ба түүнээс дээш цагаар нарны гэрэл үзэх боломжтой болжээ.

ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Шинэ Яармаг цогцолбор хорооллыг сонгох том шалтгаан нь айл бүрийн өрөөний зохион байгуулалт. Тодруулбал, айл бүр:
- харанхуй өрөө,
- гал тогоог зочны өрөөнөөс тусгаарласан шилэн хана,
- унтлагын өрөөтэй залгаа хувцасны өрөө,
- угаалгын машин, хатаагчаа байрлуулах тусдаа угаалгын (laundry) өрөө,
- агуулахын талбай,
- байрны үнээс шалтгаалан террастай эсвэл виранда буюу ашиглалттай тагттай гэх мэтээр оршин суугчдын амьдралын хэв маягийг чанартай болгох олон интерьерийн шийдлүүд багтсан нь үнэхээр их таалагдлаа.

ХОТХОН ДОТОРХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хамгийн түрүүнд таалагдсан зүйл нь хотхон дотор ямар ч автомашины хөдөлгөөнгүй байсан явдал. Бага насны хүүхдүүд орцноосоо гараад л тоглоомын талбайд ханатал наадаж, эцэг эхчүүд ч хүүхдээ автомашинаас айлгүй тоглуулах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл хотхон доторх автомашины хөдөлгөөн бүхэлдээ В1 давхарт явагдах ба гадаа зогсоол нь хорооллын хажууханд, байрнуудын харалдаа байгаа нь таалагдлаа. Мэдээж хэрэг яаралтай тохиолдолд гал команд болон түргэний машин хотхонд саадгүй нэвтрэх, хөдөлгөөн хийх хангалттай орон зайтай байсан нь нэг талаар мэдээжийн хэрэг мэт боловч, цонх цонхоо даран замбараагүй барилгажилт хэт их болсон өнөө цаг үед сайшаахгүй байхын аргагүй давуу тал юм.

ҮЕР УСНЫ АЮУЛГҮЙ

Яармаг орчим нь газарзүйн хувьд гүдгэр газарт ордог. Мөн зайчилж бус замчилж барьсан гэдэг утгаар "Шинэ Яармаг" хорооллыг аливаа үер ус, байгалийн хүчин зүйлийг харгалзан барьсан нь сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн туршлагад сургамжтайхан суусан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн талаарх нийтлэг ойлголтод хариулт болно.

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БҮГД НЭГ ДОР

Таатай хотхон гэдэг нь зөвхөн орон сууцны талаарх ойлголт бус, бүрэн төлөвлөлтийн тухай цогц сэдэв юм. Хорооллын харалдаа

- 240 хүүхдийн улсын цэцэрлэг (баригдаж байгаа)
- 1000 хүүхдийн Тольт дунд сургууль (баригдаж байгаа)
- Мөсөн өргөө Steppe Arena
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- Олон улсын стандарт бүхий хөл бөмбөгийн талбай
- 0-3 насны хүүхдүүдэд тохиромжтой тусгай тоглоомын талбай

зэрэг баригджээ. Түүнчлэн фитнес, эмийн сан, кофе шоп, супермаркет зэрэг хэрэгцээний үйлчилгээ байрласан ба төрийн үйлчилгээ буюу хороо, цагдаа, эмнэлгийн үйлчилгээг хоёр км дотроо авах боломжтой.

НОГООН БАЙГУУЛАМЖ

Нийт 30 га талбайд хэрэгжиж буй энэ хотхоны 40 хувийг ногоон байгууламж, 30 хувийг зам талбай, 30 хувийг барилгажилт эзэлж буй. Энэ нь ч зун, өвлийн ялгаагүй тухтай мэдрэмжийг төрүүлэхүйц аж. Сүүлийн жилүүдэд эрчтэй барилгажсан нийслэлийн оршин суугчид ногоон байгууламж, нарны гэрлийн үнэ цэнийг бодитоор үнэлдэг болсон тул үүнээс илүүг нурших илүүц биз ээ.



БАРИЛГЫН ЧАНАР

ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ

Барилгын чанар бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах хамгийн том шалтгааны нэг мөнөөс мөн. Энгийн нэг айлын хувьд 20-30 жилийн хөдөлмөрөө чанартай сайн байранд зарцуулахыг хүсэх нь гарцаагүй асуудал. "Шинэ Яармаг"-ийн хувьд ч энэ тал дээр сайтар анхаарснаа биднийг угтан авах мөчөөс тодотгож, барилгынхаа материал, барьсан аргачлалыг бодит загвар дээр харуулан тайлбарласан юм.

Суурь: Энгийнээр тайлбарлавал, барилгын суурийг босгохдоо давхарлан өрөх бус лего өрж буй мэт нэгээс нөгөөтэй эвцэлдэх хэлбэрээр молдокдон засаж цутгасан нь ханын бат бөх чанарыг сайжруулдаг гэнэ. Мөн фасадыг зэвэрдэггүй хөнгөн цагаанаар шийдсэнээс гадна зун сэрүүн, өвөл дулаан, хавар намрын цагт чийг мөөгөнцрөөс хамгаалах зорилгоор амьсгалдаг металь фасадаар шийдэж өгчээ. Энэ нь ч байруудын өнгө үзэмжид ихээхэн нэмэртэй, өнгөлөг харагдуулсан сонголт болжээ.

ГАЛААС АЮУЛЫГ СААРУУЛАХ КОРИДОРУУД

"Шинэ Яармаг" хотхоны орцоор зочлоход нэгэн шийдэл сонирхолтой санагдсанаа хуваалцахад галын аюулын үед агаар хадгалах зориулалттай "сүрхий" үүрэгтэй коридор байсныг хэн мэдэх билээ. Жирийн бидний нүдэнд "орц нь сайхан сэлүүхэн зайтай юм" гэдэг бодол л зурсхан төрүүлэх энэ хэсэг угтаа бол гал гарсан тохиолдолд гарц бүхий шатыг галаас тусгаарлаж, шатны хэсгийн агаарыг хадгалж, оршин суугчдын болзошгүй гэмтлээс хамгаалах даалгавартай аж. Олон улсын уг стандарттай энд ирж танилцлаа.



ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД

Хөрөнгийн менежмент

СӨХ-ийн үйл ажиллагаа бол оршин суугчдын сэтгэл ханамжид хамгийн нөлөөтэй үйлчилгээ. "Шинэ Яармаг" хорооллын СӨХ-ийн менежментийн захиалагч буюу толгой компанийн охин компани болох Green Property ХХК хариуцан ажилладаг. Энэ нь ч оршин суугчдад гүйцэтгэл, үйлчилгээний тал дээр цөөнгүй давуу талыг үүсгэдэг байна.

Дуу чимээний бохирдол

"Шинэ Яармаг" хороололд саатсан хагас өдрийн туршид манай багийнхан суурин амьдралын нөхцөлд дэндүү тансаг гэмээр элдэв чимээгүй тайван орчинд ажилласаар хотын зүг хөдөлсөн билээ.

Баригдаж дууссан тохиолдолд л захиалгаа өгч болно

UPC компанийн зүгээс захиалагчдад хүндрэл учруулж, төлөвлөлтийн алдаа гаргах эрсдэлээс ангид байх үүднээс барилга баригдаж байх хугацаанд захиалга авалгүй, баригдаж дууссан тохиолдолд л борлуулалт хийдгээ тодотгож байлаа.

24 цагийн харуул хамгаалалт

Бүх айлын дохиолол, хонх харуул хийгээд удирдлагын өрөөнд холбогдож аюулгүй байдлыг хангадаг байна.

Дугуйн зам

Шинэ Яармаг хорооллоос эхлэх дугуйн зам Мишээл Экспогийн цэцэрлэгт хүрээлэн цаашлаад Зайсан хүртэл холбогддог аж. Машин, автобуснаас эхлээд такси хүртэлх цаашаа ч үгүй, наашаа ч үгүй тээврийн ойлголтод минь тун ч спортлог давуу талыг нь дугуйн зам гэж дүгнэх байна.



"шинэ яармаг" цогцолбор хороололД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

Бид тус цуврал нийтлэлээ уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй хийгээд цаг хэмнэхэд нь туслах үүднээс үнэлгээгээ

1. "Ногоон орчин, гадаа талбай"-н хүртээмж;
2. "Байршил";
3. Сар бүрийн тогтмол зардлын хэмжээг үнэлэх "Өртөг зардал";
4. Орчны тав тухтай байдлыг илтгэх "Дуу чимээ";
5. "Архитектур";
6. Нарны гэрэл, цонх, давхрын болон барилгын "Төлөвлөлт";
7. СӨХ-ны үйл ажиллагааг илтгэх "Хөрөнгийн менежмент";
8. Газар хөдлөлтийн тэсвэр, ус чийгийн хамгаалалт, агааржуулалт зэргийг үнэлэх "Барилгын чанар"

гэсэн найман тэмдэгтэд хуваан шалгуур бүрээр үнэлэх нь үр дүнтэй хэмээн үзсэн юм. Ингэхдээ барилгын зураг төсөл, төлөвлөлт, архитектур, инженерингийн зөвлөх үйлчилгээний N.A.P групптэй хамтран гаргасан, мэргэжлийн найман чиглэл бүхий 20 орчим шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн билээ. Дээрх найман үзүүлэлтээс "Шинэ Яармаг" төсөлд өгөх үнэлгээ:



"Шинэ яармаг" ХОрооллООР АЯЛАХ НЬ: